Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 02026

 

 

 

 

“ТШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01435 дугаар шийдвэртэй, “ТШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МТ” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 400 000 төгрөг гаргуулах үндсэн, 20 400 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “МТ” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулаж, Сэлэнгэ аймаг Баянгол суманд байрлах Ургамлын тос савлах үйлдвэрийн бетон шал өнгөлөх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн хийж дуусгасан боловч үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 13 600 000 төгрөг, алданги нь 6 800 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд манай компанийг гүйцэтгэсэн ажлаа хугацаа хэтрүүлэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн гэсэн нь үндэслэлгүй. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажлаа дуусгасан бөгөөд захиалагч талд хүлээлгэж өгөхөөр хандсан боловч “МТ” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Б.М тухайн үед наадам боллоо, хөдөө байна. ажлаа хүлээж авч амжихгүй нь наадам өнгөрөөд ирээд хүлээж авъя гэсний дагуу бид 7 дугаар сарын 14-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр хандсан боловч хөдөөнөөс ирээгүй байсан тул арга буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ажлыг хүлээлгэн өгснөөс хойш “МТ” ХХК-ийн  ургамлын тос савлах үйлдвэр хэвийн ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд шалны өнгөлгөөтэй холбоотой асуудлаар уг үйлдвэрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан, зогсоосон тохиолдол гараагүй. Өнгө будаг арилсан талаар шинжээч гадны механик эд зүйлээр арилгасан байна гэсэн. Гэтэл хариуцагч компани манай хүлээлгэн өгсөн ажлыг чанарыг доголдолтой гэж байгаа нь үндэслэлгүй. Бид шалыг дахин засварлах боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 932 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:”ТШ” ХХК нь 20 400 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах нь үндэслэл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө өгнө үү. Тус хоёр компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах ургамлын тосны үйлдвэрийн шалыг будах ажлын хүрээнд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бетон шал өнгөлөх ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч ажлыг чанарын шаардлага хангасан будгаар будах, тохирсон хугацаанд эрхийн доголдолгүй, чанарын шаардлага хангасан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч гэрээгээр тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон юм. Захиалагч тал гэрээт ажил эхлэхээс өмнө ажлын урьдчилгаа хөлс болох 13 600 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлсөн. Харин гүйцэтгэгч тал болох”ТШ” ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, чанар байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй будгаар будсан, мөн гүйцэтгэгч тал эдгээр зөрчлүүдийг арилгаж ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 3.8-д заасны дагуу гүйцэтгэгч талаас дээрх доголдлуудыг арилгахыг удаа дараа шаардсан боловч гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл арилгаагүй байх тул 20 400 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй, хийсэн ажил нь доголдолтой тул гэрээний 3.5, 3.10-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 13 600 000 төгрөг, алданги 6 800 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөгийг “Төгс шал” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “МТ” ХХК-аас 11 668 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТШ” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 732 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 468 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201 638 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 45 862 төгрөг гаргуулах хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Захиалагч тал гэрээт ажил эхлэхээс өмнө урьдчилгаанд 13 600 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, чанар байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй будгаар будсан, мөн гэрээгээр тогтоосон хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй өгөөгүй, гэрээний 3.8-т заасны гүйцэтгэгч талаас дээрх доголдлыг арилгах талаар удаа дараа шаардсан боловч арилгаагүй тул гэрээний 3.10-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 11 668 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч талуудын хоорондын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч”ТШ” ХХК нь хариуцагч “МТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 600 000 төгрөг, алданги 6 800 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 13 600 000 төгрөг, алданги 6 800 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бетон шал өнгөлөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч”ТШ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах ургамлын тос савлах үйлдвэрийн агуулахын бетон шал өнгөлөх ажлыг чанар, стандартын шаардлага хангасан будгаар будах, доголдолгүй, чанарын шаардлага хангасан ажлын үр дүнг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд захиалагч “МТ” ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 27 200 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэж 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь ажлын гүйцэтгэлийн актаар тогтоогдож байх тул хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Захиалагч нь гэрээний 1.5-т зааснаар 27 200 000 төгрөг төлөхөөс 13 600 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх талаар маргажээ.

Талууд гэрээний 3.8-т “Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан боловч доголдол арилгуулах талаар ажил гүйцэтгэгчид хандсан, нэмэлт хугацаа тогтоосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах ургамлын тосны үйлдвэрийн бетон шал хагарсан, түвшин зөрсөн, өнгө алаг будагтай, будаг бүдэг болсон, тосон толбо тогтсон доголдолтой, үүнээс будаг бүдэг болсон “ТШ” ХХК-д хамааралтай, энэ ажлыг завсарлахад 1 932 000 төгрөг шаардлагатай талаар дүгнэжээ. /хх-60-73/

Ажил гүйцэтгэгч”ТШ” ХХК нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 932 000 төгрөгийг захиалагч “МТ” ХХК-д төлөхийг зөвшөөрсөн нь талуудын зарчимд нийцэх бөгөөд сөрөг нэхэмжлэлээс энэ хэмжээнд хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Захиалагч нь гэрээгээр тохиролцсон хөлс 27 200 000 төгрөг төлөхөөс 13 600 000 төгрөг төлсөн байх тул ажил гүйцэтгэгч нь үлдэгдэл төлбөр 13 600 000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч “Майнд тэч” ХХК-иас 13 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТШ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 932 000 төгрөгийг “Төгс шал” ХХК-аас гаргуулж “МТ” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6 800 000 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 468 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тул ажил гүйцэтгэгч нь доголдолгүй үр дүнг шилжүүлэх ёстой. Гүйцэтгэсэн ажилд тодорхой хэмжээний доголдол байгаа тул ажил гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан мөнгөн төлбөрийн үүрэгт анз авах эрхийг алдах юм.

            Анхан шатны шүүх зохигчийн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн 183/ШШ2020/01435 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Майнд тэч” ХХК-иас 13 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТШ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Төгс шал” ХХК-иас 1 932 000 төгрөг гаргуулж хариуцагч “МТ” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6 800 000 төгрөгт холбогдох болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 468 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 201 638 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                           Д.БАЙГАЛМАА