Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 

М.*******т  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Шүүгдэгч М.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.*******т холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Т....... нь 1995 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ............ аймгийн ........... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, .........., ............ дүүрэг, 14 дүгээр хороо, .......... тоотод оршин суудаг,

- ........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял,

- .............. аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлж байсан, /регистрийн дугаар ............../,

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цахим орчинд “жолооны эрх сэргээнэ, үнэмлэх гаргана” гэх хуурамч зар байршуулан улмаар тухайн зарын дагуу холбогдсон иргэн П.*******ыг жолооны эрхийг сэргээх болон шинээр үнэмлэх гаргаж өгөх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр П.*******аас 2400000 төгрөгийг ............ дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд “жолооны эрх сэргээх хүн байна уу” гэх зарын дагуу хохирогч Д.*******тай холбогдож улмаар жолооны эрхийг сэргээх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг нийт 3 удаагийн үйлдлээр 900000 төгрөгийг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь М.*******ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ....... *******ыг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т 1  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 20 хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж,

Шүүгдэгч М.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.*******д хохирол төлбөрт 700000, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******д 200000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.*******аас 1700000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч П.*******д, 700000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******д, 336500 төгрөгийг гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож,  шүүгдэгч М.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.                    

Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулж чадаагүй учир анхан шатны шүүхээс надад 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч П.*******д 1,700,000 төгрөг, хохирогч Д.*******д 700,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 336,500 төгрөгийг ................дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт төлж барагдуулсан.

Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Иймд 1 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэжээ.

 Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатын шүүхээс М.*******т нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгээр нь дүйцүүлэн сольж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад нэг удаа итгэл үзүүлнэ үү. Зөв сайхан амьдрахын төлөө маш их хичээх болно. Өөрийгөө дайчлан зүтгэнэ. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй. Маш их зүйлийг ойлгосон. Надад нэг удаа итгэл үзүүлнэ үү. Би чадах болно. Амьдралынхаа төлөө зүтгэх болно гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цахим орчинд “жолооны эрх сэргээнэ, үнэмлэх гаргана” гэх хуурамч зарыг байршуулан улмаар тухайн зарын дагуу холбогдсон иргэн П.*******ыг жолооны эрхийг сэргээх болон шинээр үнэмлэх гаргаж өгөх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр П.*******аас 2400000 төгрөгийг ..... дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан,

Мөн цахим орчинд “жолооны эрх сэргээх хүн байна уу” гэх зарын дагуу хохирогч Д.*******тай холбогдож улмаар жолооны эрхийг сэргээх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг нийт 3 удаагийн үйлдлээр 900000 төгрөгийг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь 

 Хохирогч П.*******ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк дээр жолооны эрх сэргээнэ үнэмлэх гаргана гэж пост байхаар нь ......... гэсэн фейсбүүк хаягтай чатаар холбогдож жолооны үнэмлэх гаргуулах болон сэргээх талаар ярилцсан.

Тэр үед хоёр дүү болох ....... нарт жолооны үнэмлэх байхгүй, мөн манай нөхөр ......... жолооны эрхээ хасуулсан учраас би сэргээх талаар ярилцсан.

Эхлээд ........ гэсэн фейсбүүктэй харилцаж нөхрийн жолооны үнэмлэх сэргээх гээд Хас банкны ....... дугаартай данс pyy 600000 төгрөг, хоёр дүүдээ жолооны үнэмлэх гаргуулна гээд .............. төгрөг шилжүүлсэн.

Дараа нь надад материал дутаад байна гэх утгатай мөнгө нэхэж 200000 төгрөг,  торгуулийн баримтын 400000 төгрөг гэж хэлээд авсан. Харин энэ 400000 төгрөгийг буцааж өгсөн.

Түүнээс хойш 96963616 дугаартай холбогдон ярих болгонд удахгүй үнэмлэх чинь гарна гэж надад хэлээд одоог хүртэл миний мөнгө болон үнэмлэхийг өгөөгүй байна.” /1 хх-14/ гэх,

  Хохирогч Д.*******ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн “..........” гэсэн фейсбүүк хаягаас “Цагаан хадны зар” гэсэн группэд “Жолооны эрх сэргээх хүн байна уу?” гэсэн зар оруулсан байсан.

Тэгсэн маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ......... гэсэн нэртэй цахим хаягаас байна уу гэсэн чат ирсэн. Тэгээд тэр надаас хэзээ эрхээ хасуулсан юм бэ гэж чатаар асуусан. Тэгээд тэр хэрвээ эрхээ сэргээлгэх юм бол үнэтэй болно шүү дээ, аргалж болно гэж чат бичсэн.

Тэгэхээр нь би хэд болдог вэ гэхэд 600000 төгрөгөөр эрх сэргээлгэж байгаа гэсэн хариу ирсэн. Би тэр үгэнд итгэсэн.

Надаас эхлээд 300000 төгрөг нэхсэн уг мөнгөөр бичиг баримт асуудалгүй болгож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд дансаа явуулчих гэж хэлсэн. Тэр над руу Төрийн банкны .......... гэх тоот данс явуулсан. Би уг данс руу 300000 төгрөг шилжүүлсэн.

Тэр өдрөө надаас ахиад 300000 төгрөг гэсэн энэ мөнгө нь ажлын хөлс гэж чат бичсэн. 06 дугаар сарын 15-наас өмнө хийвэл асуудалгүй гэж хэлсэн.

Тэгэхээр нь би эхлээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300000 төгрөг, маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 300000 төгрөг дараа нь 200000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөгийг Хас банкны 5003609816 гэх данс руу шилжүүлж залилуулсан.

Тэр надад хэлэхдээ өөрийгөө авто тээврийн үндэсний төвд ажилладаг гэж итгүүлсэн. Тэр нөхөр над руу 88164319 гэсэн дугаарын утаснаас холбоо барьдаг байсан. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр намайг хотод хүрээд ир гэж хэлсэн. Ирээд хурууны хээгээ дарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье хүрээд очъё гэж хэлсэн. Тэгсэн наанаас чинь зардал мөнгө их гарнаа 100000 төгрөг шилжүүлчих эндээс асуудалгүй болгоод өгнө гэж хэлсэн. Тэр өдрөө 100000 төгрөг шилжүүлсэн.

Үүнээс хойш 2 хоногийн дараа гэсэн тайлбар өгөөд сүүлдээ миний гар утсыг авахгүй таг чиг болсон. Надтай 88164319, 96963616 гэсэн дугаарын утаснаас холбогдож байсан. ...Надаас нийт 900000 төгрөг залилж авсан. Би гомдолтой байна. Надад өнөөдрийн байдлаар хохирлын мөнгө эргэн төлөгдөөгүй байна.” /1 хх-108, 115/ гэх, 

Гэрч ........ “........... дугаартай данс би эзэмшдэг миний данс мөн. Би ямар учиртай мөнгө орж гарч байгааг мэдээгүй, манай нөхөр тэр үед миний картыг авч яваад мөнгө авч гаргаад байсан.” /1 хх-23/ гэх,

Яллагдагч М.*******ын “...2022 оны 05 дугаар сарын дундуур хавьцаа би фейсбүүк үзэж байсан чинь ******* гэх эмэгтэй өөрийн фейсбүүк хаягаасаа жолооны эрх сэргээх хүн байна уу гээд пост хийчихсэн байхаар нь би тэр пост дээр нь байна гэж бичсэн.

Над руу чатаар ийшээ залгаарай гээд ....... гэсэн дугаарыг явуулсан байсан. Тэгэхээр нь би тэр оройноо 22 цагийн үед залгаад тэр эмэгтэйтэй ярьсан. Тэгсэн чинь намайг жолооны эрх сэргээж чадах юм уу гэхээр нь би чадна 600000 төгрөг гэж хэлсэн.

Тэгээд 1200000, 200000, 400000 төгрөгийг өөрийн эхнэр Хонгорцэцэгийн Хас банкны .......... тоот дансаар авсан.

*******тай холбоотой байж байгаад буцаагаад 400000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн.

Анх би 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж тохирсон байсан юм. Тэгээд нэлээн удаад байхаар нь бид хоёр ярилцаад буцааж мөнгийг нь өгөхөөр тохирсон.

... Фейсбүүк дээр Д.******* гэх хүн нь эрхээ хасуулчихсан юм аа, туслах хүн байна уу гээд 2022 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл сар болгон нэг пост оруулсан байсан.

Тэгэхээр нь би 2022 оны 06 дугаар сард Д.******* гэх хүний фейсбүүк рүү өөрийн ашиглаж байсан хуурамч хаягаас холбогдоод би тусалъя гэж бичээд утасны дугаарыг нь авч яриад нэлээн ярилцаж байгаад жолооны үнэмлэхийг 14 хоногт сэргээж өгнө 600000 төгрөг болно гэсэн чинь ******* гэх хүн зөвшөөрсөн.

Тухайн хүнээс нийт 900000 төгрөгийг хамтран амьдрагч .......... Төрийн болон Хас банкны дансаар шилжүүлэн авсан.

........ намайг хүнээс мөнгө авсан талаар мэдэхгүй, хүнээс хүүтэй зээлсэн гэж худал хэлсэн.

Улмаар *******аас фейсбүүк чатаар иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийн хуулбарыг авсан. Тэгээд цааш нь хэн нэгэн эрх сэргээх талаар огт хандаагүй. *******аас авсан мөнгөө би өөрийн унаж байсан машины засварт зарцуулаад, уг машинаа зарчихсан.

*******аас авсан мөнгийг төлөөгүй байгаа, төлж барагдуулна.” /1 хх-33-34, 127-128/ гэх мэдүүлгүүд, ........ дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-35-36/, П.*******ын Хаан банкны ........ дугаарын дансны хуулга /1 хх-38-41/,  Д.*******ын Хаан банкны .......... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-95-98/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.*******ыг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т 1  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, мөрдөгч, прокурор, шүүгч нар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.******* нь “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл.

“Зохиомол байдлыг зориудаар бий  болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг, “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа явдлыг тус тус ойлгоно.

Хэргийг хянахад шүүгдэгч М.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрхгүй тул “хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай” шүүгдэгч М.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.******* нь хохирогч П.*******д 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, хохирогч Д.*******д 700000 /долоон зуун мянган/ төгрөг,  ....... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт 336500 /гурван зуун гучин зургаан мянга таван зуун/ төгрөгийг тус тус төлсөн болох нь орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар / 2 хх-14/ нотлогдсон тул М.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 69 /жаран есөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.*******ын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын  цагдан хоригдсон 69 /жаран есөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                     М.МӨНХДАВАА