Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

Д.*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар      

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор /цахимаар/                                                                       Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   Д.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.*******гийн давж заалдах гомдлоор Д.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1972 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, овогт ийн *******.

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ” гэх газарт байрлах хохирогч Б. гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун дунд чөмгөний дотор хэсэгт хутгалж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, Шүүгдэгч Д.*******д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.ийгийн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 81,860 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ, шатахууны зардал 1,918,140 төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж хохирогчид олгож, мал хөлсөөр харуулсны зардал 2,000,000 төгрөг, хөлсөөр мод бэлтгүүлж, тээвэрлэж, гэр нүүлгэхэд гарсан бусад зардал 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.*******аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хувинцар иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал өнгийн суудалтай нимгэн даавуун өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхгийг устгаж, прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгчийн хувьд ногдох 3 тооны үхэр  болох эд хөрөнгөнөөс хохирол төлбөр төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын давж заалдах гомдол болон тайлбартаа:  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр  зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж мөн хуулийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохоор хуульчилсэн. Шүүх гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж хэрэгт хамааралтай эсэх нь эх сурвалжаар нотлогдоогүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг үнэн зөв тогтоож чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

           1.Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ” гэх газарт байрлах хохирогч Б. гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хөлийн дунд чөмгөний дотор хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.

Энэ үйл баримт нь  хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Б.ийгийн “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай хүргэн ах ирээд “чи надад зээл хөөцөлдөж өгсөнгүй” гээд над руу уурлаад эхэлсэн. Тэгээд миний урд сууж байгаад намайг заамдаад бариад авахаар нь би биеэ хамгаалах гээд ******* ахыг энгэрээс нь татаад гэрийн үүд рүү яваад гэрийн үүдээр гарч байтал ******* ах гараараа хатгах шиг болсон. Тэгтэл миний баруун талын хөлийн зузаан гуяны дотор тал руу хутгаар хатгасан байсан. ...******* ах гэр дотроос “би чамайг ална, одоохон гүйцээчий, би чамайг нэг өдөр буудаж ална” гээд орилоод заналхийлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 59-62/,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны ...ий *******г өшиглөж байхдаа л хутгалчихлаа шүү дээ гэхлээр нь би Д.*******ы гарт байсан хутгыг булааж аваад шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх 67/,

Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд ...******* ах манай тогооны саван дээр байсан хутгыг шүүрч аваад Б. гуя руу хутгаар хатгачихсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/,

Эмч Б.гийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “...Б.ий 28 настай, эр, зовиур: Толгой өвдөнө, шарх чинэрч хорсож өвдөнө. Дотор муухай оргино. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим хүнтэй хоорондоо муудалцан баруун гуяны дотор талд хутгалуулсан. Тухайн үед цус их гарсан. Түргэн дуудаж эмнэлэгт ирсэн. Үзлэгт: БЕБ дунд орчиндоо харьцаатай арьс салст цайвар цонхигор авиа тод, жигд ривто 2 талд ц/а-тай АД130/90, 120/80 мм муб пүүлс1-74 SpO2-96 хэвлийн зөөлөн салст 2 талд /-/, шээс элбэг биед ил хавангүй, баруун гуяны дээд хэсэгт хутгалуулсан 6 см орчим зүсэгдсэн шархтай тус шархнаас дээш 10 см орчим зайд хутганы үзүүрт хатгагдсан хавсан оромтой тухайн хэсэг хөхөрч хавдан цус гарсан. Уг шарханд 7 оёдол тавьсан. Авсан арга хэмжээ шархыг цэвэрлэж цэгцлэн оёдол тавьж эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээг хийв. DS: баруун гуяны мэсний ил шарх...” гэсэн тодорхойлолт /хх 81/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-17, 38-39/, өвчний түүх /хх 20-34/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ы: “...Б.ий миний хойноос барьж аваад намайг газар унагаад мөр толгойн хэсэг рүү өшиглөөд үүд рүүгээ намайг чирсэн, би чирэгдээд хаалганд ойрттол миний хажуу талын тогооны саван дээр хутга байхлаар нь би хутгыг барьж авсан. ...Харин Б.ий хаалганыхаа гадна талд гарчхаад намайг өшиглөж байснаа намайг шаачихлаа гэхлээр нь харахад Б.ийгийн баруун гуянаас нь цус шүүрчихсэн байсан. ...Би гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт болон давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын давж заалдах гомдолдоо: “...Шүүх гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж хэрэгт хамааралтай эсэх нь эх сурвалжаар нотлогдоогүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг үнэн зөв тогтоож чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Тодруулбал, шүүх эмчилгээ хийлгэхэд гарсан шатахууны зардал гэж 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогч 357.400 төгрөгний шатахууныг эмчилгээ хийлгэхээр явахдаа зарцуулсан байх боломжтой, Өөрөөр хэлбэл, он сар өдөр нь тохирч байна.

Харин 642.600 төгрөгний шатахууныг зардлыг хэзээ, хаана эмчилгээ хийлгэхээр явахад  зарцуулсан болох нь ойлгомжгүй.  Энэ баримт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байх тул 642.600 төгрөгийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, эмчилгээ, шатахууны зардалд 1.918.140 төгрөг гэснийг “1.275.540 төгрөг” болгохоор  хасч шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...эмчилгээ шатахууны зардалд 1.918.140 төгрөг гэснийг” “...эмчилгээ шатахууны зардалд 1.275.540 төгрөг” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

Ж.БАТТОГТОХ