Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Хохирогч Т.Сүхбаатар,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн 201725011635 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн 1987 оны 01 дүгээр сарын 10-ны Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, хувиараа киноны дууны студи ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Зэлмэн урианхай овогт Э.А, /регистрийн дугаар/

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баярлах Казино бааранд иргэн Т.Сүхбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                              /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 201725011635 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 Хохирогч Т.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  “2017 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн үед би Хулан, Одгүррагчаа, болон түүний нэг найзын хамт “Казино” нэртэй бааранд орсон. Тус бааранд ороод хэсэг сууж байгаад Одгүррагчаа эхнэрыгээ дуудсан ба тус бааранд зүс таних Базардарь гэх хүн өөр ширээнд сууж байгаад бид нарыг ороход манай ширээнд ирж суусан. Одгүррагчаагийн эхнэр 00 орж, манай найз хулан гадагшаа гарсан байхад би хажуу ширээний хүмүүс рүү “бүгдээрээ хамт бүжиглэе” гэж хэлэхэд хамт сууж байсан залуу нь чи дуугүй цааш хараад суу гэж надад хэлсэн. “Чи зүгээр ярьж байхад яаж яриад байгаа юм бэ” гэж тэр залууд хэлэхэд тус ширээнд сууж байсан өөр нэг залуу нь босч яваад буйдан тойрч ирээд намайг нэг удаа цохисон. Би юугаар цохисныг нь сайн харж чадаагүй гартаа хийдэг төмөр байсан байж магадгүй гэж бодож байна. Миний духнаас цус гараад доошоо хараад суухад хамгаалагч нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

  Гэрч Д.Одгүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  “...Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Сансарын Баянцээлийн Батхаан төвд байдаг 30-аас дээш насныхан ордог бааранд Сүхбаатар, би, Хулан, Ууганаа нарын хамтаар орсон... Бид нар 23 цаг өнгөрөөж орсон санагдаж байна, ороод ширээнд дөрвүүлээ суусан. Хажуу ширээнд сууж байсан залуустай Сүхбаатар “бөөнөөрөө гарч бүжиглэе” гэхэд бүжиглэхгүй гэж хэлсэн. Нэг залуу нь пизда минь чамтай бүжиглэхгүй гэж хэлээд тэр залуутай Сүхбаатар маргалдаж эхэлсэн. Тэгээд би болиулаад сууж байхад тэр ширээнээс нэг залуу нь босч ирээд Сүхбаатарыг цохисон. Би юугаар цохисон гэдгийг нь харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

  Гэрч Т.Наранцацрагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  “2017 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн үед Сансарын Баянцээлийн гудамжинд байдаг нэрийг нь мэдэхгүй нэг бааранд Энхзул, Амартүвшин, Ганцэцэг бид 4 орсон... Хамт явж байсан Энхзулыг хажуу ширээний залуу татаж чангаагаад байсан. Би тэр залууд хандан “бид нар хамт яваа, манай найзын эхнэр байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл суулгахгүй байхаар нь би хамт явж байгаа гэж хэлсэн биздээ гэж хэлээд бага зэрэг маргаан үүссэн. Тэгээд ширээндээ суугаад байж байхад нөгөө залуучууд хоосон усны сав шидээд, үгээр идээд байсан. Тэгээд араас намайг нэг нь цохих гээд ирэхэд би босоход Ганцэцэг намайг хориод байсан. Амартүвшинг Энхзул хориод байж байгаа харагдсан. Ганцэцэг намайг хориод байж байхад буланд нэг залуу цусаа гоожуулаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

  Гэрч Ж.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  “2017 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сансарын Казино нэртэй бааранд Ганцэцэг, Наранцацралт, Амартүвшин бид 4 орсон... Бааранд ороод нэг ширээнд суухад хажуу ширээнд 5-6 орчим залуучууд суусан байсан бөгөөд тэр залуучууд Ганцэцэг бид хоёрыг энд тэндээс ирж хатгаад өдөж байсан. Наранцацралыг нэг залуу нь буйдангаа давж ирээд цохисон... Тэгж байгаад бүжгийн талбай дээр байж байгаад эргээд харахад нэг залуу цусаа гоожуулчихсан байсан бөгөөд хэн цохисон юм бэ гэж Ганцэцэгээс асуухад Амартүвшин цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 30-31/

  Гэрч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  “...Сансарын Баянцээлийн Казино нэртэй бааранд Амартүвшин, Наранцацраг, Энхзул бид 4 орсон. Яг зэргэлдээ хажуу ширээнд 5-6 залуучууд сууж байсан. Тэдгээр залуус эмэгтэй хүнгүй явж байсан, тэгээд Энхзул бид 2 руу хандраад байсан. Аятайхан бүжиглэ гээд хамт явсан 2 залуу буюу Амартүвшин, Наранцацраг нар хэлж байсан. Бүгдээрээ ширээндээ сууж байхад хажуу ширээний залуучуудтай бага зэрэг маргалдаад нөгөө ширээнээс нэг залуу усны сав шидсэн. Энхзулыг тэр усны сав нь оноод Наранцацраг босоход нөгөө залуу нь өшиглөх гэж оролдоод бүгд хоёр талаасаа ширээнээсээ босоод ирэхээр нь би Наранцацрагийг чанга тэврээд зодоонд оролцуулахгүй байя гэж бодоо тавихгүй тэврээд байж байсан...Маргалдааныг салгаад Амартүвшингээс нээрээ чи цохисон юм уу гэж асуухад “тиймээ найз нь цохичихсон юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 10 жилийн ангийн уулзалт болсон. Тэрийг тараад Наранцацраг, Энхзул, Ганцэцэг нарын хамтаар Баянзүрх дүүрэгт байрлах Казино нэртэй бааранд орсон. Бүжиглэж байхад бүжгийн талбай дээр хохирогч гэх Сүхбаатар найзуудтайгаа хамт хажуугаар орж ирээд түлхээд байсан. Бид нар боль ангиараа явж байна гэж хоёр ч удаа хэлсэн. Тэгээд суухад манай хажуу ширээнд сууж байсан. Тэгээд манай хоёр охиныг оролдоод байсан, бид нар ангийн уулзалт хийж байна гэхэд хог, самар, чипс шидээд байсан. Хамт явж байсан Наранцацрагыг нэг залуу араас нь боогоод авсан, би юугаар цохисон гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Нэг залууг нь цохисон. Тэгээд салаад байж байхад цагдаа ирсэн. Цааш ямар нэг зодоон цохион болоогүй. Тэд нар 9 залуу явж байсан бид хоёр маш цөөн байсан. Цагдаа ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 5982 дугаартай:

“Т.Сүхбаатарын биед тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19/

 

-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 13-14/

-СХД-ийн 7-р хорооны засаг даргын тодорхойлолт, Э.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 45-51/

-Хужирт рашаан сувилал ХХК-ийн төлбөрийн баримт, УБ-СОНГДО эмнэлгийн энгийн эмийн жор бичсэн хуудас,  УБ-СОНГДО эмнэлгийн төлбөрийн баримт, Авицена эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 52-56/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

     Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

     Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

  Иймд шүүгдэгч Э.Агийн иргэн Т.Сүхбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч нь нийт 353.755 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгуулсан нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгчээс мөн 12.000.000 төгрөг нэхэмжилж байгаа болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 280.000 төгрөгийг гаргуулж, 73755 төгрөгийн баримтыг хохирогч нь нурууны ясны зураг авахуулаад төлсөн баримт гэсэн учир гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн олох байсан орлого, сэтгэл санааны хохиролд 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирогч шүүхэд ирүүлээгүй байх учир хэлэлцэлгүй орхиж, уг хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Зэлмэн урианхай овогт Э.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агээс 280.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Сүхбаатарт олгож, иргэний нэхэмжлэлээс 73.755 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Сүхбаатар нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ