Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Г.Г-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.Г (цахимаар)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1987 онд 10 дугаар анги төгсөж улмаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт бичээч, няраваар, 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Увс аймгийн Шүүхэд бичээчээр, 1996 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Туушин ХХК-д зуучлагч, төлөөлөгчөөр ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Аймгийн төрийн архиваас тухайн онуудад холбогдох баримтыг авах гэж шүүлгэхэд холбогдох баримт гараагүй байхгүй байна. Иймд миний Увс аймгийн Батлан хамгаалахад Туслах нийгэмлэгт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Увс аймгийн Шүүхэд бичээчээр 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Туушин ХХК-д 1996 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зуучлагч, төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Б.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 214 дугаартай тодорхойлолт, Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай зөвлөмжийн хуудас, Г.Гийн 296286 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Д.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Бын 316382 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Цгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай зарлигийн хуулбар, С.Хын иргэний үнэмлэхийн хуулбар, С.Хын 300772 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт ажиллаж байх үе гэх тайлбартай гэрэл зураг, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Г.Гт холбогдох тооллогын хуудас, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Гийн гэрлэснийг бүртгэх анкет, ХААТР-1 маягт, Эгийн төрснийг бүртгэх анкет, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.Гийн 1995-1998 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

Г.Гийн хүсэлтээр Б.Ц, Ц.Н, С.Х, Б.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Г.Гийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Г.Г нь шүүхэд хандаж Увс аймгийн Батлан хамгаалахад Туслах нийгэмлэгт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Увс аймгийн Шүүхэд бичээчээр 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Туушин ХХК-д 1996 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зуучлагч, төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Г.Ггийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Г.Г нь Увс аймгийн Батлан хамгаалахад Туслах нийгэмлэгт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Увс аймгийн Шүүхэд бичээчээр 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Туушин ХХК-д 1996 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зуучлагч, төлөөлөгчөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Г.Г нь 1987 онд 10 дугаар анги төгсөөд Увс аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт үйлчлэгч, бичээчээр ажиллаж эхэлсэн. Улмаар 1993 оныг дуустал ажиллаад 1994 оны 01 дүгээр сараас аймгийн шүүхэд бичээчээр ажиллаж эхэлсэн. Тус шүүхэд 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан. Мөн 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Туушин ХХК-д зуучлагч, төлөөлөгчөөр ажилласан. Гэвч тухайн үед ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, аймгийн архивт хадгалагдаагүй байна.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай зөвлөмжийн хуудсаар 1987-1994 он хүртэл ажилласан жилийн бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, тушаал, шийдвэр байхгүй байгаа тул тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Г.Гийн ХААТР-1 маягтад түүнийг 1987 оноос Увс аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ. Тус ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн байх тул дээрх баримтад үндэслэн Г.Гийг 1987 оноос 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Увс аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан гэж дүгнэлээ.

Түүнчлэн, шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас нотлох баримтаар бүрдүүлсэн Цайзуугийн Гончигийн өрхийн тооллогын хуудаст Гончигийн Ганцэцэгийг Батлан хамгаалахад нийгэмлэгт үйлчлэгч ажилтай гэж тэмдэглэжээ.

Энэхүү баримтыг 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн байх тул Г.Гийг 1989 оны байдлаар Увс аймгийн Батлан хамгаалахад нийгэмлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.2. Хэрэгт авагдсан Г.Гийн 296286 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот тушаалаар цэвэрлэгчээр авч ажиллуулав, 1991 оноы 5 дугаар сарын 08-ны өдрийн 18 тоот тушаалаар бичээч, үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв, 1991 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн тушаалаар 1993 оны 11 дүгээр сар хүртэл бичээчээр авч ажиллуулав гэж тэмдэглэсэн байх бөгөөд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлийн тамга дарж баталгаажуулсан байна.

4.3. Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрч Б.Мын ... Би 1983-2015 оны хооронд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд автотехникийн багшаар ажилласан. Намайг багшаар ажиллах байхад 1987 оны намар Г.Г 10 дугаар анги төгсөөд жаахан охин үйлчлэгчээр ажилд орж байсан. Г.Г бид хоёр хамтдаа 5-6 жил ажилласан. Г.Г нь үйлчлэгчээр ажиллаж байхдаа бичиг хэрэг хавсран ажиллаж байсан санаж байна... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Нийн ...Намайг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт нягтлан бодогчоор ажиллаж байх үед Г.Г нь 1987 оны хавар 10 дугаар ангиа төгсөөд манай байгууллагад үйлчлэгчээр ажилд орж байсан. ...1993 оны 12 дугаар сард аймгийн шүүхэд ажилд орохоор ажлаас чөлөөлөгдөж байсныг санаж байна. Би тухайн үед нягтлангаар ажилладаг байсан учраас тус байгууллагад ажилладаг байсан ажилчдын талаар сайн санаж байна гэх мэдүүлгээр тус тус давхар нотлогдож байна.

Иймд Г.Гийн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд үйлчлэгчээр, 1991 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оныг дуустал хугацаанд тус зөвлөлд бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.4. Г.Гийн 296286 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт аймгийн шүүхийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 05 тоот тушаалаар бичээчээр авч ажиллуулав, 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тушаалаар аймгийн шүүхийн бичээчийн ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэсэн байх бөгөөд Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Түүнчлэн, гэрч Б.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...намайг тус шүүхэд ажиллаж байхад 1993 онд Г.Г бичээчээр ажилд орж, 1996 оныг дуустал ажилласан. Тухайн үед шүүгч нар шүүхээс гарах эрх зүйн актуудыг бичихгүй, шүүхийн бичээч нь бичгийн машинаар бичиж гаргадаг байсан. Тийм учраас би Г.Гийг ажиллаж байсан талаар сайн мэдэж байна... гэж мэдүүлжээ.

Иймд Г.Гийг 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Увс аймгийн шүүхэд бичээчээр ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

4.5. Харин хүсэлт гаргагч Г.Гийн хүсэлтээс 1995-1998 оны хооронд ажиллаж байсан байдлыг шүүхээс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд заавал даатгуулна, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 6.2 дахь хэсэгт Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус заажээ.

Энэ тохиолдолд хүсэлт гаргагч Г.Г нь 1995-1998 оны хооронд Увс аймгийн шүүх, Туушин ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд хүсэлт гаргагч Г.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 256 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Ийнхүү Г.Гийн 1995-1998 оны хооронд Увс аймгийн шүүх болон Туушин ХХК-д ажиллаж байсан эсэх үйл баримтыг иргэний хэргийн шүүх онцгой ажиллагааны журмаар сэргээн тогтоосноор хүсэлт гаргагч Г.Гт дээрх хугацааны ажилласан жилийг тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаварыг шууд үүсгэхгүй юм.

Иймд хүсэлт гаргагч Г.Г нь 1995-1998 оны хооронд аймгийн шүүх болон Туушин ХХК-д ажиллаж байсан боловч тухайн байгууллагууд нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гийн хүсэлтээс 1995-1998 оны хооронд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

5. Шүүхээс хүсэлт гаргагч Г.Гийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 019-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Г.Г-ийн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд үйлчлэгчээр, 1991 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оныг дуустал хугацаанд тус зөвлөлд бичээчээр, 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1995 оныг хүртэл Увс аймгийн шүүхэд бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1995-1998 оны хооронд Увс аймгийн шүүх болон Туушин ХХК-д зуучлагч, төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Г.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Г.Гийн 296286 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНА