| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00885/И |
| Дугаар | 151/ШШ2024/00977 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00977
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2024/00977 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .С.Н.,
/.хот, . дүүрэг, . дугаар хороо, . хотхон, . тоот/
Хариуцагч: .Р.Х.,
/.аймаг .сум, .дугаар баг, ./
Нэхэмжлэлийн шаардлага: 339,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 27,262,822 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н. нь хариуцагч Р.Х.аас 200,000,000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаадлагаа 139,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. /
2. Хариуцагч Р.Х. нэхэмжлэгч С.Н.аас 27,262,822 төгрөг гаргуулахыг хүсч сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 54,000,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
1.1. Нэхэмжлэгч С.Н. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: С.Н. миний бие . хот, . дүүрэг, . дугаар хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит гудамж "..." барилгын 20 дугаар давхарын 2004 тоот 125,96 м.кв ... дугаартай байрыг Р.Х.аас урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 736,900,000 төгрөгийг төлөхөөр 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдан авахаар тохиролцсон гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дараа үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу өгч чадахгүй болсон тухай Р.Х.т учир байдлыг хэлэхээр залгасан боловч утсаа аваагүй тул мессежээр уг байрыг худалдан авч чадахгүй болсноо мэдэгдэж, мөн менежер н.С.д давхар дуулгаж, уучлалт гуйсан зурвас илгээж, 200,000,000 төгрөгийг буцаан өгөхийг хүссэн. "..."-ын менежер н.С.аас мөнгө байхгүй, банкны зээл төлсөн, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 200,000,000 төгрөг нэмж өгөөд үлдэгдлийг 2024 оны 10 дугаар сард өгч болох талаар хариу ирүүлсэн. Миний зүгээс тийм боломжгүй 50,000,000 төгрөг өгөөд үлдэгдлийг 2024 оны 10 дугаар сард өгч чадна гэхэд зөвшөөрөөгүй. Бид байрыг худалдан авч чадахгүй учраас урьдчилгаа 200,000,000 төгрөгөө олж авахаар уг байрыг худалдан авагч хайж Д.Г.ийг олж өгсөн. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Монгол шуудангаар танайх үлдэгдэл 736,900,000 төгрөг төлөөгүй тул алданги 221,070,000 төгрөгийг урьдчилгаа төлсөн 200,000,000 төгрөгөөс суутган тооцсон гэх шаардсан бичгийн ирүүлсэн. Шуудангийн хаягт бичигдсэн 10 гаруй удаа залгасан ч утсаа авахгүй тул мессежээр ...Д.Г. худалдан авах хэвээрээ байгаа бидний урьдчилгаа төлбөрийг төлөөгүй цагт бид байрнаас гарах боломжгүй талаар мэдэгдэж, Д.Г.т уг албан бичгийн зургийг явуулсан. Гэтэл Д.Г. сонгуулийн дараа мөнгөтэй болно би Р.Х. захиралтай ярьсан гэж гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр оффисын хаалганы голыг сольж цаад талд нь давхар бүргэд хаалга хийсэн талаар бидэнд мэдэгдсэн. Бидний 200,000,000 төгрөгт ямар ч хүү төлөөгүй 4 сар болсон. Бид мөнгө төлж чадахгүй гэдгээ гэрээ хийсний дараа 14 хоногийн дотор мэдэгдэж уучлалт гуйсан байхад та нар яагаад хаалга сольж манай компанийн үйл ажиллагааг зогсоож байгаа талаар н.С.аас асуухад танай компанийн эд хөрөнгийг агуулахад хураасан гэж мэдэгдсэн. Түүнээс хойш Д.Г.ийг та Х.ын мөнгө төлөх юу болсон, бид мөнгө авмаар байна гэхэд сонгуулийн дараа больё, наадмын дараа больё гэх мэтээр худал ярьсаар өдий хүрсэн. Иймд Р.Х.аас байрны урьдчилгаанд төлсөн 200,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлээ: С.Н. би байр худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 736,900,000 төгрөгөөс алданги тооцож 221,070,000 төгрөг, мөн хүчээр хаалга эвдэн орж, компанийн эд хөрөнгө хурааж агуулахад хураасан 85 хоногийг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 4,250,000 төгрөг.
Манай компани /9911 болон 8811/-тэй утасны дугаарын барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Р.Х.т байрны урьдчилгаанд өгсөн 200,000,000 төгрөг нь манай үндсэн санхүүгийн эх үүсвэр билээ. Бид Р.Х.т гэрээний төлбөр төлж чадахгүй гэсэн мэдэгдлээс хойш 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бидний мөнгийг буцаан төлсөн бол бид зээл гаргаж дор дурдсан үйл ажиллагаа явуулж татвар нийгмийн даатгал, төлж, ажилчдын цалин тавих зэрэг компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах байсан. 200,000,000 төгрөгийг сарын хүү 6,000,000 төгрөг 9 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд 54,000,000 төгрөгийн хохирол үүссэн гэж үзэж 85,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.
1.3 Хариуцагч Р.Х. хариу тайлбартаа: Р.Х. нь С.Н.ын үл хөдлөх хөрөнгө худалдан авах санал хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр ... дугаар, ... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... дүгээр барилгын, ... давхрын 2004 тоот, 125.92м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг "Худалдах, худалдан авах гэрээ"-г 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдан авагч талд хүлээлгэн өгөх, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувын алданги төлөх гол нөхцөлүүдийг тусгасан. Худалдан авагч С.Н. нь "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу төлбөрийн эхний хэсэг болох 200,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлж, мөн гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 736,900,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй хоног хугацаа алдсан тул Р.Х.ын зүгээс "үлдэгдэл төлбөр болох 736,900,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөх" хугацаа өгч, хэрэв төлөгдөөгүй тохиолдолд "Худалдах, худалдан авах гэрээ" цуцлагдах, мөн төлбөр төлөгдөх боломжгүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эргүүлэн хүлээлгэн өгөх, энэ тохиолдолд шинэ худалдан авагчид санал болгох, ингэснээр талуудын хоорондын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх талаарх мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар нэхэмжлэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэлд дурдагдсан Д.Г.тэй байгуулахаар төлөвлөж байсан. Худалдан авагч Д.Г. нь өмнөх гэрээгээ цуцалсан байхыг Р.Х.аас шаардсан бөгөөд, үүнээс гадна "өөр сонирхол бүхий хүмүүст тухайн талбайг үзүүлье" гэхээр С.Н. нь үзүүлэхгүй, оруулахгүй хориг саад хийдэг байсан. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээс хойш худалдан авагч С.Н. ямар нэг хариу ирүүлээгүй, төлбөр төлөгдөөгүй, мэдэгдэлд заасны дагуу өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж эргүүлэн хүлээлгэж өгөөгүй тул Р.Х. нь "Худалдан авагчийг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардаж, мэдэгдсэн боловч мөн л заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул бидний 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан "Худалдах, худалдан авах гэрээ"-г 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр цуцалж, гэрээний 3.5-д заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 736,900,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 3,684,500 төгрөгийгөөр тооцож, 221,070,000 төгрөгийн алданги тооцож, үүний зарим хэсгийг урьдчилгаа төлбөрөөс суутгаж байгаа болохыг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлээ 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн. Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул худалдагч тал гэрээг цуцалж, гэрээний дагуу алданги тооцсон. Иймд С.Н.ын шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
1.4 Хариуцагч Р.Х, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: С.На,ын үл хөдлөх хөрөнгө худалдан авах санал хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр "Худалдах, худалдан авах гэрээ"-г 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Худалдан авагч талд хүлээлгэн өгөх, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлүүдийг тусгасан. С.Н, нь "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 200,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн. Гэрээний дагуу үлдэгдэл 736,900,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлэхгүй хоног хугацаа алдсан тул үлдэгдэл төлбөр 736,900,000 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш төлөгдөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдах, мөн төлбөр төлөөгүй тохиолдолд хөрөнгийг чөлөөлж, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эргүүлэн хүлээлгэн өгөх, энэ тохиолдолд шинэ худалдан авагчид санал болгох, ингэснээр талуудын хоорондын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх талаарх мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн. С.Н-ын нэхэмжлэлд дурдагдсан Д.Г-тэй байгуулахаар төлөвлөж байсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нь бодиттой бөгөөд Д.Ганцэцэг нь өмнөх гэрээгээ цуцлахыг шаардсан. Мөн үүнээс гадна "өөр худалдан авах сонирхол бүхий хүмүүст тухайн талбайг үзүүлье" гэхээр С.Н нь үзүүлэхгүй, оруулахгүй хориг саад хийдэг байсан. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээс хойш худалдан авагч С.Н ямар нэг хариу ирүүлээгүй, төлбөр төлөгдөөгүй, мэдэгдэлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, эргүүлэн хүлээлгэж өгөөгүй тул "Худалдах, худалдан авах гэрээ"-г 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр цуцалж, гэрээний 3.5-д заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 736,900,000 төгрөгөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс гэрээг цуцлах хүртэлх хугацаанд хоног тутамд 3,684,500 төгрөгийн, нийт 221,070,000 төгрөгийн алданги тооцож, алдангийн 200,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутгасан. Одоо С.Н-аас гэрээний дагуу төлөх алдангийн үлдэгдэл 21,070,000 төгрөг байна. Мөн түүнд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгснөөс хойш тухайн талбайг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эргүүлэн чөлөөлж авах хүртэлх хугацааны ашиглалтын зардал ашиглалт үйлчилгээ, цэвэрлэгээ, хог хаягдал, цахилгаан, усны 1,942,822.65 төгрөгийг дурдагдсан хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаж, ашиглаж байсан С.Н төлөх ёстой. С.Н-ын хүлээн авч, эзэмшиж ашиглаж байсан үл хөдлөх хөрөнгийг Р.Х нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эргүүлэн чөлөөлж авсан. Дотор нь байсан эд зүйлийг тусгай өрөө гаргуулан хадгалж байсан бөгөөд эд зүйлээ хүлээж авахыг шаардаж 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн энэхүү мэдэгдлээрээ хадгалалтын хөлс хоногийн 50,000 төгрөг болохыг мэдэгдсэн боловч С.Н эд зүйлээ хүлээж авахгүй байсаар 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээж авсан. Ийнхүү тэрээр 85 хоногийн хугацаанд эд хөрөнгөө хадгалуулсан байх бөгөөд хадгалах зардал 4,250,000 төгрөг болсон. Иймд С.Н-аас алдангийн үлдэгдэл 21,070,000 төгрөг, эзэмшиж ашиглаж байсан хугацааны үл хөдлөх хөрөнгийн ашиглалт үйлчилгээний зардал ашиглалт үйлчилгээ, цэвэрлэгээ, хог хаягдал, цахилгаан, усны 1,942,822.65 төгрөг, эд хөрөнгө хадгалалтын зардал 4,250,000 төгрөг, нийт 27,262,822 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, байрны план зураг, 200,000,000 төгрөг шилжүүлсэн ,,, банкны баримт, мэдэгдэл хүргүүлсэн баримт, Р.Х-ын гэрээ цуцлах тухай мэдэгдлийн баримтууд, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Р.Ха , Д.Г нарын худалдах худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг өгсөн.
3. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, монгол шууданд төлбөр төлсөн баримтуудын хуулбар, С.Н-т хүргүүлсэн мэдэгдлийн баримтууд, худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, план зургийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэвлэл ХХК-ийн Р.Х-т хүргүүлсэн шаардлага, байр ашиглалтын зардлын баримт, төлбөрийн нэхэмжлэл зэргийг өгсөн.
4. Шүүх, нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч С.Н-ын хариуцагч Р.Х-аас 139,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Р.Х нь нэхэмжлэгч С.Н-аас 27,262,822 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч С.Н нэхэмжлэлээсээ, хариуцагч Р.Ха сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг тус тус батлалж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Р.Х-аас 200,000,000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаадлагаа 139,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. /хх-1-2, 86/
3. Хариуцагч Р.Х нь нэхэмжлэгч С.Н-аас 27,262,822 төгрөг гаргуулахыг хүсч сөрөг нэхэмжлэлийг гаргасан. /хх-52/
4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Н , хариуцагч Р.Х нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Худалдах, худалдах авах гэрээг байгуулан ,,, хот, ,,, дүүрэг, ,,, дугаар хороо, , ",,," барилгын,,,дугаар давхарын 2004 тоот 125,96 м.кв ,,, дугаартай байрыг Р.Х-аас урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 736,900,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлж худалдан авахаар тохиролцон, урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх 4,6/
5. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг, хариуцагч Р.Х, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг тус тус гаргаж ирүүлсэн. /хх105, 106/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заасан.
7. Нэхэмжлэгч С.Н, ...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 200,000,000 төгрөгийг Д.Г, төлөхөөр харилцан тохиолцсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна Хариуцагч Р.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, ...С.Н-ын шүүхэд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байх тул ... С.Н-аас нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлээсээс бүхэлд нь татгалзах хүсэлтийг гаргаж байна гэснийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзнэ.
8. Иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгч, хариуцагчийн эрх бөгөөд хэн нэгний зөвшөөрөл шаардлагагүй юм.
9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н-ын хариуцагч Р.Х-т холбогдуулан 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Зохигч хэн аль нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргаж хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5- зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,010,900 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,264 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ... энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д ... улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол ... нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Х-т, холбогдох 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч С.Н,, хариуцагч Р.Х, нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,010,900 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 294,264 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А