Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/362

 

Ц.Үхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э,  

шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Баярмаа, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Үын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Үхолбогдох 2111001407 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ц.Ү, 

- Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/641 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.  

Шүүгдэгч Ц.Ү нь 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод амь хохирогч Э.Стай архидан согтуурах явцдаа хардалт, өс хонзонгоос болж маргалдаж, амь хохирогч Э.Сыг зодсоноос гавал тархины битүү гэмтэл учирч, амь хохирогч нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10:00-12:00 цагийн хооронд нас барсан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Үыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногт тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 10 жил 30 хоногоор тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 409 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эээс нэхэмжилсэн 18.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Үын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Үын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амь хохирогч Э.Сыг шүүгдэгч Ц.Үаас өөр хүн зодоогүй, түүнээс өмнө амь хохирогчийн биед ил харагдах шарх сорви, гэмтэл байгаагүй хутга мэсээр дээрхи гэмтлийг учруулаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Үын зодож цохисон үйлдлийн улмаас амь хохирогчид дээрх гэмтэл учирч нас барсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Үыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод 2021 оны 12 дугаар сарын 10-нд Э.Стай архи ууж согтуурсан үедээ маргалдаж улмаар түүнийг зодож биед нь гавал тархины битүү гэмтэл үүсгэн, алсан болох нь тогтоогдсон гэж үзээд шүүгдэгч Ц.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ...” гэжээ.

Эрүүгийн хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20:35 цагт амь хохирогч Э.Сын цогцост үзлэгээр түүний биед үүссэн зүүн дээд зовхи, баруун дээд зовхи, баруун сарвуу, баруун гуяны гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна хэсэг, зүүн шилбэний доод хэсэг зэрэг гэмтлийг /1хх 23-24 тал/ хэн үүсгэсэн эсэх, амь хохирогч Э.С 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Ц.Үыг М.Гандолгорын гэрт байхад араас нь орж ирсэн эсэх, амь хохирогч Э.Сын толгойн доороос хэргийн газрын үзлэгээр хураан авсан тонгорог хэнийх болох. Амь хохирогч Э.С 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед тархины битүү гэмтэл аваад хариу үйлдлийг хэдэн цагийн дотор хийх боломжтой, түүнийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрч Л.Торон дээр хэвтүүлсэн байхад 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шалан дээр амь хохирогч өөрөө хэвтсэн эсэх эсхүл бусдад зодуулаад шалан дээр хэвтсэн эсэх үйл баримтыг бүрэн гүйцэд явуулалгүй хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ажиллагааг явуулаагүй байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт гэрч Б.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ү нэг юм аваад ирье гээд буцаад гараад 16 цагийн орчимд дэлгүүр ороод нэг шил Хараа гэх нэртэй архи 0.75 л савалгаатай архи авч ирсэн. Тэр архинаас бид 3 хувааж уучихаад би гарч бие зассан. Намайг хашааны хог цэвэрлээд хогын цэг рүү хогоо аваачиж хаячихаад 17 цагийн орчимд орж ирэхэд талийгаач Э.Сын дээр Ц.Ү гараад суучихсан цээж нүцгэн гараараа талийгаачийн нүүр рүү цохиж байсан, би очоод Ц.Үын араас очоод мөрөн дээрээс нь татаж хойш болгоод Ц.Ү, талийгаач хоёрыг буйдан дээр суулгахад талийгаачийн уруул хавдаад уруул хамараас цус гарсан. 2021 оны 12 дугаар сарын 11-нд цагийг нь мэдэхгүй байна. Үдийн үед байх сэрэхэд талийгаач сэрчихсэн нөгөө үлдсэн юмаа уучихсан зүрх дэлсээд байна гээд алхаж байсан. /1хх 39-41/, гэрч Л.Түмэнжаргалын “Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15-16 цагийн орчимд Чингэлтэйд байдаг Гангаамаа эгчийнхээс өөрийнхөө иргэний үнэмлэхийг авах гэж орсон юм. Гангаамаа эгчийн байшинд ороход Ц.Ү, Э.С, Ганхуяг, Баасандорж, Батболд нар 0.75 литрийн Хараа нэртэй цагаан архийг уугаад бараг дуусч байсан. Тэгтэл Ц.Ү надад хандаж “чи юугаа шинжлээд яваа юм, цагдаагийн бууны нохой бацаан минь зайлаарай” гэж хэлсэн. Тэд нар нэлээд согтуу байсан учраас түүнтэй юу ярих юм гээд ганцаараа гэртээ харьсан. Би тэр орой нь ганцаараа 22 цагийн орчимд Э.Сын амьдардаг байшинд очих замд Мөнхтүвшин ахтай таараад очиход Э.С байшингийн дөнгөж хаалгаар ороод зүүн гар талын Г хэлбэртэй цагаан өнгийн буйдан руу толгой нь харчихсан газраар, энэ цагаан буйдан дээр Баасандорж ах ганцаараа унтаж байсан. Э.Сыг сэрээх гэсэн чинь уруул нь хавдаад бомбойчихсон бас хурхираад байхаар нь би тасарчихаж гэж бодсон. Баасандорж ахтай нийлээд Э.Сыг өргөж босгоод цагаан өнгийн буйдан дээр хэвтүүлсэн. Тэгээд би гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч Ц.Ү 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд амь хохирогч Э.Стай маргалдан түүнийг зодож тархины битүү гэмтэл учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Үхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэргийг үйлдсэн хүнийг уучлалт гуйхыг нь хүлээж байсан. Хохирлыг барагдуулаагүй, хэрэг үйлдээгүй гэж байгаад маш их гомдолтой байна. 6 дугаар ангийн өнчин охин нь над дээр байдаг тул охинд тусалж, хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд шүүх хохирлыг гаргуулаагүйд гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгч Ц.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчийн эх А.Э байнга худал ярьж, Баасандорж худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Надад мөнгө өгч байсан гэдэг ч тийм зүйл байгаагүй. Тухайн үед би Э.Стай маргалдаад гарахад түүний биед цусны толбо, нүүр ам нь шалбарсан зүйл байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр уруул нь хавдсан болох нь Мөнхтүвшингийн мэдүүлгээс харагддаг.” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Э.Сын амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Гэрч Баасандоржийн мэдүүлгээр 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Ү нь Э.Сыг зодсон гэдэг бөгөөд улсын яллагчаас амь хохирогчийг тухайн цаг хугацаанд гэмтэл авч 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан гэж үзсэн. Шүүгдэгч нь хохирогчийг хоёр удаа цохисон гэж маргадаг боловч хэдэн удаа цохисныг хэн ч мэдэхгүй, хажууд нь харсан гэрч байгаагүй. Тэднийг зодолдоод дууссаны дараа гаднаас Баасандорж орж ирсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хутгыг эд мөрийн баримтаар хурааж аваагүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд эд мөрийн баримтад юуг тооцох талаар хуульчилсан бөгөөд хэрэгт хамааралтай зүйлийг хэлнэ. Гэтэл цогцост хутга бүхий ир, ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн гэмтэл тогтоогдоогүй тул хутгыг эд мөрийн баримтаар тооцоогүй. Мөн амь хохирогчийн гарнаас үс илэрсэн боловч уг үс нь шинжилгээнд тэнцэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Амь хохирогчийн маршрутыг тогтоогоогүй, хэзээ, хаана олон тооны шарх авсныг нь шалгаагүй гэдэг боловч амь хохирогч нь Ц.Үзодуулснаас хойш Баасандоржтой хамт байсан, өглөө Баасандорж гарч явахад Э.С гэртээ үлдсэн. Тухайн гэрт орж, гарсан бүх хүмүүсийн маршрутыг тогтоосон баримтууд хуульд заасан журмын дагуу авагдсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдсан, үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Үын үйлдлийн улмаас Э.С биедээ гэмтэл авч, улмаар нас барсан болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ү нь 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод амь хохирогч Э.Стай архидан согтуурах явцдаа хардалт, өс хонзонгоос болж маргалдаж, амь хохирогч Э.Сыг зодсоноос биед нь гавал тархины битүү гэмтэл учирч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эийн “..Хүү маань эхнэрээ Солонгос явснаас хойш янз янзын хүмүүстэй архи уух болсон. ..Хүү маань миний мэдэхийн Чингэлтэйд Ц.Ү, Батболд гэдэг хүмүүстэй нийлж архи уудаг. Хуягаа гэх хүний хашаа байшинд амьдардаг байсан. Ер нь үхэхээс наахнуур өчнөөн юм болсон доо, архинаас маш их хамааралтай болсон, аргаа бараад архины эмчилгээнд явуулсан. Уг нь ямар ч ажлыг мундаг сайн хийнэ, хүнд гологдохгүй ажилладаг, ажилдаа дайчин зан чанартай. Ц.Үад миний мэдэхийн 2-3 удаа зодуулж байсан. Уг нь Ц.Ү миний хүүгийн найз нь юм байгаан шүү дээ. Гэтэл найзынхаа гарт амиа алдах гэж, миний хүүгийн амийг авах гэж дээ, зодуулчихаад байхад нь найз нөхдүүд архинаас болоод “ийм юм байх” гээд анхны удаа зүгээр өнгөрсөн, дахиад зодсон гэхээр нь “цагдаа шүүхэд өгье” гэхээр хүү маань ээж “хүний мууг үзэх дэмий, найз нөхөд ингэхийг алийг тэр гэхэв дээ” гэдэг байсан. ..Хоёулаа нийлчихээд хоорондоо зодолдоод байдаг нь тийм учиртай байж магадгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй, харин Ц.Ү “эгчээ ядарч байна, зүдэрч байна, унаа машины мөнгө өгөөч, тамхи тарианы мөнгө өгөөч” гээд зөндөө л авдаг байсан. ...” /1хх 35/,

гэрч Д.С “..Талийгаач нөхөртэйгөө 2009 онд танилцаж хамтран амьдарсан. Миний том хүү талийгаачийн хүүхэд нь биш юм, гэхдээ хүний хүүхэд гэж ерөөсөө ад үздэггүй, төрсөн эцгээс нь дутахааргүй аавын хайраар өсгөсөн. Бид хоёр дундаасаа 2011 онд нэг охин төрүүлсэн. ...Би 2014 оноос эхлээд Солонгос руу ажил хийхээр явж байсан, түүнээс хойш 3 дахь удаагаа яваад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ ирсэн. Талийгаачийг архинаас гаргах гэж спраль тавиулж үзсэн, ээжтэй нийлж байгаад албадан эмчилгээнд явуулж байсан. Архи уухаараа Чингэлтэйд найз Ц.Ү гээд тэр хавийн хүмүүстэй нийлээд архи уучихдаг, архины хамааралтай болсон. ...2017 оны 11 дүгээр сараас эхлээд тус тусдаа амьдарсан. Талийгаач бид хоёр албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй. ...Намайг 2019 онд Солонгост байхад тэр хоёр хүүхнээс болоод маргасан, зодолдсон гэдгийг сонсож байсан. Э.С надад хандаж Ц.Үад зодуулж цохиулсан гэж хэлж байгаагүй. Угаасаа би Ц.Үад дургүй учраас түүнийг муулдаггүй, дандаа сайн найз гэдэг байсан даа..” /1хх 37/,

гэрч Б.Бийн “...Би Э.Стай 3 жилийн өмнө танилцаж байсан, түүнээс хойш байнгын холбоотой байгаа. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 80-939 тоотод Хуягаа гэх өвөөгийнд Э.С, Болдоо бид 4 хамт амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 80-939 тоотод ирээд ... талийгаач Э.С, Ц.Ү хоёр архиа уугаад үлдсэн, намайг хашааны хог цэвэрлээд хогийн цэг рүү хогоо аваачиж хаячихаад 17 цагийн орчим орж ирэхэд талийгаач Э.Сын дээр Ц.Ү гараад суучихсан цээж нүцгэн гараараа талийгаачийн нүүр рүү нь цохиж байсан, би очоод Ц.Үын мөрөн дээрээс нь татаж хойшоо болгоод Ц.Ү, талийгаач хоёрыг буйдан дээр суулгахад талийгаачийн уруул нь хавдаад уруул, хамраас нь цус гарсан, би голд нь суугаад “болио Ц.Үаа адилхан цугтаа энд амьдардаг байсан байж юундаа ингэдэг юм” гэтэл Ц.Ү “..авгай хүүхний асуудал ярьж байна, би авгайгаасаа бараг салах шахсан. Э.С манай авгайд худлаа шааж, хов зөөсөн байна лээ” гэж хэлсэн. Тэгээд Ц.Ү хувцсаа өмсөөд гараад яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 11-нд цагийг мэдэхгүй байна, үдийн үед байх сэрэхэд талийгаач сэрчихсэн нөгөө үлдсэн юмаа уучихсан “зүрх дэлсээд байна” гээд алхаж байсан.  Би сэрээд байж байтал Өлзийка гэх хүн согтуу орж ирээд “намайг 64 дэлгүүр хүргэж өг“ гэхээр нь хүргэж өгөхөөр гарсан. ..ахыг хүргэж өгчихөөд буцаад 18 цагийн орчим ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Би талийгаачийг нас барсныг мэдээгүй, намайг ирээгүй байхад Болдоо, Гангаамаа эгч ирээд талийгаачийг мэдээд дэлгүүрийн утсаар цагдаа дуудсан юм билээ. Талийгаач надтай хамт байх хугацаандаа Ц.Үаас өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Би талийгаачтай хамт нэг сар гаруй амьдарч байна. Биед нь ил харагдах шарх байгаагүй, харин Ц.Үтай зодолдсоны дараа талийгаачийн хоёр нүд нь хөхөрч, уруул нь хавдаад том болчихсон, хамар нь халцарсан байсан.” /1хх 40-41,44, 2хх 132-133/,

гэрч Л.Тлын “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэйд байдаг Гангаамаа эгчийнхээс өөрийнхөө иргэний үнэмлэхийг авах гэж орсон юм. ...Гангаамаа эгчийн байшинд ороход Ц.Ү, Э.С, Баасандорж тэд нар 0.75 литрийн “Хараа” нэртэй цагаан архийг уугаад бараг дуусаж байсан. Тэгтэл Ц.Ү надад хандаж “чи юугаа шинжлээд яваа юм, цагдаагийн бууны нохой, бацаан минь зайлаарай” гэж хэлсэн. Гангаамаа эгчийнд удаагүй болохоор тэд нар байхдаа хоорондоо маргаж муудалцсан юм анзаарагдаагүй, харин Ц.Ү над руу агсам тавих шинжтэй байсан. Хэн хэнийх нь нүүр, аманд гэмтэл шарх байгаагүй. ...Би тэр орой нь ганцаараа 22 цагийн орчимд Э.Сын амьдардаг байшинд нь очих замд Мөнхтүвшин ахтай таараад очиход Э.С байшингийн дөнгөж хаалгаар ороод зүүн гар талын Г хэлбэртэй цагаан өнгийн буйдан тал руу толгой нь харчихсан газраар, цагаан буйдан дээр Баасандорж ах ганцаараа унтаж байсан. Э.Сыг сэрээх гэсэн чинь уруул нь хавдчихсан харагдсан, бас хурхираад байхаар тасарчихаж гэж бодсон. Үүдний хэсгээр шалаар цус болчихсон байсныг ногоон өнгийн шалны арчуураар би арчаад Баасандорж ахыг сэрээгээд “нэгийгээ арай ч дээ шалан дээр унтуулаад” гэхэд тэр “сая Үүрээ зодчихоод, гараад явчихлаа” гэж хэлсэн. Баасандорж ахтай нийлээд Э.Сыг өргөж босгоод цагаан өнгийн буйдан дээр хэвтүүлсэн.” /1хх 46-47/,

гэрч Ү.Мгийн “..2021 оны 12 дугаар сарын 10-ны орой Хуягаа ахын гэрт буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 80-939 тоотод Түмэнжаргалтай гудамжинд таараад хамт очиход талийгаач Э.С, Баасандорж хоёр тасарчихсан хамт байсан. Талийгаачийн нүүр нь аймар хавдсан байдалтай шалан дээр хэвтэж байхаар нь би Баасандоржийг сэрээгээд талийгаачийг яасан талаар асуухад “Ц.Ү архитай ирээд талийгаачийг зодсон” гэж надад хэлсэн. Тухайн үед намайг харахад талийгаачийн нүүр нь хавдсан, архи уугаад согтуу унтаж байгаа юм шиг байсан. Баасандоржтой хамт Э.Сыг өргөж буйдан дээр хэвтүүлээд Л.Тбид хоёр явсан.” /1 хх 51-52, 55/,

гэрч М.Гын “..2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед талийгаач Э.С, Баасандорж хоёр гаднаас хоёулаа согтуу орж ирсэн юм. Тэгээд хоёулаа ширээний хажууд сандал дээр суусан. Удаагүй Э.С шүлсээ манай гэр дотор хаяад байхаар нь “манайх нялх хүүхэдтэй, манай гэрээс гар” гээд Э.С, Баасандорж хоёрыг хоёуланг нь гэрээсээ гаргасан юм. Манай гэрт зодоон цохион болоогүй. Энэ өдрөөс хойш Э.Стай уулзаагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Болдоотой хамт Хуягаа ахын гэрээс очиж гурил авах гээд бид хоёр хамт Хуягаа ахын гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагч 80-939 тоотод байшин руу орсон чинь талийгаач Э.С газраар дээшээ хараад хэвтэж байхаар нь би очоод хувцаснаас нь татсан чинь сэрэхгүй, гүрээг дарж үзсэн чинь “нас барчихсан байна” гээд бид хоёр гараад гудамжинд ойролцоо байх “Аз” дэлгүүр орж худалдагчийн утаснаас Болдоо 102 руу дуудлага өгсөн юм.” /1хх 57-58, 61/,

гэрч Б.Бын “..2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гандолгор /Гангаамаа/ гэх айлд талийгаач Э.Сын амьдарч байсан гэрийн эзэн Хуягаа болон Соко, Мөнхөө нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт хоносон юм. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12-13 цагийн үед Баагий орж ирээд өчигдөр Ц.Ү, Э.Сыг “хов зөөж авгайгаас салгалаа” гэж уурлаад нэлээн зодчихоод яваад өгсөн гэж ярьж байсан. Тэгээд би Гангаамаа эгчтэй 2021 оны 12 дугаар сарын 11-нд 14-15 цагийн хооронд Хуягаа ахын гэр буюу Э.Сын амьдарч байсан гэрт очиж хоолны гурил авах гээд ортол Э.С өрөөнийхөө шалан дээр дээшээ хараад гараа хоёр тийшээгээ алдалчихсан хэвтэж байхаар нь Гандолгор эгч очоод гүрээний судсан дээр дарж үзээд Гангаамаа эгч “өнгөрсөн байна” гээд бид хоёр гарч яваад би “Аз” дэлгүүрийн хүний утсаар цагдаад дуудлага өгсөн юм.” /1хх 63-65/,

гэрч Б.Нийн “...Нөхөр бид 2 нь 2006 онд танилцаж, 2007 онд гэр бүлээ батлуулсан. 3 хүүхэд төрүүлж өсгөсөн, нөхөр маань даруухан зантай, ажилд ч амьдралд ч хүний дээд гэж хэлнэ, ажлаа маш сайн хийдэг, элдэв муу зуршил байхгүй. ...сүүлийн 2-3 жил хугацаанд архи ууж архины хамааралтай болсон. Манай нөхөр гэр бүлээс гадуур харилцаатай гэдгийг би хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан. Батцэцэг гэх авгайтай Э.С, Ц.Ү хоёр явалддаг гэдгээ мэддэг, би явалдлаа, чи явалдлаа гээд түүнээс болоод 2019 онд нэг удаа муудалцаж байсан.” /1хх 67-68/,

гэрч Ж.Өын “...13 цаг өнгөрөөгөөд би Хуяг ахын гэрт ортол Б, талийгаач Э.С нар байшингийн гол хэсэгт хоёулаа газар шалан дээр унтаж байсан бөгөөд намайг ороход Баасандорж босоод ирсэн, өөр хүн байгаагүй. Би босоод ирэхээр нь “хоёулаа ажил руу явъя, надтай хамт яв” гээд Хуяг ахынхаас дагуулаад явсан. Талийгаачийн хөл нь хөргөгчний орчимд гэрийн хаалга руу харсан байдалтай толгой нь зуух руу харсан, яг байшингийн урд хэсэгт байх авдарны хойд хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би үүдний хэсэгт байх буйдан дээр суугаад Баасандоржийг аваад гарсан, талийгаач унтаж байгаа юм шиг харагдсан. Миний харснаар талийгаачийн нүүр нь битүү хавдсан байсан. Би ойртож хараагүй болохоор өөр зүйл анзаараагүй. Би Баасандоржтой хамт Хуяг ахынхаас гараад долоон буудал руу алхаж байхдаа “Э.Сын нүүр яасан юм бэ, та нар зодолдсон юм уу” гэж асуухад Баасандорж “Ц.Ү дээр нь гарч сууж байгаад толгой руу нь олон удаа цохисон” гэж хэлсэн..” /2хх 138-139/,

шинжээч эмч Туяагийн “..Баруун чамархайн дээд хэсэгт хүч хэрэглэсний улмаас дээрх гэмтэл үүснэ. Амь хохирогч өөрөө унах үед үүсэх боломжгүй, гараар цохих үед үүснэ. Хэрэг болохоос өмнө дээрх гавал тархины битүү гэмтлийг авах боломжгүй. ...Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх үед ир үзүүртэй зүйлийн буюу хутгаар үүссэн гэмтэл тогтоогдоогүй. Тархины гэмтэл авсны дараагаар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. ...Гавал тархины дээрх гэмтлийг авсан хүн нь тодорхой хугацаанд амьд явах, ярих, ярилцах боломжтой ба энэ үеийг “гэрэлт үе” гэж нэрлэдэг. Энэ үе нь хүн бүрт харилцан адилгүй илэрч гардаг учраас цаг хугацааг нарийвчлан тогтоох боломж байдаггүй. Идэвхтэй үйлдэл гэж хүний хийж байгаа бүх үйлдлийг ойлгоно. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 00 минут цагийн байдлаар нас бараад 8-10 цаг орчим хугацаа өнгөрсөн байна. ...” /1хх 123-124, 2хх 191/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн:

1. “...Талийгаач Э.Сын цогцост гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан /16х15см, 160 гр/ цусан хураа, тархины гүүр хэсгийн тархины эд, их тархины хажуугийн ховдлын захад /corpus callosum/ тархины эдийн цусархаг няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсанд цус харвалт, хуйханд цус хуралт, тархи дарагдал, зовхи, нүдний алим, сарвуу, гуя, шилбэ, шуу, цээжинд цус хуралт, хамар, зовхи, шанаа уруул, сарвуу, тохойд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

2. Э.Сын цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан /16х15см, 160 гр/ цусан хураа, тархины гүүр хэсгийн тархины эд, их тархины хажуугийн ховдлын захад /corpus callosum/ тархины эдийн цусархаг няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсанд цус харвалт, хуйханд цус хуралт, тархи дарагдал гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин зовхи, нүдний алим, сарвуу, гуя, шилбэ, шуу, цээжинд цус хуралт, хамар, зовхи, шанаа уруул, сарвуу тохойд зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

3. Талийгаачийн цогцост учирсан цээжинд цус хуралт нь нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна, бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хүнд зэргийн өөхлөлт өвчтэй байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

5. Талийгаач нь эсэргүүцэн тэмцэлдсэн эсэхийг тогтоох боломжгүй.

6. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.

7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан /16х15см, 160 гр/ цусан хураа, тархины гүүр хэсгийн тархины эд, их тархины хажуугийн ховдлын захад /corpus callosum/ тархины эдийн цусархаг няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсанд цус харвалт, хуйханд цус хуралт, тархи дарагдал гэмтлийн улмаас нас барсан байна.

8. Цогцсыг зөөвөрлөсөн эсэхийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоохгүй.

9. Талийгаач нь дээрх үхэлд хүргэсэн гэмтлийг авснаас хойш тархи дарагдал амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа алдагдах хүртэл богино хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

10. Шүүх биологийн шинжилгээгээр А II бүлгийн цустай байна.

11. Ходоод нээхэд хөндийдөө 50 мл орчим шар ногоон өнгийн шингэн агууламжтай байна.

12. Шүүх химийн шинжилгээгээр цогцсоос авсан гэх цусанд 2,6 промилл, ходоодны шингэнд 4,4 промилл, шээс 3,8 промилл спиртийн агууламж илэрсэн, хорт бодис болон хүчтэй хүчил шүлт илрээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Цусанд 2,6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

13. 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 20 цаг 00 минутад нас бараад 8-10 цаг орчим хугацаа өнгөрсөн байна.

14. Талийгаачийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.” /1хх 107-112/,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх сэтгэц эмгэг судлалын 1 дугаартай “Ц.Ү нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Ц.Ү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..” /1хх 130/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-16, 18-21/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-25, 26-28/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаартай хэргийн газраас хураасан архины шилэнд үзлэг хийсэн шинжээчийн “...шингэн нь 38% этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундаа байна.” гэх дүгнэлт /1хх 84/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Үыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Үыг 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод амь хохирогч Э.Стай архидан согтуурах явцдаа хардалт, өс хонзонгоос болж маргалдаж, зодсоноос гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Үын өмгөөлөгч Ж.Гантулга “... хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ажиллагааг явуулаагүй. ...Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Үхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Амь хохирогч Э.Сыг Ц.Үаас өөр хүн цохиж зодоогүй, түүнээс өмнө амь хохирогчийн биед ил харагдах шарх сорви, гэмтэл байгаагүй, Ц.Ү таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар зодож цохисон үйлдлийн улмаас амь хохирогчид дээрх гэмтэл учирч нас барсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эээс оршуулгын зардалд 18.000.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан /Үржан хажодлин хийдийн айлтгал 1.258.000 төгрөг /2хх 70/, зарлагын баримт нийт 8.126.790 төгрөг /2хх 71-84/, “Сувд буян” ХХК-ийн захиалгын гэрээ 1.300.000 төгрөг /2хх 87/ нийт 10.684.790 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 600.000 төгрөгийг хасаж, нийт 10.084.790 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эт олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Үаас 10.084.790 /арван сая наян дөрвөн мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эт олгохоор шийдвэрлэв.  

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ү нь анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эээс нэхэмжилсэн 18.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үаас 10.084.790 /арван сая наян дөрвөн мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эт олгосугай.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ