Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/382

 

 

О.А, Л.Днарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,  

яллагдагч Л.Л.Дийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,  

яллагдагч О.Аын өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/584 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сансарсайханы бичсэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар эсэргүүцэл болон яллагдагч О.Аын өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Л.Д, О.А нарт холбогдох 2206083090 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. О.А, 
  2. Л.Д, 

                  Яллагдагч О.А нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний орой хохирогч Л.Л.Дтэй дүүг нь уруу татаж явсан гэх шалтгааны улмаас толгойг нь уураглан авч толгой, нүүр рүү нь гараараа цохиж баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            яллагдагч Л.Днь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний орой хохирогч О.Аыг хэл амаар доромжлон, маргалдаж нүүр рүү нь мөргөж, хоёр хөлийг нь давхар барьж унагаж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Л.Д, О.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, гэрч Э.З, Э.х, О.О Б.Жавхлантөгс нараас тухайн үед хэн хэнд гэмтэл учирсан байсан нөхцөл байдлын талаар тодруулах, яллагдагч нарын хувийн байдлыг тодруулах, яллагдагч Л.Л.Дөд учирсан гэмтэл нь хагалгааны заалттай хүндэвтэр гэмтэл, одоог хүртэл эдгээгүй, шинжилгээ буруу, дутуу хийгдсэн гэх, яллагдагч О.Ат хэрэг учрал болсон цаг хугацаанаас хойш тодорхой хугацаа өнгөрснөөс хойш 2022 оны 9 дүгээр сарын 14-нд шинжилгээ хийгдэхдээ гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн боловч 10 хоногийн дараа 2022 оны 9 дүгээр сарын 26-нд дахин шинжилгээний дүгнэлт гарч гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон гэх нөхцөл байдлуудыг нэг мөр эргэлзээгүй болгох үүднээс яллагдагч нарын эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, 773 дугаар дүгнэлтээр О.Аын хамар яс шинэ, хуучин хавсарсан сэлтэрсэн нийлмэл хугарлууд гэсэн бичиглэлтэй дүгнэлт хэсэгт хамар ясны хугарал нь шинэ байх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн бичиглэл нь зөрүүтэй ойлгомжгүй байдал, дүгнэлт гаргаж байгаа шинжээчийг ах, дүү нөлөө бүхий хүмүүс байна, татгалзах ёстой шинжээч шинжилгээ хийгээд байна гэсэн энэ дээрх нөхцөл байдлуудыг тодруулж хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотолж мөрдөн шалгах ажиллагааг хуульд зааснаар бүрэн гүйцэт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул яллагдагч О.А, Л.Днарт холбогдох эрүүгийн 2206041083090 дугаар хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.А, Л.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Сансарсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн захирамжид гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийлгэхээр заасан ба энэ нь хэргийн үйл баримтын талаар ямар зөрүүтэй мэдүүлгийг гэрч нар өгсөн болох, энэ нь яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд шууд нөлөөлөхүйц нөхцөл байдалд хүргэж байгаа эсэх зэргээр энэхүү ажиллагааг зайлшгүй хийхээр даалгаж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэрийн агуулга,... шаардлагатай бусад асуудлын талаар тайлбарлана...” гэснийг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагуудыг хангаагүй. Яллагдагч нарын хувийн байдлыг тодруулах талаар дурдсан нь мөн ойлгомжгүй байна. Учир нь Л.Л.Д, О.А нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгасан хуудас болон одоо хаана амьдарч байгаа, хэдэн настай, юу хийдэг, ямар мэргэжилтэй зэрэг шаардлагатай баримтууд авагдсан байх боловч шүүгч хувийн байдал гэдэгт юуг дурдаж, яг хэнийх нь ямар хувийн байдлыг тодруулах гэж байгаа болох нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал хийх шинжилгээнд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох талаар, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсний дагуу хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаар шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох тухай мөрдөгчийн гаргасан тогтоолын дагуу шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилогдон улмаар эрх үүрэгтэйгээ танилцаж гаргасан дүгнэлтийг нягтлах зорилгоор дахин шинжилгээ хийлгэхээр прокурорын тогтоолоор томилогдсон шинжээч нэмэлт дүгнэлтийг гаргасан байдаг. Эдгээр дүгнэлтүүдийг харьцуулан шинжлэх замаар прокурор өөрийн дотоод итгэл үнэмшлээр нотлох баримтыг үнэлж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл өмгөөлөгч нараас гаргасан шинжилгээ хийсэн шинжээчийг ах, дүү нөлөө бүхий хүмүүс байна, татгалзах ёстой гэдэг байр суурь илэрхийлснээр дүгнэлт хийсэн шүүгчийн захирамж өөрөө ойлгомжгүй байна. Яллагдагч О.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 773 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээчтэй холбоотойгоор буюу “ах, дүү нөлөө бүхий хүмүүс байна. Татгалзах ёстой шинжээч шинжилгээ хийсэн”-тэй холбогдуулж, ялагдагч О.Аын хувийн байдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээ хийхэд шинжээчид хууль сануулсан, эрх үүргийг тайлбарлан өгч гаргасан дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчилтэй хүн гаргасан гэж үзсэн бол энэхүү асуудлаар холбогдох байгууллагаар шалгалтын ажиллагаа хийлгэхээр гомдол хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсаар байтал зайлшгүй шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн баримт нотолгоогүйгээр ярьсан асуудлыг үнэлж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд хянан хэлэлцэнэ гэснийг зөрчсөн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/584 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид “Зулцэцэг, Зулбадрах, Отгонбаяр, Жавхлантөгс нараас тухайн үед ямар нөхцөл байдал болсон, хэн, хэнд ямар гэмтэл учирсан талаар тодруулах шаардлагатай” гэсэн. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн үед Отгонбаяр, Амарбаяр, О.А, Л.Д, Жавхлантөгс гэх 5 хүн л байсан. Эдгээр 5 хүн харилцан эсрэг ашиг сонирхолтой мэдүүлэг өгдөг. Гэрч гэж хуульд зааснаар хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй, хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ гэсэн байдаг. Отгонбаяр, Амарбаяр, О.А гэх хүмүүс төрсөн ах, дүүс байдаг. Л.Д, Жавхлантөгс хоёр хоорондоо хамааралтай байдаг. Тэгэхээр Отгонбаяр, Жавхлантөгс нараас гэрчээр мэдүүлэг авсан, Жавхлантөгсөөр таньж олуулах ажиллагааг хийлгэсэн. Жавхлантөгс мэдүүлэхдээ “хэрэг болох үед Амарбаяр, О.А гэх хоёр хүнийг вокзалаас очиж авсан” гэж мэдүүлдэг. Мөн таньж олуулах ажиллагаагаар “... 7 дугаартай О.А нь Л.Дахын нүүр рүү хэд хэдэн удаа цохисон” гэсэн байдаг. Эдгээр гэрч нарын мэдүүлэг юун дээр зөрүүтэй байна вэ, дахин юуг тодруулах гээд байгаа нь шүүгчийн захирамжид тодорхой тусгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдсэн ажиллагааг дахин хийх шаардлагагүй гэж үзэж байна. Яллагдагч нарын хувийн байдлыг тодруулах гэж заасан. Хувийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Л.Дөд учирсан гэмтлийн асуудал байдаг. Л.Дийн биед хоёр удаа шинжээч томилсон. Нансалмаа гэх шинжээч хоёр удаа шинжилгээ хийсэн. Анхны шинжээчийн дүгнэлтийн дараа дахин нэмэлт шинжилгээ хийлгэсэн. Нэмэлт шинжилгээ 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 783 дугаар дүгнэлт гарсан. Уг дүгнэлт дээр “дагз ясны хэсэгт тодорхойлогдсон уйланхай” гэж гарч ирсэн. Энэ нь тухайн үед болсон үйл явдлаас үүссэн гэмтэл биш, архаг өөрчлөлт байна гэсэн. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд дагз ясны уйланхай үүссэн нөхцөл байдал байхгүй байна гэх дүгнэлт гарсан. О.Аын биед гэмтэл учирсан асуудал яригддаг. Үйл явдал болсноос хойш шинжилгээ хийлгэсэн гэдэг. О.Аын тухайд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд “хамар ясны хугарал шинэ гэмтэл байна. Ямар нэгэн байдлаар унах үед үүсэх боломжгүй, гадны цохилтоос үүснэ” гэсэн. Энэ нь ямар эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа болохыг шүүгчийн захирамжид тодорхой дурдаагүй. Шүүгчийн захирамж тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстой. Захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах байгууллага хүлээж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ямар нэгэн ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Шинжээч нарын асуудал мөн яригддаг. Ах, дүү, хамаатан садан буюу ашиг сонирхлын зөрчилтэй шинжээч нар дүгнэлт гаргасан гэдэг. Ямар баримтаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг тогтоосон юм бэ. Хардаж сэрдсэн байдлаар хэлэхэд нь шүүгч захирамжид тусгаж байгаа нь үндэслэлгүй юм. Шинжээч нар хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцаад дүгнэлтээ гаргасан. Хамаарал бүхий хүмүүсээс мэдүүлэг авсан гэдэг. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авч тухайн үед болсон үйл баримтыг тодруулахаас өөр арга байхгүй. Тухайн цаг хугацаанд эдгээр хүмүүс л хамт байсан. Хоорондоо хамаатан садан гээд гэрчийн мэдүүлэг авахгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Хэрэгт цугларсан баримтуудыг ямар баримтаар үгүйсгэж байна вэ. Зулцэцэг, Зулбадрах гэх хоёр гэрчийн тухайд Зулцэцэг нь Отгонбаяр гэх хүний хамтран амьдрагч, Зулбадрах нь Зулцэцэгийн дүү нь байдаг. Л.Д, О.А нар хоорондоо маргалдаж зодолдохоос өмнө Отгонбаяр гэх хүн хамтран амьдрагчынхаа гэрт очиж төрсөн дүүтэй нь маргаан үүсгэсэн байдаг. Дүүд нь зодуулчихаад хоёр ахыгаа дуудсан байдаг. Хоёр ахыг нь очиж аваад явж байх явцдаа Л.Д, О.А хоёр маргалдаад зодолдсон байдаг. Иймд эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.

Яллагдагч О.Аын өмгөөлөгч Ч.Нямцоож гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Өмгөөлөгч би О.А, Л.Днарт холбогдох эрүүгийн 2206041083090 дугаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ. Дээрх шүүгчийн захирамжийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, танилцаж  дараах үндэслэлээр үл зөвшөөрч, хянуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Үүнд:

Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор “...урьд буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн 1537 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа...”-нууд хийж гүйцэтгэсний дараа дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдсан Э.З, Э.З, О.О, Б.Ж нараас гэрчийн мэдүүлэг авсан, түүнчлэн Л.Л.Дийн биед учирсан гэмтлийн зэргийг Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10871 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 783 дугаар дүгнэлтүүд, О.Аын биед учирсан гэмтлийн зэргийг Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12437 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 773 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1033 дугаар дүгнэлтүүдээр тогтоолгосон, шинжээч Ц.Ганболд, Б.Ариунзул нараас гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулж, мэдүүлэг авчээ. Түүнчлэн үйлчлүүлэгч О.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт Л.Л.Дийн өмгөөлөгчийн гаргасан: “...О.Аын ах нь гэмтлийн эмч хийдэг учраас үзүүлэгчийн учирсан гэмтэл, тодорхойлолтыг солиод хийчих боломжтой...” гэх тайлбарын талаар тодруулахад тэрээр энэ нь илт худал болохыг тайлбарлалаа. Нөгөөтээгүүр шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас өмнө түүнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулж, эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулж, зориуд худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тайлбарладаг билээ. Нэгтгэн дүгнэвэл шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлуудыг зайлшгүй хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулж нөхөн гүйцэтгүүлэхээр хэмжээний буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр зөрчил гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд нэр бүхий гэрч, шинжээч нарыг дуудаж, тэдгээрээс өгсөн мэдүүлэг, гаргасан дүгнэлтийнх нь талаар тодруулж, тайлбарлуулах байдлаар шүүх үнэлэлт, дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтойгоос гадна мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотолж, тогтоох боломжтой гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/584 дугаар захирамжийг хянуулахаар гомдол гаргаж байна.” гэв.

Яллагдагч Л.Л.Дийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч миний зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийн үйл баримтыг нотлох үүрэг хүлээж буй гэрчүүдийн мэдүүлгийг зөрүүтэй байна гэдгийг шүүх хавтас хэргийн хүрээнд үндэслэлтэй дүгнээд тодорхой дурдсан байхад ойлгомжгүй байна гэж гэж яриад байгааг ойлгохгүй байна. Гэрч нар илтэд худал мэдүүлэг өгдөг. Гэмт хэрэг юунаас болж гарсан, болсон үйл явдлын талаар ямар нэг эсрэг ашиг сонирхол байгаа эсэхийг нарийвчилж тогтоож зөрүүг гаргах шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал байдаг. Л.Днь дахин хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Одоо хүртэл эмчилгээ хийлгээд явж байна. Эдгээр эргэлзээтэй байдлуудыг арилгах шаардлагатай. О.А нь хэрэг болсон үед бусдад зодуулсан нь үнэн юм бол яагаад тэр үедээ гомдлоо гаргаад шинжээч томилуулах тогтоол гаргуулаад дүгнэлтээ гаргуулаагүй юм бэ. Хугацааны асуудал дээр эргэлзээтэй байдаг. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, хууль журам зөрчсөн үү, үгүй юу, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэдгийг нягталж шалгах шаардлагатай гээд шүүх өөрөө дүгнээд дүгнэлтээ гаргасан. Шүүгчийн захирамж бодит байдалтай нийцсэн, хууль зөрчөөгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч О.А нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний орой хохирогч Л.Л.Дтэй дүүг нь уруу татаж явсан гэх шалтгааны улмаас толгойг нь уураглан авч толгой, нүүр рүү нь гараараа цохиж баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            яллагдагч Л.Днь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний орой хохирогч О.Аыг хэл амаар доромжлон, маргалдаж нүүр рүү нь мөргөж, хоёр хөлийг нь давхар барьж унагаж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх яллагдагч О.А, Л.Днарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, О.А, Л.Днарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Прокурор М.Сансарсайхан “...Яллагдагч нарын хувийн байдлыг тодруулах талаар дурдсан нь мөн ойлгомжгүй байна. Яллагдагч О.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 773 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээчтэй холбоотойгоор буюу “ах, дүү нөлөө бүхий хүмүүс байна. Татгалзах ёстой шинжээч шинжилгээ хийсэн”-тэй холбогдуулж, ялагдагч О.Аын хувийн байдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ нь үндэслэлгүй. Шүүгчийн захирамж хууль ёсны шаардлага хангаагүй.” гэх агуулга бүхий эсэргүүцэл,

яллагдагч О.Аын өмгөөлөгч Ч.Нямцоожийн “...шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлуудыг зайлшгүй хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулж нөхөн гүйцэтгүүлэхээр хэмжээний буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр зөрчил гэж үзэхгүй байна. Хүчингүй болгож өнгө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу хохирогч, гэрч нарын зөрүүтэй өгсөн гэх мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах, О.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12437 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 773 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1033 дугаар дүгнэлтүүдийг бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч О.А, Л.Днарыг гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Иймд прокурор М.Сансарсайханы бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч О.Аын өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/584 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч О.А, Л.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ