Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/414

 

 

 

Б.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Тт холбогдох эрүүгийн 2110021340315 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Бын Т, 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Ноос, ноолуурын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохоос өмнө “Т” ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг байсан, ам бүл 4, эх, эцэг дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байгаа,

            Шүүгдэгч Б.Т 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр - тоотод байх гэртээ “өвс” гэх нэршилтэй хуванцар савтай, савны хамт 148.3 гр, гялгар уутанд хийсэн цэвэр жин нь 35.9 гр хэмжээтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдрөө тухайн бодисоос өөрөө хэрэглэх явцдаа хамт байсан Х.Мэ, Г.Т, Ч.Б, Б.А нарыг сонирхоод байхаар нь тэдэнд сонирхуулах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисоос сорж хэрэглүүлэхээр өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Бын Тийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 5 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 cap 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Тийн биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сap 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тт оногдуулсан 4 жил 4 cap, 4 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тийн цагдан хоригдсон нийт 147 хоногийг түүний эдлэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар тагтай, ундааны хуванцар савтай 134.7 гр хэмжээтэй, хөх өнгийн цагаан эрээн хээ бүхий даавуун алчуурт боосон 60.3 гр хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, Үе Үе гэх нэртэй 4 ширхэг кофе, мөн 3 ширхэг кофены задалсан уут, улаан 2 ширхэг, цагаан 1 ширхэг асаагуур, ягаан өнгийн хуйлсан цаас 1 ширхэг, хоолны металл халбага, түүн дээр наалдсан бор өнгийн хайлсан цагаан эрээн даавуу мэт зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж тогтоосон. Шүүгдэгч Б.Т нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд ямар нэг байдлаар гэм буруу дээрээ маргаагүй хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна .... гэж заасан. Гэтэл шүүгдэгч Б.Тт 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолоос өмнө болсон үйл явдлыг цаг хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан мөн үйл явдал нь төгссөн байх ба энэ утгаараа шүүгдэгч Б.Тийг анх удаа гэмт хэрэг хийсэн гэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Тт онгодуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл болох 1 жил 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 зааснаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...“ гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээд нийт 4 жил 4 сар 4 хоногийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон. Өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн оногдуулах ялыг багасгаж ял оногдуулсан. Одоо уг хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Т 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр - тоотод байх гэртээ “өвс” гэх нэршилтэй хуванцар савтай, савны хамт 148.3 гр, гялгар уутанд хийсэн цэвэр жин нь 35.9 гр хэмжээтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдрөө тухайн бодисоос өөрөө хэрэглэх явцдаа хамт байсан Х.Мэ, Г.Т, Ч.Б, Б.А нарт сонирхуулах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисоос сорж хэрэглүүлэхээр өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ч.Бын “...Би хонох газаргүй болчихоод 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн танил ах болох А ахын гэрт нь 18 цаг өнгөрч байхад ирсэн. Гэрт нь ирэхэд А ах 2 найзтайгаа байж байсан. Би гэрт нь ... утсаараа тоглоод сууж байтал А ахын төрсөн ах нь “Т ах гаднаас нэг савтай зүйл бариад орж ирсэн. Тэгээд цонхны тэнд очоод тагийг нь хальт эргүүлсэн чинь хий гарах шиг болсон. Тэгсэн газ үнэртэж байсан Т ахаас “юу юм” гэж асуухад юуг нь хэлээгүй юм аа. Би тэр зүйлийг яаж хэрэглэснийг сайн хараагүй. ...Тэгсэн гаднаас хаалга тогшоод цагдаа ороод ирсэн. ...” /1хх 29/,

гэрч Г.Тийн “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед найз Мэтэй уулзаад найз болох Т, А хоёрын гэрт ирсэн. Тэгээд А, Мэ, Бямба бид 4 гарч ... орой 18 цагийн үед буцаад гэрт нь орж ирсэн тэгсэн Т ах зөрөөд гадагшаа гарсан. ...Миний толгой өвдөөд байсан учир ... унтсан. Тэгээд сэрсэн чинь Т ороод ирсэн байсан. Тэгэхэд газ үнэртээд байсан. Тэгээд сэртэл 2 цагдаа ороод ирсэн байсан ийм л зүйл болсон. Би унтаж байгаад сэрсэн чинь хажууд хуванцар савтай зүйл байхаар нь аваад нэг сорсон. ...Т ах авчирсан гэж байсан. ...” /1хх 30/,

гэрч Х.Мийн “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... хотод ирээд Т намайг тосоод, манай найз Агийн гэрт ирсэн. Тэгээд А, Т, Т бид 4 тэднийд байж байсан. Тэгтэл 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найз Б ирсэн. Тэгээд бид хэд гэрээс гараагүй байж байтал Т ах гарч яваад эргэж орж ирэхдээ цүнхээ үүрч орж ирсэн. Тэгээд би тоглож байгаад сонин үнэр үнэртээд байхаар нь хартал Т ах ундааны савтай зүйл гаргаж ирээд тэрнээс нь утаа гараад байсан. Т тэрийг сороод байсан. Тэгээд Т ах 00 орохоор гарах үед нь би тэр зүйлээс нь сорсон. ...Т ах орж ирээд байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. ...” /1хх 34/,

гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 17-ны манай ах Т үдээс хойш ганцаараа яваад ууттай өвс гэх ургамал түүж ирсэн. Орой нь бид хэд хэрэглэсэн. Удалгүй цагдаа нар орж ирж барьсан. Манай найз Т, Мэ, Б, манай ах Т нар байсан. Манай ах Т түүж ирсэн өвсөө өөрөө цаасанд ороож татаж хэрэглээд байсан. Өвс гэж ургамлыг татаж, сорж хэрэглэх санааг ах Т гаргасан. ...” /1хх 36, 152-153/,

Б.Тийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад 3 дугаар цахилгаан станцын ертөнцийн зүгээр хойд талаар нь явахдаа хэд хоногийн өмнө энэ хавьд өвс ургасан байсныг санаад бургасны доогуур үзтэл 70 орчим см ургасан өвс байхаар нь цэнхэр өнгийн гялгар уутны талаар нь шахуу түүж аваад гэртээ очсон. Түүсэн өвсөө гэрийн цахилгаан зууханд хийж хатаагаад хэрэглэхэд бэлэн болгоод өөрөө хэрэглээд сууж байтал дүү А хэдэн найз нарын хамт орж ирсэн. Би тэдэнд сонирхуулаад бүгдэд нь ганц соруулахад “ямар муухай юм бэ” гэцгээсэн. ...Удалгүй цагдаа хаалга тогшоод орж ирсэн. Манай болон манай дүү нарын найз нар ямар ч буруугүй. Би сонирхуулаад ганц нэг соруулсан. ...” /1хх 178, 222/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.Т 2021.10.18” гэсэн хаягтай шээс, “Ч.Б 2021.10.18” гэсэн хаягтай шээс, “Х.Мэ 2021.10.18” гэсэн хаягтай шээс, “Г.Т 2021.10.18” гэсэн хаягтай шээс, “Б.А 2021.10.18 02” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн даавуунд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinolI илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн 5134 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 67-72/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Т нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх бүхий мэдээлэл үгүй байна. Б.Т нь мансууруулах сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.Т нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 928 дугаартай дүгнэлт /1хх 186-187/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 39-58/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 82-85 дахь тал/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 17/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-24/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Шүүгдэгч Б.Тийн үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Л.Батаагаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна .... гэж заасан. ...Шүүгдэгч Б.Тт онгодуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл болох 1 жил 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тийн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 cap 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Тийн биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сap 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тт оногдуулсан 4 жил 4 cap, 4 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсний дагуу болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Тийн шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул түүнд холбогдох хэрэгт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаар яллах дүгнэлт /2хх 1-4/ болон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоол /2хх 6/-д Б.Тт холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр” гэж буруу бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Б.Тийн 2023 оны 02 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ