Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 0021

 

 

 

 

 

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                                  Т.Д

Цагаатгагдсан этгээд                                             А.Б

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч                 Б.Т, Б.Б

Нарийн бичгийн дарга                                         Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр А.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овогт А-ы Б,

 

А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр         аймгийн        сумын        багийн         тоотод хохирогч Х.Бг өөрийн нөхөр Б.О-тай хардаж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн орон байр болох байшингийн үүдэнд байсан модон сандлыг авч байшингийн хоймор хэсэгт байрлуулсан Самсунг маркийн 65 инчийн смарт зурагт руу шидэж дэлгэцийг хагалж, сандлыг хугалсан, мөн “АRHI” гэх бичиглэлтэй архины шилийг гал тогооны тавилга дээр байх шаазан эдлэл рүү шидэж хагалсан, буйдан дээр байрлах цүнхэн доторх эд зүйлийг гаргаж гоо сайхны Пэптид-9 нэртэй 1 ширхэг бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу нийт 3,274,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

Шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шаргал өнгийн эвдэрхий модон сандалыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус  шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Бусдын орон байранд хууль бусаар халдах гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй шууд санаатай үйлдлээр илэрдэг. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт үйлдэл нь орон байранд нэвтрэн орсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хэрэг авагдсан хохирогч Х.Бгийн “... би гадаа гарч зэрлэгээ зулгааж байхад нэг танихгүй залуу манай хашааг давж ирээд хашааны хаалга онгойлгоход Б орж ирсэн юм. Би Быг хашаа руугаа орох болон манай гэр лүү орох ямар нэг зөвшөөрөл өгөөгүй бөгөөд тэрээр надаас асуугаагүй шууд л яваад орчихсон юм. Тэгээд би Бын араас байшин руугаа ороход тэрээр гал тогооны үүдэнд байсан улбар шар өнгийн түшлэггүй сандлыг аваад манай том өрөө рүү орсон юм. Тэгэхээр нь би айгаад гэрээсээ гарч хашааны гадаа гарсан. Хэсэг хугацааны дараа гэртээ ороход нөгөө түшлэггүй модон сандал маань том өрөөний зурагтын доор газар салаад эвдэрчихсэн, зурагт маань хагарчихсан, мөн том өрөөний буйдан дээр цүнхэн дотор байсан миний Пэптид-9 нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж шидээд хагалчихсан байсан. Тэр гоо сайхны бүтээгдэхүүн маань хагараад зурагтын урд хэсэгт газарт байхаар нь би аваад дээш тавьчихсан юм. Мөн гал тогооны шүүгээн дээр байсан 7 ширхэг ком аяга, савны цуглуулгаас 1 том, 2 жижиг нь хагарчихсан байсан. Тэгээд О-н авчирсан архины шил нь газарт хэвтээгээрээ хагараагүй байсан юм. Гал тогооны өрөөнд байсан түшлэгтэй, улбар шар өнгийн эвдэрчихсэн сандлын тухайд бол тухайн асуудалтай ямар ч холбоогүй, урд нь эвдэрчихсэн тус газраа байсан юм. Б нь 2 дахь удаагаа манай гэрт ирэхдээ намайг гэртээ байгаа эсэхийг харах гээд манай байшингийн хаалган талын цонх буюу зүүн талын цонхны төмөр хаалтыг татаад хадаасыг нь мулталсан. Гэхдээ би одоо хадаасаар нь буцаад хадчихсан тул үнэлүүлэх болон нэхэмжлэх зүйл байхгүй. Тэрээр 2 дахь удаагаа ирэхдээ манай хашааны урд хэсгийн хаалганы зүүн талын 2 банзыг суга татаж орж ирснийг би сүүлд түүнийг явсны дараа мэдсэн юм. Тус 2 банзаа буцаагаад хадсан бөгөөд үнэлүүлэх болон нэхэмжлэх зүйл байхгүй. Б нь 3 дахь удаагаа манайд ирэхэд би түүнтэй хашааныхаа гадаа тааралдсан бөгөөд тэрээр манай хашаа руу ороогүй ... ” гэх мэдүүлэг,

шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бын мэдүүлсэн “... би 7 дугаар сарын 24-нд нөхрийнхөө хайж явсан. Маргааш өглөө нь ажилтай байсан юм. Бгийнд орсон гэж хүн мэдээлэл өгсөн тул очсон. Б нь хаалгаа онгойлгож өгөхгүй байсан тул гудамжинд явж байсан хүнийг гуйж хашаан дээгүүр нь давуулж орж хаалгыг нь онгойлгуулсан. Б гаднаа байсан ба асуухад байхгүй гэсэн тул гэрт нь орсон ... ” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Бын гэмт санаа зорилго буюу нөхрөө айлд ор засуулсан байдалтай унтаж байгаа байдлыг харахаас өмнө хашааны хаалгыг бусдыг хашаа давуулж оруулан онгойлгуулж, оршин суугчийн зөвшөөрөлгүй буюу хохирогчийн гэр лүүгээ оруулахгүй гэсэн хориглолтыг зөрчиж орон байранд нэвтэрсэн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан нь тогтоогдож байхад шүүгдэгчийн дээрх үйлдлийг өөрийн үйлдлийг ухамсарлахгүйгээр хийсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дээрх нотлох баримтуудыг шүүх хянаж үзээгүй, няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Х.Бгийн орон байранд нэвтрэн орж гэрийн үүд хэсэгт байрлах модон сандлыг авч том өрөөнд орж хоймор хэсэгт хананд байрлуулсан Самсунг маркийн 65 инчийн смарт зурагт руу сандлыг шидэж дэлгэцийг хагалж мөн буйдан дээрх байрлах цүнхэн доторх эд зүйлийг гаргаж гоо сайхны бүтээгдэхүүнийг хагалж устган, улмаар гал тогооны тавилга дээр байх шаазан эдлэл рүү архины шил шидэж хагалж нийт 3,274,910 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Шүүх шүүгдэгч А.Быг айлын хойморт зассан орон дотор унтаж байгаа нөхрөө хараад уурлаж бачууран сандал авч шидсэн нь зурагтыг онож хагалсан, мөн гал тогооны хэсэгт байсан архитай шилийг авч нөхөр рүүгээ шидсэн нь шүүгээн дээр байсан шилэн аяга савыг онож хагалсан үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрийн шинж үгүйсгэгдсэн гэж болгоомжгүйгээр нөхрийгөө цохих гэж шидсэн сандал нь зурагтыг, архины шил нь шүүгээн дээр байсан шилэн аяга савыг хагалсан гэж хэргийн бодит байдалд нийцэхгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.Бгийн “... О нь би танай гэрт хэсэг унтаж байгаад явчихъя гэж хэлээд манай гэрийн хувцасны шүүгээний урд хэсэгт гудсан дээр унтсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.О-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... тухайн үед би Бгийн гэрийн том өрөөнд хувцасны шкафных нь урд газраар зассан орон дээр унтаж байсан, нэг мэдсэн хүн хатуу зүйлээр цохиод байхаар нь би сэрэхэд эхнэр ирсэн байсан би босоод чирэгдээд гарсан ... ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн Самсунг маркийн 65 инчийн смарт зурагт нь том өрөөний хойморт хананд байсан, харин гэрч Б.О нь том өрөөний баруунд талд буюу ертөнцийн зүгээр хойд хэсэгт байх шкафны урд газар зассан оронд унтаж байсан нь тогтоогдсон байтал шүүх айлын хойморт зассан буюу зурагтны харалдаа орон дотор унтаж байгаа нөхрөө хараад уурлаж бачууран сандал авч шидсэн нь зурагтыг нь онож хагалсан гэж бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьж хийсвэр дүгнэсэн.

Шүүгдэгч нь хохирогчийн гэрт 3 удаа ирсэн байдаг ба эхний удаа ирэхдээ оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд хууль бусаар нэвтэрч, хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж дураараа авирлан улмаар Самсунг маркийн 65 инчийн смарт зурагт, шаазан эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг хагалж нөхөр Б.О-г авч явсны дараа мөн өдрөө дахин ирж хохирогчийн хашааны банзыг татаж унаган, байшингийн хаалгыг нүдэж, цонхны төмөр решотикийг татаж унагаад явсан, гурав дахь удаа ирэхдээ хохирогчтой хашааны гадна таарч маргаж байгаад явсан, шүүгдэгчийн дээрх санаатай үйлдлүүдийг өөрийн үйлдлийг ухамсарлаагүй, хүсээгүйгээр хохирол хор уршиг учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй гэсэн дүгнэлт бодит байдалд нийцээгүй байна.

Шүүгдэгч А.Бын санаатай гэмт үйлдэл буюу нөхрийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхэд халдсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль ёсны болоод шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг бодит байдалд нийцээгүй дүгнэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд А.Б тайлбартаа: ... Бгийнд очсон нь үнэн. Б хашаан дотроо байсан. Хүнээр онгойлгуулаад орсон. Юугаар цохисныг санахгүй байна. Архины шил нөхөр рүүгээ шидэхэд юм хагарсан. Би санаатай ийм үйлдэл хийгээгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: ... Цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Анхнаасаа зорилго байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн байсан. Сэтгэл зүйн байдлын талаар дүгнэлт хийгдээгүй. Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна ... шүүгдэгч нь мөн хохирогчийн гоо сайхны хэрэглэлийг эвдсэн байгаа, энэ үйлдлийн талаар анхан шатны шүүх дүгнээгүй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “С” овогт А-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Бын гэм бурууг хянан хэлэлцэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Т.Д эсэргүүцэл гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр       аймгийн          сумын         багийн       тоотод байрлах хохирогч Х.Бгийн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

            улмаар хохирогчийн байшингийн үүдэнд байсан модон сандлыг шидэж Самсунг маркийн 65 инчийн зурагтны дэлгэцийг хагалж, сандлыг хугалсан, мөн архины шил шидэж гал тогооны өрөөнд байсан тавилга дээрх шаазан эдлэлүүдийг хагалсан, гоо сайхны бүтээгдэхүүнийг хагалсан зэрэг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.Б, гэрч Э.Э, А.Ж нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглодог, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх.. эрхтэй” гэж тус тус заасан байна.

 

Хүн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

 

Гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан атлаа өс хонзон, хувийн болон бусад сэдэлтээр бусдын орон байранд халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэгт тооцогдоно.

 

Мөн эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсэн атлаа хүссэн, эсхүл хүсээгүй боловч тэр хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.

 

Шүүгдэгч А.Б нь нөхрөө хайх шалтгаанаар хохирогч Х.Бгийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, улмаар түүний эд хөрөнгийг хагалж гэмтээсэн /тухайн өдрөө дахин 2 удаа очсон/ зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Гэтэл анхан шатны шүүх “ ... хүнээр хашааны хаалгыг онгойлгуулж улмаар түгжээгүй байсан байшинд орсон үйлдэлд “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон” гэмт хэргийн шинжгүй, мөн айлын хойморт зассан орон дотор унтаж байгаа нөхрөө хараад уурлаж бачууран сандал авч шидсэн нь зурагтыг нь онож хагалсан, гал тогооны хэсэгт нь байсан архитай шилийг авч нөхөр рүүгээ шидсэн нь шүүгээн дээр байсан шилэн аяга савыг онож хагалсан үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрийн шинж үгүйсгэгдэж байна ...” гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Мөн улсын яллагчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан яллах талын баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын “... анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол цагаатгагдсан этгээд А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР