| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0684/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Д.Энх-Оргил,
хохирогч С.Отгонбямба,
шүүгдэгч Б.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711004820326 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Халх овогт Б.Х, 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 гудамжны 399 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-53 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ...............................
Шүүгдэгч Б.Х нь “2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7-н буудалд байрлах Хаан банкны експресс АТМ-ээр үйлчлүүлж байсан иргэн С.Отгонбямбын гүйлгээ хийгээд мартаж гарсан гээгдэл хөрөнгө болох 1.000.000 төгрөгийг хувьдаа завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 20-нд АТМ-ээс мөнгө авах гээд картаа хийх гэтэл урдаас 1.000.000 төгрөг гараад ирсэн. Тэр мөнгийг аваад сар хиртэй байлгаж байгаад өөрийн хувьдаа ашигласан” гэв.
Хохирогч С.Отгонбямба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 20-ны өглөө бороотой байсан. Байшин барих гээд АТМ-ээс байшингийн материалын урьдчилгааг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэх гээд АТМ-ээс эхлээд 5.000.000 төгрөгийг авсан. Ахиад 1.000.000 төгрөг авах гэтэл “уучлаарай, таньд үйлчлэх боломжгүй” гэхээр нь гараад машинаас өөр карт аваад орж ирсэн. Ингээд гэрлүүгээ явсан. 7 буудлаас Дарь эх явахад 12 минутын хооронд Хаан банкнаас 3 удаа залгасан байсан. Утсанд Хаан банкнаас мэдээлэл ирдэг боловч утсаа гэртээ орхиод явсан байсан. Хаан банкнаас залгаад та АТМ-ээс 6.000.000 төгрөг авсан уу гэж асуухад нь үгүй 5.000.000 төгрөг авсан гэж хэлсэн. АТМ-ын алдаа бол 2 хоногийн дотор шийдээд өгнө гэсэн. Маргааш нь Хаан банк руу залгаад асуухад таны ард зогсож байсан эмэгтэй авсан байна, та цагдаад ханд гэсэн. Ингээд цагдаад өргөдөл өгсөн” гэв.
Хохирогч С.Отгонбямба гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг 13 минутын үед 7 буудлын Хаан банкны АТМ-с өөрийн картаар эхлээд 5.000.000 төгрөг авсан. Дараа нь картаа хийгээд дахиад 1.000.000 төгрөг авах гэсэн чинь АТМ-н дээр уучлаарай манай АТМ үйлчлэх боломжгүй байна гэсэн бичиг гарахаар нь 5.000.000 төгрөгнөөс дээш гардаггүй юм байна гэж бодоод гараад машинаасаа нөхрийнхөө картаар 1.000.000 төгрөг авсан. Тэгээд гэртээ очсон чинь манай хүүхэд тань руу Хаан банкнаас 11332341 гэсэн дугаараас 3 удаа залгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би залгасан утас руу нь ярихад та картнаасаа 6.000.000 төгрөг авсан уу гэхээр нь би эхлээд 5.000.000 төгрөг авсан, сүүлийн 1.000.000 төгрөг авч болохгүй байсан гэж хэлсэн, за бүртгээд авлаа гэж хэлсэн .., 8 дугаар сарын 21-ний өдөр 70071917 гэсэн утаснаас над руу залгаад таны хүсэлтийг шалгаж үзэхэд таны арын чинь хүүхэн авсан байна, та цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /хх-28/,
Яллагдагч Б.Х мэдүүлэхдээ: “..2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна .., ..Чингэлтэй дүүргийн 7-н буудлын Эмон трейдийн 1-р давхарт байрлах Хаан банкны АТМ-с мөнгө авах гээд зогсож байгаад хажуу талын үйлчлүүлэгч бүдүүн эгч гараад явахаар нь би АТМ дээр очиж картаа хийх гэтэл мөнгө гарч ирдэг хэсгээс бэлэн мөнгө гараад ирсэн. Мөнгийг нь авч хартал 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан бөгөөд хуулга гарч ирдэг хэсгээс нь хуулгыг нь автал 1.000.000 гэсэн байсан ..тэгээд уг мөнгөө би нөхрийнхөө дансанд хийлгээд байлгаж байсан. 10 сар хүртэл уг мөнгийг хадгалсан. Тэгээд уг мөнгийг гэрийнхээ ойр зуурын хэрэглээнд зарцуулж дуусгасан ..би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-34/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “..АТМ-ын мөнгө авдаг хэсгээс 20.000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч, дахин ногоон өнгөтэй виза карт хийж гүйлгээ хийж харагдах ба удалгүй 04:05 минутанд АТМ-ээс холдоод явав..” гэсэн тэмдэглэл /хх-50-51/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Х нь “2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7-н буудалд байрлах Хаан банкны експресс АТМ-ээр үйлчлүүлж байсан иргэн С.Отгонбямбын гүйлгээ хийгээд мартаж гарсан гээгдэл хөрөнгө болох 1.000.000 төгрөгийг хувьдаа завшсан” болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Х нь гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж мөрдөн шалгах ажиллагааны үед хүсэлтээ гаргасан ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.