Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Э.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702001860078 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Харнууд овогт Э.М, 1997 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Идэр дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 цогцолборын 724-44  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................................................

 

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30а байрны орчимд 27-42 УНӨ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-ийн агуулга бүхий цагаан өнгийн ууттай 0.015 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Амарсанаа, Энхтулга, Жавхлан бид гурав явж байгаад РС-нд тоглосон. Тэндээс гарч тамхи татахдаа миний карманд байсан тамхыг татсан. Энхтулга тэр тамхийг өвс байна гэсэн. Тэгээд бид тэр тамхийг хаях гэж байсан. Гэтэл замын цагдаа бидний машиныг зогсоогоод бид нарыг саатуулсан” гэв.

             Гэрч М.Жавхлангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21-22 цагийн үед байсан байх Амарсанаа, Мөнхтөмөр бид 3 уулзаад байж байтал Энхтулга яриад бие даалт хийх хэрэгтэй байна компьютер байхгүй байна гэсэн. Тэгээд бид нар Амарсанаагийн машинтай явж Энхтулгийг гэрээс нь аваад Баянбүрдийн урд талд байдаг РС тоглоомын газар Энхтулга бие даалтаа хийгээд Амарсанаа, Мөнхтөмөр бид 3 хамт тоглоом тоглосон. Тэгээд тэндээсээ 2017 оны 11 сарын 7-ны шөнө 02-03 цагийн үед гарсан. Амарсанаагийн машинд суугаад машиныг нь халаасан. Тэр үед Мөнхтөмөрийн татаж байсан тамхинаас арай өөр үнэр үнэртээд байхаар нь наадах чинь юу юм, ямар тамхи юм гэтэл парламент тамхины дотор нь өөр тамхи хийчихсэн юм гэхээр нь би сорж үзсэн. Тэгээд би 2-3 сорчихоод Энхтулга, Амарсанаа хоёрт өгөөд тэр хоёр 2,3 сороод тамхи дууссан. Тэгээд бид нарыг хөдөлтөл Замын цагдаа зогсоогоод үлээлгэсэн. Тэгээд бичиг баримтаа аваад буугаад ир гэсэн. Тэгснээ гэнэт баривчлаад гавалсан. Тэгээд Амарсанааг цагдаагийн машинд суулгаад бид нарын машинд цагдаа орж ирж суугаад бид нарыг авч явсан. Тухайн үед би юу болоод байгааг нь ойлгоогүй гайхаад шоконд орсон байсан. Цагдаа дээр ирээд бид нарын шээсэнд тест тавьсан. Тэгтэл ТНС буюу өвс гэх мансууруулах бодис илэрлээ гээд биед үзлэг хийгээд машинд бас үзлэг хийсэн ..Мөнхтөмөр өөрийнхөө биеэс гаргаж ирсэн яг хаанаас гэдгийг нь хараагүй. Бид нар угаасаа машин дотор тамхи татаад байж байсан юм. Гялгар ууттай өвсний талаар огт юм яриагүй. Мөнхтөмөрт ямар нэгэн хар тамхитай холбоотой зүйл байгаа талаар огт мэдээгүй байсан ...Би тухайн үед Мөнхтөмөрийг тийм зүйлтэй явж байна ч мэдээгүй анзаараагүй. Сүүлд нь цагдаагийн хэлтэс дээр очоод ойлгосон. Мөнхтөмөрийг гялгар ууттай зүйл цонхоор гаргаж хаясныг би хараагүй, анзаараагүй ..” гэсэн мэдүүлэг. /хх-37-38/,

 

            Гэрч О.Энхтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би урьд өгсөн мэдүүлэгтээ зарим зүйлийг дутуу мэдүүлсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр орой 22 цагийн үед Амарсанаагийн 80585865 дугаарын утсаар холбогдож Фоверфойнттой нөтбүүктэй хүн байгаа талаар асуусан байхгүй, Мөнхтөмөр, Жавхлан бид 3 явж байна гэхээр нь би гараад очъё гээд манай гэрийн гадаа уулзсан. Тэгтэл Амарсанаа өөрийнхөө Тоёота Краун маркийн машинтайгаа явж байсан. Тэгээд Баянбүрдийн тэд байдаг РС тоглоомын газар ороод би бие даалтаа хийгээд Амарсанаа, Жавхлан, Мөнхтөмөр 3 РС тоглоом тоглосон. Тэгээд тэр шөнө 03 цагийн үед РС тоглоомын газраас гараад Амарсанаа машинаа халаагаад бид нар кабин дотор нь сууж байтал Мөнхтөмөр 1 ширхэг парламент тамхи асаагаад бид нар хувааж татсан. 15 минут болсоны дараа машин халаад бид нар дөнгөж хөдлөөд зам руу орох гэтэл Замын цагдаагийн эргүүлийн машин ирээд Амарсанааг машинаас буулгаж шалгасан. Тэгээд удалгүй нэг цагдаа гялгар ууттай зүйл цонхоор хаялаа, та нарынх биз дээ гээд бид нарыг машинд суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч очиж шалгасан. Бид нарын шээсэнд хар тамхи илрүүлдэг тест тавихад Амарсанаа, Жавхлан, Мөнхтөмөр бид нарын шээснээс илэрсэн. Тэгээд хар тамхи хэрэглэсэн байна гээд шалгах болсон. Мөнхтөмөр хаанаас ямар тамхи гаргаж ирсэн гэдгийг нь хараагүй. Би зүүн урд талын жолоочийн хажуу талын суудал дээр суусан байсан эргээд хартал 1 ширхэг парламент тамхи зуучихсан татаж байсан. Тэгээд бид нарт өгөөд тойруулж татсан. Намайг тэр тамхийг сорох үед энгийн тамхинаас ондоо үнэртэй байсан. Би бодохдоо өвс гэх хар тамхи байна гэж бодсон ...Бид нар хуваагаад татсан. Жавхлан, Амарсанаа татсан. Бид нарт Мөнхтөмөр ямар нэгэн зүйл яриагүй, мансууруулах бодис хэрэглэх талаар огт ярилцаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-41-42х/,

            Гэрч М.Амарсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Жавхлан, Мөнхтөмөр 2-той зайсанд уулзаад Энхтулга, Жавхлан руу утсаар яриад бие даалтаа хиймээр байна хүрээд ирээч гээд бид 3 гэрийнхэээ гадаа уулзсан. Тэгээд хажуу талд нь байдаг РС тоглоомын газар ороод Энхтулга интернет орж бие даалтаа хийнэ гээд Жавхлан, Мөнхтөмөр бид 2 тоглоомын газар тоглосон. Тэгээд шөнө 02-03 цагийн үед тоглоомын газраас гараад машинаа 15 минут халаах зуураа бүгдээрээ тамхи татсан. Тэгтэл Мөнхтөмөрийн татаж байсан тамхи нь арай өөр үнэртэй байхаар нь сонирхоод бүгдээрээ сорж үзсэн. Тэгээд тамхи татаж дуусгаад дөнгөж хөдөлтөл Замын цагдаа дохиод үлээлгэсэн. Тэгээд буугаад ир гээд архи уусан уу гэсэн үгүй гэтэл ямар нэгэн зүйл хэрэглэсэн үү гэсэн үгүй гэсэн намайг машинаас буулгаад архи уусан үгүйг шалгадаг багжаар шалгаад үлээлгээд байж байхад нэг цагдаа нь ирээд энэ гялгар ууттай зүйл хэнийх бэ зүүн хойд талын цонхоор хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн тэгтэл хэлтэс рүү аваачиж шалгана гээд гавлаад авч явсан ..” гэсэн мэдүүлэг /хх-44-45х/,

            Гэрч Г.Отгонбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 27-42 УНӨ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг зогсоож тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгэхээр нь жолоочийн бичиг баримтыг шалгахаар жолоочоос нь асуутал жолооны үнэмлэхээ орхисон гэж хэлсэн. Тэгсэн жолоочийн эсрэг талын хойно сууж байсан залуу цонхоороо ууттай юм гаргаж шидэхээр нь а/ч Мөнхтулга очиж үзэхэд уутан дотор өвч хийчихсэн хуйлчихсан 2 ширхэг мөнгөн дэвсгэрт байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс орж шалгуулах шаардлагатай гэхэд жолооч нь шалгуулах шаардлагагүй гэж эсэргүүцсэн. Намайг машины хойд талын суудал дээр суугаад явж байхад машины голын гар тавьдаг хэсгийн доор хуйлсан 20 төгрөг байсан. Жолоочийг буулгаж ирээд шалгахад манарчихсан хоёр нүд нь улайчихсан согтуу юм шиг байгаад байсан ...жолоочтой юм яриад байж байхад жолоочийн эсрэг талын хойд талын цонхоор ууттай өвс гаргаж шидсэн ..”  гэсэн мэдүүлэг /хх-33-34х/,

            Яллагдагч Э.М мэдүүлэхдээ: “..Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр орой 22-23 цагийн үед Амарсанаа намайг 27-42 УНӨ улсын дугаартай машинтайгаа ирж аваад бид хоёр РС тоглоом тоглохоор болсон. Манай найз Жавхлан РС тоглоом тоглоно гэсэн учраас Жавхланг зайсанд байдаг гэрээс нь авсан. Тэгээд бид гурав явж байтал Энхтулга, Жавхлан руу яриад бие даалтаа хиймээр байна гээд Энхтулгыг гэрээс нь аваад Баянбүрдийн урд байдаг РС тоглоомын газар орсон. Энхтулга, Жавхлан хоёр бие даалтаа интернет дээр хийгэд Амарсанаа бид хоёр РС тоглоом тоглосон. Тэгээд шөнө 03 цаг хүртэл тоглоод гарсан. Амарсанаа машинаа 15 минут халаах хооронд бид нар утаат энгийн тамхи татсан. Би халааснаасаа тамхи гаргаж ирэх гэтэл миний өмсөж явсан хар өнгийн малгайтай цамцны баруун халаасанд Зун Плэй Тайм шоунд дээр явж байгаад газраас олсон жижигхэн цагаан өнгийн ууттай зүйл, дотроо 1 ширхэ парламент тамхитай байсныг мартсан байсан. Тэгээд 1 ширхэг парламент тамхийг гаргаж ирээд татсан. Тэгтэл сонин үнэртэй тамхи байхаар нь энэ ямар сонин үнэртэй тамхи бэ гэтэл Жавхлан, Амарсанаа, Энхтулга 3 ямар сонин үнэртэй тамхи юм бэ гээд нэг нэг удаа сорж үзсэн. Тэгээд тамхи дуусаад бид нар хөдлөөд явтал Амарсанаагийн машины нэг гэрэл нь шатсан байсан учраас Замын цагдаа гарч ирээд зогсоосон. Тэгээд Амарсанааг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгаад дараа нь бичиг баримтаа аваад буугаад ир гээд буулгаж шалгасан. Энэ хооронд би халаасанд байсан гялгар ууттай зүйлийг зүүн хойд талын цонхоор гаргаж шидсэн. Тэгтэл нэг цагдаа харчихаад энийг хэн шидсэн бэ гээд бид нараас асуугаад бид нарыг шууд баривчлаад Амарсанааг гавлаад цагдаагийн машинд суулгаад Энхтулга, Жавхлан бид нарыг сууж байсан суудал дээрээсээ битгий хөдөл гээд нэг цагдаа нь машиныг бариад хэлтэс рүүгээ авч явсан. Бид нарыг хэлтэс дээр байхдаа биед үзлэг хийж шээснээс мансууруулах бодис хэрэглэсэн үгүйг шалгадаг тэстээр шалгасан. Тэгтэл бид нарын шээснээс өвс гэх мансууруулах бодис илэрсэн юм ..” гэсэн мэдүүлэг. /хх80-81/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №10408, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №10425 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-49-54х/,

              Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-11, 19-20х/,

           Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-24-25х/,

           Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөн гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-28х/,                     

              Гэрч М.Амарсанаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-32х/,      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30а байрны орчимд 27-42 УНӨ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-ийн агуулга бүхий цагаан өнгийн ууттай 0.015 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.М нь каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн delta-9 tetrahydrocannabinol-ийн агуулга бүхий уутны хамт 0,015 грамм сэтгэцэд нөлөөт бодис, хуйлсан 20 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, 100 ам долларын сер дугааргүй дэвсгэрт гэх зүйл 1 ширхэг, сер дугааргүй 500 еврогийн дэвсгэрт  гэх зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.