Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/413

 

 

 

Б.Гад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.Га, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гад холбогдох эрүүгийн 2208011541510 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Бын Га, 1990 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь “М” ХХК-д ээлжийн мастер ажилтай, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.Га нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ж.Аын эзэмшлийн ХААН банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар дотор нь байсан 1.425.200 төгрөгийг авч ашиглан, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Гад энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон түүний урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 17 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 7 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 5 cap 7 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан 3 жил 5 cap 7 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Га нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.425.200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Га нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байх хугацаандаа буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, тэнсэнгийн хугацаа дуусахад 1 жил 5 cap 9 хоног дутуу байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 7 хоногийг нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 cap 7 хоногоор тогтоосон юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Гын эдлээгүй үлдсэн тэнсэн харгалзах хугацааг нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцож, үлдсэн 1 жил 5 cap 9 хоногийг нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Га тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие  2019 онд 3 жил 4 сар 7 хоногийн хугацаагаар тэнсэн суллагдсан. Уг 3 жил 4 сар 7 хоногийн ялыг тэнссэн хугацааныхаа 3 жил 2 сарын хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт биечлэн очиж бүргүүлж байсан. Уг 3 жил 2 сарын хугацааны тэнссэн ялыг биечлэн эдэлсэн. Үлдсэн 2 сарын тэнссэн хугацаан дээр сүүлд оногдуулсан 1 сарын хорих ялыг нэмж нэгтгээд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Гад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Тус зүйл анги нь 240-өөс 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 6 сараас 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял, 6 сараас 5 жилийн хорих ялтай буюу сонгох санкцтай. Гэвч шүүгдэгч Б.Гад хохирлоо барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаад тухайн зүйлд заасан хамгийн доод ялыг оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасан. Хуульд байгаа хамгийн боломжит хувилбараар нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн тул прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Га нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ж.Аын эзэмшлийн ХААН банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар дотор нь байсан 1.425.200 төгрөгийг авч ашиглан, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Аын “...Намайг тухай үед карт уншуулж кодыг нь хэлж байхад хажууд таксины жолооч болон Б.Га хоёр байсан. Б.Га “...би Жанцаны тэнд GMG нэртэй буудалд найзуудтайгаа байгаа. Тийшээ ороод ууя. ...” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн буудал руу орсон чинь хоёр залуу нэг эмэгтэй байсан. Би нөгөө архинаас нь нэг татаад орон дээр нь унтаад өгсөн. ...Тэгээд би өдөр 14 цаг болж байхад тухайн буудлаас гарах гэтэл би ганцаараа байсан. Нөгөө хэдэн хүмүүс нь явчихсан байсан. Дараа нь би гэртээ хариад эхнэрийн хамт дэлгүүрээс хоол хүнс цуглуулсан ба дансны үлдэгдлээ шалгахад 1.344.371 төгрөг байсан ба хуулгыг нь үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 9-ний өглөө 10 цаг 44 минутад 400.000 төгрөг, 10 цаг 48 минутад 1.000.000 төгрөг, 11 цаг 21 минутад 25.200 төгрөг уншуулсан байсан. Тухайн үед миний картын кодыг мэдэж байсан хүн нь Б.Га байсан. Өөр хүн байгаагүй. Миний карт өмсөж явсан куртикний халаасанд байсан. Өглөө сэрэхэд миний картыг нугалсан байдалтай буцаагаад хийсэн байсан. Б.Га миний хохирлыг бүрэн барагдуулсан. ...” /хх 16-17, 20/,

Б.Гын яллагдагчаар өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө найзуудын хамтаар ууж байгаад шөнө 04 цагийн үед харих гээд Жанцаны гэрлэн дохио дээр явж байтал зүс таних Ж.Атой таараад юм ярьж байгаад “ойрд тааралдаагүй юм байна. Дүүдээ ганц юм авч өгье” гээд такси бариад бид хоёр хороолол орж нэг шил архи аваад буцаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцаны уулзварт байрлах GMG төвд байрлах зочид буудалд хоёулаа орсон. Ж.А ах таксины мөнгө өгөх гэхэд нь таксины жолооч “бензин авчихъя, картаа уншуулчих” гэж хэлсэн. Тэр үед л картын нууц кодыг нь цээжилж авсан. Тэгээд бид хоёр зочид буудалд ороод авсан нэг шил архиа хувааж уугаад Ж.А тасраад түрүүлээд унтаад өгсөн. Би өглөө босоод Ж.А ахын куртикний халаасанд байсан Хаан банкны VISA картыг аваад Баянхошууны шинэ эцэс дээр байрлах “Боса” худалдааны төвийн хажуу талын Хаан банкны АТМ-ээс эхлээд 400.000 төгрөг, дахиж 1.000.000 төгрөг аваад, дэлгүүрээс 1 шил архи авсан. ...” /хх 88-90/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 72-78/, Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29/4116 дугаартай албан бичиг /хх 71/, Ж.Аын эзэмшлийн Хаан банкны 5005426073 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Гыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29/4116 дугаартай албан бичиг /хх 71/, Ж.Аын эзэмшлийн Хаан банкны 5005426073 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9/ зэрэг баримтуудыг үндэслэн хохирогч Ж.Аод учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Г.Сүхээгээс “...Шүүгдэгч Б.Гын эдлээгүй үлдсэн тэнсэн харгалзах хугацааг нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцож, үлдсэн 1 жил 5 cap 9 хоногийг нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн материалаас үзэхэд,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял шийтгэж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж, 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус зохицуулсан.

Шүүгдэгч Б.Га нь урьд нь бусадтай бүлэглэн хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, 17 жилийн хорих ял шийтгүүлсэн ба шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүний эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг санаатай үйлджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Га урьд нь 3 жил 4 cap 7 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудад хамаарагдаж, өөрийн эрх зүйн байдлаа дордуулах үр дагаврыг үүсгэсэн байна.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдэж буй нь тухайн этгээдэд авсан эрүүгийн хариуцлагын арга хэмжээг ухамсарлаагүй, гэм буруутай этгээд өөрийн үйлдэлдээ гэмшиж, засарч хүмүүжсэн байдалгүй байгааг илэрхийлдэг тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох учиртай.

Гэсэн хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо төлж барагдуулсан нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу тухайн зүйлд заасан ялын доод хэмжээгээр шийтгэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон Б.Гын урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 17 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 cap 7 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 5 cap 7 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 cap 7 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, үлдээж, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ