Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
Хэргийн индекс | 159/2021/0016/З |
Дугаар | 159/ШШ2021/0020 |
Огноо | 2021-12-08 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 159/ШШ2021/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2021/0016/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“*******” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд бүртгэлтэй мал, аж ахуй эрхлэх фермерийн аж ахуй эрхлэх зэрэг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутагт байрлах 7800 м.кв газрыг өвөлжөө барих зориулалтаар 60 жилийн хугацаагаар, мөн сумын Засаг даргын захирамжаар тухайн нутагт байрлах 2га газрыг эзэмших эрхтэй болж, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьж, зориулалтын дагуу ашиглаж байгаа болно. Гэтэл Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолоор “*******” ХХК-ийн хууль бусаар ашиглаж байгаа газар болон бэлчээрийг чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Тус тогтоолын үндэслэлд “... олон жилийн турш гэрээ хэлэлцээр байгуулахгүй нутаглаж, зориулалтын бус газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж, өвөлжөө хашаа барин үйлдвэрлэл явуулсан, малчдын зуны бэлчээр болон газар нутгийг иргэдийн Хурлын зөвшөөрөлгүй эзэмшин байгаль орчинд сөргөөр нөлөөлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны хуралдааны 9 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж, газрын асуудлаа шийдвэрлүүлэх чиглэл өгснийг хэрэгжүүлээгүй” гэж дурдаад Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж тус тус заасныг баримтлан шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу сумын 2016 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу манай компанийн эзэмшлийн 7800 м.кв газрыг анх Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/55 дугаар захирамжаар иргэн *******ид эзэмшүүлснийг, сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар манай компанид шилжүүлэн эзэмшүүлсэн болно.
Ийнхүү Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, гээд 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж, мөн зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно гэж тус тус заасны дагуу манай компани нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлах өөрийн эзэмших эрх бүхий газраа өвөлжөөний зориулалтаар нь эзэмшиж, ашиглаж, мөн зориулалт бүхий барилга байгууламж барин хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байхад дээрх байдлаар дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаартай тогтоолтой холбоотойгоор манай компанид сонсох ажиллагаа явуулаагүй болно.
Бид дээрх тогтоол гарсан талаар олж мэдмэгцээ 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан ба дахин 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаар захирамж болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан тул нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан шаардлагыг ханган, ийнхүү 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа: “... “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд бүртгэлтэй, мал, аж ахуй эрхлэх, фермерийн аж ахуй эрхлэх зэрэг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргаас тус суманд газар ашиглах эрх олгосны дагуу тус газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьж, зориулалтын дагуу ашиглаж байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоол гаргаж, “*******” ХХК нь хууль бусаар ашиглаж байгаа газар болон бэлчээрийг чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны актад хамаарч байна.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тус 30 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах”, мөн зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т үндэслэн шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аливаа иргэн, хуулийн этгээдийн газар болон бэлчээрийг чөлөөлөх эрх олгоогүй болно.
Бэлчээр, түүнд хамаарах газар нь Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу “Хөдөө аж ахуйн газар”-т хамаарах бөгөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь маргаан бүхий 30 дугаар тогтоолд дээрх байдлаар Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Хот, тосгон, бусад суурины газрыг зохистой ашиглах, хамгаалах” талаар зохицуулсан заалтыг үндэслэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээг зохицуулсан хуулийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн маргаан бүхий 30 дугаар тогтоолд “сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай 48 дугаар тогтоол”-ыг үндэслэл болгосон байх боловч Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Хорио, цээр хязгаарлалт тогтоох халдварт өвчний талаар мэдээлэл хүлээн авсан аймаг, нийслэл сум, дүүргийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг нэн даруй хэрэгжүүлнэ” гээд 15.5.1-д “энэ хуулийн 17.2, 18.1, 18.3-т заасны дагуу дэглэм тогтоож, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах, хүн, мал, амьтан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл хориглох” гэж заасан бөгөөд ийнхүү хуульд зааснаар “Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд” тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга дээрх байдлаар хүн, мал, амьтан тээврийн хэрэгслийн шилжилтийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авахаар байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио, цээрийн хяналтад авах журам”-ыг баталсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт отор, нүүдэл хийх, мал амьтныг үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан уралдаан, тэмцээнд оролцуулах, хүнс, арилжаа, бэлэглэл, үржлийн зориулалтаар тээвэрлэх, тууварлах болон мал бүхий иргэд оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сумын нутаг дэвсгэрт шилжин суурьших зорилгоор хийх мал, амьтны шилжилт, хөдөлгөөнийг зохицуулахад энэ журмыг баримтлахаар байна.
Тус журмын гуравдугаар зүйлд “Отор, нүүдлээс бусад зорилгоор хийх мал, амьтны шилжилт хөдөлгөөн”-ийг зохицуулсан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай 48 дугаар тогтоол”-д дурдсан “...өвчний голомт бий болох эрсдэлээс хамгаалах, мөн сумын бэлчээрийн даац 2 дахин хэтэрсэн” зэрэг үндэслэлээр малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь илт хууль бус захиргааны акт буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т хамаарч байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолтой холбоотойгоор манай компанид сонсох ажиллагаа явуулаагүй болно. Иймд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол нь тус суманд байрлаж, үйл ажиллагаа явуулж буй “*******” ХХК-ийн хууль бусаар ашиглаж буй газар нутаг, бэлчээрийг чөлөөлүүлэхээр гаргасан хууль ёсны шийдвэр тул Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ.
Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолыг гаргасан. “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийг хууль бус гэсэн нь тус суманд хууль бусаар явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ цаашид үргэлжлүүлэн явуулах зорилгоор шүүх байгууллагыг төөрөгдүүлэн цаг хожих гэсэн арга заль болох нь нэхэмжлэлд дурдсан тайлбаруудаас харагдаж байна. Уг нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК-ийн захирал *******ид Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/55 дугаар захирамжаар олгосон 7800м2 газрыг Хушаат сумын газар нутгийн баруун зах болох Сэвд гэх газарт олгосон бөгөөд одоогоор “*******” ХХК-ийн барилга байгууламж, өвөлжөө хашаа барин аж ахуй эрхэлж, хууль бусаар ашиглаж буй газартай огт холбоогүй, өөр хоорондоо хол зайтай нэгж талбарууд болохыг Хушаат сумын газрын даамлаас гаргуулсан газрын кадастрын зураглал, газрын даамлын тодорхойлолтод харуулсан. Хушаат сумын газрын даамлаас ирүүлсэн кадастрын зураглал нь “*******” ХХК хууль бусаар барилга байгууламж байгуулан байршиж буй газар нь Хушаат сумын иргэн Д.Уламбаярт өвлөгдөж ирсэн жимс жимсгэнэ тариалах зориулалт бүхий нэгж талбар дээр байрлаж байгааг баталж байна. Мөн нэхэмжлэлд дурдсан “сумын Засаг даргын захирамжаар тухайн нутагт байрлах 2 га газрыг эзэмших эрхтэй болж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулан газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьж, зориулалтын дагуу ашиглаж байгаа болно” гэсэн нь ташаа мэдээлэл юм. Уг мэдээлэлд дурдсан 2 га газар нь Хушаат сумын иргэн Н.Захирахбаатарын эзэмшилд байсан бөгөөд Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Н.Захирахбаатарын тухайн газрыг эзэмших эрх, тухайн газрыг эзэмших эрх олгосон Хушаат сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/96 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК нь “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан өөрийн эзэмшлийн 2 га газар дээр байгууламж барьсан гэдэг нь ташаа мэдээлэл юм.
“*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд “Хууль журамд заасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн байхад дээрх байдлаар дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, мөн зүйлийн 20.1.7 дахь заалтад заасны дагуу гаргасан нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг үл ойшоож, шүүх байгууллагад буруу ойлголт төрүүлэн, үйл ажиллагаагаа цаашид хууль зөрчсөн хэлбэрээр үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байгааг харуулж байна. “*******” ХХК нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох үйл ажиллагаа явуулаагүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоол нь уг хуулийн заалтад заасан “захиргааны гэрээ байгуулах” тухай асуудал биш, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаас нутаг, бэлчээрээ чөлөөлүүлэх тухай нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр юм. Нэхэмжлэгч этгээд нэхэмжлэлдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 34.1.4 дэх хэсгийг сануулан “өөрийн эзэмших эрх бүхий газраа өвөлжөөний зориулалтаар эзэмшиж” гэсэн нь Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан удаа дараагийн шийдвэрүүдийг үл ойшоосон, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа нуун далдалж, шүүх байгууллагад буруу мэдээлэл өгч байна гэж үзэж байна. Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газрын асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэхээр буцаах тухай” 9 дүгээр тогтоолоор:
1.“*******” ХХК-ийн Казакийн цагаан толгойт үүлдрийн үхрийн өвөг болох герефорд үүлдрийн үхрийг өсгөх фермийн газрын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг багийн иргэдийн Нийтийн Хуралд санал болгосугай.
2.Төслийн талаарх танилцуулгыг багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулахыг “*******” ХХК-ийн захирал *******ид зөвлөсүгэй гэж “*******” ХХК-нд газар хүсэх асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр зөвлөснийг хэрэгжүүлээгүй, санаачилга гаргаж багийн иргэдийн Нийтийн Хуралд хандаагүй талаар Хушаат сумын Мөнхтолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын гаргасан тодорхойлолтод дурдсан байна. Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан 2016, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Н.Батдорж захиралтай “*******” ХХК, “Сэлэнгийн цагаан” ХХК гэх нэртэй байсан ХХК-нд газар олгох заалт тусгаагүй бөгөөд Хушаат сумын Засаг дарга эрхээ хэтрүүлэн өвөлжөө хаваржааны доорх газар Сэвдийн аманд олгосон байдаг.
2017 он болон 2018 оны Хушаат сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “Газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, талаарх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх” хэсгийн 4 болон 5 дахь заалтад тусгасан “*******” ХХК-ийн Сэвдэд байрлалтай өвөлжөө, Ар могойд байрлалтай *******ийн өвөлжөөг татан буулгах тухай шийдвэрүүдийг “*******” ХХК түүний захирал иргэн ******* нар биелүүлээгүй. “*******” ХХК нь Хушаат сумын 2016-2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сумын малчдын алслагдсан бэлчээрийг ашиглах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад тотгор болон Сэвдийн амны зуны соргог бэлчээрийг эзэгнэн зусаж, малаа хариулан үйлдвэрлэл явуулж, сумын иргэдийн мал аж ахуй эрхлэх боломжийг хязгаарласан. Тус зуслангийн газарт сумын малчид нутаглахыг хүсэвч “*******” ХХК-ийн олон зуун үхэр сүрэгтэй зэрэгцэн мал нь бэлчиж багтахгүй байх шалтгаанаар сумын ойролцоох зуслангуудад бөөгнөрөл үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. “*******” ХХК-ийн захирал ******* нь “Шимт бүрэн” ХХК-ийн захирал байхдаа 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болсон Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд өөрийн биеэр ирж оролцон Казакийн цагаан толгойт үүлдрийн үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах зориулалтаар газар олгохыг хүссэнийг хэрхэн хэлэлцсэн талаарх тэмдэглэл, мөн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанд оролцон иргэдийн Төлөөлөгчдийн санал шүүмжлэлийг сонсож, багийн иргэдийн Нийтийн Хурлаар газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай хурлын шийдвэр гаргуулсан байна. Ингэхээр Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нутаг бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн болон 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар *******ийг өөрийг нь байлцуулан газрын асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн хууль бусаар газар олгохыг эсэргүүцэж, “*******” ХХК-ийн захирал *******ид өгч байсан санал зөвлөгөө, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг нэхэмжлэгч этгээд хэрэгсэхгүй байна.
Хэргийн нотлох материалаар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн “*******” ХХК-ийн хүссэн газрын асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл болон хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоол зэргийг бүртгүүлэх хүсэлтэй байна. “*******” ХХК нь Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн “Хушаат сумын бэлчээр ашиглалтын журам”-ын 3 дугаар бүлгийн 3.1-д заасан “Өөрийн ашиглах бэлчээрийн байршил, газрын нэр, солбилцол, хил заагийг сумын газрын даамлаар нарийн тодорхойлуулж, бэлчээр ашиглахтай холбоотой асуудлаа журмын дагуу тохиролцох эрх бүхий байгууллагад шаардлагатай асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ” гэснийг биелүүлээгүй, энэхүү журмын 7 дугаар бүлгийн 7.1-д заасан бэлчээрийн төлбөрийг 2019, 2020 онуудад төлөөгүй байгаа нь Хушаат сумын татварын улсын байцаагч Ж.Энхтуулын гаргасан тодорхойлолтоор баталгаажиж байна.
“*******” ХХК нь Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай 48 дугаар тогтоолыг зөрчин гадны мал оруулж ирэхийг хориглосон шийдвэрийг зөрчин бусад аймаг, сумаас туувраар мал нүүлгэн авчирч, Хушаат сумын “Бэлчээр ашиглалтын журам”-ыг зөрчиж, туувраар ирүүлсэн малаар үхэр сүргийнхээ тоот толгойг нэмэгдүүлэн тус сумын нутаг, бэлчээр дээр хууль бусаар байршуулж байгаа юм. Дээрх шалтгаануудаар Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “*******” ХХК-иас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:
“... “*******” ХХК нь дээрх нэхэмжлэлдээ өмнөх нэхэмжлэлд нь байсантай адил “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд бүртгэлтэй, мал аж ахуй эрхлэх, фермерийн аж ахуй эрхлэх зэрэг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргаас тус суманд газар эзэмших эрх олгосны дагуу тус газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьж, зориулалтын дагуу ашиглаж байна гэжээ. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн “Нотлох баримт гаргуулах тухай” 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 225, 227 тоот албан бичгүүдэд хариу тайлбар гаргахдаа дээрх нөхцөл байдлын тухай тодорхой тайлбарлаж, нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
Үүнд “*******” ХХК-нд газар олгосон гэх Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/55 дугаар захирамж нь Хушаат сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгохоор захирамжилж, хууль зөрчсөн байж болох талаар мэдүүлсэн. “*******” ХХК-нд олгосон гэх газар нь одоо уг компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газартай огт хамааралгүй юм. “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолыг “Илт хууль бус захиргааны актад хамаарч байна” гэжээ. “*******” ХХК тус сумын нутаг дэвсгэр дээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа тул Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 30 дугаар тогтоолыг гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, Хушаат сумын Засаг даргыг хууль хэрэгжүүлэхийг даалгасан болно. “*******” ХХК Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалтуудаас иш татан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, мөн зүйлийн 20.1.7 дахь зүйлд зааснаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхгүй гэжээ. Энэ эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд байгаа. Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтад зааснаар үндэслэл гаргасныг үндэслэн шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй гэжээ. Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “*******” ХХК-нд газар олгосон Хушаат сумын Засаг даргын захирамж нь Хушаат сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчин огт тусгагдаагүй газрыг олгох тухай захирамжилсан, “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Бэлчээр ашиглалтын журамд заасан бэлчээр ашигласны төлбөр төлөөгүй, Хушаат сумын иргэн Д.Уламбаярын жимс жимсгэнэ тариалах зориулалт бүхий талбайд давхцал үүсгэн хууль бусаар барилга байгууламж, барин үйл ажиллагаа явуулж байгааг хууль бус гэж үзэн Хушаат сумын Засаг даргад хэрэгжүүлэхийг даалган:
1.“*******” ХХК-ийн хууль бусаар ашиглаж байгаа газар болон бэлчээр чөлөөлсүгэй.
2.Бэлчээр ашиглалтын журамд заагдсан төлбөр, хураамжийг төлүүлэн авахыг Мөнхтолгой багийн Засаг дарга Д.Эрдэнэбилэгт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга Н.Пүрэвбатад даалгасугай гэж тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. Энэ тогтоолоор тухайн компанийн хууль бусаар барилга байгууламж барин үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг, Хушаат сумын Засаг даргын хууль зөрчин олгосон гэх Сэвдийн адаг гэдэг газарт байрлах өвөлжөө хаваржааны доорх газар нутгийг чөлөөлүүлэхийг Хушаат сумын Засаг даргад даалгасан тогтоол юм. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлд Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 48 дугаар тогтоолыг үндэслэл болгосныг буруушаасан байна. Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолыг гаргахдаа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар тогтоолыг голлох үндэслэл болгоогүй бөгөөд 2017 оны 48 дугаар тогтоол нь мал эмнэлгийн хорио цээр, хязгаарлалт тогтоох зэрэгтэй холбогдолгүй бөгөөд бусад аймаг, сумаас туувраар мал нүүлгэн ирүүлж, Хушаат сумын бэлчээрийн даац хэтрэхээс хамгаалах, малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах зорилгоор гаргасан орон нутгийн шийдвэр юм. Энэ нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад тавих журам”-д хамааралгүй гэж үзэж байна. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хушаат сумын малчдаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ирүүлсэн өргөдөлд Хушаат суманд зөвшөөрөлгүй хууль бус нутаглаж байгаа малчдыг нүүлгэн бэлчээр чөлөөлж өгөхийг хүсэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар шийдвэр гаргаж байгаагаа иргэдэд тодорхой мэдээлэхийг хүссэн байна. Мөн үүний зэрэгцээ 39 малчин иргэдээс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Сэвд Могойд гадны компанид өвөлжөөний газрыг зөвшөөрөлгүй олгосон, гадны компанийн малчдыг зөвшөөрөлгүй нутаглуулж байгааг хууль бус гэж үзэн эсэргүүцэж, иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхийг шаардсан шаардлага ирүүлсэн. Хушаат сумын иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хэлэлцээд, тухайн үед гарч болзошгүй байсан олон улсын “А” зэрэглэлийн малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, Хушаат сумын бэлчээрийн даац 2 дахин хэтэрсэн зэрэг нөхцөл байдлын үүднээс Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад
1.Хушаат сумын нутаг дэвсгэрт бусад аймаг, сумын нутгаас мал оруулахыг хориглосугай гэж тогтоосон нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гаргасан өргөдөл гомдол шаардлагыг нотлох баримтын шаардлагад нийцүүлэн хүргүүлж байна. “*******” ХХК-ийн нэхэмжлэлд тус компанид сонсох ажиллагаа явуулаагүй гэжээ. Тус компанийн захирал ******* нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хурал, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд өөрийн биеэр хоёр удаа оролцон асуудал хэлэлцүүлж, эрчимжүүлсэн мал аж ахуй байгуулах төслийг нь дэмжиж байгаа ч багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэргүйгээр газар эзэмшүүлэх тухай хэлэлцэх боломжгүй гэсэн хурлын төлөөлөгчдийн саналыг сонсож, газар эзэмших хүсэлтээ багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх зөвлөмж өгсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой танилцсаныг тус компанид сонсох ажиллагаа явуулсанд тооцно гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд анх “...Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж тодорхойлсны дагуу шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий акт болох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолоор “*******” ХХК-ийн ашиглаж байгаа газар болон бэлчээрийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийн үндэслэлдээ тус сумын газар нутагт малаа зөвшөөрөлгүй нутаглуулж, 2020 онд олон тоо толгой мал хөлөөр нь нэмж оруулсан, олон жилийн турш гэрээ хэлэлцээр байгуулахгүй нутаглаж, зориулалтын бус газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж, өвөлжөө хашаа барин үйлдвэрлэл явуулсан, малчдын зуны бэлчээр болон газар нутгийг багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвшөөрөлгүй эзэмшин байгаль орчинд сөргөөр нөлөөлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 9 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж, газрын асуудлаа шийдвэрлүүлэх чиглэл өгснийг хэрэгжүүлээгүй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Бэлчээр ашиглалтын журамд заагдсан бэлчээрийн төлбөр төлөөгүй гээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, Хушаат сумын Бэлчээр ашиглалтын журмын 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-ын А, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай” 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “*******” ХХК-ийн хууль бусаар ашиглаж байгаа газар болон бэлчээрийг чөлөөлүүлж, Бэлчээр ашиглалтын журамд заагдсан төлбөр, хураамжийг төлүүлэн авахыг Мөнхтолгой багийн Засаг даргад үүрэг болгож, тогтоолын биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ.
Нэхэмжлэгчээс “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу 30 дугаар тогтоол илт хууль бус, ... бэлчээр түүнд хамаарах газар нь газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалаар хөдөө аж ахуйн газарт хамаарч байхад 30 дугаар тогтоолд “Хот, тосгон бусад суурины газрыг зохистой ашиглах, хамгаалах” талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг үндэслэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээг зохицуулсан хуулийг үндэслэсэн нь ойлгомжгүй, ... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй” гэж маргадаг.
Хариуцагч маргаан бүхий актдаа “*******” ХХК-ийн хаана байрлах, хэдэн м.кв, ямар газрыг /нутаг, бэлчээр/ чөлөөлүүлэх талаар тодорхой дурьдаагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд хоёр тусдаа байршил бүхий газрыг эзэмшдэг болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамж[1]-аар Хушаат сумын “Мөнх толгой” 2-р баг Сэвд гэх газар өвөлжөө барих зориулалтаар 60 жилийн хугацаатай, 7800 м.кв газрыг иргэн *******оос шилжүүлж авсан. Мөн сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаар захирамжаар Хушаат сумын Ар тойлбо, Ар сэвд могойн адагт фермерийн аж ахуйн зориулалтаар 60 жилийн хугацаатай 20 га газар эзэмших эрхтэй болж, 0295147 дугаар гэрчилгээ[2]-г 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 56 дугаар гэрээ[3] байгуулж, улмаар эзэмших эрх бүхий газартаа Хушаат сумын 2-р баг, Мөнхтолгойд 2940 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлж, 000537883 дугаар гэрчилгээ[4], мөн Хушаат сумын 2-р баг, Мөнхтолгойд 1199 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлж, 000622408 дугаар гэрчилгээ[5] тус тус гаргуулан авчээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-иас маргаан бүхий газруудыг эзэмших эрхтэй талаар баримтаа шүүхэд эх хувиар гарган өгч, шүүхээс уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувьд талуудыг байлцуулан үзлэг[6] хийхэд, “*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжийг үндэслэн газрын даамал Ж.Болортуяа 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 7800 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, харин Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаар захирамжийг үндэслэн газрын даамал Б.Золзаяа 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон атал гэрээг Засаг даргын А/97 дугаар захирамж гарсан өдөр болох 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэгчийг төлөөлж Хушаат сумын газрын албаны ажилтан Жаргал овогтой Болортуяа “*******” ХХК-тай байгуулж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хэвлэсэн огноотой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2-р баг, Ар могойн гарамд 200003 м.кв газрын кадастрын зургийг Ж.Болортуяа хэвлэж, гарын үсэг зурсан байна.
Хушаат сумын газрын даамлаар Б.Золзаяа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан[7] бөгөөд Ж.Болортуяа сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дугаар тушаал[8]-аар ажилд томилогдсон байхад “*******” ХХК-нд газрын даамал Б.Золзаяа Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаар захирамжийг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Хэдийгээр дээр дурьдсан бодит нөхцөл байдал ойлгомжгүй, нэхэмжлэгчийн 20 га газрын нэгж талбарын хувийн хэрэг, газар эзэмшүүлсэн шийдвэр зэрэг нь шүүхээс бичиг баримтын үзлэг хийхэд Хушаат сумын Засаг даргын Тамгын газрын архивт байхгүй[9], нэхэмжлэгч “*******” ХХК-иас гаргаж өгсөн 20 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд олгогдоогүй[10] ч нэхэмжлэгчээс эх хувиар нь гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, газрын кадастрын зургийг үгүйсгэх боломжгүй юм.
Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид олгосон 20 га газрын газар эзэмших эрхийн 0295147 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй, түүнчлэн бичиг баримтын хуурамч эсэхийг захиргааны хэргийн шүүх шалгаж тогтоох чиг үүрэггүй тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянасан болно.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг” гэж зааснаас үзвэл газрыг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан таван үндэслэлийн аль нэг нь бүрдэж, газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон эсхүл тухайн газрыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд чөлөөлдөг байна. Гэтэл маргаж буй тогтоолыг гарах үед нэхэмжлэгчийн 7800 м.кв болон 20 га газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байсан бөгөөд 20 га газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй байжээ.
Хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.7-д заасан эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж тайлбарлах боловч энэ нь газрын асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгосон заалт бус харин нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхийг олгосон ерөнхий зохицуулалт юм.
Харин Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд Газрын нэгдмэл санд төрийн хяналт тавих талаар зохицуулсан бөгөөд 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийг зөвшөөрөлгүй, дур мэдэн газар эзэмшсэн гэж үзвэл газар чөлөөлүүлэх асуудлыг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга бие даан хэрэгжүүлэхээр байна.
Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.” гэж зааснаас үзвэл Монгол Улсын газрын нэгдмэл санд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд өөрийн эрхлэх чиг үүрэг, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд харилцан хязгаартай хяналт хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих эрх хэмжээтэй болохыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус зааснаас тодруулахад газар чөлөөлөх болон чөлөөлүүлэхийг бусдад даалгах талаар эрх олгогдоогүй атал өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу аймаг, сумын Засаг даргад хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлсэн, газрын нэгдмэл сангийн ангилалаар бэлчээрийн буюу хөдөө аж ахуйн газарт хамаарах газарт Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан “Хот, тосгон бусад суурины газрыг зохистой ашиглах, хамгаалах” талаарх зохицуулалтыг баримталсан зэрэг нь илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8-д тус тус заасан хуульд үндэслэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болоод Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.3-д тус тус заасан сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, үндэслэлээ нотолсон баримтуудаар тогтоогдож байх тул Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус захиргааны акт байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] Хавтаст хэрэг-1, 243-р ху
[2] Хавтаст хэрэг-2, 169-р ху
[3] Хавтаст хэрэг-2, 171-р ху
[4] Хавтаст хэрэг-2, 183-р ху
[5] Хавтаст хэрэг-2, 184-р ху
[6] Хавтаст хэрэг-2, 180-181-р ху
[7] Хавтаст хэрэг-2, 123, 132-р ху
[8] Хавтаст хэрэг-2, 124-р ху
[9] Хавтаст хэрэг-2, 71-74 ху
[10] Хавтаст хэрэг-2, 160 ху