| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0021/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Н.Бэрхсайхан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Луухүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.Эд холбогдох эрүүгийн 1703000010127 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Х.Э, Монгол Улсын иргэн, 1991 оны 3 сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Баткоплект” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1а хэсэг Цэргийн хотхон 94а-09 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /.........................
Шүүгдэгч Х.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын автобаазын хойд талын замд 44-35 УБН улсын дугаартай Тоyota prius маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай Л.Дөлгөөнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Луухүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эмчилгээний бодит зардал болох 2.765.000 төгрөгийг төлсөн. Хүүхдийн эрүүл мэндийн хувьд хэвийн сургуульдаа явж байгаа. Таягтай явж байгаад таягаа хаясан. Хичээл нь амарсан учир гэртээ байгаа. Эхлээд хөл нь гипстэй байсан. 7 хоногийн дараа гипсийг нь аваад, 2 суга таягтай байсан. Одоогоор таяггүй, төмөртэйгөө байгаа. Тухайн үед хөлийнх нь дотор талд төмөр хийж гипсдсэн байсан. Тэр төмрийг жилийн дараагаас авдаг гэсэн. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн боловч цаашид учрах хохирлыг мэдэхгүй учир гомдолтой байгаа” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Луухүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн орой 17 цаг 40 минутын үед би өөрийн хүүхэд Л.Дөлгөөнийг сургуулиас нь аваад гэртээ харих гээд Засгийн газрын автобаазын хойд талын замынхаа урд талаас хойд тал руу нь зам хөндлөн гарч байгаад замын голын тусгаарлах шугаман дээр зогсож байгаад дөнгөж зам руу ортол замын зүүн талаас баруун тийш явж байсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус маркийн машин миний урдуур зогсолгүй дайрч гарахдаа миний зүүн гар талд байсан манай хүүхэд Л.Дөлгөөний зүүн талын хөлийг мөргөж зогссон. Дараа нь манай хүүхдийн хөлийг дайрдаг машинтай хамт би хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг явсан. Би эхлээд замынхаа урд талын урсгалыг гараад замын голын тусгаарлах шугаман дээр зогсож байгаад замын зүүн тийш машин харахад замын зүүн талаас нэг машин ойртон ирж байснаа хурдаа хасаад зогсох гэж байх шиг болохоор нь би баруун гараараа тэр машиныг зогсож бай гэж дохиод зам руу ортол нөгөө машин зогсолгүй шууд миний уруу дайраад гарахдаа миний зүүн гарт хөтөлж явсан хүүхдийн хөлийг дайрсан. Манай хүүхдийн зүүн хөлний 2 савхан яс хугарсан. Би хүүхдийнхээ эмчилгээний зардалд өөрөөсөө мөнгө гаргаж зарцуулсан байгаа. Би хүүхдийнхээ эрүүл мэндэд болон хичээл сургуульд нь санаа зовж байна” гэх мэдүүлэг /хх-16-18х/,
Гэрч Х.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “машиныг манай дүү Х.Э барьж явсан би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Баянбүрдийн тойргийн зүүн талын Засгийн газрын автобаазын хойд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй явж байхад замын голын тусгаарлах шугаман дээр олон улсууд зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр хүмүүст ойртож иртэл гэнэт тэр хүмүүс дундаас нэг хүн гараа өргөтөл тэр хүний цаад талаас нэг жаахан хүүхэд гарч ирээд зам руу оронгуутаа манай машины зүүн хойд талын дугуйны харалдаа түг гэж дуугараад шүргүүлэх шиг болонгуут манай машин шууд зогссон. Тэгэнгүүт дүү бид хоёр машинаас гарч ирээд хартал нэг жаахан хүүхэд хөлөө барьчихсан газар хэвтэж байхаар дүү бид 2 хүүхдийг аавынх нь хамт гэмтлийн эмнэлэг авч явсан” гэх мэдүүлэг /хх-22х/,
Яллагдагч Х.Э мэдүүлэхдээ: “..Тэгээд Баянбүрдийн тойргийн зүүн талын Засгийн газрын автобаазын хойд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 3-р эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байтал гэнэт миний машины зүүн хойд талд түг гэсэн чимээ гарахаар нь би машинаа зогсоогоод зүүн талынхаа толинд хартал зам дээр нэг эрэгтэй хүүхэд хөлөө барьчихсан байдалтай хэвтэж байхаар нь машинаасаа гараад нөгөө хүүхэд дээр очтол аав нь хажууд нь байж байсан. Аав нь намайг чи хүүхэд дайрчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь би хүүхдийн аавд одоо шууд эмнэлэг явъя гэж хэлээд хүүхдийг аавтай нь хамт өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэг авч явсан..” гэсэн мэдүүлэг /хх61-62х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн “асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10х/,
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 581 дугаартай техникийн шинжээчийн “..Тоёота приус маркийн 44-35 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-30х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12876 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Л.Дөлгөөний биед зүүн шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-26х/,
Шүүгдэгч Х.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 68х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 69х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр Шүүгдэгч Х.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын автобаазын хойд талын замд 44-35 УБН улсын дугаартай Тоyota prius маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай Л.Дөлгөөнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Х.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Луухүүд шүүгдэгч Х.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргасан хохирлын баримтаар 2.765.000 төгрөгийг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Эгийн В ангиллын 1072106 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.