Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02042

 

 

 

“ЖББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02059 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 115 087 033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч П.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бнь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 133/ЗГ тоот зээлийн гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170/ЗГ тоот зээлийн гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ тоот зээлийн гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 154/ЗГ тоот зээлийн гэрээгээр манай банк бус санхүүгийн байгууллагаас тус тус сарын 3.5 хувийн хүүтэй мөнгөн хөрөнгө зээлсэн. Гэтэл зээлдэгч Б.Бнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлийн хүүгийн төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Б-гийн зээлийн гэрээний дүн болох үндсэн зээл 65 940 000 төгрөг, зээлийн хүү 77 087 033 төгрөг, нийт 143 027 033 төгрөгийг бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бдээрх гэрээнүүдийн төлбөрт 32 607 632 төгрөг төлсөн. Дөрвөн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ сунгасан талаар бол маргаан байхгүй. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/133 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүнд 2 744 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 4 204 666 төгрөгийг, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/154 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүүнд 6 247 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 10 815 000 төгрөгийг, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/170 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүнд 1 773 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 4 768 652 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүүнд 6 387 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 10 850 000 төгрөг төлөх үндэслэлтэй. Үндсэн зээл 38 000 000 төгрөг, хүү 17 152 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 30 637 718 төгрөг, нийт 85 790 000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний 7-д зааснаар зээлдүүлэгч тал гэрээг дангаараа цуцлах ёстой мөртлөө цуцлалгүйгээр хүү бодож байгаа нь зээлдэгч талд хохиролтой. Тодруулбал хүүг 50 хувь хүртэл бууруулах хүсэлтэй байна.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагч Б.Б-гээс  зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 94 666 332 төгрөг гаргуулан, хариуцагч “Ж ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 420 701 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 873 085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Б-гээс  631 281 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх зээлийн гэрээний хоногийг нэг бүрчлэн шалгахад хэтэрсэн хугацааны хүүг тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/154 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 6 247 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 15 102 500 төгрөг, /2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 863 хоног/, нийт 36 350 000 төгрөгийг,

2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/170 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүд 1 773 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 4 769 333 төгрөг, /2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1022 хоног/, нийт 10 542 666 төгрөгийг,

2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 6 387 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 15 137 500 төгрөг, /2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 865 хоног/, нийт 36 825 000 төгрөгийг, нийт үндсэн зээл 38 000 000 төгрөг, хүүд 17 152 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 39 213 999 төгрөг, нийт 94 666 332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 20 420 701 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Зээлийн гэрээний 2.11-д “ББСБ-д төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн хүүг тооцон хасаж, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална” гэж, 8.4-т “Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулна. Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан. Зээлийн гэрээний эдгээр заалтуудын дагуу зээлдэгчийн зүгээс Б.Б-гийн гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийг эргэн төлөх нөхцөл боломжоор хангаж гэрээний сунгалтуудыг хийсэн. Мөн зээлийн гэрээний хугацаанд зээлдэгчийн төлсөн төлбөрийг хүүд тооцон хассан ба нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Б.Б-гийн зээлийн төлбөрт төлснийг хасаж тооцсон баримт нь хэрэгт авагдсан. “Ж ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа зээл тус бүрээр тооцоолж, хугацаа дууссан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнөх үеийн хүү зэргийг дансны хуулга, эргэн төлөх хуваарь зэргийг үндэслэн нийт 115 087 033 төгрөгийг гаргуулах шаардлага нь талуудын байгуулсан зээлийн гэрээ, тэдгээрийн нэмэлт өөрчлөлт, зээлийн хүүгийн тооцоолол зэргээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 420 701 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 154/ЗГ дугаар зээлийн гэрээний хүүд нийт 11 525 150 төгрөгийг төлсөн бөгөөд тус төлбөрийг зээлийн гэрээний хүүнээс хасаж тооцсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сүүлийн төлөлт хийгдсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хуримтлагдсан хүү болон 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн төлөлтөөс өмнө үлдсэн 6 307 350 төгрөг, нийт 32 364 850 төгрөг юм.

2013 оны 4 дүгээр сарын 19-ниы өдрийн 170/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт хүү 4 638 666 төгрөг төлснийг зээлийн хүүд тооцсон. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сүүлийн төлөлтийг хийсэн. Зээл олгосноос гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй үлдсэн хүү 2 179 333 төгрөг, хуримтлагдсан хүү 4 769 333 төгрөг, нийт 6 948 666 төгрөгийн төлбөртэй байна.

2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт хүү 11 525 150 төгрөгийг төлсөн. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 7 525 150 төгрөгийг төлсөн. Зээл олгосноос хойш гэрээний хугацаа дуусах хүртэл 15 687 950 төгрөгийг хүү төлөгдөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хуримтлагдсан хүү 15 137 500 төгрөг, нийт 30 824 850 төгрөгийн төлбөртэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 20 420 701 төгрөгт холбогдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх үндсэн зээл 38 000 000 төгрөг, хүүд 17 152 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 39 213 999 төгрөг, нийт 94 666 332 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс хэтэрсэн хугацааны хүү 39 213 999 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнүүдийг сунгаж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Б.Бзээлийн гэрээний үүрэгт нийт 32 607 632 төгрөгийг төлсөн ба шинэчлэн тохиролцсон эргэн төлөлтийн хуваариар зээлдэгчийн нийт үүргийг үндсэн зээл 38 000 000 төгрөг, хүүд 17 152 333 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 7-д гэрээг цуцлах эрхийг зээлдүүлэгч дангаар эдэлж байсан бөгөөд гэрээг цуцалгүй, өөрийн давуу байдлыг ашиглаж урт хугацааны хүү тооцсон нь зээлдэгчийн эрх ашгийг хохироосон. Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг тооцохдоо зээлийн үндсэн хүүтэй адил хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ хэмжээгээр хэтэрсэн хугацааны хүүг тооцох бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүү 17 152 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 39 213 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэтэрсэн хугацааны хүүд, үндсэн хүү буюу 17 152 333 төгрөгийн 20 хувь буюу нэмэгдүүлсэн хүүд 3 430 466 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 143 027 033 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 27 940 000 төгрөгөөр багасгаж 115 087 033 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

“Ж ББСБ” ХХК нь Б.Батхүүтэй 4 удаа зээлийн гэрээ байгуулсан байна.

1. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 133/ЗГ дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх,

2. 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170/ЗГ дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх,

3. 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх,

4. 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 154/ЗГ дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-8-11, 23-29, 32-35/

“Ж ББСБ” ХХК болон Б.Бнарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

“Ж ББСБ” ХХК нь мөнгөн хөрөнгийг Б.Б-д  шилжүүлсэн, талууд 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/133 дугаар зээлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/154 дугаар гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/170 дугаар гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214 /ЗГ дугаар гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус тус сунгасан талаар маргаагүй байна.

Зээлийн гэрээний 2.9-т “...эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж талууд тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн тул “Ж ББСБ” ХХК нь Б.Б-гээс  нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

“Ж ББСБ” ХХК-аас Б.Б-д  2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 133/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 1 456 000 төгрөг, нийт 5 456 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 212/2016 дугаар албан бичгээр,

2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 1 348 666 төгрөгийг төлөх талаар 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр,

2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 394/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 12 345 060 төгрөг төлөх талаар 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр тус тус мэдэгдсэн байх боловч Б.Бзээлийн төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүгүй байна.

Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гээс  2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 133/ЗГ дугаар гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, /7 жил, 12 сар, буюу нийт 84 сар/ 4 000 000 :3.5=140 000 төгрөг, 1 сарын хүү/ 11 760 000 төгрөг, нийт 15 760 000 төгрөг,

2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 154/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, 82 сарын хүү /15 000 000:3.5=525 000 төгрөг/ 43 050 000 төгрөг, нийт 58 050 000 төгрөг,

2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170/ЗГ дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, 80 сарын хүү зээлийн хүү 11 200 000 төгрөг /4 000 000:3.5=140 000/, нийт 15 200 000 төгрөг,

2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГдугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, 78 сарын хүү 40 950 000 төгрөг, /15 000 000:3.5=525 000/, нийт 55 950 000 төгрөг, бүгд 144 960 000 төгрөг төлөхөөс зээлдэгчийн төлсөн 32 607 632 төгрөгийг хасаж 112 352 368 төгрөгийг Б.Б-гээс  шаардах эрхтэй. Зээлийн гэрээний хугацааг сунгаж байсан ба талууд зээлийн хүүг сараар тооцохоор тохиролцсон байна. Иймд гэрээ тус бүрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны хүүг сараар тооцох учиртай.

Талууд гэрээндээ гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг төлөхөөр тохиролцсон тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02059 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гээс  зээлийн гэрээний үүрэгт 112 352 368 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 734 665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...631 281 төгрөг” гэснийг “...719 712 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 260 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 354 020 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                                                 ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                  Д.БАЙГАЛМАА