| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2024/0020/З |
| Дугаар | 122/ШШ2024/0022 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 122/ШШ2024/0022
2024 09 26 122/ШШ2024/0022
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэрэнханд би Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн иргэн Э.*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Э.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Э.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн чиглэлийг хэлэлцэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 25 дугаар тогтоол гарган нэр дэвшигчээр бүртгэн авсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нь нэхэмжлэгч Э.*******ийн Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Э.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч Э.*******т тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Э.******* нь “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Э.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД