Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2024/00285

 

2024        12          19                                    157/ШШ2024/00285  

 

                             

 

Зохигчийн эвлэрлийг батлаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг  00 дүгээр байрны 02 тоотод оршин суух, О-ын С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 00 дугаар байрны 36а тоотод оршин суух, Ч овогт Ч-ын Э-д холбогдох

“4,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан “4,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов.

1.1.Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б сумын Холбоо 2 дугаар багийн иргэн О овогтой С миний бие Унгар улс руу ажлын визээр гаргана гэсэн мэдээллийн дагуу Ч.Э-тэй 2022 онд холбогдож эхнэрийн хамт визэнд орохоор тохирч 2022 оны 08 дугаар 05-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаа болох 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Үүнээс хойш хувийн шалтгаанаар явах боломжгүй болсон бөгөөд Ч.Э-д явах боломжгүй шалтгаанаа хэлж мөнгөө буцааж авах гээд чадалгүй өнөөдрийг хүрлээ. Хохирлыг минь барагдуулж өгнө үү.” гэжээ.

1.2.Нэхэмжлэгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Э-д урьдчилгаа хөлс 4 сая төгрөг өгөхдөө виз мэдүүлэх явц дундаас нь ямар нэгэн шалтгаанаар явах боломжгүй болсон тохиолдолд урьдчилгаа болох 4 сая төгрөгний 50% буюу 2 сая төгрөгийг буцаан олгох талаар амаар тохиролцож байсан юм. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд Ч.Э-тэй 3 хоногийн өмнө холбогдож, 2 сая төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-нд төлөхөөр тохиролцож эвлэрсэн. Бидний хооронд ер нь л маргаан үүсээгүй...” гэв.  

 

2.Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...4,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийг буцаан олгуулж өгнө гэсэн тохирлын дагуу өөрийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны дотор гаргаж өгч төлж дуусгах хүсэлтэй байна. Виз гаргаж өгөх байсан С.Ч-оос иргэний журмаар би өөрөө нэхэмжилж авна” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Ч.Э-д холбогдуулж “4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

2.Нэхэмжлэгч О.С нь эхнэрийн хамтаар Унгар улс руу ажлын визэнд орохоор Ч.Э-тэй тохирч урьдчилгаа 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн, явах боломжгүй болж 4,000,000 төгрөгөө буцаан авах талаар нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.С нь шүүхэд өгсөн тайлбартаа “...виз мэдүүлэх явцад ямар нэг шалтгаанаар явах боломжгүй болсон тохиолдолд урьдчилгаа 4,000,000 төгрөгийн тавин хувь 2,000,000 төгрөгийг буцаан олгоно гэсэн аман тохироотой байсан тул 2,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй...” байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгасан байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй,  мөн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасан байна.

6.Нэхэмжлэгч О.С, хариуцагч Ч.Э нарын эвлэрэл нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

7.Нэхэмжлэгч О.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн       106.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваан хариуцуулахаар шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.С-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Э-д холбогдох “4,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд нь 2,000,000 /хоёр сая) төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч О.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 2,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгний 23,475 төгрөгийг хариуцагч Ч.Эоос, 23,475 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, тус тус нэхэмжлэгч О.Ст олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ