| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00504/И |
| Дугаар | 136/ШШ2024/00429 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 136/ШШ2024/00429
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: * өөрийн байр *банк ХК,
Хариуцагч: * тоотод оршин суух З*овогт Х*Ө*,
Нэхэмжлэлийн шаардлага: 30,507,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Ө*нь * банк ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ болон *тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 25,000,000 төгрөгийн кредит картын зээлийг 25 сарын хугацаатай бэлэн бус худалдан авалтын жилийн хүү 21,6 хувь бэлэн зарлагын жилийн хүү 36,0 хувьтай авсан.
Х.Ө* нь кредит картаа ашиглаж олон удаагийн давтамжтай бэлэн болон худалдан авалтын зарлагын гүйлгээ хийсэн боловч ашигласан зээлээ төлөөгүй бөгөөд зээлжих эрхтэй картын гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон.
Банкны зүгээс зээлдэгчид удаа дараа утсаар болон биечлэн уулзаж, зээлээ төлөхийг шаардаж анхааруулж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, 330 хоногийн хугацаа хэтэрч ноцтой зөрчил үүсгэсэн.
Худалдан авалтаар зарцуулсан 7,800,884 төгрөг, бэлэн бусаар зарцуулсан 17,190,479 төгрөг, хүү хуримтлалаар зарцуулсан 5,006,301 төгрөг, хугацаа хэтэрсний шимтгэл 80,000 төгрөг нийт 30,507,913 төгрөг болно гэжээ.
Хариуцагч Х.Ө* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:* банк ХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 30,507,913 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, дансны хуулга, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Ө*т холбогдох 30,507,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*банк ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Ө*т холбогдох 30,507,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,490 төгрөгөөс 155,245 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 155,245 төгрөгийг, 155,245 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ