Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/415

 

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

цагаатгагдсан этгээд Б.Бын өмгөөлөгч М.Бэлгүтэй,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцлээр Б.Бт холбогдох эрүүгийн 2208000001955 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овогт Бгийн Б 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Т” ХХК-д кузов засварчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн ам гэх газраас хохирогч С.Дын эзэмшлийн “улаан хүрэн зүсмийн, шүдлэн эм, баруун талын чих тайрсан эмтэй”, “саарал зүсмийн, шүдлэн эр, зүүн талын чих нь тайрсан эмтэй” нийт 2 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001955 дугаартай хэргийн шүүгдэгч Х овогт Бгийн Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1503 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн 2208000001955 дугаартай хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй мөн алдаа зөрчилтэй байна. Тухайлбал, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгасугай” гэж бичигдсэн нь буруу юм. Энэ зүйл заалт тогтоолын удирдлага болгох зүйл заалтад хамаарна. Өөрөөр хэлбэл, дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Мөн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн 5-д хэргийн дугаарыг 220300050207 дугаар гэж буруу бичсэн. Тогтоох хэсгийн 2 болон тодорхойлох хэсгийн 5-д прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1503 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож гэсэн нь ойлгомжгүй байна. Үүний үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-д “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасныг зөрчсөн. Яллах дүгнэлт нь өөрөө прокурорын эцсийн шийдвэр биш бөгөөд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь хуулийн шаардлагыг хангана. Яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж байгаа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол хүчинтэй. Мөн Б.Бын хувьд яллагдагч гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хэвээр үлдсэн байна гэж ойлгогдохоор байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 6-д “...Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай” заавал тусгахаар заасныг зөрчсөн. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 20 минутад Манлайбаатар хүлээн авч бүртгэлд авсан бөгөөд Бүртгэлийн ө-14736 дугаарт бүртгэж авсан байна. Дээрх гомдол хүлээн авсан тогтоолд ахмад Х.Нямхишигт шалгаж шийд гэж тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга О.Цэрэндаваа нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Нямхишигт цохолт хийсэн байна. 2022 оны 10 дугаар сарын 21-нээс өмнө жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Эрхэс, Б.Сэргэлэнбаатар нар нь үүрэг гүйцэтгэж байх явцдаа мөрдөгчийн тэмдэглэл “...уг 2 үхрийг авч ирсэн гэх Бгийн Б /РД:-/ гэгчээс асуухад урьд шөнө бэлчээрээс нь салгаж авч ирж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарын 9-01 тоотод ... авч ирж хашсан, өглөө зарах гэж байсан” гэх тул уг 2 үхрийн эзнийг эрэн сурвалжлахад тус хороонд оршин суух Зоригт /УВ59061819/ урьд шөнө бэлчээрээс алдсан ... мөн байна гэсэн тул уг үхрийг 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б.Эрхэс нарын хамт дуудлага-10-т мэдэгдэж ажиллалаа гэж эргүүлийн цагдаа Б.Сэргэлэнбаатар” гэсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл Зоригтод хүлээлгэн өгсөн тухай Б.Сэргэлэнбаатар, хөндлөнгийн 2 гэрч байлцуулан хүлээлгэн өгсөн байна. Үүний дараагаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг мөрдөгч цагдаагийн ахмад Х.Нямхишигт цохолт хийсэн бөгөөд Х.Нямхишиг нь хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргах, яллагдагчаас мэдүүлэг авах, хэргийг шүүхэд шилжүүлэх санал зэргийг үйлдсэн байна. Харин тус хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч ахлах дэслэгч Б.Эрхэс нь 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр үнэлгээ хийлгэх шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдсэн байдаг бөгөөд дээрх мөрдөгчийг шүүхээс албан ёсоор хэрэгт шалгахаар томилсон тогтоолгүй мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийсэн гэж үзсэн. Хэрэгт хийгдсэн эд зүйлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаас явуулж үнэлгээ хийсэн байхад шинжээч томилсон мөрдөгч оролцох эрхгүй гэж дүгнэсэн байдаг. Дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд заасан мөрдөгч оролцож болохгүй тохиолдол гэдэгт оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэж болно гэсэн бөгөөд шүүх хуралдаан хүртэлх хугацаанд оролцогч гомдол хүсэлт гаргаагүй мөн түүнчлэн тус хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан оролцуулахгүй байх үндэслэл тогтоогдоогүй буюу аль үндэслэлд нь хамаарч байгааг шүүх тодорхой дүгнэж бичээгүй, хэрэгт авагдсан яллагдагчийн өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр давхар баталгаажиж байгаа зэрэгт үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр баримтуудыг ерөнхийд нь дүгнэж, үнэлэлгүй хэргийг цагаатгасан гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/167 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Бын өмгөөлөгч М.Бэлгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн зохицуулалттай нийцэж байна гэж цагаатгах тогтоолд дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч өөрөө илрүүлсэн гэдэг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар эрх зүйн акт буюу тогтоол үйлдэж мөрдөн шалгах эрхтэй этгээдийг албаны дарга томилохоор байдаг. Уг хэрэгт мөрдөн шалгах эрхгүй этгээд буюу нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлсэн эрх зүйн акт байхгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Цуглуулсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн ам гэх газраас хохирогч С.Дын эзэмшлийн “улаан хүрэн зүсмийн, шүдлэн эм, баруун талын чих тайрсан эмтэй”, “саарал зүсмийн, шүдлэн эр, зүүн талын чих нь тайрсан эмтэй” нийт 2 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Бын үйлдлийг “...Эрүүгийн 2208000001955 дугаар хэрэгт хавтаст хэргийн 4-5-р хуудаст 2022 оны 10 сарын 20-ны өдөр эргүүлийн цагдаа ахлах дэслэгч Б.Сэргэлэнбаатарын үйлдсэн “улаан шүдлэн үхэр 1 ширхэг, цагаан сартай ягаан шүдлэн үхэр 1 ширхэг хураан авч хүлээлгэн өглөө /хүлээн авсан: Зоригт/” гэх агуулгатай илтгэх хуудас хэрэгт авагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн яллагдагчаар татсан тогтоолд гэмт хэргийн хохирлыг хохирогч С.Доржпагамын эзэмшлийн улаан хүрэн зүсмийн шүдлэн, саарал зүсмийн шүдлэн гэсэнтэй тохирохгүй байх төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагаанд нотолж чадаагүй нөхцөл байдал гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 заасан нь хуулийн 10.9 дүгээр зүйлд заасан мөрдөгч оролцож болохгүй тохиолдлоос сэргийлэх болон мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангуулах ач холбогдолтой юм. Харин гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд цагдаагийн ахмад Х.Нямхишигт уг хэргийг шалгаж шийдэх талаар албаны даргаас мөрдөгчийг томилсон атал цагдаагийн дэслэгч Б.Эрхэс 2022 оны 11 сарын 6-ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үйлдэж, Хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төдийгүй, өөр мөрдөгч томилсон шийдвэр хэрэгт байхгүй байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь 2 тооны шүдлэн үхэр алга болсон талаарх үйл баримтыг нотолж тогтоосон байх ба бусад баримт болох гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Быг хохирогчийн эзэмшлийн 2 тооны үхрийг хууль бусаар авсан гэх гэмт хэргийн нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан хуулийн заалтыг зөрчсөн дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй төдийгүй тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн зарим ажиллагаа хуульд нийцээгүй нөхцөл байдал байгаа хэдий ч, хохирогч С.Дын “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө үхрээ нарийн ам руу бэлчээрт гаргаад орой 18 цагийн үед хөндлөнгийн 1 дүгээр гудамжинд байдаг гүний худаг дээр үхрээ услаад, тэнд үлдээгээд гэр рүүгээ явсан. Манай үхрүүд усаа уугаад гэрийнхээ үүдэнд өөрсдөө ирдэг. Тэгээд үхрээ тоолоход шүдлэн үхэр 2 дутаад байсан. Орой болсон байсан болохоор сайн хайж чадаагүй гэрийнхээ ойр орчмоор хайж байгаад унтсан. Тэгээд маргааш нь үргэлжлүүлээд үхрээ хайж байгаад партизаны цагдаад хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа нар залгаад “танай үхэр айлын хашаанаас олдлоо” гээд манай гэрт авчирч өгсөн юм. Ер нь бол манай тэр хавыг тэр чигт нь Нарийн ам гэдэг ба үхрээ Нарийн амнаас алдсан. ...Би хоёр тооны үхрээ буцаагаад авсан. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” /хх 11/,

гэрч Т.Бын “...Тухайн үед энэ хэргийн талаар мэдээгүй байсан. Сүүлд хэд хоногийн дараа Баас сонссон. Б надад хэлэхдээ ажлынхаа хөлсөндөө хоёр үхэр авсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа сэргийлэх гээд яваад байхаар нь ямар учиртай, яагаад цагдаагаар яваад байгаа юм бэ? гээд асуухад үнэнээ хэлсэн ба танихгүй хүний хоёр үхрийг авчихсан юм гэж хэлсэн. ...” /хх 17/,

Б.Бын яллагдагчаар өсгөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны дэвсгэрт байрлах нарийн аманд бэлчээр дээрээ явж байсан 40-50 орчим үхрээс хоёр үхрийг салгаж тууж яваад гэрийнхээ хашаанд оруулж хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмч Заяат дээр очоод малын бичиг авах гээд очсон боловч гэртээ байгаагүй. Тэгээд тус хоёр үхрийг зарах гээд өөрийн Б.Баяраа гэсэн фейсбүүк хаягаасаа “үхэр зарна” гээд хүмүүс рүү чат бичихэд авах хүн олдоогүй. Тэгээд гэртээ байж байсан чинь цагдаа хүрч ирээд “юун үхэр юм бэ?, хаанаас авсан” гээд асуухаар нь “мөнгө олох зорилгоор бэлчээр дээрээс туугаад хашаандаа авчирч тавьсан юм” гэж хэлсэн. Тэгээд нөгөө үхрийн эзэн ирээд аваад явсан. Өөр болсон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-21/ зэрэгт анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлт ...-ийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг дурдахдаа хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайланг няцаан үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай нотлох баримт нь эргэлзээтэй бол ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт болохоос гэмт хэргийн үйл баримтын талаар ашигтайгаар шийдвэрлэх тухай ойлголт биш бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн аливаа этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан заалтыг баримтлан шийдвэрлэх атал анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Иймд прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцэл нь агуулгын хувьд үндэслэлтэй гэж үзэв.

Гэвч, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ.

Ийнхүү анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/167 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх..” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ