Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2014/0017/З |
Дугаар | 707 |
Огноо | 2016-09-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 707
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн захирал Т.Э******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй газрын маргааны асуудал 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/659 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар бүрэн шийдвэрлэгдсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, троллейбусны эцсийн буудалд “Х*******” ХХК-д диспечерийн байр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгуулах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн захирал Т.Э******* нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн захирал Т.Э*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, троллейбусны эцсийн буудалд “Х*******” ХХК-д диспечерийн байр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгуулах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ