| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01118/И |
| Дугаар | 151/ШШ2024/00979 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00979
| 2024 12 03 | 151/ШШ2024/00979 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: ...ХХК
/. хот, ..дүүрэг, .дүгээр хороо, ./,
Хариуцагч: Л.А
/... аймаг, ...сум, ... дугаар баг, ...дүгээр байр, ... тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 2,350,904.28 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Л.А-оос гэрээний үүрэгт 2,350,904.28 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Л.А нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ... тоот гар утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ байгуулан Samsung A34 маркийн гар утас болон 9..дугаарын хамт багцлан урьдчилгаа төлбөргүйгээр 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 143,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Л.А.. нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,567,269.52 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 1,567,269.52 төгрөг үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 783,634.76 төгрөг нийт 2,350,904.28 төгрөгийг Л.А-гоос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А. хариу тайлбартаа: ... ХХК-ийн нэхэмжилж буй 2,350,904.28 төгрөгийг 5 хуваан хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжийн хувьд төлбөл зохих 26,283 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-25/
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрх олгох тухай 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/22 дугаар тушаалын хуулбар, 2855 дугаар нэхэмжлэл, тооцооллын хуудаснууд, гар утас зээлээр худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
4. Шүүх хариуцагч Л.А-ийн албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг санаачилгаараа хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Л.А-оос гэрээний үүрэгт 2,350,904.28 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ. /хх1-3/
3. Хариуцагч Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан. /хх-25/
4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 12-13/
5. Зохигчдын эрх үүргийн харилцааг талуудын байгуулсан гэрээгээр тодорхойлох бөгөөд хариуцагч Л.А гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч ...ХХК шаардах эрхтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
7. Нэхэмжлэгч ... ХХК-ийн гэрээний үүрэгт 2,350,904.28 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А бичгээр гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба түүний бичгээр гаргасан тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан ... ХХК-ийн хариуцагч Л.А-оос гэрээний үүрэгт 2,350,904.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,565 төгрөгийн тал хувь 26,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 26,283 төгрөгийг, хариуцагч Л.А-оос 26,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Л.А-оос гэрээний үүрэгт 2,350,904.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжийн хувьд төлбөл зохих 26,283 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,565 төгрөгийн тал хувь 26,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 26,283 төгрөгийг, хариуцагч Л.А-оос 26,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Д.А