Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/393

 

 

 

 

 

2023                 4            12                                      2023/ДШМ/393                        

 

Ө.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2202000000305 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялаас хасаж зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 715 хоногийн хугацаагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 41 хоногийг нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 756 хоногоор тогтоож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 118 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн;

 

Шүүгдэгч Ө.Б- нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 5.0741 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

мөн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” хүнсний дэлгүүрээс 1 литрийн савлагаатай “Ballantines" виски 1 шил, 750 граммын савлагаатай “Соёрхол” архи 1 шил, “Сэнгүр” шар айраг 4 шил, машины шил арчигч шингэн зэрэг барааг худалдан авч, тооцоог Хаан банкны интернэт банкаар хийсэн мэт “гүйлгээ амжилттай” гэх зураг үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Э-г төөрөгдөлд оруулж 169.370 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ө.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2,3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон нийт 50 /тавь/ хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус ус заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар 20 хоногийн хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 22 /хорин хоёр/ хоногийг хорих ялд шилжүүлэн, мөн  2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 118 /нэг зуун арван найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоногт тооцон нийт 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялд шилжүүлэн тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-гаас 169.370 /нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э- /РД: /-д олгож, Ө.Б-гийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, “Инвескор” ББСБ-ын эзэмшлийн ********** улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Ө.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Харин 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын үлдсэн хэсэг болох 2 жил 22 хоногийн ял дээр 108 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн ял оноосныг эс зөвшөөрч байна. Би 2022 оны 1125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг зөрчөөгүй. Миний бие эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хувиараа ажил хөдөлмөр тогтмол эрхэлж ар гэрээ тэжээдэг байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүхээс ял авснаас хойш хохирогчид төлж барагдуулж хохирогчоос уучлалт гуйсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор байна. Иймд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрээ тэжээдэг, цаашид нийгэмд зөв хүн болж төлөвшиж эх, үр хүүхэддээ сайн хүн болсноо харуулах, ач тусыг нь хариулах боломж олгож дээрх оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн гэм бурууд тохирсон. Ө.Б-гийн хувьд надтай хэлэлцэж яриагүй өөрөө гомдол гаргасан байсан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэл муутай байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ө.Б- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Ө.Б- нь 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу шийтгэх тогтоол гарах хурлын өмнө залилах гэмт хэрэг үйлдсэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр буюу шийтгэх тогтоол гарснаас 3 хоногийн дараа үйлдэгдсэн байдаг. Мөн тэрээр урьд Чингэлтэй болон Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдэж байсан хувийн байдлуудтай нь холбоотойгоор түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсэн нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ө.Б- нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 5.0741 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэрч Ч.Х-ы “...Ө.Б-гийн машин дотор сууж байхдаа жижиг шавар шиг юмыг шатааж сорсон. Тухайн үед тэр нь юу байсныг мэдээгүй. Б- намайг сороод үзэх үү гэхээр сонирхож үзээд сорсон. ...” /1хх 95-96/,

Ө.Б-гийн яллагдагчаар өгсөн “...би 2021 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр, Сөгнөгөрийн голын хажууд байрлах газраас өвс түүсэн. Тус өвсөө биедээ хадгалж, хэрэглэж байгаад 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл дотор миний түүсэн өвс байсан. ...” /1хх 204-205/ гэсэн мэдүүлгүүд,

“...“Б- 2022.07.28” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 3771 дүгээр дүгнэлт /1хх 122-123/,

“********** улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлсээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 3768 дугаар дүгнэлт /1хх 129-130/,

“...Ө.Б- нь каннабис болон тебантин гэх сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй болохыг тогтоосон. ...” Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх 149

Ө.Б-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаагаар түүний шээснээс LSD илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26, 28/,

********** улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-18/ зэрэг нотлох баримтуудаар,

 

мөн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” хүнсний дэлгүүрээс 1 литрийн савлагаатай “Ballantines” виски 1 шил, 750 граммын савлагаатай “Соёрхол” архи 1 шил, “Сэнгүр” шар айраг 4 шил, машины шил арчигч шингэн гэх зэрэг барааг худалдан авч, тооцоог Хаан банкны интернэт банкаар хийсэн мэт “гүйлгээ амжилттай” гэх зураг үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Э-г төөрөгдөлд оруулж 169.370 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Э-гийн “...хоёр эрэгтэй хүн орж ирээд 191.800 төгрөгийн зүйл худалдан аваад миний Хаан банкны 5431090793 тоот данс руу шилжүүлнэ гэхээр нь би гүйлгээ амжилттай гэсэн баримтаа харуулаарай гэж хэлэхэд гүйлгээ амжилттай хийгдлээ гэж намхан ногоон өнгийн футболктой зүүн талын хөмсгөө сэтэлсэн эрэгтэй нь гар утаснаасаа харуулаад өндөр халзан толгойтой эрэгтэй нь авсан зүйлээ аваад гарсан. Тэгээд дараагийн үйлчлүүлэгчийн тооцоог бодоод дансны үлдэгдлээ шалгаж үзэхэд миний 191.800 төгрөг орж ирээгүй байхаар дэлгүүрээсээ гараад хоёр талын гудамж руу харахад хүн байгаагүй. ...” /1хх 226-227/,

Ө.Б-гийн яллагдагчаар өгсөн “...би 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “*****” хүнсний дэлгүүрээс бараа худалдан авч, тооцоог Хаан банкны интернэт банкаар хийсэн мэт “гүйлгээ амжилттай” гэх зураг үзүүлэн залилсан. ...” /2хх 24-25/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...хяналтын камерын бичлэгт цагаан өнгийн тал ханцуйтай сорочкан цамц, улаан өнгийн гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн халзан толгойтой, цээжин дээрээ шивээстэй эрэгтэй, ногоон өнгийн цамц, цэнхэр өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн эрэгтэй дэлгүүр лүү орж ирж байгааг харуулав. ...” гэх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 218-220/, эд зүйлийн үнэлгээ /1хх 241/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ө.Б- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ө.Б-гийн “өвс” гэх нэршилтэй, хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Э.Э-д төлбөр төлсөн мэтээр “гүйлгээ амжилттай” гэх зураг үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ө.Б-гийн “...хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах, нийтэд  ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдох учиртай.

 

Шүүгдэгч Ө.Б- нь урьд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялаас хасаж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 41 хоногийг нэмж нэгтгэн 756 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 118 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ял шийтгүүлэхийн өмнө “залилах”, ял шийтгүүлсний дараа “хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ял болон хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийг, мөн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 118 цагийн 8 цагийг 1 хоногт тооцон 14 хоногийг хорих ялд тус тус шилжүүлэн, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ө.Б-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-гийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН