Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2024/0046

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч:М.У,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч М.У нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын М.У 1979 оны 7 дугаар сараас 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сонгогчоор суралцсан хоёр жилийн хугацааг улсад ажилласанд тооцохоос татгалзсаныг хууль бусад тооцож, дээрх хугацааг улсад ажилласнаар тооцон өндөр насны тэтгэврийг дахин тогтоохыг даалгах-аар  маргасан байна.

            2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

            2.1. Миний бие 1979 онд Батлах Хамгаалах яамны нэр дээр их сургуулийн цэргийн барилгын инженерийн ангид сонсогчоор 1979 оноос 1981 оны 9 дүгээр сар хүртэл хоёр жил суралцсан. 1981 оны 9 дүгээр сард сурлагаар тус сургуулиас хасагдсан. 1981 оноос 1984 онд хугацаат цэргийн алба хаасан, 1984 оноос 1989 онд Монгол Улсын их сургуулийг эдийн засгийн ангийг  төсгөөд 1989 оноос 2023 оны 7 дугаар сар хүртэл төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаад 2023 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон.

            2.2. Анх их сургуулиа төгсөж ирээд төрийн албанд орсон. Нийтдээ төрд 38 жил 6 сар ажилласан. 1979 оноос 1981 онд цэргийн сургуульд суралцсан. Уг суралцсан хугацааг нэмж тооцвол 41 жил 6 сар төрийн албанд ажиллахаар байсан. Аймгийн Нийгмийн даатгалын газраас миний цэргийн сургуулийн 2 жилийн хугацааг тэтгэвэр тогтооход ажилласан хугацаанд нэмэхгүй хохироож байна. Миний тэтгэвэр 1,278,000 төгрөгөөр тогтоосон ба дараа нь 100 000 төгрөг нэмэгдэж 1,378,000 төгрөг болсон.

            2.3. Хэрэв миний дээрх цэргийн сургуульд суралцсан хугацаа болох 2 жилийг нэмж тооцвол миний тэтгэврийн мөнгөнд 72,000 төгрөг нэмэгдэж миний авах тэтгэвэр 1,450,000 төгрөг болох юм. Би зөрүү 72,000 төгрөгөөр хохирч байна.

 Иймд миний тус цэргийн барилгын инженерийн ангид сонсогчоор суралцсан хоёр жилийн хугацааг Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дүгээр тогтоолын 57.7, 57.8 дугаарт заасны дагуу улсад ажилласнаар тогтоож өгнө үү гэжээ.

            3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

3.1. Би нэг  жилийн хугацаагаар Улаанбаатар хотод байж Батлан Хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын газраас шүүхэд өгөх нотлох баримтуудыг цуглуулсан.  Монгол Улсын Их сургуулийн цэргийн барилгын инженерийн ангид сонсогчоор суралцсан үнэн гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын газар “тухайн үед таны тушаал “сонсогч” гэж гараагүй юм байна” гэж эсэргүүцсэн. Тухайн үед надтай хамт цэргийн сургуулийн сонсогчоор суралцсан С гэдэг нөхөр байсан. С нь цэргийн барилгын инженерийн сургуульд суралцсан 5 жилийг улсад ажилласан хугацаанд тооцуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон юм байна. Тус сургуулийг төгсөж чадаагүй хүмүүс сонсогчоор суралцсан хугацааг ажилласан жилд тооцуулаад авсан. Миний бие 63 настай, төрийн албанд ажилласан хугацааг 40  жил болгож тооцуулах хүсэлттэй байна.

3.2. Тухайн үед цэргийн барилгын инженерийн ангид Батлан хамгаалах яамны захиалгаар суралцсан, учир нь, Цэргийн дээд сургуульд барилга, инженерийн анги байхгүй байсан учраас захиалгаар ахлагч цолтой суралцсан. Мөн ахлагч  нь 60 төгрөгийг нэмж авдаг байсан. Би 61 нас 3 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаад тэтгэвэрт гарсан. Хэрвээ сонсогчоор суралцсан хоёр жилийг улсад ажилласан хугацаанд тооцогдохгүй гэдгийг мэдсэн юм бол 65 нас хүртэл төрийн албанд ажиллаад, өндөр насны тэтгэвэрт гарах байсан.

Иймд миний тус цэргийн барилгын инженерийн ангид сонсогчоор суралцсан хоёр жилийн хугацааг Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дүгээр тогтоолын дагуу улсад ажилласнаар тооцож, өндөр насны тэтгэврийг дахин тогтоолгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү.

4. Хариуцагч Нийгмийн даатгалын газраас  шүүхэд ирүүлсэн тайлбарт:

            4.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч М.У 1978-1981 онд Дотоодын дээд сургуульд суралцсан хугацааг цэргийн сургуулийн сонсогчоор суралцсан хугацаатай адилтган тооцож өгөх талаар хүсэлтийг хүлээн аваад Нийгмийн даатгалын ерөнхий газраас чиглэл авахад дараах хариуг ирүүлсэн болно.

            4.2. Батлах хамгаалахын төв архивын 2022 оны 6437 тоот архивын лавлагаанд М.У Батлах хамгаалах яамны 1979 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 391 дүгээр тушаалаар Батлах хамгаалахын яамны Коллеги, Ардын армийн Улс төрийн товчооны хурлын протоколоор Дотоодын дээд сургуульд барилгын мэргэжилтнээр 1979 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс суралцсан, Монгол Улсын Их сургуулийн ректорын 1981 оны сурлагаар хасах тухай 343 дугаар тушаалд “БАФ-ийн цэргийн барилгын инженерийн 2 дугаар ангийн оюутан М.У 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон сургуулиас хассугай” гэж тус тус дурдсан байна.

            4.3. Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч” гэнэ, Батлах Хамгаалахын сайдын 2020 оны А/77 дугаар тушаалаар баталсан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дүрмийн 5.1 дэх хэсэгт “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үндсэн үүрэг нь Монгол Улсын аюулгүй байдал, батлах хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааны судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, батлах хамгаалах үйл ажиллагаа, мэргэжлийн зэрэгт бэлтгэх, тэднийг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэгдэнэ” гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.

            4.4. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хууль, дүрэмд МУИС-ийг цэргийн сургуультай адилтгах, энэхүү сургуульд оюутнаар суралцсан хугацааг цэргийн сургуулийн сонсогчоор суралцсан хугацаанд тооцох талаар заагаагүй байна.

            4.5. Иймд М.У МУИС-ийн БАФ-ийн цэргийн барилгын инженерийн ангид суралцсан хугацааг цэргийн сургуулийн сонсогчоор суралцсанаар тооцохгүй болно гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг судлан үзээд, нэхэмжлэгчийн  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  холбогдуулан гаргасан “М.У миний 1979 оны 07 дугаар сараас 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сонсогчоор суралцсан хоёр жилийн хугацааг ЗГ-ын 2020 оны 151 дүгээр тогтоолын дагуу улсад ажилласнаар тооцож, өндөр насны тэтгэврийг дахин тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

2.  БНМАУ-ын Батлан хамгаалах яамны коллеги, ААУТГ-ын товчооны 1979 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр хурлын протоколоор “ЗХУ-ын цэргийн дээд, дунд сургуульд болон дотоодын сургуульд шинээр оруулж, суралцуулах хүмүүсийн тухай” асуудлыг хэлэлцэн гадаад, дотоодын сургуульд элсэн суралцах хүмүүсийн шалгалтын дүнг танилцуулан, дотоодын дээд сургуульд буюу МУИС-ийн барилгын инженерийн мэргэжлээр суралцуулах 25 хүнийг батлахад нэхэмжлэгч М.У нэр орсноор нэхэмжлэгч  нь 1979 онд Монгол Улсын Их сургуулийн барилгын инженерийн ангид элсэн суралцсан нь  Монгол Улсын Батлан хамгаалах яамны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 04/3018 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг[1], Батлан хамгаалах яамны коллегийн 1979 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр протокол[2] зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

3. Улмаар Монгол Улсын Их сургуулийн ректорын 1981 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Сурлагаар хасах тухай” 343 дугаар тушаалаар[3] нэхэмжлэгчийг “... шалгалтаас 3 дахь удаагаа муу дүн авч  сурлагаар тэнцэхгүй болсон ...” үндэслэлээр 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс тасалбар болгон сургуулиас хасжээ.

4. Нэхэмжлэгч нь төрд нийтдээ 38 жил 6 сар ажиллаж, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1979-1981 онуудад Батлан хамгаалах яамны захиалгаар Монгол Улсын Их сургуулийн цэргийн барилгын инженерийн ангид сонсогчоор  суралцсан 2 жилийг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолын дагуу төрд ажилласан жилд тооцохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  эс үйлдэхүйн улмаас тэтгэврийн зөрүү 72000 төгрөгөөр хохирч байна” гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д “Энэ хуулийн 57.5.3-т заасан төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам, хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг баталсан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дүгээр “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн 1 дэх заалтааар  дээрх 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын  3 дах заалтад “11/ сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа: …” гэж нэмэхээр тогтоожээ.

6. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1 дэх хэсэгт “Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.”, 3-т “ Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно:”, 11 дэх заалтад “сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)” гэж тус тус заажээ.

7. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд, энэ журам нь зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааг харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас бодож нэмэгдэл олгох асуудалд үйлчлэх журам бөгөөд харин өндөр насны тэтгэвэр тогтооход ажилласан хугацаанд оруулан тооцох асуудалд хамааралгүй, уг журамд заасан төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох тохиолдлуудыг үндэслэж өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна.

8.  Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох хугацааны талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-т “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй “,  5.1.2-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй”,  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно”  гэж тус тус заасан байх ба хуулийн 23.1.1-23.1.7-д нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцох хугацааг  тухайлан заажээ.

9. Нэхэмжлэгчийн   өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрийн албад ажилласнаар тооцох хугацаа гэж тодорхойлсон Монгол Улсын Их сургуулийн барилгын инженерийн ангид 1979-1981 онуудад суралцсан 2 жилийн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцохоор хуульчлаагүй байх  тул хариуцагч Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэгчийн суралцсан гэх дээрх 2 жилийн  хугацааг улсад ажилласанд тооцохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр  тогтоох хугацааг 2 жилээр дутуу тооцож хохироосон гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.У Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “М.У миний 1979 оны 07 дугаар сараас 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сонсогчоор суралцсан хоёр жилийн хугацааг ЗГ-ын 2020 оны 151 дүгээр тогтоолын дагуу улсад ажилласнаар тооцож, өндөр насны тэтгэврийг дахин тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                  

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 50 дугаар тал

[2] Хэргийн 53-56 дугаар тал

[3] Хэргийн 8 дугаар тал