| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0679/З |
| Дугаар | 128/ШШ2024/0724 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0724
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах, нэхэмжлэгч Торгонсоронз ХХК-ийн төлөөлөгч Б.Ариунболд, хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Батмөнх нарыг оролцуулан Торгонсоронз ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Батмөнхөд холбогдох захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Торгонсоронз ХХК-ийн төлөөлөгч Б.Ариунболд шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хүсэлт гаргасан Буяндалай овогтой Ариунболд миний бие шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 30-нд гаргасан гомдлоо татаж байна. Нэхэмжлэлээсээ гарсан үр дагаврыг хүлээн зөвшөөрч татаж авсан. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Торгонсоронз ХХК-ийн захирал Б.Ариунболд нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 02 өдрийн 0020031 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага бүхий Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Батмөнхөд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Торгонсоронз ХХК-ийн захирал Б.Ариунболдоос уг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах хүсэлт гаргав
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...-ээр тус тус заасан.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн татгалзал нь хууль зөрчөөгүй, түүний эрх хэмжээнд нийцсэн, нэхэмжлэгч Торгонсоронз ХХК-ийн захирал Б.Ариунболд нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байх тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн Торгонсоронз ХХК-ийн захирал Б.Ариунболдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Торгонсоронз ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 02 өдрийн 0020031 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2024/0679/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Торгонсоронз ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН