Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00530

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Э.Г-н нэхэмжлэлтэй,

Г.М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М 2022 онд танилцаж үерхээд тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдраад дундаасаа нэг хүүтэй болсон хүү минь Г.М-аар овоглон явдаг. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хот руу гурвуулаа явж нийтийн байранд амьдарч байсан боловч зан харилцааны улмаас салахаар шийдэж ярилцаад би Мөнхбаатарыг хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоод замаа бодоцгооё гэхэд Г.М нь тэтгэмж тогтооход шүүхээр явж бөөн чирэгдэл болон гээд хүүхдийн тэжээн тэтгэх үүргээсээ татгалзан эсэргүүцээд хэл сураггүй ус авч ирнэ гээд явсан хүн усны баллоноо гэрийн гадна орхиод явсан байсан. Утсаа гэрт орхиод хаашаа явснаа ч хэлэхгүй одоо хаана байгаа нь тодорхойгүй учир одоо Г.М-т эцгийн хариуцлагыг үүрүүлж хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй тул шүүхэд хандаж байна. Г.М нь хүүхдийн тэтгэмж төлөхөөс татгалзаж хаан байгаа нь тодорхойгүй хэл сураггүй байгаа тул хаана оршин суугаа хаягийг тодруулж эрэн сурвалжилж хүүхдийн тэтгэмж тогтооход хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.М нь Европ рүү ажлын гэрээгээр явсан тул нэхэмжлэлээсээ түр татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г нь Г.М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Э.Г нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ***** тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Г олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Нэхэмжлэгч Э.Г нь Г.М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Г-г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ****  тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Г-т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.БОЛОР