| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01023/И |
| Дугаар | 151/ШШ2024/00993 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00993
| 2024 12 05 | 151/ШШ2024/00993 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,
Нэхэмжлэгч: . дүүргийн Прокурорын газар
/... хот, ... дүүрэг, .... дугаар хороо, ... өргөн чөлөө-.../,
Хариуцагч: Э.О
/... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр гудамж, ...тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: нийт 6,104,900 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Э.О-аас нийт 6,104,900 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.О-ыг хохирогч М.З-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэжээ. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 6,104,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. иймд гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 6,104,900 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Э.О-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү Э.О- нь Улаанбаатар хот, ... дүүрэг, - дугаар хороо, жанжин ... дүгээр гудамж, ... тоот хаягт бүртгэлтэй боловч одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа гэжээ.
2. Хариуцагч Э.О-хариу тайлбартаа: - дүүргийн Прокурорын газраас нэхэмжилж буй 6,104,900 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй одоогийн байдлаар хориход ял эдэлж байгаа тул боломж бага байна. 2029 онд хорих ангиас суллагдсан хойноо төлж барагдуулна гэжээ. /хх-60-61/
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, итгэмжлэл, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 2024/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар албан бичиг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүд мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, ... дугаар өвчний түүхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг тус тус гаргаж өгсөн.
4. Шүүх хариуцагч Э.О-т нэхэмжлэл гардуулах, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулах, эдлэх эрх, хүлээх үүрэг танилцуулах, хариу тайлбар авах ажиллагааг ... дугаар нээлттэй хорих ангид хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Э.О-аас нийт 6,104,900 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ. /хх 1-5/
3. Хариуцагч Э.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан. /хх-60-61/
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
6. Нэхэмжлэгч ... дүүргийн Прокурорын газрын нийт 6,104,900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч Э.О... бичгээр гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан ... дүүргийн Прокурорын газрын хариуцагч Э.О-аас нийт 6,104,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Э.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 112,628 төгрөгийн тал хувь 56,314 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
10. Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Э.О-аас нийт 6,104,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.О онд хорих ангиас суллагдсан хойноо/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Э.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 112,628 төгрөгийн тал хувь 56,314 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Д.А