| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00217/И |
| Дугаар | 157/ШШ2024/00263 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2024/00263
2024 12 11 157/ШШ2024/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн хүсэлттэй
“Э-ийн Б-ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч “ХБанк” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Э овогтой Б (РД:000) нь ХБанкны Б тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1430086925 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 4,175,434 сая төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ...Э.Б нь тухайн үед Хэнтий аймаг Б сум 2 дугаар баг 51 байр 02 тоот хаягт оршин суудаг байсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 438,239 төгрөг, зээлийн хүү 118,482 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430086925 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлөөгүй өдрөөс хойш оршин байх хаяг дээр очиж уулзах гэсэн боловч тус хаяг дээр байхгүй мөн утасны дугаар холбогдох боломжгүй. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Э Б-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б нь интернет банкаар буюу зайнаас зээл авсан. Зээл авахдаа Б сумын 2 дугаар баг 51 дүгээр байрны 02 тоотод үеэл эгч Өлзийсайханыдаа амьдарч байсан юм билээ. Гэрийн хаяг нь Г аймгийн Ш 1 дүгээр баг боловч энэ хаягтаа байхгүй гэж Ө нь хэлсэн. Хамгийн сүүлд Шарын голд байгаа гэх боловч олдохгүй байгаа юм. Э.Б нь 2024 оны 3 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй, 4 сая гаруй төгрөг төлөхөөр байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тодруулж өгнө үү...” гэв.
3. Хүсэлт гаргагч байгууллагаас:
-Зээлийн гэрээ /хх-ийн 5-6 дугаар хуудас/
-Дансны хуулга /хх-ийн7-12 дугаар хуудас/
-Э.Бийн иргэний үнэмлэхний цахим лавлагаа 1 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.“ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь “Э овогтой Б-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг судлан үзвэл: “Хбанк” ХХК-ийн Б тооцооны төв нь зээлдэгч Э.Бтой 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1430086925 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,175,434 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон байна.
Э.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй ба тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж тус тус заасан байна.
Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.Б-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Б сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЕУ00292311 регистрийн дугаартай Боржигин овогт Э-ийн Б нь Хэнтий аймгийн Б сумын 2 дугаар баг 51 дүгээр байрны 02 тоотод оршин сууж байсан, Г аймгийн Ш сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Д аймгийн Ш суманд ажиллаж байсан гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар 000 регистрийн дугаартай Боржигин овогт Э-ийн Б-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Б сумын Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ