Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0843

 

2017 оны 11 сарын 30 өдөр                 Дугаар 221/МА2017/0843                          Улаанбаатар хот

     

  “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Ц.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0599 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Б.У-н давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0599 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК 2011 оны 12 сарын 12-ны өдрийн 009319687 дугаарын падаанд хамаарах дүн болох 11,600,0 /арван нэгэн сая зургаан зуу/ мянган төгрөгийн дүнгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2014 оны 4 сарын 24-ний өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 360004007 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасныг баримтлан эрх бүхий Татварын улсын байцаагчийн 2014 оны 4 сарын 24-ний өдрийн 360004007 дугаартай актаар “Н” ХХК-д ногдуулсан татварын 73,047,000,10 төгрөгийн торгууль, 66,576,873,20 төгрөгийн алданги, 00 төгрөгийн хүүний төлбөр болох нийт 139623873 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Б.У давж заалдах гомдолдоо: “... Манай компани нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 360004007 дугаартай татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0599 тоот шийдвэр гарсан.

Учир нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Тамир нь буруутай болох нь Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдан тогтоогдсон байтал түүний буруутай үйл ажиллагаанаас болж их хэмжээний өр төлбөр тавигдсаныг компани төлөхөөр тогтоогоод байгаа нь буруу гэж үзэж байгаа билээ. Иймд анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0599 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, 52.5-д “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус хуульчилжээ.

            Нэхэмжлэгч “Н” ХХК “... нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Т нь татварын улсын байцаагчийн актанд хариу тайлбар өгөх боломжгүй эмнэлэгт ухаангүй байсан, ... мэргэжлийн хүнээр буюу ажиллаж байсан нягтлан бодогчоор тайлбар өгүүлэх боломжоор хангаагүй, компанийн захирал нь санхүүгийн тайлан тооцоотой холбоотой асуудалд оролцдоггүй байсан, нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Т-н буруутай болох нь Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдан тогтоогдсон байтал түүний буруутай үйл ажиллагааг манай компани дээр дахин давтаж татварын өр төлбөр тавьж байгаа нь буруу ...” гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нар нь “Н” ХХК-ийн 2009-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 383,113,873.40 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж, ....төгрөгийн нөхөн татвар, ....төгрөгийн торгууль, төгрөгийн алданги, төлүүлэхээр төлбөр тогтоосон

2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 360004007 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж төлөх үүрэгтэй, “Н” ХХК нь нөхөн татвар ногдуулсан актыг хүлээн зөвшөөрсөн, ... тулгаж акт бичсэн зүйл байхгүй өөрсдөө хүлээн зөвшөөрч бичүүлсэн, компанийн удирдлага тухайн компанийнхаа нягтлан бодох бүртгэл санхүүгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй ...” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгчээс татварын байцаагч нарын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар, түүнчлэн  хяналт шалгалтаар тогтоогдсон төлбөрийг эс зөвшөөрч баримт, үндэслэл зааж маргаагүй, харин нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Т-н буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг компанид давтан төлүүлэхээр акт тогтоосон нь буруу” гэх үндэслэлээр маргасан байх тул анхан шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцсэн байна.

            Татварын улсын байцаагчийн 360004007 дугаар актаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн санхүүгийн баримтад шалгалт хийж, тус компанийн татварын тайланд авагдсан нэр бүхий 19 компанийн 2.434.900.000.60 төгрөгийн 43 ширхэг падаан хий бичилттэй болох нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж дүгнэж 2.434.900.000.60 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцон татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн  албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д ” үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, 243.490.000 төгрөгийн нөхөн татвар, 73.047.000 төгрөгийн торгууль, 66.575.873.20 төгрөгийн алданги нийт 383.113.873.40 төгрөгийн төлбөр ногдуулхаар тогтоожээ.

            Татварын улсын байцаагч нарын маргаан бүхий актаар тогтоосон зөрчилтэй холбогдуулан хэрэгт “Мөрдөн байцаах газраас сэжигтэн З.Т-г байцаасан 2014 оны 6 сарын 2-ны өдрийн тэмдэглэл”[1], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 сарын 24-ний өдрийн “З.Т-т холбогдох дугаар бүхий эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай” 050 дугаар шинжээчийн дүгнэлт[2], Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокуорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 482 дугаар тогтоол[3] зэрэг баримтууд авагджээ.

            Түүнчлэн хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн захирал Б.У-н татварын хяналт шалгалтын явцад өгсөн 2014 оны 3 сарын 21, 25-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл[4], татварын улсын байцаагчийн актыг танилцуулж гардуулсан тухай тэмдэглэлээс[5] үзвэл нэхэмжлэгч нь зөрчил гарсныг хүлээн зөвшөөрсөн, өөрийн санхүүгийн мэдлэг дутмаг байсан талаар, компанийн захиралын хувьд компанийн явуулж байгаа үйл ажиллагаанд оролцож мэдэж ирсэн гэдгээ илэрхийлсэн байна.   

            Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-д “компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”  гэж заасан байх тул нэхэмжлэгчийн “компанийг өр төлбөрт оруулахгүй байх талаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нягтлан бодогч З.Т-н буруутай үйл ажиллагаа байсан” гэх маргасан үндэслэлээр татварын улсын байцаагч нарын “ямарч үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын бичиж өгсөн хий бичилттэй падааныг ашиглан төсөвт төлөх татвараа бууруулсан” гэж “Н” ХХК тогтоогоод байгаа нь буруу...” гэх давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх хүчингүй болгох үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээр “Н” ХХК-ийг актаар тогтоосон 383,113,873,40 төгрөгийн төлбөр төлөхөөс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлгүй.

            Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг уг хуулийн 1 дүгээр зүйлд “...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл захиргааны зөрчил гаргасан этгээдэд оногдуулсан захиргааны хариуцлагыг өршөөхөд чиглэгдсэн байна.

            Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан Татварын ерөнхий газрын даргын 1/3562 тоот “Чиглэл өгөх тухай” тушаалаар “Өршөөлийн тухай хуульд зөвхөн алданги, торгууль хамаарахаар, харин нөхөн татварыг хамруулахгүй байх”-аар тогтоожээ.

            Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасныг үндэслэн Татварын байцаагчийн 360004007 дугаар актаар “Н” ХХК-д ногдуулсан татварын өр төлбөрөөс 73,047,000,10 төгрөгийн торгууль, 66,576,873,20 төгрөгийн алдангийн төлбөр болох нийт 139,623,873 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ