Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 02025

 

 

 

 

С.Я-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01649 дугаар шийдвэртэй, С.Я-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “СС М” ХХК-д холбогдох, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Янь “ССМ” ХХК-ийн чөлөөт цагийн хэлтэст 2017 онд баарны ахлах ажилтнаар ажиллаад 3 жил болсон. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. С.Янь үүрэгт ажлаа сайн хийж байсан бөгөөд ямар шалтгаанаар ажлаас халж байгаа талаар танилцаагүй. Тушаалд үндэслэсэн журмыг урд нь танилцуулж байгаагүй байж ажлаас халж байгаад нь гомдолтой байгаа. Нэгдүгээрт тухайн тушаал нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар ажил олгогч санаачилсан байдаг. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2, 11.7.8-д заасныг үндэслэсэн байдаг. Гэтэл 11.2.2-т заахдаа хөдөлмөрийн хөлсийг 20 хувиар 3 хүртэлх сараар бууруулах гэсэн арга хэмжээ байгаа. Тэгэхээр арга хэмжээ авахдаа давхардуулсан шинжтэй байгаа. Хоёрдугаарт 11.7.8 дахь хэсэг нь албан тушаалаа ашиглан бусдаас шан харамж авах, өгөхийг шаардах, өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, үгсэн тохиролцсон гэдэг. Гэтэл С.Янь ажиллаж байх хугацаандаа бусдаас шан харамж авсан, өгөхийг шаардсан, үгсэн тохиролцсон, эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байдаггүй. Хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д зааснаар ноцтой зөрчил гэж үзсэн байдаг. Энэ нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авахаар үгсэн тохиролцсон гэж байгаа. Тэгэхээр эдгээр үйл баримтыг нотолсон баримт, зөрчлийг танилцуулсан зүйл байхгүй бөгөөд эдгээр зөрчлийг гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11.5-д сахилгын арга хэмжээг тухайн хэлтсийн ахлах албан тушаалтнаас дээш албан тушаалтан өгөх эрхтэй, зөрчил нь бодит, нотлох баримттай байх, дотоодын болон хөндлөнгийн хяналт шалгалтад үндэслэсэн байх ба компанид мөрдөгдөж буй сахилгын арга хэмжээ авах дарааллыг чанд мөрдөх, 11.6-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоож, энэ талаар баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд танилцуулсан байх бөгөөд ажилтан нь үүнтэй танилцаж, тайлбар гаргах эрхтэй гэсэн байдаг. Гэтэл 11.5-д заасан зөрчил нь бодит нотлох баримттай байх, дотоодын болон хөндлөнгийн хяналт шалгалт хийсэн байх, сахилгын арга хэмжээ авах дарааллыг чанд мөрдөх гэж байгаа боловч хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн. Үүнд бодит байх, хөндлөнгийн хяналт шалгалт хийсэн байх гэдэг зарчим зөрчигдсөн. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалган шийдвэрлэх баримт өгсөн боловч энэ нь цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүтэй. Мөн сахилгын шийтгэлийг зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 хоногийн дотор арга ногдуулна гэж заасан. Гэтэл хариуцагчийн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрсөн баримт гэж гаргаж өгсөн. Энэ үед илрүүлсэн юм бол 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой. Мөнгө дутаасан гэж байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэгт нийт ажилчдаар төлүүлсэн. Гэтэл С.Янь мөнгө дутаасан бол яагаад ажилчин нараар төлүүлсэн гэдэг нь тодорхойгүй. Цалингийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл ажлын нийт 127 хоног, нэг өдрийн дундаж цалин нь 65 735 төгрөг, нийт ажлын хоногоор нь тооцохоор 8 348 379 төгрөг, дундаж цалинг бодохдоо 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын дундаж цалин нь 4 239 925 төгрөг болж байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанид Баарны ахлах ажилтнаар ажиллаж байсан С.Янь байгууллагын борлуулдаг бүтээгдэхүүний савыг ашиглан дотор нь хямд бүтээгдэхүүн хийн борлуулж, борлуулалтаас олсон орлогоо хувьдаа завшдаг нь гэрчийн мэдүүлэг, баримтаар нотлогдсон ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. С.Я-гийн гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдлүүд бөгөөд Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд ч хамаарах тул ажлаас халсан болно. Энэхүү зөрчлүүд нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.15-т, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.8-т заасан ноцтой зөрчилд тооцогдох ба уг зөрчлийг гаргасан баримт, нотолгоонд үндэслэгдсэн. Гол үндэслэл нь С.Яөөрөө уг зөрчлийг гаргасан бөгөөд энэ талаар дуу бичлэгт үзлэг хийлгэсэн баримтаар тогтоогдож байгаа. С.Янь “ССМ” ХХК-ийн гурван ажилтантай ярилцахдаа “би хямд виног үнэтэй виноны шилэнд хийж зарсан, нэг удаагийн аягыг угааж, дахин хэрэглүүлсэн” гэж хэлсэн. Энэ нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. “Оюу толгой” ХХК-ийн ажилчдын эрүүл ахуйн байдал ноцтой зөрчигдөж байгаа. Зориулалт нь нэг удаагийн аягыг дахин хэрэглэхийг шаардаж байгаа нь мөн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажилтанд ажлын байрны дарамт учруулж байгаа үйлдэл юм. Энэ үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сараас хойш байнга гарч байсан бөгөөд ажилтнууд нь 12 дугаар сард байгууллагад мэдэгдсэн байдаг. Гомдлын дагуу шалгахад энэ зөрчлүүд буюу 1000 гаруй нэг удаагийн аягыг дахин хэрэглүүлсэн, виноны үнэ өөрчилж зарсан нь 657 300 төгрөгийн хохирол, огт байж болохгүй үйлдлүүдийг хийж байгаа нь баарны ахлах гэдэг албан тушаалыг урвуулан ашигласан үйлдэл мөн юм. Үүнийг хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч нь зааж тушаал гаргасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д заасан зөрчлийг гаргасан нь баримтаар тогтоогдож байгаа гэдгийг үндэслэх хэсэгт дурдаж, хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тасалбар болгон цуцалсан. “ССМ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам нь нэлээд ардчилсан, ажилтны эрх ашгийг хамгаалсан, хүнийг шууд хохироох боломжгүй. Энэ нь хөдөлмөрийн харилцаа бөгөөд хувийн компани учраас хөндлөнгөөс шалгуулах шаардлага байхгүй. Дотооддоо хянаж, шалгаж байгаа нь хангалттай. Гэрчийн мэдүүлэгт н.Хулангийн хамаатны хүн нь харуул хамгаалалтын “Бамбай” ХХК-д ажилладаг учраас устгуулсан. Хэрэв энэ баримт нь байсан бол С.Я-гийн үйлдэл нь тодорхой болох байсан болохоос буруугүй гэсэн зүйл биш. С.Яөөрөө буруугүй талаар нотлох баримтыг “ССМ” ХХК-аас гаргуулах талаар хандаж байгаагүй. Гол зөрчлүүд нь нэгдүгээрт борлуулалтын орлого зарлагын баримтыг устгуулдаг, үүнээсээ зөрүү мөнгө гаргаж, хувьдаа авдаг нь гэрчийн болон өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа. Хоёрдугаарт хямд виног үнэтэй вино гэж зардаг, нэг удаагийн аягыг байнга дутаадаг бөгөөд хэрэглэсэн аягыг дахин угааж хэрэглүүлдэг гэдгийг ажилтнууд нотолж байгаа. Эрх мэдлээ ашигласан гэдэг нь бүх зөрчилд харагдаж байгаа. Үүнээс гадна ID уншуулахгүйгээр найз нөхөд, найз залуудаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн зардаг байсан нь бичлэгээр тогтоогдож байгаа гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Я-г “ССМ” ХХК-ийн Чөлөөт цагийн хэлтсийн баарны ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ССМ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8 348 379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Я-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Яболон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “СС М” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Янь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 218 724 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх С.Якасс дах орлогоос мөнгө дутаасан, хувьдаа авсан, хямд үнэтэй виног үнэтэй виноны шилэнд савлан заруулж ашиг олсон, үйлчлүүлэгчид айди картыг уншуулалгүйгээр үйлчилсэн, устгалд оруулах ёстой нэг удаагийн аягыг дахи н ашиглуулсан зөрчил зэрэг нь баримтаар бүрэн тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн. Гэтэл ажил олгогчийн зүгээс С.Я-гийн гарын үсэг бүхий бараа материал хүлээлцэх тэмдэглэл, зардал хяналт н.Саруулын гаргасан тайлан нь орлогоос мөнгө дутсан болохыг мөн гэрчүүдийн зүгээс орлого, зарлагыг бүртгэдэг дэвтрээс холбогдох хуудасыг С.Яурж авсан болохыг мэдүүлсэн. Мөн нэг удаагийн аягыг угаалган дахин ашигласан болон хямд виног үнэтэй вино гэж зарсан болохыг мэдүүлсэн. Шүүхээс ноцтой зөрчил гэж юуг үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д заасан ноцтой зөрчил болох албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгслэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан гэсэн ноцтой зөрчлийг гаргасныг тогтоосон зүйл байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл кассын орлогын зөрүүг авсан, устгалд оруулах ёстой байсан аягыг угаалгаж дахин үйлчилгээнд хэрэглэсэн, виноны орлогыг хувьдаа авсан, журам зөрчин айди карт уншуулалгүйгээр бусдад согтууруулах ундааны норм хэтрүүлэн үйлчилсэн зэрэг нь хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д заасан ноцтой зөрчил болохыг буруу тайлбарласан. С.Янь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалыг тус өдрөө гардан авсан ба 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрйин 02031 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. С.Ядахин 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна

Нэхэмжлэгч С.Янь хариуцагч “СС М” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

С.Я”ССМ” ХХК-ийн Оюу толгой төслийн салбарын чөлөөт цагийн хэлтэст Баарны ахлах ажилтнаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн HR2-84 дугаар тушаалаар талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс тасалбар болгон цуцалж, ажилтанг ажлаас чөлөөлсөн байна. /хх7/

“ССМ” ХХК  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Оюу толгой ХХК-ийн кэмпийн дотоод журам, ёс зүйн гарын авлагын 10.1.8, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2, 11.7.8, хөдөлмөрийн гэрээний 5.1.15-т заасныг тушаалд  баримталжээ./хх-33/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан ба ажил олгогч нь дээрх хуулийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тушаалд тодорхой тусгах учиртай. Түүнчлэн ажилтны гаргасан зөрчил, зөрчлөөс учирсан хохирлыг тогтоогдсон байх шаардлагатай.

Хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тушаалд баримтлах хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдах үндэслэлтэй тохирсноор Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай. Гэтэл ажил олгогч нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” HR2-84 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчлийг гаргасан үндэслэлийн талаар дурьдаагүй. Мөн хөдөлмөрийн хөлсийг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах агуулгатай хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т заасныг үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийн давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогч өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний талууд ямар зөрчлийг ноцтой гэж үзэх талаар харилцан тохиролцож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн зааж, уг зөрчлийг ажилтан гаргасан нь шалган тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон, ажлаас чөлөөлдөг. Хариуцагчийн тайлбарыг хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д заасан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл  ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч тайлбартаа “С.Якассын орлогоос хувьдаа мөнгө авч дутаасан, хямд үнэтэй  виног өөр виноны саванд савлаж заруулан ашиг олсон, нэг удаагийн аяга дахин ашиглах үүрэг өгсөн гэх зэргээр ноцтой зөрчил гаргасан” гэж нэрлэн заасан боловч хэдэн төгрөгний хохирол учруулсан, хэзээ зөрчил гаргасан нь тодорхойгүй, хариуцагчийн иш татсан гэрчийн мэдүүлгүүдийг эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй. Мөн ажилтантай ярилцсан гэх бичлэгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр цуглуулсан баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс ажилтны гаргасан гэх зөрчил эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. /хх82-94,105/

Нэхэмжлэгч С.Я2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж аваад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2020/02031 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. /хх3-5/

Шүүх нэхэмжлэгч С.Я-г “ССМ” ХХК-ийн чөлөөт цагийн хэлтсийн баарны ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 8 348 379 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч “СС М” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01649 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                                           ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА