Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02112

 

 

 

Л.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02441 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ж-ын хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан гаргасан өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн “Р” ХХК-д агуулахын няраваар ажилд орсон. Мөн оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа эхэлсэн. 3 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн захирал утсаар холбогдож “өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өг, цаашид ажиллуулах боломжгүй” гэхэд “бага насны хүүхдүүдтэй ажлаа хиймээр байна” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс 10-ны өдөр хүртэл ажилласан. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ахлах менежер Амгалан захын салбарт намайг няраваар томилсон тушаалаа ав гэсэн тул авч гарын үсгээ зурсан. Энэ талаар надтай зөвшилцөөгүй. Үндсэн цалинг бууруулсан. Төв агуулахад 8 удаа гардаг байсан бол Амгалан салбарт 2-3 удаа гардаг болсон. Энэ хуваарийн дагуу 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан. Ажлын байрыг өөрчилсөн нь гэрээс холдуулсан. 2020 оны 4 дүгээр сард 623 000 төгрөгийн цалин, 5 дугаар сард 372 000 төгрөгийн цалин авсан. Иймд өөр ажилд буруу шилжүүлэн ажиллуулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан төв агуулахын няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул ажилгүй байсан 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойших цалинд 3 205 454 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь “Эрин Интернэшнл” ХХК-ийн байрыг түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс төв офиссын байрандаа нүүж агуулахыг нэгтгэснээр боловсон хүчний илүүдэлтэй болсон. Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас компаний хэвийн үйл ажиллагаа ч доголдож алдагдаж эхэлсэн боловч ажилтнуудын тоог цөөрүүлэхгүй цалинжуулж, боломжит хэлбэрээр ажилтай орлоготой байх үүднээс компани хичээж ажиллаж ирсэн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж Л.Ж-ыг өөр салбар руу шилжүүлэх болсныг тайлбарлан өгч өөрөөс нь зөвшөөрөл авч шилжүүлсэн. Тушаалтай танилцаж зөвшөөрч гарын үсгээ зурсан. Түүний цалин буураагүй. Л.Ж2020 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан гээд ажилдаа ирээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд өөр ажилд шилжүүлэх гэсэн ойлголтыг гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлж болно гэж заасан. Л.Ж-ыг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлээгүй. Ажлын байрны чиг үүрэгт заасан албан тушаал нь хэвээр, цалин хэвээр байна. Ажилласан хугацааны цалингаа авсан гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь зааснаар хариуцагч “Р” ХХК-д холбогдох өөр ажилд буруу шилжүүлэн ажиллуулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан төв агуулахын няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул ажилгүй байсан 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойшхи цалинд 3 205 454 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ажил олгогч нь ажилтанг өөр ажлын байр руу шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний алийг нь ч удирдлага болгохгүйгээр шийдвэр гарсан нь ажилтны эрх ашгийг хохироосон байхад шүүх огт дүгнэлт хийгээгүй, мөн ажил олгогчийн тушаалыг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ажилтанг өөр ажлын байр руу шилжүүлсний улмаас цалин хөлс буурсан болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон байхад шүүх тухайн нотлох баримтыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.Жнь хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаар Амгалан дахь салбарт няраваар шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж төв салбарын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 “Р” ХХК нь Л.Ж-тай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр няравын албан тушаал эрхлүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн хөлсийг сарын 750 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд тус компанийн ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаар тушаалаар түүнийг Амгалан салбарт няраваар шилжүүлэн ажиллуулахаар томилсон үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Л.Жажил олгогчийн энэхүү тушаал нь ажилтнаас санал авахгүйгээр ажлын байрыг дордуулсан, хөдөлмөрийн хөлсийг бууруулан өөр ажилд буруу шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг, хариуцагч Төв агуулахын няраваас Амгалан салбарын няравын ажилд цалин бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулсныг ажилд буруу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, ажлаа хаяж явсан тул цалин шаардах эрхгүй гэж үгүйсгэжээ.

Хэрэгт авагдсан “Р” ХХК, Л.Жнарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод няравын албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлс 750 000 төгрөг гэж тус тус заасан байна.

“Р” ХХК-ийн ерөнхий захирлын ажилд шилжүүлэн томилох тухай 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалд Л.Ж-ыг компанийн Амгалан дахь салбарт няраваар шилжүүлэн ажиллуулж, цалинг бууруулахгүйгээр сарын 750 000 төгрөгөөр цалинжуулахаар заасан, мөн хэрэгт авагдсан цалингийн тооцооны хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт зэрэг баримтуудаар хариуцагч байгууллага ажилтны хөдөлмөрийн хөлсийг бууруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

“Р” ХХК нь төв салбарын нярав Л.Ж-ыг Амгалан дахь салбарын няравын ажилд шилжүүлэн ажилуулахдаа цалин хөлсийг бууруулаагүй, хөдөлмөрийн нөхцлийг дордуулаагүй, ажил, албан тушаалыг нь өөрчлөхгүйгээр байгууллага дотроо өөр салбарт сэлгэн ажлуулсан байх тул ажилтны саналыг заавал авах шаардлага үүсэхгүй. Ажилтныг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх “Р” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаар Амгалан дахь салбарт няраваар шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж төв салбарын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 205 454 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Д.БАЙГАЛМАА