Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 99

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борчуул овогт Б.Эт холбогдох эрүүгийн 1711013890002 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Борчуул овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 2 хүүхэд, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77а гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧМ85070202/.

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 12 дугаар гудамж, 237 тоотод Д.Даваахүүг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дараа нь бид дөрөв үлдсэн ба хадам аав Ундралсайхан, Даваахүү хоёр хэрэлдээд байсан ба хадам аав Ундралсайхан 20 жил шорон оронгоор явсан гээд юм яриад байсан. Тэгсэн чинь Батцэнгэл босч ирээд аавыгаа өмөөрөөд одоо би том болсон та нар амжихгүй шүү гээд согтуудаа элдэв зүйл яриад байсан чинь Даваахүү ах уурлаад ...барьцалдах гээд байхаар нь би Батцэнгэлийг түлхэж суулгасан. Тэгээд тэрнээс хойш болсон зүйлийн талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь би Даваахүү ахыг хутгалчихсан байсан ..” гэсэн мэдүүлэг /хх-47-49х/,

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Намайг цонхон талд нь унтаж байхад Даваахүү ах, аав 2 хоорондоо шорон орны талаар маргалдаж байсан. Аав маань 4 удаа харвасан бие муу хүн. Тэгтэл Цэнгэл босч ирээд та яагаад байгаа  юм, одоо би том болсон гээд Даваахүү ах руу дайрахад нь би Цэнгэлийг түлхсэн. Тэгтэл Даваахүү ах яаж байна аа гээд над руу дайрахад нь би хутга аваад дүрчихсэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Даваахүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг найз Ариунсантай уулзаад тэдний гэрт архи ууж байгаад орой гадаа гэгээ тасарсан байхад дахиад өөрийн найз Ундралсайханы гэрт нь очсон. Намайг очих үед Ундралсайхан өөрийн эхнэр, охины хамт байж байсан. Удалгүй араас Ундралсайханы хүү Билгүүн /Батцэнгэл/ өөрийн хамтран амьдрагч Энхцэцэг гэх эмэгтэйгийн хамт ирсэн. Би хүүд нь 10.000 төгрөг өгч явуулаад нэг шил 0.75 литрийн архи авчруулаад бид нар бүгд хувааж уусан. Дараа нь Ундралсайхан дахиж нэг архи авчруулаад бид нар бүгд хувааж уусан. Дараа нь Ундралсайхан дахиж нэг архи гаргаж ирээд тэрийг нь хувааж ууж байтал Энхтуяа ажилтай гээд гараад явсан. Удалгүй нөгөө Билгүүний эхнэр гэх эмэгтэй ширээн дээрээс хутга аваад намайг ямар ч шалтгаангүй хэвлий хэсэг рүү нэг удаа хатгаад гэрээс гараад явчихсан. Тэр үед нилээн согтсон байсан болохоор түргэн дуудахгүй би унтаад өгсөн байсан..” гэсэн мэдүүлэг /хх-14-17х/,

Гэрч Ш.Батцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ..2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 16 цагийн орчим хамтран амьдрагч болох Энхцэцэгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 237 тоотод оршин суух өөрийн аав болох Ш.Ундралсайханы гэрт очиход манай хойд эх болох Энхтуяа, манай аав Ундралсайхан, эгч болох Охиноо, Даваахүү нарын хүмүүс гэрт юм яриад байж байсан. Тэгээд миний бие өөрийн аав болох Ундралсайханд 0.75 граммын нэг шил архийг өгч манай аав тэр архийг задлаад өөрөө нэг татаад орныхоо дээд талд тавьсан. Гэтэл Даваахүү ах 10 гаруй мянган төгрөг гаргаад Энхтуяа эгчид уг мөнгөө өгөөд архи захисан. Төд удалгүй Энхтуяа эгч 0.75 граммын нэг шил архи авчирсан тэр архийг би Даваахүү манай аав Ундралсайхан, Энхтуяа манай хамтран амьдрагч болох Энхцэцэг бид нар хамт уугаад байж байхад Энхтуяа эгч ажил руугаа гараад явсан. Тэгээд бид нар үлдэгдэл архи ууж байхад манай хамтран амьдрагч Энхцэцэг гэнэт уурлаад хутга гэрийн шургуулганаас авч намайг хутгалах гэж дайрахад Даваахүү ах хорих гэтэл Даваахүү ахын гэдэс рүү нэг удаа хутгалсан. Тэгээд манай хамтран амьдрагч Энхцэцэг гэр лүүгээ харилаа гээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-22х/,

Гэрч Ш.Ундралсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тэгсэн чинь л Энхцэцэг гэх эмэгтэй ширээн дээр байсан хутга аваад Даваахүүг хатгах шиг болсон. Би тэрийг нь яг сайн хараагүй ба Даваахүү энэ юу ч биш гээд байсан. Гэтэл цус гараад байхаар нь 00 цаасаар цэвэрлээд дараа нь Энхцэцэг явлаа гээд явсан ..” гэсэн мэдүүлэг /хх-27-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14820 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Д.Даваахүүгийн биед хэвлийд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-30х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн зургийн үзүүлэлтүүд /хх-5-10х/,

Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 12 дугаар гудамж, 237 тоотод Д.Даваахүүг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Даваахүүд гэм хорын хохиролд 25.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.