| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2024/0027/З |
| Дугаар | 114/ШШ2024/0027 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 114/ШШ2024/0027
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ би Л.А*******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.А******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Л.А******* миний бие Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Д.Б*******гийн нэр дээр олгосон ******* дугаар бүртгэлээс Дархан-Уул аймгийн Дархан сум, өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм.
Энэ нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд миний бие Д.Б*******тай эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Л.А*******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай бүртгэлийн тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.А******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгсөн бөгөөд тэрээр үүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Л.А*******гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай бүртгэлийн Дархан сумын 11 дүгээр багийн тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ