| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0031/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 24
2018 оны 01 сарын 30 өдөр 2018/ШЦТ/24 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0031/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч С.Снарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэр-Одын Санжаадоржид холбогдох 1839000340017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1998 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 6-40 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С.С
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Снь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Нэгдэлчин” зочид буудлын гадна таксигаар хүргүүлэхдээ гээгдүүлсэн иргэн Г.Б самсунг Жи-7 маркийн гар утсыг завшиж 372.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017.11.21-ний орой 21 цагийн гэрээсээ гарч яваад такси бариад явж байхдаа найз Санчиртай ярьсан. Би Нэгдэлчин зочид буудалд очоод таксины жолоочид мөнгийг нь өгөөд буусан. Машинаас буугаад утсаа авах гэтэл гар утас байхгүй байсан. Эргээд таксигаа зогсоох гэтэл яваад өгсөн. Би ямар дугаартай машинд сууснаа санахгүй байна. Жолоочийн зүс царайг хараагүй. Би шаргал өнгийн самсунг Жи-7 маркийн гар утас барьдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
Гэрч З.Сэр-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017.11.21-ний орой өөрийн төрсөн хүү С.С хамт таксинд явж байхдаа Хэрлэн сумын 5 дугаар баг эмнэлэгийн зүүн талын шинэ баригдсан байрны гаднаас нэг эмэгтэйг аваад Хэрлэн сумын 5 дугаар баг эмнэлгийн зүүн талын шинэ баригдсан байрны гаднаас нэг эмэгтэйг аваад Нэгдэлчин зочид буудалд буулгасан. 2018.01.05-нд гэртээ байж байхад цагдаагийн газраас яриад С.Схүний гар утас олсон байна гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
Шүүгдэгч С.С мэдүүлэг: “... би ээж Сэр-Одын хамт 94-06 ХЭА Пит маркийн тээврийн хэрэгслээр такси барих гээд зогсож байсан нэг эмэгтэйг суулгаад Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Нэгдэлчин зочид буудлын гадаа буусан. Тэгээд тэндээсээ хөдлөөд ээж намайг “Цагаан баавгай” халуун усны газрын гадаа очоод буулгах үед ээжийн машины арын суудал дээр Жи-7 маркийн гар утас байхаар нь би аваад буусан. Ээж энэ талаар юу ч мэдээгүй. Сүүлд би цагдаагийн газраас энэ талаар асууж эхлэх үед ээжид хэлсэн.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35 тал/\
Гар утасны үнэлгээ /хх-ийн 10-17/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.С 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Нэгдэлчин” зочид буудлын гадна таксигаар хүргүүлэхдээ гээгдүүлсэн иргэн Г.Б самсунг Жи-7 маркийн гар утсыг завшиж 372.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Иймээс шүүх шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болно.
Хохирогч Г.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч С.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.С гээгдэл эд хөрөнгийг завшссан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч С.С 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.С авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА