Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,    

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Хохирогч В.Цэрэнсүрэн,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706020860424 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Визард экспресс" ХХК-ний захирлын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамж 297 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Алтанжолоо овогт Т.Э,

 

     Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 12-297 тоотод В.Цэрэнсүрэнг архи уусан гэж үглэсэн хэмээн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн эрүүгийн 1706020860424 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Т.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч В.Цэрэнсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...Тэгээд би босоод харилцан зодолдсон тэгтэл гурилын ганжин барьчихсан байсан. Энхтөвшингийн биед гэмтэл учраагүй, миний баруун гарын бугалга хөхөрсөн өвдөөд хөдөлж чадахгүй байхаар нь гараад цагдаа дуудаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр уурандаа явлаа гээд 2 хүүхдээ аваад яваад өгсөн. 2 сарын дараа нь 2 хүүхэд аавыгаа санаад би ч гэсэн ганцаараа бүтэхгүй нь гээд буцаж очоод эвлэрсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч Ч.Янжинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Эхнэр нь өөрөө хэрүүл өдөөд эхэлж цохиж зодолдоод байдаг юм. Энхтөвшин бол хэр барагийн уурлаад байдаггүй. Харин нэг уурлахаар аймаар уурладаг юм. Энэ нь багадаа тархиний даралт маш ихтэй байсаных байх. Тариа хийхлээр л хөхрөөд татаад уначихдаг хүүхэд байсан юм. Одоо ч гэсэн их уурлуулах юм бол таталт өгөөд уначихдаг юм. Мэдрэлийн төрөлхийн тархиний саажилт өвчинийхөө учир 16 наснаасаа л 70 хувийн грүппэд орсон. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг юм. Тэр өдөр хэрэлдээд байхаар нь "битгий хэрэлдээд бай болицгоо гэхэд В.Цэрэнсүрэн намайг шууд гараараа түлхээд унагаачихсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулаагүй. Тухайн үед уур хүрээд л өргөдөл бичээд өгчихсөн болохоос биш, одоо надад санал гомдол алга. Цэрэнсүрэн тэр үед явчихаад 2 сарын дараа 2 хүүхэд нь ааваа санаад байна гэж утасдаад буцаад гүйж ирсэн. Одоо бол хоорондоо эвтэй байгаасай л гэж залбирах юм даа гэх мэдүүлэг /хх-ийн 41/

 

Шүүгдэгч Т.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. В.Цэрэнсүрэнтэй 2007 оны 08 дугаар сарын 05-нд хуримийн ордонд хуримаа хийснээс хойш 10 жил хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Гэр бүлийн баталгаатай. Урьд нь би Цэрэнсүрэнг зодож байгаагүй. Бид 2 нээх хэрэлдэж муудалцаад байдаггүй юм. Тэр өдөр авгайг ажилтай байхаар нь би архи уучихсан чинь "чи намайг ажилтай өдөр архи уулаа" гэж уурлаад маргалдсан. Өмнө нь надруу нэг залуу утасдаад танай эхнэртэй чинь уулздаг, ярьдаг гэж хэлсэн болохоор нь эхнэрийг тэр өдөр хүнтэй утсаар яриад байхаар нь тэрийг нь хэлээд гурилын ганжингаар цохисон чинь тохойнд нь оночихсон юм. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14251 дугаартай

“В.Цэрэнсүрэнгийн биед баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, баруун, бугалга, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12/

-Т.Эгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа  хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Визард экспресс консалтинг ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 20-25/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Т.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Т.Эгийн иргэн В.Цэрэнсүрэнгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч В.Цэрэнсүрэнгийн мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгч Т.Эг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Алтан жолоо овогт Т.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ