| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0075/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч С.Цэрэндорж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Хохирогч Т.Дэлгэрзаяа,
Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1706038090013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Гэрэлт Увидас ТББ-д ажилладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 34-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Гөрөөчин овогт Э.Б, /регистрийн дугаар /
Үйлдсэн хэргийн талаар:
Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 19 тоотод Т.Дэлгэрзаяатай маргалдаж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706038090013 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14811 дугаартай
“Т.Дэлгэрзаяагийн биед тархи доргилт, 2 бугалга, зүүн дал, дээд уруул, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх гэмт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23/
Хохирогч Т.Дэлгэрзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Булганхүү бид 2 хоорондоо юм ярилцаад 1 том пиво хувааж уугаад байж байтал миний танил залуу мэнд асуугаад чанга яригч дээр нь гэхээр нь чанга яригч дээр нь ярьж байгаад заза тэгээд таслаад 00-руу орж бие засаад иртэл миний өмнөөс мессеж бичээд “хамт хонох уу” гэх мэт яриа болчихсон байж байснаа түүнээс болж уурлаад үсдэж байгаад гараа атгаад нүүр толгой, нүд зэрэг газар руу удаа дараа цохиж, бие, гарын шуу цохиж хөхөрсөн байгаа. Бас газар унагаад өшиглөж дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16/
Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Би яг нүүр бие рүү нь гараараа шууд цохисон зүйл байхгүй. Харин маргалдаад зууралдаж, гар утсыг болон өөрийнхөө утсыг булаацалдаж байх үед Дэлгэрзаяад шарх сорви үүссэн байж магадгүй. Би гар утсаар бичлэг хийж байхад надад шарх болон гэмтсэн зүйл харагдаагүй... Би Дэлгэрзаяаг эрэгтэй хүнтэй хардаж, маргалдаж, ноцолдсон нь буруу. Би шууд Дэлгэрзаяаг зодох үйлдэл гаргаагүй. Харин маргалдаж, ноцолдож байхад гэмтэж бэртсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/
-зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/
-хохирогч Т.Дэлгэрзаяагийн БЗД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, “Гэрэлт Увидас” ТББ-ын Ерөнхий захирлын Э.Бгийн талаарх тодорхойлолт, ХҮДС-ийн бакалаврын дипломийн хуулбар, Э.Бгийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Э.Бгийн захиргааны зөрчилд холбогдож байсан лавлагааны хуулбар /хх-ийн 28-37/ зэрэг нотлон баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Э.Бгийн иргэн Т.Дэлгэрзаяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Т.Дэлгэрзаяа нь шүүгдэгчээс баримтаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Э.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Дэлгэрзаяа нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Бгээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ