Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 110/ШШ2024/0043

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.Б,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан, “Иргэн Х.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар  маргасан байна.

            2. Нэхэмжлэгч нь   анх 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Алтай сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалуудаа хүлээлгэн өгсөн боловч  түүнд  өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй тухайгаа тайлбарлаж, холбогдох бичиг баримтуудыг нь буцаан өгчээ.

            3. Улмаар нэхэмжлэгч нь  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар  Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх ба аймгийн Нийгмийн даатгалын газраас албан ёсоор хариу өгөөгүй тул нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            4.1. Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэн Х.Б би одоо 57 настай, улсад нийт 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар 12 жил, 6 сараас доошгүй жил ажилласан юм. Ингээд би хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарахаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч Х.Ө 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр холбогдох бичиг баримтуудыг танилцуулан тэтгэвэр тогтоож өгөхийг хүссэн боловч тэрээр “танд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох асуудлыг би одоогоор сайн мэдэхгүй юм байна. Та энэ асуудлаар  тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаарай” гэж амаар хариу өгөөд материалыг хүлээн авахаас татгалзсан явдалд гомдолтой байна.

4.2. Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар 4 жил 6 сар, Баян-Өлгий аймгийн Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл галчаар 3 жил, 11 сар, 10 хоног, Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Н” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  6 жил 4 сар, 15 хоног, нийт 14 жил, 9 сар, 25 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар ажилласан билээ.

4.3. Ингээд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Б надад 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох асуудлыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж албан ёсоор гомдол гаргасан юм. Гомдолдоо өндөр насны тэтгэвэртэй холбоотой бүх бичиг баримтуудыг хавсаргаж өгсөн юм.

 Аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл миний гомдлын хариуг одоо хүртэл албан ёсоор өгөөгүй, миний өндөр  насны тэтгэвэр авах эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа тус аймгийн Нийгмийн даатгалын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.2. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч Х.Быг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Тус аймгийн Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч Ө шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт нь “нэхэмжлэгч буюу Х.Б нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус сумын нийгмийн даатгалын байцаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандахад ажилд томилсон тушаал нь зөрчилтэй гээд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан” гэжээ.

Мөн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын байцаагчид хандахад мөн адил татгалзсан ба дараа нь  Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж албан ёсны гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй.

5.3.  Нэхэмжлэгч Х.Б нь 57 настай, нас болон улсад 20 жил ажилласан дээр маргаангүй, нийтдээ улсад 24 гаруй жил ажилласан. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар ажиллах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс би дараах байдлаар шаардлагыг хангасан гэж үзэж тайлбар гаргаж байна.

5.4. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын  шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн  шийдвэрээр Х.Б нь 2 жил 2 сар 22 хоног ажилласан нь тогтоогдсон. Тус аймгийн Алтай сумын цэцэрлэгт  2014 оны 1 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал галчаар 4 жил ажилласан. Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Н” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуустал 6 жил 4 сар 15 хоног ажилласан.  Иймээс нэхэмжлэгч Х.Б нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд нийтдээ 12 жил 7 сар 7 хоног ажилласан.

5.5.   Х.Бы “Н” ХХК-д  2018 оны 01 дүгээр сард ажилд орсон тушаал ба 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн тушаал нь байна. Үүнээс үзэхэд, “Н” ХХК-д 6 жил 4 сар 15 хоног ажилласан гэж шүүх дүгнэлт хийхийг хүсэж байна. “Н” ХХК нь зарим саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөгдөөгүй ба нийгмийн даатгалын санд ороогүй юм байна. Тэр хугацаанд Х.Б нь цалингүй чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа боловч цалингүй чөлөө олгосон талаар ямар нэгэн эрхийн акт, нотлох баримт ирүүлээгүй. Тийм учраас Х.Б нь “Н” ХХК-д галчаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь ажилд орсон, гарсан тушаал зэрэг баримтуудаар нотлогдсон.

5.6. Мөн 2020 оны 10 дугаар сар, 2021 оны 3 дугаар сар,  12 дугаар сар, 2023 оны  6 дугаар сард  галчаар ажиллаагүй  гэж үзэх ямар нэгэн нотлох баримт байхгүй. Энэ асуудал дээр Х.Бд ямар нэгэн буруутай зүйл  байхгүй. 2020 оны 10 дугаар сар  халаалт эхэлсэн үе, 2021 оны 12 дугаар сар  өвлийн хүйтэн үе буюу галчаар биечлэн ажиллах улирал юм.  Х.Б нь өөрөө “би нэг ч өдөр чөлөө аваагүй” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

6. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

6.1. Алтай сумын 4 дүгээр багийн иргэн Х.Б нь Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх тухай хүсэлт гаргасан. Сумын хүүхдийн цэцэрлэг болон “Н” ХХК-д галчаар ажилласан жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд орж тооцогдох эсэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт чиглэл авах тухай бичиг явуулсан бөгөөд уг бичгийн хариу 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан байвал тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож болно гэж ирсэн тул Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хуралд оруулах шаардлагагүй гэж үзэж тэтгэвэр тогтоох материалаа бүрдүүлэн сумын Нийгмийн даатгалын байцаагчид өгөөрэй гэж утсаар хариу өгсөн болно.

6.2. Сумын нийгмийн даатгалын байцаагч материал хүлээн авах үед “... “Н” ХХК-д ажилд орсон тушаалын он, сар засвартай байна, энэ тушаалаа архиваас аваад ирээрэй” гэж зөвлөгөө өгч явуулсан боловч иргэн дахиж ирээгүй байна. 2019 онд ажилд орсон тушаалаа 2018 оны 01 дүгээр сар гэж зассан байгаа нь харагдаж байна. Мөн 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөг байсан ба 2019 онд 320 000 төгрөг болсон. Тушаалын хоёр дахь заалтад 320 000 төгрөгөөр цалинжуулах гэсэн байгаа нь тушаал 2019 онд гарсан гэдгийг давхар нотолж байгаа болно.

6.3. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т /улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно/ гэж заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцохыг анхаарах нь зүйтэй гэжээ.

            7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Бид нар нэхэмжлэгч Х.Бы улсад нийт ажилласан жил болон насны шаардлагад  маргахгүй байгаа. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жил нь  12 жил 6 сар  хүрэхгүй гэсэн асуудлаар маргаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласныг тогтоох журамд “9 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хооронд нэг жил тутам 8 сар ажилласныг хүнд нөхцөлөөр  ажилласнаар тооцно” гэсэн тайлбар байгаа.

7.2.  Өмнөх хууль буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.3 дах хэсэгт “нийдээ 20-иос доошгүй ажил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж заасан ба  “ажиллаж” гэдэгт тухайн  хүнд нөхцөл дээр ажилласан тохиолдлыг ойлгож тогтоодог. Тухайн хүнд нөхцөл дээр ажиллаагүй сарууд нь орохгүй. 

7.3. Иймд Х.Бы хүнд нөхцөл дээр ажилласан жил нь хүрэхгүй гэж үзэж байна. Мөн 2018 оноос 2023 оны шимтгэл төлсөн лавлагаа дээр “Н” ХХК нь  25 код гэдэг тайлан өгсөн байгаа. 25 код гэдэг нь сул зогсолтын үед “Н” ХХК-иас Х.Б нь ямар нэгэн цалин, олговор авахгүй, ажил хийхгүй байсан үед зөвхөн даатгуулагчийн ажилласан жилийг тасалдуулахгүйн тулд байгууллага нь тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлж өгдөг код байгаа юм. 

Жишээ нь,  2023 оны 7,8 дугаар сард сул зогсолтоор орсон.  Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй сарууд нь бас байна.

7.4. Харин шимтгэл төлсөн сул зогсолтын кодоор өгсөн саруудыг нь хасахад Х.Б нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жил нь хүрэхгүй байгаагаас гадна нэхэмжлэгч Х.Бы хүнд нөхцөлд ажилласан хугацаанд тооцогдохгүй.

7.5. Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч Х.Бы  дансны хуулга авагдсан.  Үүнд, Х.Бы авсан цалин жагсаалт болон манай байгууллагад өгсөн цалингийн тайлан нь хоорондоо ялгаатай юм байна. Жишээ нь, 2023 онд 2 дугаар сард 485,000 төгрөгийг цалин авчхаад, манайд 610,000 төгрөг гэж мэдэгдсэн байна. Энэ 485,000 төгрөгийн авсан цалингаараа тооцох юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа учраас хоногт шилжүүлээд тооцно.  Тэгэхээр Х.Бы ажилласан жил нь бүр багасгана. “Сул зогсолт” гэдэг нь энэ хүн ажил хийгээгүй, цалин аваагүй, зөвхөн ажилласан жилийг тасалдуулахгүйн тулд байгууллагаас нь төлж өгдөг шимтгэл юм.

7.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч цалингүй чөлөө авсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ цалингүй чөлөө авсан бол хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилд орох байтугай энгийн ажилласан жилд тооцогдохгүй. “Цалингүй чөлөө” гэдэг нь ажил хийгээгүй, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн үг. 1995 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хүн  ажилласан жилд тооцогдох хуультай байгаа. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч халаалтын үе байсан, халаалтын үед ажиллаж байсан гэж тайлбарлаж байна.  Гэхдээ заавал  тухайн үед нэхэмжлэгч Х.Б нь ажилласан гэдгийг яаж нотлох юм бэ, халаалтын үед өөр хүн ажилласан байж болно. Нэхэмжлэгч Х.Б нь ажилласан бол цалингаа авах ёстой, тэр нь дансны хуулгаараа нотлогдож байх ёстой.  Энэ саруудад цалин аваагүй юм байна. Тэгэхээр нэхэмжлэгч  Х.Б нь энэ саруудад ажил хийгээгүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажил хийгээгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Бы  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Х.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй…” гэх шаардлагыг хангасан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгахыг шүүхээс хүсжээ.

3. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан 20-иос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн гэх шаардлагуудыг хангасан боловч  12 жил 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  байх шаардлагыг хангаагүй байна.

4. Тодруулбал, нэхэмжлэгч нь 1966 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  төрсөн, одоо 58 настай болох нь НДД №А  дугаартай нийгмийг даатгалын дэвтрийн хуулбараар[1], түүний ажилласан болон  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал нь,

а/ 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 11 дүгэр сарын 12-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн  Орхон туул сангийн аж ахуйд тракторчиноор, 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөнгөн ба Хүнсний яамны харьяа Зүүнхараа хот дахь Спирт бал бурмын комбинатад болон Хүнсний комбинатад нормчоор, 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21 ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд нормчоор, 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Алтай сум дахь салбарт уурын зуухны машинистээр тус тус ажилласан нийт хугацаа нь  3 жил 11 сар13 хоног болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00487 дугаартай шийдвэрээр[2] ,

б/  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн  23.1.3-т “Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа;”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно”  гэж тус тус заасны дагуу нь нэхэмжлэгчийн  1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс  1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цэргийн алба хаасан 2 жилийн хугацааг хуулийн дээрх заалтаар  3 жил гэж тооцох бөгөөд энэ нь Батлан хамгаалах  яамны батлан хамгаалахын төв архивын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2878 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар[3],

в/  Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн /2012 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан "ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг” гэсний дагуу 1995-2000 он хүртэлх 6 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцсон байдал нь  №,,, дугаартай баталгаажилтын хуудас[4], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхололтоор[5] ,

г/ Алтай сумын цэцэрлэгийн уурын зуухад галчаар 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 4 жил ажилласан болох нь Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалууд[6], Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор[7],

д/ “Н” ХХК-ийн уурын зуухад галчаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс томилогдон 2018 онд 12 сар, 2019 онд 12 сар, 2020 онд 11 сар, 2021 онд 10 сар, 2022 онд 12 сар, 2023 онд 11 сар, 2024 онд 4 сар, нийт 6 жил 15 хоног  ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь “Н” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалууд[8], гэрч Х.М мэдүүлэг[9], нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтуудаар[10],

тус тус тогтоогдсон байх ба нэхэмжлэгч нь нийт 22 жил 11 сар 28 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна.

5. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар  сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан  “Тэтгэвэр хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамраарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” жагсаалтын Дөрөвийн 1 дэх хэсэгт заасан “…байнгын ажиллагаатай уурын зуухны галч”, “… уурын зуухны машинч” 15-т “… тракторчин” гэх хэсэгт  нэхэмжлэгчийн Орхон туул сангийн аж ахуйд тракторчиноор  ажилласан 4 сар 13 хоног, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Алтай сум дахь салбарт уурын зуухны машинистээр ажилласан 1 жил 10 сар 9 хоног, Хүүхдийн цэцэрлэгийн уурын зуухад галчаар ажилласан 4 жил, “Н” ХХК-д галчаар 2024 оны 01 дүгэээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан 5 жил 8 сар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр “ Жагсаалт, журам” батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 4.1-т заасан эрчим хүчний үйлдвэрлэлийн хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажлын жагсаалтын 40 дүгээрт “Галч” гэх хэсэгт нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш  “Н” ХХК-д галчаар ажилласан  4 сар 15 хоног нь тус  тус хамаарч байх тул нэхэмжлэгч нь нийт 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан,  энэ нь хуульд заасан 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

6. Хариуцагч талаас “… Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т “... улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно” гэж заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно” гэж тайлбарласан.

7. Дээрх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын 4 дэх хэсэгт Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаал, …  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байдал нь дээрх тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны А/77 дугаар тушаалын үйлчлэлд  хамаарах ба уг тушаалд “улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцох” талаар заагаагүй байх тул иргэний эрх зүйн байдлыг тодорхойлсон эрх зүйн актыг буцаан хэрэглэх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

8. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй,  нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бы Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Х.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 60 дугаар тал

[2] Хэргийн 22-24 дүгээр тал

[3] Хэргийн 25 дугаар тал

[4] Хэргийн 61 дүгээр тал

[5] Хэргийн 26-28 дугаар тал

[6] Хэргийн 37-38 дугаар тал

[7] Хэргийн 29-32 дугаар тал

[8] Хэргийн 41-42 дугаар тал

[9] Хэргийн 80 дугаар тал

[10] Хэргийн 33-35 дугаар тал