| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2018/0033/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 25
2018 оны 01 сарын 30 өдөр 2018/ШЦТ/25 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0033/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Э холбогдох 1839000340017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1949 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 69 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл-2, эхнэрийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Р.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-9 тоотод өөрийн гэртээ эхнэр Л.Ч маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “... Бид ханилаад 35 жил болж байна. 2018.01.04-нд Р.Э найз Чулуунбаатар гэх өвгөнтэй архи ууцгаасан архиа ууж дуусгаад гадагшаа гарна гэхээр нь үгүй гэж хэлтэл чи ажил хийсэнгүй чи надаар тэжээлгэлээ, нүд амгүй хүмүүс ажил хийж байхад чи яагаад хийж чаддаггүй юм гэж загнасан. Би ажил хийж чадахгүй тэтгэврийн мөнгө авч байна гэхэд чи муу их хуцлаа гээд хутга, заазуур аваад чамайг ална гэж дайрахаар нь болиулах гэж ноцолдоход миний 2 гарын хэд хэдэн газраас базаж хөхрүүлсэн. Мөн намайг ширээгээр шахаж суугаад чи одоо ажил хийж мөнгө олно гэж хэл гээд тулгаж галын дэгээ төмөр гартаа бариад ширээ нүдээд байсан. Айгаад гараад явтал араас мод хагалдаг сүх шидэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,
Хохирогчийн дахин мөрдөн байцаалтад өгсөн: “... би нөхрийгөө одоо унтаж амар одоо архи нэмж ууж болохгүй гэсэн чинь миний үгийг сонсохгүй гарч ууна гээд болохгүй байхаар нь би гаргахгүй ноцолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/
Шүүгдэгч Р.Э ын мэдүүлэг: “... би Чулуунбаатар гэх залуутай архи хувааж уусан. Их согтсон байсан. Би эхнэрээ чи ажил хийсэнгүй, би л ажил хийж байна гэж хэлтэл чадахгүй гэхээр нь маргалдсан. Мөн уурандаа галын дэгээ төмрөөр ширээ нүдсэн. Эхнэр намайг болиулах гэж бид 2 ноцолдсон. Тэгээд эхнэрийн гар хөхөрсөн байсан. Би эхнэрийг гар хөхөрсөн байсан. Би эхнэрийг чиний насны хүмүүс ажил хийж болж байна. Ерөнхийдөө айлгах гэж тийм зүйл болсон. Эхнэр намайг нүүрэн тус газар 2 удаа цохисон. Би мөн уурандаа эхнэрийг гараад явахаар нь түлээ хагалдаг сүх авч шидсэн. Би сэтгэл зүй болон санхүүгийн хувьд их дарамттай байна. Манай эхнэр тэтгэврийн зээл аваад бүгдийг нь хүүхдүүддээ өгсөн. Би гэр бүлийн бүх мөнгөний асуудлыг шийддэг. Бидний амьдралд мөнгөний асуудал их дарамт болдог. Хэрүүл дандаа мөнгөнөөс үүдэж гардаг. Би ч адилхан тэтгэврийн насны хүн” гэсэн мэдүүлдэг /хх-ийн 11-12 тал/
Шинжээчийн 2018.01.10 №28 дугаартай дүгнэлт: 1. Л.Ч биед зүүн мөр, бугалга, шуу, баруун гарын шуу, 2 гарын хэсгүүдэд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Р.Э ыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-9 тоотод өөрийн гэртээ эхнэр Л.Ч маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Хохирогч Л.Ч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.
Шүүгдэгч Р.Э нь улсын яллагчтай 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэг маргаангүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 6 сарын хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Э т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА