| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00283/И |
| Дугаар | 157/ШШ2025/00004 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2025/00004
2025 01 06 157/ШШ2025/00004
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Б сум, 3 дугаар баг Ж-ын 00 тоотод оршин суух, Ц овогт Р-ын А-д холбогдох,
“зээлийн гэрээний үүрэгт 20,448,278 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Цогтбилгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Р овогтой А нь ХБанкны Б тооцооны төвөөс 2023 оны 12 сарын 07-ны өдөр 1430086824 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 21,013,080 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 12 сарын 07-ны өдөр зээлдэгч Р.Алтанбаганын ХБанк дахь 00 тоот дансанд 21,013,080 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 2,801,744 төгрөг, зээлийн хүү 1,257,124 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг төлсөн байна.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430086824 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 04 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 212 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430086824 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 18,211,336 төгрөг, 2024 оны 12 сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 2,178.429 нэмэгдүүлсэн хүү 58,514 төгрөг нийт 20,448.278 төгрөгийг зээлдэгч Р.Аас гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч Р.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х банк Б тооцооны төвөөс авсан зээлээ цаг тухай үед нь төлж барагдуулаагүй удсан учир шалтгаан нь тухайн үед ажил багатай байсан болохоор цалин бага авч 1 хүний цалингаар амьдарч зээлээ төлөх хэцүү байсан. Одоо ажил маань давгүй явцтай явж байгаа учир сар болгон хугацаандаа зээл төлөлтөө хийж байх болно. Иймд хүсэлтийг хүлээн авна уу.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Р.А-д холбогдуулан 20,448,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Р.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Сар болгон хугацаандаа зээл төлөлтөө хийж байх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Р.Алтанбаганын нэхэмжлэлийн шаардлага болох 20,448,278 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,191 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 260,191 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Р.Аас улсын тэмдэгтийн хураамжид 130,095.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 130,095.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 20,448,278 (хорин сая дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун далан найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,191 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Р.Аас улсын тэмдэгтийн хураамж 130,095.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 130,095.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Р.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ