Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2024/00438

 

 

 

 

 

2024 11 08 136/ШШ2024/00438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: * тоотод байрлах О* О* ХХК

Хариуцагч: * байрлах *газар

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох, урьдчилгаа төлбөр 83,972,510 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*,

Хариуцагчийн төлөөлөгч: Ц.С*,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Э* /3014/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О* ХХК нь * газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай байгууллага нь Цахилгаан гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан туршлагатай байгууллага юм. Бид энэ удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтаар *сумаас зарласан * дугаартай Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх төслийг гүйцэтгэхээр 2024 орны 05 дугаар сарын 01-ний өдөр саналыг хүргүүлж манай байгууллага оролцогч нараас хамгийн сайн үнэлэгдсэн тендэрээр шалгарч, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03-232 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг цахимаар хүлээн авсан. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай* сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээний 6 дугаар зүйлд гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа төлбөрийг * дансанд шилжүүлнэ, тусгай нөхцөлийн ГЕН 5.4-д зааснаар урьдчилгаа төлбөр 89,272,510 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөрт багтаан олгохоор тохиролцсон. Гэтэл захиалагч нь гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөхгүй гэрэний үүргээ биелүүлэхгүй ажил эхлэх боломж нөхцөлөөр хангахгүй байсан тул 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1-890 дугаар санхүүжилт авах тухай албан бичгээр гэрээний урьдчилгаа төлбөрийг шаардаж хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан. Тухайн сумын Засаг дарга санхүүжилтийг олгохгүй байсан ч үндэсний их баяр наадам болох гэж байгаа тул гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж өгөхөөр бид шаардлагатай бүх арга хэмжээгээ авч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцсан албан тушаалтнуудтай холбогдож мэдэгдсэн.

Гэвч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01-368 дугаар албан тоотоор гэрээг цуцлах талаар албан бичиг ирүүлсэн бөгөөд ингэхдээ хариуцагч нь ямар ч ажил хийгээгүй, холбогдохгүй байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх заалтын дагуу хугацаанаас нь өмнө цуцалж дахин тендэр зарлана гэх агуулгатайгаар ирүүлсэн байгаа нь гэрээний тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.

Учир нь хариуцагч тал өөрөө гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээний дагуу ажил эхлэх хугацаа хойшилсон эрх зүйн үр дагавар бий болсон бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д зааснаар хариуцагч тал үүргээ биелүүлэхэд өөрөө буруутай байсан. Бид тухайн засаг даргын гэрээ цуцлах тухай саналыг зөвшөөрөхгүй байгаа талаар гомдлыг өөрт нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1-244 дугаар албан бичгээр мэдэгдсэн учир нь захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүйгээс тухайн ажил гүйцэтгэх хугацаа удаж байсан ч гэрээний үүргээ биелүүлэхээр мэдэгдсэн даруй албан бичиг ирүүлж нэг талын санаачилгаар гэрээг цуцлах санал ирүүлсэн гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *дугаар албан тоотоор гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдэл болохыг тогтоолгох, урьдчилгаа төлбөр 89,272,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага 89,272,510 төгрөг гаргуулах шаардлагыг дараа нь шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн тул татгалзаж байна гэв.

Хариуцагч* газар хариу тайлбартаа: * түүхт 100 жилийн ой 2024 онд тохиосонтой холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 тоот засаг даргын захирамжаар сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороог байгуулснаар тухайн ажил эхэлсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт баталгаа гаргасан бол гүйцэтгэгчид урьдчилгаа төлнө гэж, 43.3 дахь хэсэгт урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно гэж тус тус заасан байдаг бөгөөд, мөн тендэрийн баримт бичгийн гэрээний ерөнхий нөхцлийн 2 дугаар бүлэг, өгөгдлийн хүснэгт хэсгийн мэдэгдэл хүргүүлэх гэрээ байгуулах хэсэгт гэрээний нөхцлийн дагуу гүйцэтгэлийн 8,927,251 төгрөгийн баталгаа ирүүлнэ гэж тусгагдсаны дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О*-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг хүргүүлэхдээ гэрээний маягтад гарын үсэг зураад, гүйцэтгэлийн баталгааны хамт ирүүлэх талаар мэдэгдсэн. ГТН-д тусгаснаар О*ХХК 2024 оны 05 дугаар сарын 15-ны дотор урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлэх байсан.

Нэгэнт баталгаа ирүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн, тендерийн баримт бичигт урьдчилгаа төлбөрийн 10 хувь болох 8,927,251 төгрөгийн баталгаа ирүүлэх талаар тусгасан, энэ гүйцэтгэлийн баталгааг хийгээгүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно гэж хуульд заачихсан болохыг олон удаагийн тендэрт оролцож байсан О* ХХК мэдэхгүй байх үндэслэлгүй, энэ баримт бичигтэй танилцаад зөвшөөрсөн учраас манай тендэрт оролцож байгаа гэж бид ойлгож байгаа. Бид дээрх баримт бичиг, хуульд зааснаар энэ компанийг энэ үүргээ мэдэж байгаа, гүйцэтгэлийн баталгаа төлбөрөө хийнэ гэдэгт найдсаны үүднээс ажил гүйцэтгэх гэрээний 6-д урьдчилгаа төлбөр 30 хувиа шилжүүлнэ гэдэг заалтыг оруулсан.

Орлогч дарга Б.Б* О*ХХК-ийн захирал С.Л*той байнга холбогдож, утсаар ярьж, чат бичиж хэзээ ирж ажлаа эхлэх талаар болон ажил эхэлсэн даруйд санхүүжилт олгогдох талаар байнга хэлж ярьсаар байсан бөгөөд харин тухайн компани ажил нь амжихгүй байгаагаас ирэхгүй, одоо очно, удахгүй очно, оччихвол 3-4 өдөрт хийчихнэ гэдэг байдлаар хугацаа авсаар байсан. Ингээд улсын баяр наадмын олон хоногийн амралт эхлэх гээд залгуулаад сумын 100 жилийн ой маань болох гээд цаг хугацаа давчуу болчихсон байсан ч О*ХХК ирэхгүй, засаг даргатай холбогдооч, учир байдлаа хэлээч гэхээр ярихгүй, засаг даргыг залгахаар утсаа авахгүй байсан тул Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, тухайн компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Ингээд хуралдсан өдрөө * дугаар албан бичгийг хүргүүлж, гэрээг цуцалж, дахин тендэр зарлах талаар албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл уг албан бичгийг авсан даруйдаа буюу маргааш нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн огноотой 1/890 дугаар санхүүжилт авах тухай албан бичгийг манайх руу ирүүлсэн байсан. Өөрөөрхэлбэл гэрээ байгуулснаас хойш гэрээг цуцлах хүртэл хугацаанд манайд санхүүжилт хүсч албан ёсоор огт хандаж байгаагүй хэрнээ гэрээ цуцалсны дараа санхүүжилт хүссэн албан бичгийг ирүүлсэн байсан.

Тендэрийн баримт бичгийн ГЕН-ийн 5.4-т зааснаар гүйцэтгэгч урьдчилгаа төлбөрийн хүсэлт гаргасан бол захиалагч урьдчилгаа төлбөрийг ГТН-д заасан хэмжээгээр олгоно гэж байгаа. Гэтэл О*ХХК урьдчилгаа төлбөр огт хүсч байгаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ ажлаа эхлээд ажлын гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авна гэдгийг мэдэж байсан ч ажил амжихгүй байна гэсээр ойн баяр наадам болох цаг хугацааг тулгачихсан.

Дээр дурдсан үндэслэлүүдээр захиалагч талаас гэрээг цуцалсантай холбоотойгоор О* ХХК-д ямар нэгэн бодит хохирол учраагүй гэж ойлгож байна. Учир нь О* ХХК нь огт ажил эхлээгүй бөгөөд ажил эхлэхэд бэлэн, бэлтгэл ажил хангасан гэсэн хэдий ч яг ямар бэлтгэл ажил хангагдсан талаар захиалагч талд мэдэгдсэн зүйл байхгүй, ажлын талбай дээр гүйцэтгэгч талаас 1 ч удаа хүн ирж байгаагүй нь биднийг энэ компани сумын 100 жилийн ойн өмнө ажлаа гүйцэтгэнэ гэх итгэл, найдваргүй болсон тул Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж О* ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрт хүрсэн.

Ингээд дараагийн тендэр зарлахад Н* ХХК ганцаараа материал ирүүлсэн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 08 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, тухайн компанийг шаардлага хангасан гэж үзэж шалгаруулж, тухайн компанитай 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, өнөөдрийн байдлаар тухайн компани сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлаа хийгээд дуусчихсан байгаа болно. Иймд О* * ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 05 сарын 14-ний өдрийн *сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2024 оны 06 сарын 28-ны өдрийн *дугаар санхүүжилт авах тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 1/1244 дугаар албан бичгийн хуулбар, тендэрийн баримт бичиг,

Хариуцагчаас: хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, * газрын 2024 оны 05 сарын 01-н*ий өдрийн 03/232 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийн хуулбар, *сумын Засаг даргын 2024 оны 05 сарын 14-ний өдрийн *дугаар О*ХХК-тай гэрээ байгуулах тухай захирамжийн хуулбар, 2024 оны 05 сарын 14-ний өдрийн * сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, *сумын Засаг даргын зөвлөлийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 24 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар, * сумын Засаг даргын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн *дугаар албан бичгийн хуулбар, О*ХХК-ийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 1/1244 дугаар албан бичгийн хуулбар, *сумаас албан бичиг хүлээн авсан тухай мэйлийн хуулбар, О*ХХК-ийн 2024 оны 06 сарын 28-ны өдрийн 1/890 дугаар санхүүжилт авах тухай албан бичгийн хуулбар, мэйл хүлээн авсан тухай мэйлийн хуулбар, * сумын Засаг даргын 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 01/411 дугаар албан бичгийн хуулбар, 2024 оны 09 сарын 03-ны өдрийн * сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, * банк ХК-ийн 2024 оны 08 сарын 29-ний өдрийн гүйцэтгэлийн баталгааны хуулбар, Гэрэлтүүлгийн ажил хийсэн тухай 2024 оны 09 сарын 04-ний өдрийн актын хуулбар, Тендэрийн баримт бичгийн хуулбар, Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалтын ажлын тайлан, * сумын Засаг даргын 2024 оны 01 сарын 15-ны өдрийн А/11 дугаар Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлын үнэлгээний хороо байгуулах тухай захирамжийн хуулбар, 2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажилын тендэрийн баримт бичиг боловсруулах хуралдааны тэмдэглэлийн хуулбар, * сумын Засаг даргын зөвлөлийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 24 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар, *сумын Засаг даргын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 01/368 дугаар албан бичгийн хуулбар, * Засаг даргын 2024 оны 06 сарын 12-ны өдрийн А/498 дугаар Сумдын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа тогтоох тухай захирамжийн хуулбар, хавсралтын хамт,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд урьдчилгаа төлбөр 83,972,510 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарласан тул үлдэх шаардлагыг хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч О*ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а. Хариуцагч Д* газар 2024 оны 05 сарын 14-ний өдрийн Мандах сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хойшилсон буюу захиалагч урьдчилгаа өгөх үүргээ биелүүлээгүй буруутай байхад гэрээ цуцалсан нь үндэслэлгүй,

б. Гэрээ цуцлах хуульд заасан журмыг зөрчсөн гэж

3.Хариуцагч * газар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт баталгаа гаргасан бол урьдчилгаа төлбөрийг төлнө, 43.3 дахь хэсэгт урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлээгүй,

б. Гүйцэтгэгч О* ХХК гэрээний хугацаа дуусч байхад огт ажил эхлээгүй бөгөөд ажил эхлэхэд бэлэн, бэлтгэл ажил хангасан гэсэн хэдий ч яг ямар бэлтгэл ажил хангагдсан талаар захиалагч талд мэдэгдсэн зүйл байхгүй, ажлын талбай дээр гүйцэтгэгч талаас 1 ч удаа хүн ирж байгаагүй нь биднийг энэ компани сумын 100 жилийн ойн өмнө ажлаа гүйцэтгэнэ гэх итгэл, найдваргүй болсон тул Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж Оджи од ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрт хүрсэн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

*сумын Засаг дарга 2024 оны 01 сарын 15-ны өдрийн А/11 дугаар Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалтын ажлын үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороог байгуулан, хороонд Сумын төвийн гэрэлтүүлэг камержуулалтын ажлыг сонгон шалгаруулах техникийн тодорхойлолт тендэрийн баримт бичиг бэлтгэх, тендэрийг хүлээн авах, үнэлгээний хорооны дүгнэлт гаргах, гэрээ байгуулах ажлыг журмын дагуу зохион байгуулахыг үүргийг хүлээлгэжээ.

Дээрх хороо 2024 оны 04 дүгээр сарын 10, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд хуралдаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг баримтлан О* ХХК-ийг сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил хийх компаниар шалгаруулсны дагуу * сумын Засаг даргын тамгын газраас О*ХХК-д гэрээ байгуулах эрх олгож албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт О*ХХК-ийн материалыг хамгийн сайн тендэрээр шалгаруулж, 245,673,938 төгрөгийн гэрээ байгуулах эрх олгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 6-гаас доошгүй өдрийн дараа, тендэр хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний маягтад гарын үсэг зурж, гүйцэтгэлийн баталгааны хамт*сумын ЗДТГ-т хүргүүлэх, шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг мэдэгдэл хүлээн авснаас хойш хуульд заасны дагуу гаргаж захиалагчид хүрүүлээгүй бол гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохыг анхааруулжээ.

Улмаар * сумын Засаг дарга 2024 оны 05 сарын 14-ний өдрийн А/70 дугаартай захирамжаар О*ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч, 2024 оны 05 сарын 14-ний өдөр *дугаар гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээгээр захиалагч нь * сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлын гүйцэтгэхэд 245,673,938 төгрөгийг шилжүүлэх, гүйцэтгэгч нь сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг 2024 оны 05 сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр,

Төлбөрийг гэрээ байгуулж 30 хувийг шилжүүлнэ, ажил хүлээлцэх үед 70 хувийг шилжүүлэхээр,

Хэрэв гэрээний баримт бичгүүд хоорондоо зөрчилдвөл

-гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл,

-бусад шаардлагатай баримт бичиг,

-үнийн санал,

-гэрээний тусгай нөхцөл,

-гэрээний ерөнхий нөхцөл,

-техникийн тодорхойлолт болон бараа нийлүүлэлтийн хуваарь гэсэн дарааллаар ач холбогдол өгч шийдвэрлэхээр тохиролцжээ.

Талуудын хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /цаашид ТБОНӨХБАҮХАТХ гэх/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны гэрээний харилцаа үүсчээ.

ТБОНӨХБАҮХАТХуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 60 дугаар зүйлийн 60.4-т Худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар, Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ гэж заажээ.

Талууд гэрээний хугацааг 2024 оны 05 сарын 14-нөөс 2024 оны 07 сарын 20-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч Оджи од ХХК нь урьдчилгаа төлбөрийн баталгааг ирүүлээгүй талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын нэг үндэслэлд захиалагч * сумын Засаг даргын тамгын газар гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 89,272,510 төгрөгийг шилжүүлээгүйн улмаас ажил удааширсан, бид өөрсдийн ажлын талбайд гэрээнд заасны дагуу бэлтгэл ажлаа гүйцэтгэж байсан гэж тодорхойлж байна.

ТБОНӨХБАҮХАТХуулийн 43 дугаар зүйлд Тендэр шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу баталгаа гаргасан бол ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлөхөөр, баталгаа нь урьдчилгаа төлбөрөөс багагүй дүнтэй байхаар, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөрийг төлөхийг хориглож зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрийн баталгааг гэрээ байгуулахаас өмнө яригддаг асуудал байхад гэрээ байгуулсан, ер нь баталгаа гаргахгүйгээр акт үйлдэгдээд явчихдаг, энэ сум мөн адил ингэж байна гэж бодсон, хариуцагч талаас баталгаагаа хийгээд гэрээгээ байгуулна гэсэн бол төлөх боломжтой байсан гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй байхад урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч О*ХК нь урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасны дараа захиалагч Мандах сумын Засаг даргын тамгын газар урьдчилгаа төлбөр олгохыг хуульд тодорхой заасан байхад хариуцагчийн гэрээний дагуу эхэлж гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээгүйн улмаас ажил гүйцэтгэх хугацаа хожимдсон гэх агуулгатай тайлбар хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол 204.1, 219.2-т заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээ цуцалж болохоор, 219 дүгээр зүйлийн 219.3-т нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болохоор тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахад 11 хоног дутуу байхад урьдчилгаа төлбөрийн баталгааг ирүүлээгүй, тохиролцсон ажлыг хийж эхлээгүй байсан, хариуцагч талаас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул захиалагч Мандах сумын Засаг даргын тамгын газрын гэрээ цуцалсан нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Оджи од ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,512 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан О* ХХК-ийн Гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ