| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00251/И |
| Дугаар | 157/ШШ2024/00241 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00241
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 29,509,011 (хорин есөн сая таван зуун есөн мянга арван нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...зээлдэгч ******* ургийн овогт ******* ******* нь (РД: *******) нь ХААН Банкны Хэнтий салбарын ББор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №31756565605 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн (жилийн 15,6 хувь) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан. Зээлд цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь цалингийн зээлийн зориулалтаар авсан 31756565605 тоот зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн. Үүнд:
а/ Үндсэн зээлийн төлбөрт 650,906 төгрөг
б/ Үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1,809,788 төгрөг
в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,190 төгрөг
г/ Нийт 2,465,884 төгрөг Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /104 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Б.******* нь ******* төмөр замын татах хэсэгт ажилладаг, Одоогоор ажлаа хэвийн хийж байгаа, цалингаа бусад банкаар дамжуулан авдаг, ажлаа хэвийн хийж байгаа хэдий ч зээлийн төлөлтөө хийлгүй өдийг хүрлээ. 2024 оны 08-р сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй, хугацаа хэтэрч эхэлсэн. Харилцагч нь ******* хотод ажиллаж байгаа ба очиж уулзах боломжгүй тул утсаар холбоо барих оролдлого удаа дараа хийсэн, зээлээ төлнө гэж мэдээлдэг хэдий ч хэлсэн хугацаандаа төлөлтөө хийлгүй, өдий хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна.
Иймд банк 31756565605 тоот зээлийн гэрээний 6.1 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:
I.2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № 31756565605 тоот Зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулах.
II.2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дор дурдсан зээлийн төлбөрийг гаргуулна. 1.Үндсэн зээлийн үлдэгдэл 29,349,094 төгрөг, 2. Зээлийн хүүгийн төлбөр 157,077 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,840 төгрөг Нийт 29,509,011 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б.******* Хаан банкнаас зээл авсан нь үнэн. Гэрээний дагуу зээлээ төлөөгүй ээлж амраад цалин мөнгө аваагүй, байрны захиалга хийнэ гэж хүнд 30,000,000 төгрөг өгч залилуулсан, одоог хүртэл хүнээс авах ёстой мөнгөө авч чадахгүй байгаа. Тэр хүнийг шүүхэд мэдэгдсэн. Цалин мөнгө жигдрээд ирэхэд зээлээ төлнө, нэг дор их мөнгө өгч чадахгүй, сар сардаа зээлийнхээ хүүг тогтмол өгөөд мөнгө төгрөг маань шийдэгдээд ирвэл хаах юм уу төлөлтөө бүрэн хийх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч ******* холбогдуулан 29,509,011 (хорин есөн сая таван зуун есөн мянга арван нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч Б.******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/56565605 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 30 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн (жилийн 15.6%) хүүтэй сар бүр зээл хүү тэнцүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвтэй 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/56565605 тоот зээлийн гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээний үндсэн дээр хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч байгууллагатай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/56565605 тоот зээлийн гэрээний дагуу 29,509,011 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас 29,509,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,509,011 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 29,509,011 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,495 төгрөгийн тал хувь болох 152,747 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 152,747 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 152,747 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 29,509,011 (хорин есөн сая таван зуун есөн мянга арван нэгэн) төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,495 төгрөгийн тал хувь болох 152,747 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 152,747 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 152,747 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ