Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 02133

 

 

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхороо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01833 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-ын хариуцагч С.Н-д холбогдуулан гаргасан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Н-тай 2010 онд танилцаж, 2011 оны 8 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Чингүүн, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Б нарыг төрүүлсэн. Гэр бүл болж, хамтран амьдарсан 10 жилийн хугацаанд сэтгэл санааны болон бие махбодын дарамтад байсан. Нөхөр маань анхны хүүхэд төрсөн цагаас хойш архи ууж, хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Энэ байдал нь давтагдан архи уун, хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх болсон. Энэ байдал нь цааш үргэлжилбэл амь насаа алдах, хүүхдүүдийн хувьд ч сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд гэрлэлтээ цуцлахыг хүсэж байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 492 тоот хаягт байршилтай 466 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 145 м.кв талбай бүхий хувийн сууцнаас өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 60 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С-оос гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хоёр хүүгээ эхийнх нь асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Харин өмч хөрөнгийн тухайд Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 492 тоот хаягт байршилтай 466 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 145 м.кв талбай бүхий хувийн орон сууц бидний хөрөнгө биш юм. Б.С-той 2010 онд танилцаж 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Чтөрсөн. Эцэг маань 2005 онд нас барсан. Хувийн сууц нь миний эцгийн гал голомт тул надад өвлүүлэн өгсөн.  2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бага хүү Б.Б төрсөн. Гэр бүлээ тэжээхийн тулд банкнаас зээл авахын тулд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Б.Сонинтогостэй 10 жил хамт амьдарч байх хугацаанд эхнэрээрээ хоол хийлгэж байгаагүй. Намайг ажлаас тараад гэртээ ирэхэд хоолгүй, пиво уугаад сууж байдаг. Энэ байдал нь сүүлдээ даамжирсан. Ярилцах гэхээр ойлголцдоггүй. Гэрлэлтээ цуцлуулна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.Н, Б.С нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Чингүүн, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.Бнарыг эх Б.С-ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Ч-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.Наар тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Н-аас 27  255 000 /хорин долоон сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөг Б.Сонинтогос, Н.Билгүүн, Н.Чнарт гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 32 745 000 /гучин хоёр сая долоон зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600 200 төгрөгийн 528 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 72 050 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч С.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 364 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С шинжээчийн ажлын хөлс болох 200 000 төгрөгийг “Бэсгэ” ХХК-д төлснийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 63.1 дэх хэсэгт зааснаар С.Н-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 59.110 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг С.Над, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Сонинтогост тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхдээ С.Цэрэннадмидын өмчлөлд шилжсэн Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайт 33 дугаар гудамжны 492 тоотод байрлах хувийн сууц, газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тооцож хувиарлан 27 255 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндсэлэлгүй. Миний эцэг Ц.Сономбалжир нь 2006 онд нас барж аавын өмчлөлд байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 33 дугаар гудамжны 492 тоотод байрлах 2 хувийн сууц, газар 2012 онд надад өвлүүлсэн тул хуваарьт хөрөнгөд хамаарч байна.

Б.С бид хоёр анх миний аавын энэ гэрт амьдарч эхэлсэн ба бид гэрийн эд хогшил авч тохижуулж тавьсан, энэ амьдрах хугацаанд тоёото приус маркийн автомашинтай болсон. Б.С нь гэрийн тавилгыг хүртэл явахдаа аваад нүүсэн байсан. Манай ах, эгч дүү нар энэ газарт вакум Цонхны үйлдвэр барьж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд миний бие эгчдээ өвлөгдөж ирсэн хувийн сууц, газар өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Учир нь С.Цэрэннадмид нь бизнесийн зээл авч үйлдэрлэлдээ ашиглах зорилготойгоор шилжүүлсэн. Шүүх хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй, мөн эрх, үүргээ бүрэн ойлгоогүй шүүх хуралд орсон. Уг хэрэг маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч С.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг 60 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч газар болон хувийн сууцыг хуваарьт хөрөнгө гэж маргажээ.

Б.С, С.Н нар нь 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Чингүүн, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү Н.Бнар төрсөн байна.

Гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэн, нөхөр С.Н эхнэр Б.С-ын биед гэмтэл учруулж байсан, гэрлэгчид тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдүүд бага настай, түүний өсөн бойжих, зөв төлөвшиж хүмүүжихэд эхийн асрамжид байх нь түүний эрх ашигт илүү нийцнэ гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т хуульд заасан хэмжээгээр эцгээс нь тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Шүүх хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн хэдий ч С.Нын эцэг байх эрх хязгаарлагдахгүй талаар шүүх шийдвэртээ тодорхой тусгасан бөгөөд хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөхөд хүрвэл тэрээр  хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 482 тоотод байрлах, 145 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 466 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар С.Нын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хариуцагч нь өөрийн төрсөн эгч болох С.Цэрэннадмидад шилжүүлсэн байна. /хх-15-16, 43-44/

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахаар заасан, гэрлэгчид гэрлэснээс хойш болон гэр бүлийн гишүүд тухайн сууцад амьдарч байгаа зэргээс дүгнэхэд уг хувийн сууц болон газрыг С.Н, Б.С, Н.Ч, Н.Бнар хамтран өмчлөх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.С нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж, 492 тоот хаягт байрлах 145 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 466 м.кв газрын зах зээлийн үнийг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шүүх “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

“Бэсгэ” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар газар болон хувийн сууцыг 36 340 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний талаар хариуцагч маргаагүй байна.

Иймд анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 36 340 000 төгрөгнөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлж хариуцагч С.Н-аас 27 255 000 төгрөгөөс гаргуулж нэхэмжлэгч Б.С болон Н.Б, Н.Чнарт олгож шийдвэрлэсэн нь зөв.

Дээрх нөхцөл байдлаас уг газар болон хувийн сууцыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар С.Нын хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзнэ.

   Анхан шатны шүүх хариуцагч Н.Нямбатад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тайлбарлан өгсөн, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хэрэгт авагдсан баримтыг танилцуулсан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй, хэргийн баримт танилцуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 294 230 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

         ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                          Д.БАЙГАЛМАА