Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2025/00003

 

   2024          12           26                                      157/ШШ2025/00003

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хбанк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 00 дүгээр байрны 22 тоотод оршин суух Алиа овогт Батхүүгийн Ууганбаярт холбогдох,

“зээлийн гэрээний үүрэгт 14,490,998 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Хбанк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн харилцааны менежер, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Алиа ургийн овогт Батхүүгийн Ууганбаяр нь (РД: EA00250411) нь ХБанкны Х салбарын Б тооцооны төвөөс 2023 оны 10-р сарын 18-нд ЗГ/53325898 тоот зээлийн гэрээ байгуулж 4,128,366 төгрөгийн онлайн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 10,634,133 төгрөг нийт 14,762,499 төгрөгийг жилийн 15,6%-нхүүтэй 30 сарын хугацаатай cap бүр зээл хүү тэнцүү төлөх нөхцөлтэйгээр хэрэглээндээ зориулж авсан.Зээлдэгчид нь цалингийн зээлийн зориулалтаар авсан ЗГ/53325898 тоот зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн. Үүнд

а/ Үндсэн зээлийн төлбөрт 1,459,000 төгрөг

б/ Үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1,172,228 төгрөг

в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3707 төгрөг, нийт 2,634,935 төгрөг.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /264 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

Б.У нь УБ төмөр замын замын 3-р татах хэсэгт ажиллаж байхдаа зээл авч ажлаас гараад Уб хот руу явж ажил хийнэ гэсэн боловч сураггүй холбоо барих боломжгүй болж 2024 оны 3-р сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй, хугацаа хэтэрч эхлэсэн. Харилцагчтай холбоо тогтоож чадахгүй байсан тул гэр бүлийнхэнд нь зээл хэтэрсэн талаар цааш дамжуулж өгөхийг хүсэлт удаа дараа гаргасан хэдий ч өдий хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Иймд банк 31753325898 тоот зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

I. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 31753325898 тоот Зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулах.

II. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дор дурдсан зээлийн төлбөрийг гаргуулах:

1. Үндсэн зээлийн үлдэгдэл 13,052,850 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 1,381,387 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 56,761 төгрөг, нийт 14,490,998 төгрөг.

III. Улсын тэмдэгтийн хураамжийн 230,404.99 төгрөг

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.” гэжээ.                        

 

Хариуцагч Б.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Хбанкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 14,490,998 төгрөгийг 2025 оны 12 сарын 31-нээс өмнө хуваан төлөх саналтай байгаа тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хбанк” ХК-ийн Х салбар Б тооцооны төв нь хариуцагч Б.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,490,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хбанкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 14,490,998 төгрөгийг 2025 оны 12 сарын 31-нээс өмнө хуваан төлөх саналтай...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Уын нэхэмжлэлийн шаардлага болох 14,490,998 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Хбанк” ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,405 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 230,405 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 115,202.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 115,202.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хбанк” ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хбанк” ХК-ийн Х салбар          Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ут холбогдох зээлийн гэрээний үүрэг 14,490,998 (арван дөрвсөн сая дөрвөн зуун ерэн мянга есөн зуун ерэн найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,405 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамж 115,202.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 115,202.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хбанк” ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ