Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2024/0045

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: “Х” ХХК,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

              Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Г

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо,

              Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ж

              Хариуцагч: Боловсролын ерөнхий газар,

              Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Д.Б, Б.Ц,

              Гуравдагч этгээд: “Ө” ХХК,

              Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарын хоорондын тендерийн маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, хариуцагч аймгийн Засаг даргын өмгөөлөгч Д.Айбек,  хариуцагч аймгийн Засаг даргын 2024 оны А/87 дугаар захирамжаар байгуулсан Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц /цахимаар/, Д.Б /цахимаар/, гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас анх шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаар мэдэгдэл, Баян-Өлгий, Баяннуур сум, БШУЯ/20240101011 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Ө” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерт шалгаруулсан шийдвэр, Боловсролын ерөнхий газрын “Ө” ХХК-тай байгуулсан дотуур байрны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий, Баяннуур сум, БШУЯ/20240101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х” ХХК-ийг шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай “Х” ХХК-д хаягласан мэдэгдлийг (1), 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг (2) тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,  Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ө” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийг (3), Боловсролын ерөнхий газрын “Ө” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга угсралтын гэрээг (4) тус тус хууль бус тул хүчингүй болгуулах, Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн Үнэлгээний хороонд (5), дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт (6) тус тус даалгах” гэж ихэсгэн тодруулсан. 

3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Монгол Улсын Сангийн яамд гомдол гаргасан байх ба Сангийн яам гомдлыг хянан үзэж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-т зааснаар захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/539 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 59.10.3-д зааснаар тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх талаар мэдэгдэж,  Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын  2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай албан бичгээр хариу хүргүүлжээ.

4. Тендерийн Үнэлгээний хороо нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  хуралдаж, Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ тендерийн ажлын гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах  асуудлыг  хэлэлцэж,  “Өлке констракшн”  ХХК-ийг дахин шалгаруулсан байх ба захиалагч нь шалгарсан “Ө” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх УТ2401502579 дугаартай  гэрээг байгуулсны дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:

5.1. Манай компани нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцсон юм. Гэтэл аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/539 тоот шийдвэрээр “Ө” ХХК-ыг шалгаруулж, манай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй” гэж үзсэн тул мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 хэсгийн дагуу Сангийн яамд гомдлоо гаргасан. 

5.2. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай гомдол хянасан шийдвэрээр: 1-рт: “Ө” ХХК-ыг Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ... Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 50-аас доош хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэж заасныг хангаагүй байхад шалгаруулсан, 2-рт: “Ө” ХХК  тендерийн шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан “Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ... Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 50-аас доош хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана.” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. 3-рт: “Ө” ХХК-ийн тендерт санал болгосон хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахад ерөнхий инженер Д.Б мэргэжил “барилгын менежмент” гэж бүртгэгдсэн байх бөгөөд үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлд ”... “Ө” ХХК-ийн ерөнхий инженер нь 340901 индексийн дугаартай Барилгын Менежмент гэсэн мэргэжилтэй хүн байна. Энэ нь иргэний ба үйлдвэрийн барилгын инженерээс өөр мэргэжил учраас ерөнхий инженерийн шаардлагыг хангахгүй...” гэж үзэж Баян-Өлгий, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай тендерийн үнэлгээний хороо нь хууль бусаар “Ө” ХХК-ыг шалгаруулж, аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/53+9 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтад үндэслэн мэдэгдсэн.

5.3. Гэтэл Үнэлгээний хороо нь дахин үнэлгээ хийгээгүй бөгөөд аймгийн Засаг даргаас “Ө” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон талаар 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай мэдэгдэл өгсөн. Манай компани тендерийн бүх шаардлагыг хангаж байхад хэд хэдэн шаардлагыг зэрэг хангаагүй компанийн тендерийг сонгон шалгаруулснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

5.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/539 тоот шийдвэрээр “Ө” ХХК-ыг шалгаруулж, манай компанийн тендерийг Төрийн болон олон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй” гэж үзсэн тул мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 хэсгийн дагуу Сангийн яамд гомдлоо гаргасан.

 5.5. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай гомдол хянаж, хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийгээрэй гэсэн боловч үнэлгээний хороо болон захиалагчаас дахин үнэлгээ хийхгүйгээр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай мэдэгдлээр “Ө” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн.

5.6. Уг мэдэгдлийн дараагаар Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Н нь хуульд заасан гэрээ байгуулах дотоод хугацааг мөрдөлгүй “Ө” ХХК-тай БШУЯ/20240101011 дугаартай Дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “ Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана”гэж заасан бөгөөд урьд нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай шийдвэрийг захиалагч болон үнэлгээний хороо биелүүлэхгүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.2-т “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан.

5.7.  Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай “Х” ХХК-д хаягласан мэдэгдэл, мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгох, Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ө” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийг хүчингүй болгож, Боловсролын ерөнхий газрын “Ө” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга угсралтын гэрээг хүчингүй болгож,   Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн Үнэлгээний хороонд, дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгаж өгнө үү гэжээ. 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Тус аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай  “Х” ХХК-ийг шалгараагүй болох тухай мэдэгдэл, мөн тус аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлүүдийг тус тус хууль болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар бол шаардлага гаргаж байна.

 Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд,  Баян-Өлгий аймгийн Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотор байрны барилгын ажлын сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ө” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерт шалгаруулсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага нь Боловсролын ерөнхий газрын дарга Т.Н  “Ө” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011  дугаартай дотуур байрны  барилгын угсралтын гэрээг хууль бус болохыг болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

 Мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн үндэсний хороо, “Х” ХХК-тай дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газрын даргад тус тус даалган шийдвэрлэж өгнө үү гэсэн 4 төрлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан.

6.2. Тендертэй холбоотой асуудлаар урьд нь нэг удаа Үнэлгээний хорооноос үнэлгээ хийгээд шийдвэр гаргасны  дараа Сангийн яаманд  гомдол гаргаж дахин үнэлгээ хийлгэхээр болсон. Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хорооны зүгээс  алдаагаа залруулах  шийдвэр гаргахгүйгээр өмнөх шийдвэрээ дахин гаргасан. Үнэлгээний хороо нь дээд шатны Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхгүй,  урьд нь шалгарсан шаардлага хангаагүй “Ө” ХХК-ийг 2 дахь удаагаа шалгаруулсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.  “Ө” ХХК-ийг Үнэлгээний хорооноос тендерийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй юм гэж үзэж байна.

6.3. Эхний үндэслэл нь “Ө” ХХК-ийн  инженерийн мэргэжилгүй хүнийг “барилгын инженер” гэж үзэж сонгон шалгаруулсан үйлдэл нь хуульд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, “Ө” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б нь “барилгын менежмент” мэргэжлээр төгссөн тул барилгын инженер гэж үзэхгүй, “ иргэний ба үйлдвэрийн барилга” гэсэн мэргэжилд хамаарах эсэх талаар буруу дүгнэлт хийсэн. Учир нь,

Боловсролын ерөнхий газраас тендерийн шалгаруулалттай холбоотой захиалагчийн зүгээс тодруулга хүсэхэд, Боловсролын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/2011 хариу албан бичгээр “барилгын инженер” гэдэг мэргэжлээр суралцаж төгссөн хүнийг “иргэний би үйлдвэрийн инженер”, “барилга угсралтын инженер гэж  ойлголт төрүүлсэн хариу тайлбар ирсэн гэж байна. Гэхдээ  Боловсролын ерөнхий газрын албан бичигт мэргэшсэн инженерийн зэрэг олгосон болохоос биш барилгын инженерийн тавигдсан шаардлагыг хангаж байгаа гэж үзэх боломжгүй юм.  “Иргэний ба үйлдвэрийн барилга” гэсэн мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа гэдэг  албан бичгийг  Боловсролын ерөнхий газраас ирүүлээгүй. Мөн боловсролын индекстэй холбоотой маргаан үүсэж байгаа учраас үүнтэй холбоотой мэргэжлийн чиглэл индексийг шинэчлэн баталсан Сайдын тушаал байдаг. Уг тушаалд зааснаар “иргэний ба үйлдвэрийн барилга”  гэдэг мэргэжлийг индексжүүлсэн. Индекс чиглэлийн хувьд бол 073 гэсэн индексээр эхэлсэн байх ёстой. 073 индексийн 201-208 хүртэл, мөн 208-212 хүртэл төгссөн индекс бүхий боловсролын диплом байвал “иргэний ба үйлдвэрийн барилга” буюу барилгын мэргэжлээр төгссөн гэж үзээд ерөнхий инженер нь боловсролын шаардлагын хувьд хангаж байгаа гэж үзэхээр байсан.

6.4.  Гэтэл энэ индексийн  холбогдох хэсэгт заасанчлан 073 дугаартай “иргэний ба үйлдвэрийн барилга” гэдэг мэргэжлийг “Ө” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б хувьд хангаагүй. Үүнийг зөвтгөсөн шийдвэрийг Боловсролын ерөнхий газраас ирүүлээгүй, зөвхөн мэргэшсэн зэрэг олгосон гэдэг тодруулга ирүүлсэн. Мэргэшсэн зэрэг гэдгийг мэргэжил гэж үзэхгүй юм. Тендерийг хийж гүйцэтгэгч компанийн гол инженер нь мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байгаа учраас тендерийн ажлыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна.

6.5. Тендер сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо үнэлгээ хийсэн үед   “Ө” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Ховд суманд дуусаагүй барилгын ажил байсан нь тогтоогдсон. Тендер нээсэн үед тухайн ажил дууссан гэсэн шалтгаанаар тухайн компанид давуу байдал бий болгох  зорилгоор сонгон шалгаруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн тендер зарлагдсан үед компаниудад өөр төрлийн дуусаагүй ажил байх ёсгүй.  Мөн  тухайн дуусаагүй барилгыг тодорхой хэмжээний инженер мэргэжилтэн, ажилтнууд бол техникийг давхцуулахгүй  гэдэг шаардлагыг “Ө” ХХК-ийн хувьд хангахгүй байсан. “Ө” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Ховд сумд дуусаагүй ажилтай холбоотой тодруулгыг  захиалагчаас авч тендертээ тусгаж ирүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй. “Ө” ХХК-ийг шалгарах ёсгүй гэж үзэж байна.

6.6. Тендерийн төсөвтэй холбоотой алдаа гарсан. Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулсан тэмдэглэл дээр “Ө” ХХК-ийн зүгээс  ирүүлсэн төсөв дээр зөвхөн цалингийн нэгтгэлийг ирүүлсэн ба материал,  машин механизм, тээврийн зардлын задаргааг ирүүлээгүй. Ингэж төсөв ирүүлж байгаа нь тендерээсээ шууд татгалзах үндэслэл болдог.

Тиймээс “Ө” ХХК-ийн тендерийг шууд шалгаруулж байгааг нь Үнэлгээний хорооны шийдвэр бол хуульд нийцээгүй тул түүнийг хүчингүй болгох хүсэлттэй байна.  Мөн хууль бус сонгон шалгуулж байгаа учраас түүнд эрх олгосон тус аймгийн Засаг даргын шийдвэр хуульд нийцээгүй. Тендерийн шаардлагыг хангахгүй байгаа “Ө” ХХК-тай гэрээ хийсэн Боловсролын ерөнхий газрын гэрээ нь мөн адилхан хуульд нийцэхгүй байна.

6.7.  “Х” ХХК-ийн хувьд  шалгараагүй гол үндэслэлийн хувьд бол зөрчилгүй тендер ирүүлсэн хэдий ч бусад өрсөлдөж байгаа компаниудыг бодвол өндөр үнэлгээтэй  гэдгээрээ  шалгаруулахаас татгалзсан. Үнэлгээний хороо 2 удаа үнэлгээ хийсэн. 2 удаагийн үнэлгээгээр удаа дараа хууль бус үнэлгээ хийж байгаа учраас бид шүүхэд Үнэлгээний хороод даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. 2 удаагийн үнэлгээтэй холбоотой Сангийн яамны шийдвэр нь байгаа. Өөрөөр хэлбэл, 2 дахь удаагаа сонгон шалгаруулсан “Ө”  ХХК-ийг  тус аймгийн Засаг дарга  болон Үнэлгээний хорооны шийдвэрийг Сангийн яам нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин хүчингүй  болгосон учраас “Ө” ХХК-ийг сонгон шалгаруулж байгаа нь хуульд нийцээгүй гэдгийг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэчихсэн.

6.8. Энэ шийдвэр бол хавтаст хэрэгт авагдсан учраас давхар хүчингүй болгох нөхцөл байдал бий болж байна. “Х” ХХК нь хамгийн сайн тендерийг ирүүлсэн, бүх шаардлагыг хангасан. “Х” ХХК-ийг сонгон шалгаруулахгүйгээр, шаардлага хангахгүй байгаа компаниудыг сонгон шалгаруулсан учраас “Х” ХХК-ийн эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа.

 Иймээс тус аймгийн Баяннуур сумын дотуур байрны ажлын гүйцэтгэгчээр “Х” ХХК-ийг сонгон шалгаруулж, тухайн компанитай  гэрээ байгуулахыг Үнэлгээний хороо болон Боловсролын ерөнхий газарт  даалган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Тендер шалгаруулалтын зааварчилгааны баримтын  ТШЗ 19.1 дэх хэсэг дээр ажил гүйцэтгэх хүний нөөц “шаардана” гэсэн хүснэгт байдаг.  Үүнд, албан тушаалтан, ерөнхий инженер, барилгын инженер гэж байгаа.   

Боловсролын мэргэжлийн ур чадвар гэдэгт  “иргэний ба үйлдвэрийн  барилга” гэсэн. Мэргэжлээрээ ажилласан туршлага гэдэгт “ерөнхий инженер” 8 жилээс доошгүй, барилгын инженер 3 жилээс доошгүй, нийтдээ хамгийн багадаа 7 хүний нөөц ажиллахаар тендерийн шалгаруулалтын зааварчилгаанд тусгасан байна.

7.2. Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлд Үнэлгээний хорооны дарга Ө.Х  зүгээс “... “Ө” ХХК-ийн ерөнхий инженер  Д.Б  мэргэжлийн болон техникийн  боловсролын сургалтын байгууллагад мөрдөгдөх мэргэжлийн чиглэл, индекс, түүний дүйцүүлэн ойлголт жагсаалт аргачлалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр А/11 дүгээр тушаалын шинэчлэн баталсан байх бөгөөд “Ө” ХХК-ийн санал болгосон  ерөнхий инженер тендер шалгаруулалтын  баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан шаардлага нийцэх эсэх талаар бид нар тодруулсан юм. Боловсролын ерөнхий газар руу Баян-Өлгий аймгийн Засаг дарга буюу захиалагчаас  тоот явуулахад Боловсролын ерөнхий газраас 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/2011 дугаартай хариу ирсэн юм.  Тэгээд бид нар Д.Б  барилгын мэргэшсэн инженер гэж үзсэн. Тийм учраас “Ө” ХХК-ийг  дахин шалгаруулж байна” гэдэг тайлбарыг хэлсэн байна.

 7.3. Дээрх 2024 он 01 дүгээр сарын 11-ний өдөр А/11 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн чиглэл, индексийн чиглэл баталдаг. Энэхүү тушаалын хууль баримталсан хэсгээс харвал,  Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Боловсролын ерөнхий  хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7 дах хэсгийг баримталсан. Боловсролын ерөнхий  тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.7 дэх хэсэгт  “Боловсролын асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг заасан, үүнд мэргэжлийн болон техникийн дээд боловсролын  мэргэжлийн чиглэл, индексийг батлах чиг үүрэгтэй байна. Боловсролын ерөнхий хууль батлагдахаасаа өмнө нь Боловсролын хууль үйлчилж байсан. Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дах хэсэг мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг  тогтоох асуудал нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу сайдын эрх хэмжээний асуудал юм байна. 

7.4. Аймгийн Засаг дарга буюу тендерийн захиалагч Д.Б мэргэжилтэй холбоотой маргаан гарсан учраас боловсролын чиглэлийн индекс батлах эрх бүхий байгууллага буюу  Боловсролын шинжлэн ухааны яам руу хандах ёстой байсан. Мөн “барилгын менежмент” гэдэг мэргэжлийг “иргэний ба үйлдвэрийн барилга” гэдэг дээр хамааруулан ойлгож болох уу, үгүй юу гэдгийг тодруулах ёстой байсан.  Харин захиалагч буюу хариуцагч Боловсролын ерөнхий газар руу энэ бичгийг явуулсан нь буруу болсон. Ийм дутуу дулимаг асуудал байхад Д.Б барилгын чиглэлийн инженерийн мэргэжилтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

7.5. Тендерийн зарлагдсан үнэ 3,200,000,000 төгрөг.  “Ө” ХХК-ийн боловсруулсан төсөв хавтаст хэрэгт авагдсан. “Ө” ХХК-ийг төсвийн тооцоо хийсэн мэргэшсэн төсөвчин Д.Б гэдэг хүн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн ба төсвийн өртгийг 3,200,987,363 төгрөгийн тооцоо гаргасан.  Барилгын угсралтын ажлын төсөвчин өртгийн нэгдсэн товчоог үйлдэнэ. Мөн тэргүүлэх төсөвчин Г гэдэг хүнээр барилгын  угсралтын ажлын төсөв хийлгэсэн байх ба ялгаагүй 3,200,987,363 төгрөг гаргасан.

7.6.  Иймд төсөв дээр нэг алдаа байгаа гэж үзэж байна. Энэ алдааг Үнэлгээний хорооны гишүүн Х.Ж  нь   “Энэ бол хуурамч төсөв юм. “Ө” ХХК-ийн  захирал нь А дахиад нэг өөр компанийн захирал байдаг юм байна. Урьд нь ийм агуулгатай төсөв зохиогоод  Сангийн яамны хар жагсаалтад орж байсан” гэдгийг хэлсэн. Тэр компанийн нэр нь “Н” ХХК, /,,,,,/ регистрийн дугаартай.  Энэ компани илт  худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг нь эрх бүхий улсын байцаагч тогтоосон.  “Н” ХХК-ийн захирал нь А тендерт шалгаруулсан “Ө” ХХК-ийн захирал юм байна. Энэ хоёр компани захирал нь нэг хүн.  Өмнө нь бас хуурамч материал ирүүлж байсан.  Энэ удаа бас хуурамч материал ирүүлэх магадлалтай гэж үзэхээр байна. Үнэлгээний хорооны гишүүнийн олонхын саналаар “Ө” ХХК-ийг шалгаруулахаар шийдвэр гаргасан.

Иймд “Ө” ХХК-иас татгалзах үндэслэл байхад татгалзаагүй нь хууль бус үйлдэл юм.

7.7. Тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШЗ 19.1 дэх хэсгийн “ажил гүйцэтгэхэд ашиглагдах  үндсэн тоног төхөөрөмж, техник   хэрэгсэл шаардана” гэдэгт авто кран,  ачааны машин, үйлчилгээний машин зэрэг шаардлага тавигдсан. Үүнд, “тендерт  санал болгосон инженер, техникийн ажилтнуудын 50-аас доош хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан, дуусаагүй ажил давхацсан тохиолдол татгалзана” гэж заасан. Тендерийн сонгон шалгаруулалт явагдах үед “Ө” ХХК нь энэ тендерт оролцохоор бүрдүүлсэн материал доторх техник, хэрэгслүүд нь  Увс аймгийн Ховд сумд болон бусад газарт гүйцэтгэж байсан техник хэрэгсэлтэй адилхан байсан. Тэгэхээр хэрэгжиж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд 50-аас доош  хувь нь  давхацсан техник хэрэгслийг энэ тендер санал болгосон учраас татгалзах үндэслэлд бас хамаарах ёстой. 

 7.8. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт  “захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-д заасан үнэлгээний үндсэн дээр шалгуурын дагуу үнэлнэ”  гэж заасан. Мөн хуулийн 27.2 дахь хэсэгт “тендерийн нээлтэд зарлагдсан үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно” гээд 4 шаардлага тавигдсан. Тухайн тендерийн үнэ бол 3,200,000,000 төгрөг байхад “Ө” ХХК  нь 3,200,000,000 төгрөгөөс дээш  тендер зохиогоод, хөнгөлөлт 250,000,000 төгрөгийг хийсвэрээр хассан байна. Энэ 250,000,000 төгрөг нь энэ төсвийн  аль хэсгээс хасагдах нь тодорхой бус буюу хийсвэр 250,000,000 төгрөг хөнгөлж байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг  бүрэн ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

7.9.Тодруулбал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар нэмэлт тайлбар, шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар бол гуравдагч этгээд “Ө” ХХК-ийг маргаан бүхий тендерт сонгон шалгаруулсан үйл ажиллагаа, шийдвэрүүд нь хуульд нийцээгүй гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч Үнэлгээний хорооны 5 гишүүнээс 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хүргүүлсэн хариу тайлбарт “ Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээртэй хурлын тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай хурлыг тэмдэглэлүүдэд оролцогч компаниудын ирүүлсэн тендерийн  материалын зөрчлүүдийг тодорхой тусгасан” гэх  байр сууриа илэрхийлсэн.

7.10. Хариуцагч Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбарт “Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж оролцогч компаниудыг  тендерийн материалтай нэг бүрчлэн  үнэлгээ  хийж  олонхын саналаар “Ө” ХХК-ийг  шалгаруулсан тул Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн гэрээ эрх олгосон юм” гэж хариу тайлбар ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа бүгд нэгэн адил Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэртэй холбоотой зүйлийг дурдсан байна.

7.11. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад  Дотуур  байрны барилгын ажил Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тендерийн сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээртэй тэмдэглэлээс үзвэл, тус Үнэлгээний хорооны зарим гишүүдээс “тендер шалгаруулалтын зааварчилгааны зарим хэсэг буюу ТШЗ 19.1,19.2 заасан шаардлагыг “Ө” ХХК-ийн хувьд хангахгүй, зөрчилтэй юм байна. Гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл бүрдэж байна” гэдгийг тодорхой дурдсан байхад тус Үнэлгээний хорооны бусад гишүүд нь үүнийг үгүйсгээгүй.

7.12.Тендер шалгаруулалтын зааварчилгаа хавтаст хэрэгт авагдсан, энэ зааварчилгааны ТШЗ 19.1 дэх хэсэгт техникийн чадавх болон туршлагын чадвар “шаардана “гэдэг хэсгийг ажил гүйцэтгэх хүний нөөц “шаардана” гэдэг хэсэг  дээр “ерөнхий инженер” нь заавал “иргэний ба үйлдвэрийн барилгын инженер” мэргэжилтэн байх ёстой, гэтэл ерөнхий инженер  Д.Баасанжаргал гэдэг хүний диплом нь энэ  шаардлагыг хангахгүй, “барилгын менежмент” мэргэжилтэй хүн болох нь тогтоогдож байна. Энэ тухай хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн Х.Ж тодруулахад “ Урьд нь  “Ө” ХХК нь боловсон хүчний асуудлаар хэд хэдэн тендерт татгалзсан хариу авч байсан гэдэг тайлбарыг хэлж байгаа. Тэгэхээр энэ тайлбарыг үндэслээд дүгнэлт хийхэд,  “барилгын менежмент” гэдэг нь” иргэний ба үйлдвэрийн инженер”  мэргэжил биш юм гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

7.13. Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлд тус хорооны 5 гишүүн нь “Ө” ХХК-ийг ТШЗ-д заасан “одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Гэрээ болон комиссын акт ирүүлнэ”  гэдэг шаардлагыг “үгүй” гээд дүгнэсэн байна.

7.14. “Х” ХХК-ийн хувьд боловсруулсан төсөвтэй холбоотой ямар нэгэн зөрчил байхгүй, мөн талуудын хувьд “Х” ХХК-ийн төсөвтэй холбоотой маргаагүй.

Иймд 4 нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв..

8. Хариуцагч аймгийн Засаг даргын 2024 оны А/87 дугаар захирамжаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны шүүхэд гаргасан тайлбар:

8.1. Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаартай захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо тус тендерийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээхэд “Ө” ХХК, “У” ХХК, “Ц” ХХК, “Е” ХХК, “Х” ХХК, “Ө” ХХК гэсэн зургаан компани тендерийн баримт ирүүлсэн ба Үнэлгээний хороо 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, оролцогч компаниудын тендерийн баримттай нэг бүрчлэн танилцаж, үнэлгээ хийж, олонхийн саналаар “Ө”  ХХК-ийг шалгаруулсан.

8.2. “Х” ХХК-ийн гомдлоор Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай албан тоотоор тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Дээрх албан тоотыг үндэслээд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж, олонхийн саналаар дахин “Ө” ХХК-ийг шалгаруулсан.

Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №04, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №05 дугаартай тэмдэглэлүүдэд оролцогч компаниудын ирүүлсэн тендерийн материалын зөрчлүүдийг тодорхой тусгасан.

Иймд холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            9. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

9.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаар захирамжаар  Үнэлгээний хороо байгуулагдсан.  Миний бие Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгээр ажилласан.  Энэ тендерийг цахимаар зарлагдахдаа нийт 6 компани материал явуулсан. Тухайн үед Үнэлгээний хороо хуралдаж, бүх компани  материалыг шалгасан.  Миний хувьд шалгарсан “Ө” ХХК-тай эсрэг байр сууртай байсан. Хуульд зааснаар Үнэлгээний хорооны 3/2 дээш санал авсан компанийг шалгарах ёстой. Тэр журмын дагуу “Ө” ХХК-ийг Үнэлгээний хорооны олонхын саналаар шалгарсан. Тухайн үед миний би Үнэлгээний хорооны бусад гишүүдэд өөрийн  байр сууриа илэрхийлж, хамгаалж оролцсон, хурлын тэмдэглэл дээр тодорхой тусгасан. Тийм учраас би өөрийнхөө байр сууриа хамгаалж оролцож байна.

9.2. “Ө” ХХК-ийн төсөв дээр алдаа байсан.  Миний бие Үнэлгээний хорооны нарийн бичгийн зүгээс тухайн үед хэлж байсан. Товчоо дээр цалингийн зардал, материалын зардал, машин механизмын зардал, тээврийн зардал зэрэг үндсэн 4 зардал байдаг. “Ө” ХХК-ийн төсвийн зардал дээр цалингийн зардал байсан, бусад зардлуудыг төсөв дээр тусгаагүй байсан. Тэр товчоо дээр байгаа материалын зардлыг яаж, тооцож ирүүлснийг бид нар ойлгоогүй. 

Жишээ нь, нэг тонн арматур, цементийг хэдэн төгрөгөөр авч байгаа гэдгийг гаргах ямар ч боломжгүй байсан. Төсөв нь бүрэн бүтэн байх, мэргэшсэн төсөвчин, эсвэл тэргүүлэх түвшинд баталгаажуулж ирүүлэх ёстой. Гэвч “Ө” ХХК нь  ямар материалыг, ямар үнээр, хаанаас татаж авч байгаа, ямар машин, механизм ашиглаж байгаа гэдгийг  харах боломжгүй байсан. Мөн төсөв нь  250,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна гээд тендерийн баримт бичигт ирүүлсэн. Хуульд компаниуд хөнгөлөлт үзүүлэх журамтай. Барилгын чанарт нөлөөлөх учраас цалингийн болон материалын  зардлуудаас компанийн хөнгөлөлтийг үзүүлэх боломжгүй юм гэв.

10. Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

10.1. Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ БШУЯ/20240101011 дугаартай тендер шалгаруулалтын ажилд гомдол гаргасан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Үнэлгээний хороо тус тендерийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээхэд, “Ө” ХХК, “У” ХХК, “Ц” ХХК, “Е” ХХК, “Х” ХХК, “Ө” ХХК гэсэн зургаан компани тендерийн баримт ирүүлсэн ба Үнэлгээний хороо 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, оролцогч компаниудын тендерийн баримттай нэг бүрчлэн танилцаж, үнэлгээ хийж, олонхийн саналаар “Ө”  ХХК-ийг шалгаруулсан тул Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгосон  учир  тус аймгийн Засаг даргын  шийдвэр нь хууль ёсны дагуу гарсан  гэж үзэж байна гэв.

11. Хариуцагч аймгийн Засаг даргын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

11.1. Баян-Өлгий аймаг, Баяннуур сумын  дотуур байрны ажлын БШУЯ 2024 оны 0101011 дугаартай тендерийн ажлын бичиг баримтыг боловсруулах, тендер зарлах аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/87 тоот захирамжаар  байгуулагдсан Үнэлгээний хороо  нь Сангийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээртэй тушаалын хавсралтаар нээлттэй тендерийн  шалгаруулалтын жишиг баримтыг боловсруулан захиалагчаар батлуулан, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тендер сайтад хялбаршуулсан журмаар нийтэлсний дараа урилгад заасны дагуу тендерийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10:00 цаг хүртэл хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10:30 минутад  оролцогч нарыг байлцуулан тендерийг нээсэн.

11.2. Нийт 6 компани оролцож  бичиг баримтыг ирүүлсэн. Үүнд, үнийн хувьд хамгийн бага санал ирүүлсэн “Ө” ХХК-ийг шалгаруулсан.  Тус компанийг шалгаруулсны дараа Үнэлгээний хороо тус аймгийн Засаг даргад 2024 оны 5 дугаар сарын 16-ны зөвлөмж хүргүүлсэн ба үүнд, “Дотуур байрны барилга Баян-Өлгий аймгийн Баяннуур сум БШУЯ24010111 дүгээртэй ажлын үнэлгээний хорооны зөвлөмжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дах хэсэгт заасны дагуу хавсралтаар хүргүүлж байна” гэсэн. 

11.3. Захиалагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу “Ө” ХХК-тай 2,950,000,000 төгрөгөөр гэрээ байгуулахыг санал болгож байна гэж Үнэлгээний хорооны дарга Ө.Х, Ш.М, М.Т, Х.М Х.Ж нар гарын үсэг бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмж хүргүүлсний дараа тус аймгийн Засаг дарга “Ө” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот хүргүүлсэн. Уг албан бичигт “Дотуур байр  100 ор Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу хамгийн сайн үнэлгээ өгсөн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдэж байна” гэсэн.

11.4. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2024 он 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай мэдэгдлийг  “Х” ХХК-д  хүргүүлсэн.  Уг мэдэгдэлд  “Дотуур байрны 100ор  Баян-Өлгий аймгийн Баяннуур сум Боловсрол, БШУЯ 20240101011 ажлыг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасны дагуу шалгараагүй болохыг үүгээр мэдэгдэж  байна” гэжээ. Тус аймгийн Засаг даргын Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу “Ө” ХХК-ийг шалгаруулсныг үндэслэж “Х” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг үндэслэлтэй  гэж үзэж байна.         

 Ийм учраас нэхэмжлэгч компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

12. Хариуцагч Боловсролын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн тайлбар:

            12.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дах заалтад зааснаар Үнэлгээний хороо нь “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” чиг үүрэгтэй байна. Тус хуулийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 тоот бичгээр “Ө” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, Боловсролын ерөнхий газарт 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/855 дугаартай албан бичгээр УТ2401502579 төслийн кодтой “Дотуур байрны барилга /Баян-Өлгий, Баяннуур сум/ ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК шалгарсан тул гэрээ байгуулах албан бичгийг хүргүүлсэн.

            12.2.  Энэхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан бичиг болон Үнэлгээний хорооны тайлангийн дагуу захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6 дах заалтад зааснаар “Худалдан авах гэрээ байгуулах” эрх үүргийнхээ хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Ө” ХХК-тай УТ240150579 дугаартай “XIII.1.1262 дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, Баяннуур сум/ барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэсний дагуу хуулийн хугацааг мөрдөж гэрээг байгуулсан.

            12.3.  Иймд Боловсролын ерөнхий газар нь хуульд заасны дагуу “Ө” ХХК-тай хуулийн хүрээнд гэрээ байгуулах доод хугацааг мөрдөж гэрээ байгуулсан болно гэжээ.

13. Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

13.1. Боловсролын ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийнхаа дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/855 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон бичгийг үндэслээд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн УТ24010579 дугаартай “Ө” ХХК-тай 2,950,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын бичгийг үндэслэн гэрээ байгуулсан болохоор тус гэрээ нь хууль ёсны байгуулсан гэж үзэж байна гэцгээв.

            14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

            14.1. “Ө” ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ ... тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 50-иас доошгүй хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэж заасныг зөрчсөн гэжээ. “Ө” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолт болгож Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/661 дугаартай албан бичгийг хавсаргаж хүргүүлсэн.

Тухайн албан бичигт “...2024 оны Төсвийн тухай хуулийн Боловсрол шинжлэх ухааны сайдын багцад XIII.1.1.148 дугаартай батлагдсан цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор /Увс, Ховд сум/-ын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах комисс ажиллахаар хүлээгдэж байна” гэж тодорхой бичсэн. Бид үүнийг захиалагчийн тодорхойлолт гэж үзэж байгаа бөгөөд албан бичгийн гарчиг хэсэгт төрийн банканд гэж хаягласан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна.

            14.2. “Х” ХХК нь тендер шалгаруулалтын асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай албан бичгээр дээрх тодорхойлолтыг зөрчилтэй гэж тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад мэдэгдсэн.

Аймгийн Засаг дарга дээрх шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийлгэх болж 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1-01/702 дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газарт Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/661 дүгээр тодорхойлолтыг захиалагчийн тодорхойлолтоор тооцож болох эсэх талаар тодруулга авахаар хандсан.

14.3. Боловсролын ерөнхий газар нь Увс аймгийн Ховд сумын 50 ортой цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн захиалагч бөгөөд тус газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/2011 дугаартай албан бичгээр “...Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдэд Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-тай захиалагчийн хяналтын гэрээ байгуулан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг тул Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/661 дүгээр тодорхойлолтоор “Ө” ХХК-ийн гүйцэтгэж буй цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор /Увс, Ховд сум/-ын ажлыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад  оруулах комисс ажиллахаар хүлээгдэж  байна гэсэн нь үнэн бөгөөд захиалагчийн тодорхойлолтод тооцох бүрэн боломжтой” гэсэн хариу ирүүлсэн.

14.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 50-иас доошгүй хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана гэж заасныг зөрчсөн гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Тус компани нь тендерийн материал бэлдэхдээ үүнийг анхаарч тендерийн материалыг хүргүүлж ажилласан.

            “Ө” ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот тушаалаар “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор /Увс, Ховд сум/ БШУЯ/202102054 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийн ажлын ерөнхий удирдаач, төслийн талбай дээр ажил удирдан гүйцэтгэгч барилгын ерөнхий инженерээр Б.У, талбайн даамал /барилгын техникч/-ээр М.Ц, Холбоо, мэдээлэл технологийн инженерээр Х.Тилек, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Б.О нарыг томилсон бол 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тушаалаар Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/, БШУЯ/20240101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийн ерөнхий инженерээр Д.Б, Барилгын инженерээр М.Ш, цахилгааны инженерээр С.Ц, халаалт, агаар сэлгэлт, сантехникийн инженерээр Т.З, усан хангамж, ариутгах татуургын инженерээр Э.Г, холбоо, мэдээлэл технологийн инженерээр Х.Т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар С.Б нарыг томилсон. Энд зөвхөн холбоо, мэдээлэл технологийн инженерээр Х.Т давхацсан нь ТШЗ 19.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж байна.

            14.5. Д.Б нь 2009 онд ШУТИС-ийг барилгын менежмент мэргэжлээр, үйлдвэрлэлийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/68 дугаар тушаалаар мэргэшсэн инженерийн зэргийг барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд авсан, мэргэжлээрээ 15 дах жилдээ ажиллаж байгаа хүн. Түүний суралцаж төгссөн сургууль, судалсан хичээлийн кредит цаг, ажлын туршлага, мэргэжил, мэргэшсэн инженерийн байдлыг харгалзан ерөнхий инженерээр томилсон.

 Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1-01/702 дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газарт Д.Б барилгын инженерээр тооцох болох эсэх талаар тодруулга авахаар хандсан. Боловсролын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/2011 дугаартай албан бичгээр тооцох боломжтой гэсэн хариу ирүүлсэн гэжээ.

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  тайлбарт:

15.1. Нэхэмжлэгч талын хөндөж байгаа эхний асуудал нь  “Ө” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б гэдэг хүн тавигдах шаардлагыг хангахгүй байна гэж тайлбар гаргаж байна. “Ө” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б нь 2009 онд Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Барилгын инженерийн  сургуулиас барилгын менежмент мэргэжлээр суралцан төгссөн.  Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаар тушаалаар Д.Б энэ барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд мэргэжлийн зэрэг авсан. Мөн мэргэжлээрээ 15 дах жилдээ ажиллаж байгаа. Энэ хүн бол холбогдох мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа гэдэг үндэслэлээр  холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн байдаг. Д.Б бол 2009 онд төгссөн. Тухайн үед Боловсролын шинжлэх ухааны сайдын 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай тушаалаар баталсан мэргэжлийн индекс чиглэл  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тухайн чиглэл нь 2010, 2014 онуудад  өөрчлөгдсөн. Энэ талаар судалж үзэхэд, 2005 оны индексий баталж, дараа нь 2010 онд шинэчлэн батлагдахаа Монгол Улсын хэмжээнд  800 орчим мэргэжлийн чиглэл байсан. Үүнийг зохицуулаад ерөнхий чиглэлийг багцлаад 300 орчим болгож  бууруулсан  байна. Энэ тушаалын 2 дахь заалтаар  өмнө нь мөрдөж байсан мэргэжлийг холбогдох мэргэжлүүдтэй дүйцүүлэн тооцож ажиллахаар тушаал дээр тодорхой заасан.

15.2. Тухайлбал, Шинжлэн ухаан технологийн Их сургуулийн Барилгын инженерийн сургуулийг төгсөөд” барилгын менежмент” гэдэг мэргэжлийг барилгын чиглэлээр авсан учраас  “иргэний ба үйлдвэрийн барилга” гэх мэргэжлийн чиглэлд  дүйцүүлэн тооцох ёстой гэдэг байр сууринаас хандаж байна.  2024 онд баталсан мэргэжлийн индексийг үндэслэж тайлбарлая. 

Өмнө нь бол гол чиглэлүүдээ бариад явдаг байсан.  Дараа нь шинэчлээд батлахдаа ерөнхий чиглэл гээд мэргэжлийн чиглэл хөтөлбөрүүдийг тус тусдаа болгосон. Үүнд, ерөнхий чиглэл инженер, үйлдвэрийн зохион байгуулалт 73 дугаар дээр барилга ба угсралт гээд дотроосоо “иргэний ба үйлдвэрийн барилга” гэдэг нь нарийвчилсан мэргэжил болгож, хөтөлбөрүүд хуваагдсан. Барилгын чиглэлийн бүх хөтөлбөрүүд бол “иргэний ба үйлдвэрийн барилга” гэдэг чиглэлд хамаарч байгаа учраас тухайн шаардлагыг хангаж  байсан гэж үзэж байна. Мөн “Ө” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б барилгын менежмент  мэргэжилтэй  инженер биш юм бол 2023 онд энэ хүнд барилгын угсралтын чиглэлээр  мэргэжлийн инженерийн зэрэг олгох шаардлага байхгүй байсан.

15.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар Увс аймгийн Ховд сумын цэцэрлэгчийн барилгатай холбоотой асуудал яриад байна. Тухайн үед бол Барилга, хот байгуулалтын барилгын хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны  өдрийн 262-661 дүгээр албан бичиг хавсраад ирүүлсэн. Энэ бичигт Увс аймгийн Ховд сумын  50 хүүхдийн цэцэрлэгчийн өргөтгөлийн барилгын ажил нь дууссан. Ажлын комисс ажиллахаар хүлээгдэж байна гэдэг байдлаар ирүүлсэн. Сангийн яамнаас албан бичгийг бас тодруулаад, үнэлгээ дахин хийгээд ирүүлсний дараа захиалагчаас  Боловсролын ерөнхий газарт хандсаны дагуу  Боловсролын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/2021 дүгээртэй албан бичгээр бол албан ёсны хариу ирсэн. Үүнд, “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол шинжлэх ухааны яам  болон Боловсролын ерөнхий газрын чиглэлээр хэрэгжиж байгаа барилга хөтөлбөр арга хэмжээнүүд дээр Барилга хөгжлийн төв, төрийн өмчийн үйлдвэрийн газартай бол хяналтын гэрээ байгуулдаг юм. Өөрөөр хэлбэл, хяналтын чиг үүргийг энэ байгууллага хэрэгжүүлдэг юм. Тийм учраас  тухайн ирүүлсэн албан тоотыг захиалагчийн дүгнэлтэд тооцох боломжтой” гээд тайлбар ирүүлсэн.

15.4. Захиалагчийн хяналттай холбоотой Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүргийг  заагаад өгсөн. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “ захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний  үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлүүлэн хэрэгжүүлж болно” гэж заасан.  Боловсрол шинжлэн ухааны яам болон Боловсролын ерөнхий газар нь Барилгын хөгжлийн төвтэй захиалагчийн хяналтын гэрээ байгуулаад энэ хүрээнд ажиллаж байгаа учраас тодорхойлолт дээр тодорхой дурдсан. Тийм учраас энэ тодорхойлолтыг ирүүлээгүй.

15.5. Өөрөөр хэлбэл, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй гээд байдлаараа тайлбарлаж байна.  Мөн нэхэмжлэгч “Х” ХХК төсөвтэй холбоотой асуудлаар албан ёсоор гомдол гаргаагүй буюу нэхэмжлэл дээр дурдаагүй байсан. Энэ асуудал  “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдагдсан. Тухайн үед бид нар үүнтэй холбоотой тайлбаруудыг гаргаж байсан.  Үүнд,  ТШЗ 19.2 дах хэсэгт “техникийн чадавх болон туршлага, нотлох баримтын тендер дээрх нэмэлт материалыг нэг дор  ажлын тоо хэмжээ, зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлын төсвийн холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм нормативыг үндэслэн эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулан ирүүлнэ”, 2 дахь хэсэгт “ техник технологийн хяналтын зардал, зөвлөлт бичлэгээ, захиалагчийн хяналтын зардал, бусад татвар хураамжийг бол өөрийн төсөвт нэмж ирүүлнэ” гэж заасан.

15.6. Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн  барилгын төсөв зохиох дүрэм бий. Энэ хүрээнд Д.Б гэдэг хүнээр  нийтдээ 62 хуудас төсөв хийлгэсэн. Эхний хэсгийг  компьютероор шивээд, түүнд гарын үсэг зураад, үлдсэн хэсгийг “Estimator Pro” гэх барилгын төсөв зохион албан ёсны  программын хүрээнд хийсэн. Нэхэмжлэгч талын дурдаад байгаа тэр зарим зардлууд  дутуу, алдаатай гарсан гэдэг асуудал дээр  “Ө” ХХК-ийн ирүүлсэн төсвийн дотор  зардал болон  задаргаанууд бүгд байна.  Сангийн яам  2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3/3254  дүгээр тоотоор гомдлыг хянаж хариу ирүүлсэн  албан бичигт “тендерийн албан ёсоор задаргаа ирүүлэх талаар тендерийн баримт бичиг дээр  тодотгоод дурдаагүй байна. Тийм учраас төсвийн задаргаа бол дутуу ирүүлсэн гэдэг байдлаар гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй” гэсэн.

15.7. Мөн  зарим хүмүүс давхацсан гэдэг асуудал  яригдаж байна. Увс аймгийн Ховд сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2024 оны 01 дүгээр сард дуусаад, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад орсон. Түүнтэй холбоотой материалыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Хурлын тэмдэглэл дээр цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан санал  нь “Увс аймгийн Ховд сумын  цэцэрлэгчийн ажил 2024 оны 1 дүгээр сард дууссан, тодорхой шалтгаануудаас болж хойшлогдоод байсан” гээд дурдсан. Нэхэмжлэгч талаас  техник хэрэгслүүд бүгд давхацсан гэдэг байдлаар дурдаад ярьж байна.

 Гэхдээ хэрэгт цугларсан холбогдох нотлох баримт болон өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлийн үндэслэлээрээ бол энэ талаар дурдаагүй байсан. Хавтаст хэрэг дотор техник хэрэгсэлтэй холбоотой бичиг баримт авагдаагүй,  давхацсан давхцал байхгүй байсан гэдгийг тайлбарлаж хэлье.

15.8. “Ө” ХХК-ийг яагаад шалгаруулсан бэ гэдэг асуудлын хүрээнд тайлбарлая. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ батлан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах хэсэгт “ Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийн баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер үзнэ” гэж заасан. Үнэлгээний хороо бол 2024 оны 3 дугаар сарын 25-ны  өдрийн үнийн дүнгээ жагсаасан. Хамгийн бага үнийн санал, хөнгөлөлт үнийн дүн гээд хамгийн бага үнэлгээтэй бол” У” ХХК 2,857,000,865 төгрөг, дараа нь “Ө” ХХК нь 2,950,000,0000 төгрөг санал болгосон. Үнийн дүн дээр талууд маргаагүй гэж үзэж байна.

15.9. Тэгэхээр “У” ХХК-ийг шалгараагүй учраас дараагийн үнийн хувьд хамгийн сайн тендер бол “Ө” компани болж байгаа учраас шалгаруулсан нь  хууль зүйн үндэслэлтэй. Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон  хэргийн оролцогчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-т зааснаар  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргасан асуудалд дүгнэлт хийж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

2.  Тогтоогдсон үйл баримтын тухайд:

2.1. Баян-Өлгий аймгийн Засаг дарга буюу захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаар захирамжаар[1] байгуулагдсан Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ БШУЯ/20240101011 дугаар ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, 3.200.000.000 /гурван тэрбум хоёр зуун сая/ төсөвт өртөгтэй БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ бүхий барилгын ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтын  баримт бичгийг боловсруулж захиалагчаар батлуулах, мөн уг баримт бичгийг болон бусад холбогдох баримтуудыг www.tender.gov. mn цахим хуудаст нийтлэн зарлах зэрэг асуудлыг хэлэлцэж хуралдааны тэмдэглэлдээр[2] шийдвэр гаргажээ.

2.2. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 26.1, ТШЗ 26.2-т тус тус зааснаар оролцогчдын тендер хүлээн авах эцсийн хугацааг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл, тендерийг нээх хугацааг тухайн өдрийн 10:30 цагт гэж тогтоосны дагуу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10:30 цагт тендерийг нээхэд, нийт 6 компаниас тендер ирүүлсэн бөгөөд эдгээр тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн санал нь доорх хүснэгтэд зааснаар  тухай өдрийн хуралдааны тэмдэглэлд[3] тусгагджээ. Үүнд,

Компани

Үнийн санал

Үнийн хөнгөлөлт

Үнийн хөнгөлөлт хассан дүн

1

“Ө” ХХК

3,200,987,363.0

250,987,363.0

2,950,000,000.0

2

У” ХХК

3,097,865,793.0

240,000,793.0

2,857,865,000.0

3

“Ц” ХХК

3,183,800,258.0

133,800,258.0

3,050,000,000.0

4

“Е” ХХК

3,201,882,897.0

51,882,897.0

3,150,000,000.0

5

“Х” ХХК

3,120,511,023.0

50,511,023.0

3,070,000,000.0

6

“Ө” ХХК

3,199,769,580.0

63,995,391.0

3,135,774,189.0

 

 2.3. Улмаар Үнэлгээний хороо нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар уг 6 компанийн тендерт үнэлгээ хийж, олонхийн саналаар  захиалагчийн тавьсан үндсэн шаардлагыг “хамгийн сайн хангасан” гэж үзэн  “Ө” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр тухайн өдрийн тэмдэглэлээр[4] шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг  үндэслэн захиалагч нь шалгарсан “Ө” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/539 дугаартай мэдэгдлийг[5], шалгараагүй бусад тендер оролцогчдод буюу “У” ХХК-д 1-01/540, “Ц” ХХК-д 1-01/541, “Х” ХХК-д 1-01/542, “Е” ХХК-д 1-01/543, “Ө” ХХК-д 1-01/538 дугаартай мэдэгдлүүдийг[6] хүргүүлж, тус бүрт нь шалгараагүй үндэслэлүүдийг заасан байна.

2.4. Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн мэдэгдлийг эс  зөвшөөрч нэхэмжлэгч  нь Сангийн яаманд гомдол гаргаснаар, Сангийн яамнаас тендер шалгаруулалттай холбоотой бичиг баримтуудыг хянаж үзээд, шалгарсан “Ө” ХХК-ийн томилсон ерөнхий инженерийн мэргэжлийн шаадлага нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан ерөнхий инженерийн мэргэжлийн шаардлагад нийцэх эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэн, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай албан бичгээр[7] “Ө” ХХК-д захиалагчаас хүргүүлсэн “Гэрээ олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх талаар мэдэгджээ.

2.5. Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу Үнэлгээний хороо нь Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/2011 дугар албан бичгээр[8] тодруулга авсны дараа 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, тендерт ирүүлсэн баримт бичгүүдээд дахин үнэлгээ хийж, Үнэлгээний  хорооны  05 дугаар тэмдэглэлээр[9] “Ө” ХХК-ийг дахиж шалгаруулж, шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр захиалагч 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг[10] “Ө” ХХК-д, 1-01/836 дугартай мэдэгдлийг[11] “Х” ХХК-д тус тус хүргүүлсэн, “Ө” ХХК-ийн захирал А.А нь  дээрх мэдэгдлийн дагуу Боловсролын ерөнхий газрын дарга Т.Н УТ 2401502579 дугаартай, “XIII.1.1.262 Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”[12]-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.6. Дээрх үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

3. Маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлүүдийн тухайд:

1. Нэхэмжлэгч талаас  гуравдагч этгээд “Ө” ХХК-ийг тендерийг  Үнэлгээний хороо “хамгийн сайн” тендер гэж үнэлснийг эс зөвшөөрсөн үндэслэлээ ”... өгөгдлийн хүснэгтэд заасан хүний нөөцөд хамаарах шаардлагын “ерөнхий инженер” хэсэгт санал болгож ирүүлсэн инженер Д.Б мэргэжил нь “Барилгын менежмент” байх бөгөөд энэ нь ТШЗ-ын 19.1-т заасан “Ерөнхий инженер нь иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжилтэй байна” гэх шаардлагыг хангаагүй, тендерт ирүүлсэн ажлын төсвийг зохих дүрмийн дагуу тооцож ирүүлээгүй, материалын болон тээврийн, машин механизмын төсвийн задаргааг хийгээгүй, Увс аймгийн Ховд сумын 50 ортой барилгын ажлыг тендер зарласан үед дуусаагүй байсан, энэ талаар шаардагдах материалаа ирүүлээгүй” гэж тайлбарлан маргасан байх ба шүүх уг тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “"тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;” 11 дүгээр зүйлийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”,11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”,  26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус хуульчилжээ.

3.  Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ БШУЯ/20240101011 дугаар ажлын тендерийн бичиг баримтын буюу өгөгдлийн хүснэгтийн 19.1-т заасан  туршлагын шаардлагад “Ерөнхий инженер”-т тавигдах мэргэжлийн шаардлагыг[13] “Иргэний ба үйлдвэрийн барилга” гэж тусгажээ.

4. Гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерт тухайн барилгын ажлын Ерөнхий инженерээр D,,,,,, дугаар дипломтой[14], D340901 мэргэжлийн индекстэй[15], “Барилгын менежмент” мэргэжилтэй,  “Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд мэргэшсэн инженер”-ийн зэрэгтэй, МИ,,,,,,, дугаар мэргэшсэн инженерийн гэрчилгээтэй[16] Д.Б санал болгож ирүүлсэн нь тендерийн бичиг баримтад заасан “Ерөнхий инженер”-т тавигдах  мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Тодруулбал, Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийг баталсан Боловсрол,  шинжлэх ухааны сайдын 2005 оны 6 дугаар сарын 02-ны  өдрийн 181 дүгээр тушаал, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаар тушаал,2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаал, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалуудаас үзэхэд, “барилгын менежмент” мэргэжил нь “бизнес ба удирдлага, эрх зүй” гэсэн ерөнхий чиглэлийн “бизнес ба удирдахуй” төрөлжсөн чиглэлд, харин   “иргэний ба  үйлдвэрийн барилга” мэргэжил нь ”инженерчлэл, үйлдвэрлэл барилга байгууламж” гэсэн ерөнхий чиглэлийн “архитектур, барилга угсралт” төрөлжсөн чиглэлд хамаарч байна.

5. Түүнчлэн, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 200 дугаар “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм батлах тухай” тушаалын хавсралтын 1.1.-т “Монгол Улсын барилгын салбарын ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, онолын мэдлэг, практикийн дадлага олгох замаар давтан сургах, салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.” гэж заасан бөгөөд энэ дүрмийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох асуудлыг зохицуулсан нэгдүгээр хавсралтын “Барилгын салбарын мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, тавигдах шаардлага” хэсгийн 2.1-т “Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд” мэргэшсэн зэрэг олгоход шаардагдах мэргэжлийг “Барилгын инженер, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, барилгын үйлдвэрлэлийн технологи мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх” гэж заасан байх ба “Барилгын менежмент” мэргэжилтэй иргэнд “Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд мэргэшсэн инженер”ийн мэргэшлийн зэрэг олгосон нь дүрмийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байх тул Д.Б  “Барилгын угсралтын ажлын хүрээнд ажиллах мэргэжлийн инженер” гэж үзэх боломжгүй юм.

6. Захиалагчаас баталсан Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ.Үүнд, 1. Ажлын тоо хэмжээ, зураг төслийн дагуу барилга усралтын ажлын төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан төсвийг ирүүлнэ” гэж заасан  ба гуравдагч этгээд “Ө” ХХК -ийн  ирүүлсэн “Баян-Өлгий, Баяннуур сум, 100 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлын төсөв “-ийг эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байх боловч эрх бүхий байгууллагаас  баталсан норм, нормативын дагуу   хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 7. Барилга,хот байгуулалтын сайдын  2020 оны 30 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн 1.3-т “ Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө болон тэдгээртэй адилтгах төсвийн бус эх үүсвэрээр санхүүжигдэх барилга байгууламжийн төсөв тооцоо хийхэд өмчлөлийн хэлбэр, харъяаллаас үл хамааран энэ дүрмийг мөрдөнө”, 3.4-т “ Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэБатлагдсан зураг төслийг үндэслэн төсвийн тооцоог хийх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрмийн дагуу тооцно...”, 3.18-ийн в)-д “Төсөв зохиох ажлыг гүйцэтгэх:  Нэгбүрчилсэн төсөв зохиох; ...”;  4.6-д “ Нэгбүрчилсэн төсвөөр тодорхойлсон барилга угсралтын ажлын өртөг нь  шууд зардал, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардал (нэмэгдэл зардал), төсөвт ашиг гэсэн бүрэлдэхүүнтэй байна”,  4.6.1-д “ Шууд зардалд ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгцээтэй дараах зардлыг  тооцно: Материалын /материал, хийц, эдлэхүүн/,  Барилгын машин, механизмын ашиглалтын; Хөдөлмөрийн /ажилтны хөдөлмөрийн хөлс:, Талбайн инженер техникийн ажилтны цалин; Тээврийн /материалын нөөцийг ажлын талбайд хүргэх/, Ажилтны нэмэгдэл цалин /илүү цаг, амралт, баяр ёслолын өдөр, шагнал урамшуулал, ээлжийн амралт, өвөл цагийн ажилгүй байсан үеийн, цаг агаарын саатал, сул зогсолтын цалин, даатгал, болон харуул хамгаалалтын цалин гэх мэт/, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх хэсэг; Хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын багаж хэрэгслийн зардал” гэж тус тус заажээ.

8. Гуравдагч этгээдийн цахим системээр ирүүлсэн барилга угсралтын ажлын төсвөөс үзэхэд, барилга угсралтын нэгдсэн товчоонд[17] заасан ажиллах хүчний зардлыг дээрх дүрмийн 4.13-4.20-т заасны дагуу  тодорхойлж ирүүлсэн боловч бусад шууд зардалд хамаарах материалын нөөц, тээврийн зардлыг дүрмийн 4.21-4.33-т зааснаар, барилгын машин ашиглалтын төсөвт зардлыг 4.34-4.37-д зааснаар тус тус тодорхойлж ирүүлээгүй байх тул  захиалагчаас тендерийн баримт бичгээр шаардсан төсвийг холбогдох норм, нормативыг дагуу гаргаагүй, тендерийн баримт бичгийн нэмэлт шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

9. Тендерийн баримт бичгийн техникийн  болон туршлагын шаардлагыг заасан 19.1-т “Сүүлийн 3 жил /2021, 2022, 2023 он/” гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг гаргаж, гэрээ болон комиссын актыг, хэрэв  гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заажээ.

10. Гуравдагч этгээдийн  цахим системээр ирүүлсэн тендерт сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн нийт 11 ажлын жагсаалтыг захиалагчаас тогтоосон загварын дагуу гаргаж, гэрээ болон ашиглалтад оруулсан комиссын дүгнэлтийг ирүүлсэн  байх ба хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэлд “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 50 ор,/Увс, Ховд сум/ мэдүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захиалагч буюу Боловсролын ерөнхий газрын даргатай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Барилгын угсралтын ажлын хугацааг сунгах гэрээг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус ирүүлсэн атлаа тендерийн баримт бичигт шаардсанаар тендерт оролцогчийн өөрийн тайлбар болон захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байх тул техникийн чадавхийн шаардлагыг гүйцэт хангаж ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Мөн хариуцагч Үнэлгээний хорооноос тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, тендерт оролцогчдын шалгуур, үзүүлэлт бүрээр үнэлсэн, тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар хэсгийн 9-т[18] заасан “ТШЗ 19.1.Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажил гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Гэрээ болон комиссын акт ирүүлнэ”, 10-т[19] заасан “ТШЗ.19.1. Ажил гүйцэтгэх хүний нөөц”  үзүүлэлтүүдийн “Ө”-д холбогдох хэсэгт “үгүй” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь тухайн компанийн тендер шаардлагад нийцээгүй тендер болохыг нотолж байна.

12. Иймээс дээрх үндэслэлүүдээр Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ БШУЯ/20240101011 дугаар ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн тендерийг  тендерийн бичиг баримтад заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан,  хамгийн сайн тендер гэж шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр хуульд нийцээгүй, уг шийдвэрийг үндэслэж аймгийн Засаг дарга буюу захиалагчаас “Ө” ХХК-д  хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл,  дээрх мэдэгдлийн дагуу байгуулсан “Ө” ХХК-ийн захирал А.А болон Боловсролын ерөнхий газрын дарга Т.Н нарын хоорондын УТ 2401502579 дугаартай, “XIII.1.1.262 Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь тус тус хууль бус тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Үнэлгээний хороо “шаардлагад нийцээгүй тендер” гэж үнэлээгүй,  тендерт оролцогчдын тендерийн бичиг баримтад заасан шалгуур, үзүүлэлт бүрээр гаргасан Үнэлгээний хорооны судалгаа[20], тендерийн иж бүрдэл, тендерт оролцогчийг гэрээг хэрэгжүүлэх чадвар тендерт оролцогчийн эрх бүхий эсэх[21] үнэлгээ бүрт “тийм” гэж тэмдэглэгдсэн байдлаас үзэхэд, захиалагчаас тогтоосон тендер шалгаруулалтын  баримт бичигт заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан, шаардлагад нийцсэн тендер гэж үзэхээр байна.

14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:”, 11.4.1-т “харьцуулах үнэ”, 11.4.2-т “ашиглалтын хугацааны өртөг;”, 11.4.3-т “чанар ба үнийн хосолмол”,  27 дугаар зүйлийн 27.1-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27.5-т “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж тус тус заажээ.

15.Тендерийн бичиг баримтын ТШЗ 32.1-т “Тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх: “Үгүй”” гэж заасан бөгөөд шаардлагад нийцсэн тендерээс харьцуулалтын үнээр, өсөх дарааллаар хамгийн сайн тендерийг шалгаруулах ба энэ тендерийн хувьд оролцогч 6 компанийн “Ө” ХХК-ийн тендер шаадлагад нийцээгүй талаар шүүх дээрх үндэслэлүүдээр дүгнэсэн, үлдсэн “”У”ХХК, “Ц” ХХК, “Ө” ХХК-уудад захиалагчаас шаардлагад хангаагүй үндэслэлүүдийг тодорхой  зааж мэдэгдлүүдийг[22] хүргүүлсэн, харин “Х” ХХК болон “Е” ХХК-уудад хүргүүлсэн мэдэгдлүүдэд[23]  “Ө” шалгарсан тухай мэдэгдсэн байх ба шаардлагад нийцсэн тендерүүдийн ирүүлсэн үнийн саналыг эрэмбэлэхэд, “Х” ХХК нь 3.070.000.000 /гурван тэрбум далан сая/, “Э” ХХК нь 3.150.000.000 /гурван тэрбум нэг зуун тавин сая” төгрөг байх ба хамгийн сайн тендерийг “Х” ХХК ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул захиалагчаас “Х” ХХК-д хүргүүлсэн шалгараагүй тухай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаар мэдэгдэл нь  хууль бус байна.

16. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 30 дугаар зүйлийн  30.1-т “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 50 дугаар зүйлийн  50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу “Х” ХХК-ийн тендерийг захиалагчаас тогтоосон бүх шаардлагад нийцсэн, хамгийн сайн тендер гэж үзэн  шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, уг зөвлөмжийг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт  тус тус даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.4, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1, 26 дугаар зүйлийн 26 зүйлийн 26.1, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаар (1), 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаар  мэдэгдлүүдийг (2),  Баян-Өлгий, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаар дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар “Ө” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийг (3), Боловсролын ерөнхий газрын “Ө” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаар дотуур байрны барилга угсралтын гэрээг (4) тус тус хууль бус  болохыг тогтоож,  хүчингүй болгож,

Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаар тендерийн гүйцэтгэгчээр Х ХХК-ийг шалгаруулах зөвлөмж гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Тендерийн Үнэлгээний хороонд (5), “Х” ХХК-тай БШУЯ/20240101011 дугаар дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ бүхий барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт (6) тус тус даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

 

           

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 36 дугаар тал /1 хавтас/

[2] Хэргийн 37-43 дугаар тал /1 хавтас/

[3] Хэргийн 46 дугаар тал  /1 хавтас/

[4] Хэргийн 48-51 дүгээр тал /1 хавтас/

[5] Хэргийн 61 дүгээр хуудас /1 хавтас/

[6] Хэргийн 62-66 дугаар тал /1 хавтас/

[7] Хэргийн 9-10 дугаар тал /1 хавтас/

[8] Хэргийн 84 дүгээр тал /1 хавтас/

[9] Хэргийн 81-82 дугаар тал /1 хавтас/

[10] Хэргийн 121 дүгээр тал /1 хавтас/

[11] Хэргийн 67 дугаар тал /1 хавтас/

[12] Хэргийн 208-209 дүгээр тал /1 хавтас/

[13] Хэргийн 2 дугаар тал /2 хавтас/

[14] Хэргийн 215 дугаар тал /1 хавтас/

[15] Хэргийн 216 дугаар тал /1 хавтас/

[16] Хэргийн 217 дугаар тал /1 хавтас/

[17] Хэргийн 45 дугаар хуудас /2 хавтас/

[18] Хэргийн 54 дүгээр тал /1 хавтас/

[19] Хэргийн 55 дугаар тал /1 хавтас/

[20] Хэргийн 52 дугаар тал /1 хавтас/

[21] Хэргийн 58 дугаар тал / 1 хавтас/

[22] Хэргийн 62, 63, 66 дугаар тал /1 хавтас/

[23] Хэргийн 65 дугаар тал /1 хавтас/