| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00626/И |
| Дугаар | 152/ШШ2024/00526 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 152/ШШ2024/00526
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.П-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.П нь 2020 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5.000.000 (таван сая) төгрөгийг хүүгүйгээр. 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Д. П нь гэрээнд заасны дагуу 5.000.000 төгрөг төлөхөөс 2.000.000 төгрөгийг төлж, 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүизөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3.000.000 (гурван сая) төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд иргэн Д.П нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү" гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл байна. Иймд Иргэн Д.П нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 3.000.000 (гурван сая) төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ***** тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.П нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Д.П нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч Д.П 2,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 372 дугаартай албан бичгээр Увс аймгийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Д.П-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.П-д холбогдох, 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР