| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00499/И |
| Дугаар | 136/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 136/ШШ2024/00424
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: *** байр **банк ХК,
Хариуцагч: ***тоотод оршин суух Х* овогт Н* Ц*
Нэхэмжлэлийн шаардлага: 1,002,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * банк ХК-ийн харилцагч Н*н Ц*д нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн * банк ХК-ийн *тоот харилцах данснаас өөрийн хаан банкны *тоот данс руу 50,000 төгрөгөөр 13 удаа, өөрийн хүүхэд Б*Т*ний * банкны *тоот данс руу 50,000 төгрөгөөр 4 удаа, өөрийн хүүхэд Б*н Т*н Хаан банкны *тоот данс руу 50,000 төгрөгөөр 4 удаа нийт 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийх үйлдэл хийсэн.
2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч хүлээн авагч Н* Ц*н өөрийн эзэмшлийн * тоот данс руу 650,000 төгрөг, Б*Т* тоот данс руу 200,000 төгрөг, Б* Т*Х*5379362930 тоот данс руу 150,000 төгрөг амжилттай шилжсэн ч * банкны харилцагч Н* Ц*н эзэмшлийн * тоот данснаас хасагдаагүй *банк ХК-ийн * тоот бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данснаас хасагдсан.
Дээрх алдаатай шилжиж орсон мөнгө нь *банк ХК-ийн хөрөнгө болно.
Хариуцагч Н*Ц* нь алдаатай гүйлгээний улмаас өөрийн эзэмшлийн * тоот данс руу шилжин орсон 650,000 төгрөг, өөрийн хүүхэд Б*Т* тоот данс руу шилжин орсон 150,000 төгрөг, өөрийн хүүхэд Б*Т*тоот данс руу шилжин орсон 200,000 төгрөгийг дур мэдэн * банкны зүгээс Н*д удаа дараа холбогдон алдаатай гүйлгээний авлагыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл банктай эргэн холбогдолгүй, учруулсан хохирлыг огт төлж барагдуулаагүй, банкны хөрөнгийг мэдсээр байж үрэгдүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Н* Ц*д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Н.Ц*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: * банк ХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 1,002,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэх, дансны хуулга, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
*банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ц*д холбогдох 1,002,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1*банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ц*д холбогдох 1,002,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,598 төгрөгөөс 14,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,300 төгрөгийг, 14,300 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ