Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02113

 

МАГАДЛАЛ

2020.10.09                                        Дугаар 2113

 

 

 

 

 

 

                                            М.Н-гийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02450 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Н-гийн хариуцагч Б.Т-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1998 онд Б.Түвшинжаргалтай гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Т.Дөлгөөн, 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Т.Нандин-Эрдэнэ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Номин-Эрдэнэ, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Т.Баттүшиг нар төрсөн. Бид таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5б дугаар байр, 49 тоот орон сууцыг 2018 оны 12 дугаар сард Б.Түвшинжаргалын эцэг авч өгсөн. Мөн бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 150 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 78 м.кв талбайтай, хувийн сууц, автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө юм. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хас банкнаас 12 000 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Т.Нандин-Эрдэнэ, охин Т.Номин-Эрдэнэ, хүү Т.Баттүшиг нарыг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг, гэр бүлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж, Хас банкнаас зээлсэн 12 000 000 төгрөгийн үлдэх төлбөр 10 290 000 төгрөгийн 50 хувь болох 5 145 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Б.Түвшинжаргал дээрх үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч өөрт ногдох хэсгээс татгалзсан, мөн 84-04 УНД улсын дугаартай, Тоёото Раум маркийн автомашинаас өөрт ногдох хэсэг 883 330 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс татгалзсан тул миний бие Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5Б дугаар байр, 49 тоот орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах болон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хас банкнаас зээлсэн 12 000 000 төгрөгийн үлдэх төлбөр 10 290 000 төгрөгийн тал хувь болох 5 145 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ тус тус татгалзаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 150 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 78 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Түвшинжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1998 онд М.Наранчимэгтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Т.Дөлгөөн, 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Т.Нандин-Эрдэнэ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Номин-Эрдэнэ, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Т.Баттүшиг нар төрсөн. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Мөн охин Т.Нандин-Эрдэнэ, охин Т.Номин-Эрдэнэ, хүү Т.Баттүшиг нарыг нэхэмжлэгчийн асрамжид үлдээх болон хүүхдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн хувьд Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 150 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 78 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Түвшинжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Наранчимэг бид 2018 оны 01 дүгээр сард 84-04 УНД улсын дугаартай, Тоёото Раум маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд автомашин М.Н-гийн өмчлөлд байгаа. Уг автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул автомашиныг М.Н-гийн өмчлөлд үлдээж, ногдох хэсэг болох 833 330 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Гэвч уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дөлгөөн шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5Б дугаар байр, 49 тоот орон сууцнаас гэр бүлийн гишүүний хувьд өөрт ногдох хэсэг 7 000 000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 150 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 78 м.кв талбайтай, хувийн сууц, автозогсоолоос өөрт ногдох хэсэг 5 000 000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Их мэргэд овогт Мөнхбаатарын Наранчимэг, Харчин овогт Баттулгын Түвшинжаргал нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.Нандин-Эрдэнэ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Номин-Эрдэнэ, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Т.Баттүшиг нарыг эх М.Н-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.Нандин-Эрдэнийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Номин-Эрдэнэ, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Т.Баттүшиг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээ тэтгэлгийг сар болгон эцэг Б.Түвшинжаргалаас тус тус гаргуулан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Түвшинжаргал улсын бүртгэлийн Г-2201009503 дугаар бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоот хагт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоот хагт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201041513 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201020652 дугаарт бүртгэлтэй, 78 м.кв талбайтай, хувийн сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гаргуулахаас татгалзаж, 84-04 УНД улсын дугаартай, Тоёото Раум маркийн автомашинаас өөрт ногдох хэсэг 833 330 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч М.Наранчимэг улсын бүртгэлийн Ү-2205012972 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5б дугаар байр, 49 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай орон сууцнаас Б.Т-д ногдох хэсгээс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, Хас банктай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1160042606 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10 290 000 төгрөгийн тал хувь болох 5 145 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дөлгөөн хариуцагч Б.Т-д холбогдох улсын бүртгэлийн 2205012972 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5Б дугаар байр, 49 тоот орон сууцнаас, улсын бүртгэлийн Г-2201009503 дугаар бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамж, 610 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газраас, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201041513 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөс, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201020652 дугаарт бүртгэлтэй, 78 м.кв талбайтай, хувийн сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741 420 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дөлгөөнөөс төлсөн 206 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 24 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 360 000 төгрөг гаргуулан шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК-д, 560 000 төгрөг гаргуулан шинжээч Нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалт болох улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 741 950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дөлгөөний төлсөн 206 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 24 550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 277 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, гэрлэлт цуцлуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагад 0-11 нас хүртэлх нас бол 33 128 төгрөг бөгөөд 2 хүүхдийн 66 296 төгрөг, 11-18 насны хүүхэд 66 296 төгрөг, нийт 189 577 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 551 843 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваалгах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Иймээс улсын төсөвөөс 551 843 төгрөгийг, хариуцагчаас 189 577 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн гуравдагч этгээд Т.Дөлгөөний төлсөн 206 950 төгрөгийг улсын төсөвөөс буцаан олгох ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Наранчимэг нь хариуцагч Б.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 833 330 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгөтэй холбоотой шаардлагын талаар эвлэрчээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дөлгөөн нь Б.Т-д холбогдуулан Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 5б байр, 49 тоот орон сууц болон Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитрын 35 дугаар гудамж, 610 тоотод байрлах, 700 м.кв газар болон мөн хаягт байрлах 150 м.кв, 78 м.кв 2 ширхэг хувийн сууц, автозогсоолоос өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзсан байна.

Зохигчид 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Т.Дөлгөөн, 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Т.Нандин-Эрдэнэ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Номин-Эрдэнэ, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Т.Баттүшиг нарыг төрүүлсэн байна. Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогджээ.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн таарамжгүй харилцаа болон Б.Түвшинжаргал нь гэр бүлийн гишүүд хүчирхийлэл үзүүлсэн гэх нөхцөл байдлыг үндэслэн М.Наранчимэг, Б.Түвшинжаргал нарыг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” заасан. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй, хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх талаар шийдвэрлэж байгаа тохиолдолд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай. Талууд насанд хүрээгүй 3 хүүхдийг эхийн асрамжид үлдээн, эцэг Б.Түвшинжаргалаас тэтгэлэг гаргуулан шүүх шийдвэрлэсэнийг талууд маргаагүй.

 Харин улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн эсэх талаар маргасан. Иргэний хэрэг шүүх шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.1.5-т тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэлэг төлөх этгээдээс гаргуулахаар заажээ.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Т.Нандин-Эрдэнэ, Т.Номин-Эрдэнэ, Т.Баттүшиг нарт эцэг Б.Түвшинжаргалаас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул уг тэтгэлэгт ногдох хэмжээний улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах ёстой. Гэтэл анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилсан нь тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Наранчимэг нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй 3 гишүүнд ногдох 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 457 950 төгрөг, гэрлэлт цуцлуулах шаардлагад 70 200 төгрөг, зээлийн төлбөрийн үлдэгдэл 10 290 000 төгрөгийн 50 хувь 5 145 000 төгрөгт 97 270 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага тухайн жилд нийт төлөх тэтгэлэг 5 229 624 төгрөгт 98 624 төгрөг, нийт 724 044 төгрөг төлөх ёстой байтал 17 376 төгрөг илүү төлжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 17 376 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зохигч эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заахаар зохицуулсан  тул хариуцагч Б.Түвшинжаргалаас

гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70 200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 98 624 төгрөг, гэр бүлийн дундын эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 277 610 төгрөг, нийт 446 434 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Наранчимэгт олгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дөлгөөний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 6 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741 420 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дөлгөөнөөс төлсөн 206 950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 24 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түвшинжаргалаас 446 435 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Наранчимэгт олгож, хариуцагч Б.Түвшинжаргалаас 360 000 төгрөг гаргуулан шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК-д, 560 000 төгрөг гаргуулан шинжээч Нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус олгож, нэхэмжлэгч М.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 17 376 төгрөгийг улсын төсвөөс буцаан болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 17 205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 Д.БАЙГАЛМАА