Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0657

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ************** ББН /РД: ********/                          

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О********* нарын хооронд үүссэн улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г********, хариуцагч Ч.О********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч *************** ББН-өөс тус шүүхэд хандан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О*********гийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гарган маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч ************** ББН нь 2013 оноос хойш ************** дүүргийн ** дугаар хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж иржээ.

2.2. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** тоот "Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах" тогтоолоор ********** дүүргийн ** дугаар хороо нь **, **, ** дүгээр хороо болж хуваагдсан бөгөөд уг өрхийн эрүүл мэндийн төв нь *************** дүүргийн **, **, ** дүгээр хорооны 14,280 өрхийн 49,249 хүн амд 41 эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

2.3. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ********** дугаартай Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулсан.[1]

2.4. Мөн энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэн байгуулсан, тухайлбал, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ********* дугаартай гэрээ зэргийг байгуулжээ.[2]

2.5. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О********* 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ********* дугаартай зөрчлийн хэргийг нээж[3], улмаар гомдол гаргагч ************* ББН-ийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл дээрээ бүртгэлгүй хаягт байрлан үйл ажиллагаа явуулж байсан, үйл ажиллагаа явуулах үед магадлан итгэмжлэлд тухайн хэсэг нь хамрагдаагүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний[4] 2.1.8-д “дараах тохиолдолд бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлаас өөр байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн, дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшээгүй эмч нар ЭХО оношилгооны үзлэгийн төлбөрийг нэхэмжилсэн зөрчил гаргасан гэж үзэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар[5] Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2 000 000 төгрөгөөр торгож, 123 858 900.00 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

2.6. Гомдол гаргагчийн зүгээс “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэж үзэж байгаа. 128,858,900 төгрөгийг зардал байдлаар зарцуулчихсан учраас буцаан төлөх боломжгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тухайн акт гарах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагчийн зүгээс ***************** БГБХН өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг зөрчсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах” гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага гэрээний хэрэгжилтийг биелүүлээгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны ** дугаар тогтоолоор гэрээний ерөнхий загварыг баталсан. Үүний 3-р хавсралтад “талуудын харилцах суваг” гэж байдаг. Нэхэмжлэгч байгууллага тус хавсралтад заасныг мөн биелүүлээгүй. Гэрээний 2.1.8-д “дараах тохиолдолд бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлаас өөр байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаатайгаар сунгуулж авсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *********** дүүргийн **-р хороонд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулах үед магадлан итгэмжлэлд тухайн хэсэг нь хамрагдаагүй. Тусгай зөвшөөрөлгүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй ...”  гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “ЭМДЕГ-ын улсын байцаагч Ч. О*********гийн 2024 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн манай өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-д оногдуулсан шийтгэлийг эс зөвшөөрч байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.8.4-р заалт болох "Тусгай зөвшөөрөлд заасан хаяг, байршлаас өөр хаяг байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэл" гэсэн заалтыг зөрчсөн тул 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд шинжилгээний хэсэгт хийгдсэн лаборатори шинжилгээ, багажийн шинжилгээ, түргэвчилсэн шинжилгээ, рентген оношилгоо хийсний төлбөр болох 123,858,900 (нэг зуун хорин гурван сая найман зуун тавин найман мянга есөн зуун) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлөх шийтгэл оногдуулсан. Манай өрхийн эрүүл мэндийн төв шинжилгээний хэсэг ажиллуулсан нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ӨЭМТ-ийн үлгэрчилсэн дүрэм, ӨЭМТ-ийн стандарт зэргийг зөрчөөгүй болно. ************ ӨЭМТ нь 2013 оноос хойш ********** ** дугаар хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** тоот "Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах" тогтоолоор ************* **** дугаар хороо нь **, **, ** дүгээр хороо болж хуваагдсан бөгөөд манай ӨЭМТ нь *********  **, **, ** дүгээр хорооны 14,280 өрхийн 49,249 хүн амд 41 эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.

Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбоотой ********** Засаг даргын Тамгын газраас анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 15, 19 дүгээр хорооны хүн амд ойртуулах, хүртээмжтэй болгох зорилгоор ӨЭМТ-ийг байраар хангаж өгснөөр *********** *** дугаар хороонд 2019 оны 07 дугаар сараас, *********** дүүргийн ** дүгээр хороонд 2020 оны 08 дугаар сараас тусгай зөвшөөрөл дээр хаяг бичигдээгүй буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ********** дүүргийн **** дугаар хорооны цогцолбор байр болон ********** дүүргийн **** дугаар 55-р байранд 15 болон 19 дүгээр хорооны иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 05 тоот тогтоол гарсантай холбоотойгоор рентген оношилгоо болон бусад анхан шатанд хийхийг зөвшөөрсөн шинжилгээ оношилгоог нэг доороос иргэдэд үзүүлэх үүднээс ************ дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж өгсөн ********** дүүргийн **** дугаар хорооны байранд 2022 оны 08 дугаар сараас шинжилгээний хэсгийг нээн ажиллуулсан. ӨЭМТ-ийн байрны багтаамж муу тул рентген аппаратын цацраг идэвхт туяаны хамгаалалт бүхий өрөөг 15, 18, 19 дүгээр хорооны ӨЭМТ-ийн байранд зохион байгуулах боломжгүй байсан бөгөөд шинжилгээний хэсэгт зөвхөн өөрийн харьяаллын буюу Хан-Уул дүүргийн 15, 18, 19 дүгээр хорооны иргэдийг оношилгоо шинжилгээнд хамруулж байсан. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас зохион байгуулсан "Сайн туршлага- 2023" арга хэмжээнд ************ дүүргийн **** дугаар хороонд байрлах шинжилгээний хэсгийг танилцуулж "Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологи, хэрэгжилтийн үр дүн" гэдэг номинаци дээр дэд байранд шалгарч НЭМГ-ын даргын өргөмжлөлөөр шагнуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар *************** ӨЭМТ-ийн тусгай зөвшөөрлийн байршлыг ** дугаар хороо байсныг ** дугаар хороо болгон өөрчилсөн. Тусгай зөвшөөрөл дээр хаяг нь бичигдээгүй 19 дүгээр хорооны болон шинжилгээний хэсгийн байранд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж болох эсэх нь тодорхойгүй байдалд орсон тул тухайн асуудлыг шийдвэрлэж өгөхийг ЭМЯ болон НЭМГ-т албан бичиг явуулсны дагуу НЭМГ шинжээч томилж ажлын байрны дүгнэлт үнэлгээ өгсний дүнд 19 дүгээр хороо болон шинжилгээний хэсэгт 2024 оны 06 дугаар өдрийн 26-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон. Эрүүл мэндийн тухай хуулийн 11.2.2 заасны дагуу ********* дүүргийн Засаг дарга нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар бүрэн эрхээ хэрэгжүүлж, харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор манай ӨЭМТ-ийг байраар дэмжиж өгсний үндсэн дээр манай ӨЭМТ нь үйл ажиллагаа явуулж байсан. Гарсан зөрчил, шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь захиргааны акт илт хууль бус байсан. Тус илт хууль бус захиргааны акт болох нь дараах хэлбэрээр илэрч байгаа юм. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт буюу захиргааны актад дурдсан үүрэг болгосон 123.858.900 төгрөгийг буцаан төлөх боломж байхгүй. Бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй юм (оношилгоо шинжилгээнд нэхэмжилсэн мөнгө нь тухай шинжилгээний урвалж оношлуур, шинжилгээ хийсэн ажилчдын урамшуулал цалингийн зардалд тухай бүрдээ зарцуулагдаад дуусдаг).

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан захиргааны акт rapracaн. Хууль зөрчиж гаргаагүй шийдвэр буюу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2 заалтад зөрчөөгүй байхад Захиргааны хэргийн акт тавьсан нь ойлгомжгүй байна. Иймд ЭМДЕГ-ын улсын байцаагч Ч.О*********гийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******** тоот захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г*****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэж үзэж байгаа. 128,858,900 төгрөгийг зардал байдлаар зарцуулчихсан учраас буцаан төлөх боломжгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тухайн акт гарах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчөөгүй учраас 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан нь хууль зөрчөөгүй гэж бид үзэж байгаа юм ...” гэв.

3.3. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О*******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй байгууллагыг чанар, хүртээмжийг нь харгалзан сонгон шалгаруулж гэрээ байгуулдаг. Нэхэмжлэгч байгууллага 4 тусламжаар ********** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт оношилгоо шинжилгээний төв байгуулж үйл ажиллагаа явуулж байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын **** дугаар тогтоолыг дурдаж байна. ******************** өрхийн эрүүл мэндийн төв нь анх 2014 онд улсын бүртгэлийн гэрчилгээ авч, 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж эхэлж байсан.  2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын **** дугаар тогтоолоор ************ дүүргийн 15-р хороо нь 15, 18, 19-р хороо болж салсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/41 дүгээр тушаал гаргасан. Уг тушаалд “хүн ам өссөн тул ************* өрхийн эрүүл мэндийн төвийг хороодод салбар нээж ажиллуулахыг зөвшөөрсүгэй” гэх агуулгатай. Мөн тушаалын 3-т “бүтцийн өөрчлөлт хийгдэж буй өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинээр олгох асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тусгай зөвшөөрлийн комиссын хуралд танилцуулан шийдвэрлүүлэхийг Хувийн хэвшлийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Б*********д даалгасан. Нөгөө талаас *************** өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг зөрчсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах” гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага гэрээний хэрэгжилтийг биелүүлээгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолоор гэрээний ерөнхий загварыг баталсан. Үүний 3-р хавсралтад “талуудын харилцах суваг” гэж байдаг. Нэхэмжлэгч байгууллага тус хавсралтад заасныг мөн биелүүлээгүй. Гэрээний 2.1.8-д “дараах тохиолдолд бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлаас өөр байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаатайгаар сунгуулж авсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *********** дүүргийн **-р хороонд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулах үед магадлан итгэмжлэлд тухайн хэсэг нь хамрагдаагүй. Тусгай зөвшөөрөлгүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй, шаардлага хангасан эрүүл мэндийн байгууллагыг сонгож гэрээ байгуулдаг. Нэхэмжлэгч байгууллага Зөвшөөрлийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээг тус тус зөрчсөн учраас өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.

**************** өрхийн эрүүл мэндийн төв нь ************* Улсын бүртгэлийн дугаартай, ******* регистрийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд Улаанбаатар, ************* дүүрэг, **-р хороо, Хорооны цогцолбор байр байршлыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар, ******** дүүрэг, **-р хорооны цогцолбор байранд болгон өөрчлөн бүртгэсэн. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх **************** дугаартай тусгай зөвшөөрөлд байгууллагын албан хаяг ********* дүүрэг, ** дугаар хорооны цогцолбор байр, хүчинтэй огноог 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэсэн. Манай газартай байгуулсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах 2024 оны ********* дугаар гэрээг Улаанбаатар хот, ******** дүүрэг, **-р хорооны цогцолбор байр байршилд, Оношилгоо шинжилгээ, Өдрийн эмчилгээ, Сэргээн засах, Гэрээр үзүүлэх гэсэн 4 төрлийн тусламж, үйлчилгээгээр байгуулсан. Уг гэрээний 2.1.8-д дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах:, 2.1.8.4-д тусгай зөвшөөрөлд заасан хаяг, байршлаас өөр хаяг байршилд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл; гэж заасан боловч Хан-Уул дүүргийн 20 дугаар, “***********”  байрны 1 давхрын байранд мэдэгдэлгүй, тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн уйл ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш явуулсан нь тогтоогдсон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Health.gov.mn цахим системээс ************* өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн нийт дата мэдээллийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай дотоод албан бичиг хүргүүлэх, ************ өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдаас мэдүүлэг авах, анхан шатны бүртгэл маягт (журнал), дата мэдээлэл татуулан авч үзлэг хийхэд нийт 24,928 (давхардсан тоогоор) тохиолдолд оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээг иргэн, даатгуулагчдад үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 156,949,300 төгрөгийг нэхэмжлэн авсан нь тогтоогдсон. Үзлэгийн явцад уг дата мэдээллээс ********** дүүргийн **-р хорооны салбарт тусгай зөвшөөрөлгүй тусламж, үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн нөхөн төлбөр тавих мөнгөн дүнг үндсэн байршилд (********** дүүргийн **,**,** хороо) үзүүлсэн тусламж, үйлчилгээнээс салгаж тогтоосон. Үзлэгээр **************** ӨЭМТ нь ********* дүүргийн **, **, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үндсэн байршилд /Лабораторийн бус/ Багажийн шинжилгээ (Зүрхний цахилгаан бичлэг, Ургийн зүрхний цахилгаан бичлэг)-г 2312 тохиолдолд /давхардсан тоогоор/ 18,252,000 төгрөг, Хэт авианы оношилгоо 83 тохиолдолд 1,245,000 төгрөг *************** Хэвлийн хэт авиа /ЭХО/ 1,2-р сар-2024 мэдээлэлтэй таарсан), Түргэвчилсэн тест 237 тохиолдолд, 843,000 төгрөг, эд эсийн шинжилгээ (мазок) 727 тохиолдолд үзүүлж 6,642,000 төгрөг, Иммунологийн түргэвчилсэн сорил 1155 тохиолдолд үзүүлж, 4,748,400 төгрөг, Шээсний туузан оношлуур 272 тохиолдолд үзүүлж, 1,360,000 төгрөг, нийт 4786 тохиолдлын оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний зардал болох 33,090,400 төгрөгийг уг хугацаанд нийт нэхэмжлэн авсан 156,949,300 төгрөгөөс хасаж тооцсон.       Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс өөр хаяг байршилд буюу Хан-Уул дүүргийн **-р хороо, ****************  байрны 1 давхрын байранд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд лабораторийн 14,245 үзүүлэлтийг шинжилж 78,924,000 төгрөг, Багажийн шинжилгээ (Зүрхний цахилгаан бичлэг)-г 422 тохиолдолд /давхардсан тоогоор/ үзүүлж 3,171,000 төгрөг, Хэт авианы оношилгоо 1364 тохиолдолд үзүүлж 17,047,000 төгрөг, Түргэвчилсэн тест 200 тохиолдолд үзүүлж 819,000 төгрөг, Үтрээний арчдас (мазок) 28 тохиолдолд үзүүлж 140,000 төгрөг, Иммунологийн түргэвчилсэн тест- 1 тохиолдолд үзүүлж 10,000 төгрөг, Шээсний туузан оношлуур 2323 тохиолдолд үзүүлж 10,765,500 төгрөг, Рентген оношилгоо- 673 тохиолдолд үзүүлж 6,669,000 төгрөг, нийт 117,545,900 төгрөг, Үндсэн байршилд (15,18,19 хороо): 2022-2023 онд Дурс оношилгооны нарийн мэргэжил эзэмшээгүй (Ерөнхий мэргэжлийн) эмч нар ЭХО оношилгооны үзлэгийг нэхэмжилсэн 887 тохиолдлын 6,313,000 төгрөг, нийт 123,858,900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэн авсан нь тогтоогдсон тул 2024 оны 05 дугаар сар 31-ний өдөр хэргийн материалыг танилцуулж, зөрчил шийтгэл ноогдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан ... Тухайн байгууллага хууль дүрмээ биелүүлээгүй учраас шат дараалсан асуудлууд гарсан. Би Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын албаны даргаар 10 жил эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаад 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажилласан. Чанарын менежерийн хувьд асуудлыг харахад хяналт шалгалт, стандартаа мөрдөөгүй байсан. Эм Эн Эс 5292:2017 гээд өрхийн эмнэлгийн стандарт байдаг. Лабораторийн өрөөтэй, сорьц цуглуулах тусдаа өрөөтэй байх ёстой байтал халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй. Сайдын тушаалыг зөрчөөд үүднийхээ хажуу талын 6 м2 жижигхэн өрөөнд сорьцоо цуглуулдаг, бүх лабораторийн шинжилгээгээ хийдэг, шээсний шинжилгээ хүртэл хийдэг. Шээсний шинжилгээ авах хэсэг дотроо ариун цэврийн өрөөтэй, тусдаа өрөө байх ёстой. Гэтэл ажлын байрны дүгнэлт гаргуулаагүйн улмаас дээр дурдсан өрхийн эмнэлгийн стандартыг зөрчсөн. Энэ бол 3 хорооны иргэдийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгаа асуудал байтал чанарын шаардлага хангаагүй рентгений өрөөтэй байсан. Рентгений өрөө дотроо хаалга, цонх, тусгаарлах хэсэгтэй байх ёстой байтал тэр нь байхгүй. Удирдах самбарын хэсэг байхгүй. Рентгений өрөө болон эмчийн өрөөний хооронд цонхтой байх ёстой стандарт байдаг. Үүнийг зөрчсөн учраас бид Боловсролын яамны харьяа Цөмийн энергийн газарт зөрчлийг нь мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгч байгууллага хууль, журмаа мөрдөж, бичиг баримтаа бүрдүүлж яваагүйн улмаас олон асуудлууд үүсэж гарсан байна. Энэ нь цаашдаа 3 хорооны иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг ноцтой зөрчиж байна.” гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О*********гийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын тухайд:

1.1. Гомдол гаргагч *************** ББН нь гомдлын шаардлагаа “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О*********гийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх үндэслэлүүдийг дурдаж маргасан.

1.2. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

1.3. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг дурддаг боловч шүүх нотлох зарчмын үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй захиргааны акт нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй, харин дараах үндэслэлээр хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэсэн болно.

1.4. Маргаж буй 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч ************** ББН-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, 2 000 000.00 төгрөгөөр торгон 123 858 900.00 төгрөгийн төлбөр тогтоожээ.

1.5. Хариуцагчаас зөрчлийг авч үзэхдээ, **************** ББН нь “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл дээрээ бүртгэлгүй хаягт байрлан үйл ажиллагаа явуулж байсан, үйл ажиллагаа явуулах үед магадлан итгэмжлэлд тухайн хэсэг нь хамрагдаагүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.8-д “дараах тохиолдолд бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлаас өөр байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн, дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшээгүй эмч нар ЭХО оношилгооны үзлэгийн төлбөрийг нэхэмжилсэн” зөрчил гаргасан гэж үзжээ.

1.6. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Ажил олгогч, ерөнхий менежер шимтгэлийг энэ хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих шимтгэлийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэжээ.

1.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол ...” гэх хуулийн нөхцөл заасан /гепотез/ хэсгийн хэрэглээний хамрах хүрээг тодорхойлохын тулд хууль тогтоогчоос өөрөө тайлбарласан аутентик тайлбарыг хариуцагч анхаарах шаардлагатай байжээ.

1.8. Тодруулбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага “хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэдэгт хуульд заасан ямар үүрэг хамаарах эсэхийг хууль тогтоогч тайлбар хэсэгт “Ажил олгогч, ерөнхий менежер шимтгэлийг энэ хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол ...” гэж тайлбарласан байна.

1.9. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу маргаан бүхий энэ тохиолдлын хувьд гомдол гаргагч ************** ББН нь ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх учиртай байна.

1.10. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.” гэж “хууль ёсны байх зарчим”-ыг хуульчлан тогтоосон.

1.11. Тодруулахад, аливаа этгээдийг зөрчил үйлдсэн гэж буруутгахад тухайн зөрчлийн шинжийг зөвхөн Зөрчлийн хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон байх бөгөөд аливаа этгээдийн гаргасан үйлдэл, эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар тогтоосон зөрчлийн шинжид нийцэж байвал зохих шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээг хэрэглэх зарчимтай бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим мөн хуульчлагдсан болно.

1.12. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон дээр дурдсан хууль зүйн үндэслэл зэргээс нэгтгэн дүгнэхэд, “гомдол гаргагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл дээрээ бүртгэлгүй хаягт байрлан үйл ажиллагаа явуулж байсан, үйл ажиллагаа явуулах үед магадлан итгэмжлэлд тухайн хэсэг нь хамрагдаагүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгосон” гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

1.13. Мөн түүнчлэн, хариуцагчийн талаас хэлсэн “... **************** өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний[6] 2.1.8-д “дараах тохиолдолд бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлаас өөр байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн, дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшээгүй эмч нар ЭХО оношилгооны үзлэгийн төлбөрийг нэхэмжилсэн байсан тул 2022-2023 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэн авсан санхүүжилтийн нийт 123 858 900.00 төгрөгийн төлбөр тогтоосон” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

1.14. Учир нь, энэ нь талуудын хооронд байгуулсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой эрх зүйн маргаан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой төлбөрийг шүүхийн журмаар шаардан гаргуулах учиртай байжээ.

1.15. Тодруулахад, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ********** дугаартай Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад[7] “хэрэв аль нэг тал маргааныг хэлэлцээ хийж шийдвэрлэхээр бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр” маргаанаа шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон байна.

1.16. Тиймээс хариуцагч нь “... ************** өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний[8] 2.1.8-д “дараах тохиолдолд бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлаас өөр байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн, дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшээгүй эмч нар ЭХО оношилгооны үзлэгийн төлбөрийг нэхэмжилсэн байсан” гэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн төлбөр тогтоох биш, харин шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах замаар уг зөрчлийг тогтоолгож, төлбөрөө шаардан нэхэмжлэхээр байна.

1.17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.18. Харин шүүхийн энэхүү шийдвэрээр гомдол гаргагч **************** ББН-ийг хуулиар тогтоосон болон гэрээгээр тохиролцсон нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийгээгүй, харин хариуцагчийг хуулийн зүйлчлэлийг буруу хийсэн, түүнчлэн шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой маргаанд шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу гэж үзсэн болохыг тухайлан тэмдэглэж байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

2.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчаас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан оролцуулах болон гэрчээр ************* өрхийн эрүүл мэндийн төвийн Дүрс оношилгооны эмч Т.С******ыг асуулгах хүсэлтийг гаргасныг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнд:

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж зааснаар шүүхээс гомдол гаргагчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О*********г тус хэрэгт хариуцагчаар татсан тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зайлшгүй томилуулах шаардлагагүй бөгөөд тийм үндэслэлгүй.

2.3.  2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудасны *********** дугаартай зөрчлийн хэрэгт **************** өрхийн эрүүл мэндийн төвийн Дүрс оношилгооны эмч Т.С*******н гэрчийн мэдүүлэг нэгэнт авагдсан байх тул түүнийг шүүх үнэлэх боломжтой, тиймээс Т.С*********г шүүх хуралдаанд дуудан гэрчийн мэдүүлэг авах нь нотолгооны ач холбогдолгүй гэж шүүх үзсэн болно.

2.4. Иймд дээрх үндэслэлээр хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан гомдол гаргагч **************** ББН өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О*********ийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 3-р хавтасны 99-108 дахь тал

[2] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 3-р хавтасны 86-93 дахь тал

[3] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 1-р хавтасны 1 дэх тал

[4] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 3-р хавтасны 99-108 дахь тал

[5] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 3-р хавтасны 117 дахь тал

[6] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 3-р хавтасны 99-108 дахь тал

[7] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 3-р хавтасны 106 дахь тал

[8] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаартай Зөрчлийн хэргийн 3-р хавтасны 99-108 дахь тал