| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00281/И |
| Дугаар | 157/ШШ2024/00280 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 157/ШШ2024/00280
2024 12 18 157/ШШ2024/00280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн “О-ийн Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч О-ийн Ц (РД:СО000) нь ХБанкны Б тооцооны төвөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1430088380 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 15,870,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 05 сарын 14-ний өдөр зээлдэгч О.Цийн ХБанк дахь 5005642244 тоот дансанд 15,870,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. О.Ц нь тухайн үед Х аймгийн Х сумын 1 дүгээр баг Х 19-16 тоотод байсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 912,274 төгрөг, зээлийн хүү 289,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430088380 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 07 сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Одоогоор зээлдэгчийн хаана оршин суугаа хаяг болон утасны дугаар холбогдохгүй байгаа тул зээлдэгч О.Ц-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Ц нь банкнаас цахим зээл авсан тул түүний оршин суух хаяг болон хаана ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй. Зээлийн гэрээнд Х аймгийн Х сумын 1 дүгээр баг Х 19-16 тоотод оршин суудаг гэх хаяг бичигдсэн боловч тэрээр энэ хаягтаа амьдардаггүй, Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг талаараа 8800 дугаараар холбогдох хэлдэг. 2023 оны 10 дугаар сараас хойш байнгын утсаар холбогдож байгаа боловч зээлээ төлөхгүй, оршин суух газрын хаяг тодорхойгүй байгаа тул О.Ц-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, оршин суух газрын хаягийг тогтоож өгнө үү...” гэв.
3. Хүсэлт гаргагч байгууллагаас:
-Зээлийн гэрээ /хх-ийн 5 дугаар хуудас/
-Дансны хуулга /хх-ийн 6-7 дугаар хуудас/
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.“ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь “Отгонмөнх овогтой Ц-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
4.Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг судлан үзвэл: “Хбанк” ХХК-ийн Б тооцооны төв нь зээлдэгч О.Цтой 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1430088380 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 15,870,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон байна.
О.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй ба тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж тус тус заасан байна.
Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ц-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.Ц-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Х аймгийн Цагдаагийн газрын Б сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СО93080213 регистрийн дугаартай Отгонмөнх овогтой Ц нь Х аймгийн Х сумын 1 дүгээр баг Хийн 19-16 тоотод оршин суух бүртгэлтэй, 88444401 дугаартай утастай, гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар СО000 регистрийн дугаартай О-ийн Ц-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Ц-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Х аймгийн Цагдаагийн газрын Б сумын Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ