Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0820

 

2017 оны 11 сарын 16 өдөр                 Дугаар 221/МА2017/0820                          Улаанбаатар хот

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагч Ж.О, Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц.А-гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэрээр:

 1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С-с Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай актын тогтоох хэсгийн “Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй”,” Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С-с гаргасан “...Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай актын тогтоох хэсгийн Автомашин худалдан борлуулсан орлогоо тайлагнаагүй гэх зөрчилд ногдуулсан 2010 оны 373,295.00 мянган төгрөгийн нөхөн татвар, 2011 оны 690,074.50 мянган төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай актаар 1,029,998.90 мянган төгрөгийн торгууль, 956,160.00 мянган төгрөгийн алданги, нийт 1,986,158.90 /нэг сая есөн зуун наян зургаан мянга нэг зуун тавин найман төгрөг ерэн мөнгө/ төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С давж заалдах гомдолдоо: Ц.А-гийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Ж.О, Б.А нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.С би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

1.Шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч Татварын улсын байцаагчдын зүгээс нэхэмжлэгч Ц.А-гийн авто угаалгын газрын үйл ажиллагаанд хамаарах татварын ногдлыг тодорхойлохдоо тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа "Натур" авто угаалгын газар, 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа "О" авто угаалгын газрын үйл ажиллагааны үнэ тариф, өдөр, сард дунджаар угаадаг машины тоо, үйл ажиллагааны зардал, ажиллагсдын тоо, ажлын хөлс зэргийг жишиг болгон тогтоосон нь Татварын ерөнхий хуульд заасан татварын ногдлыг тодорхойлох шууд бус аргад нийцсэн байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь "Н" авто угаалгын газрын эзэн Я.Н-тэй хийсэн ярилцлага"-д хэдэн оны үйл ажиллагааны зардлыг асуусан нь тодорхойгүй байхад шүүх тус нотлох баримтыг үнэлсэн. Мөн тус ярилцлагад дурдсанаар татвараа патентаар төлдөг буюу Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тогтоосон тарифаар татвар төлдөг газрыг жишиг болгосон татварын актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Үүний зэрэгцээ "О" авто угаалгын газрын захирал Б.Д-тай хийсэн ярилцлагад тус авто угаалга нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан гэсэн байхад Ц.А-гийн авто машин угаалгын газрын 2012 болон 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны орлого зарлагыг тус газрын орлого зарлагаар жишиг болгосон нь Татварын ерөнхий хуульд заасан жишиг үнийн аргыг хэрхэн хэрэглэсэн нь ойлгомжгүй. Ийнхүү татварын байцаагчдын акт нь хууль ёсны дагуу гараагүй байхад түүнийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар татварын ногдлыг шууд бус аргыг бодит үнийн арга болон жишиг үнийн аргаар тодорхойлохоор заажээ. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсний дагуу 2007 оны Сангийн сайдын “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”-ыг шүүхийн журмаар гаргуулсан билээ. Харин тус журам нь хувь хүний орлогын албан татварт огт хамааралгүй буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчид хамаарах журам байхад анхан шатны шүүх “Татварын ерөнхий хуульд заасан татварын ногдлыг тодорхойлох шууд бус аргад нийцсэн байна” хэмээн дүгнэсээрээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Б авто угаалгын ус, цахилгаан, дулааны төлбөр “Х И” ХХК-ийн нэрээр төлөгддөг юм. Учир нь холбогдох байгууллагаас заавал компанитай гэрээ байгуулна гэх шаардлагын дагуу ийнхүү гэрээ байгуулдаг болно. Иймээс дүү Ц.А-ы “Х И” ХХК-ийн нэрээр ус, дулааны төлбөр төлөгддөг юм гэж дурдсан хэдий ч, гэрээ байхгүй гэдгийг шүүх хуралдааны үед мэдүүлсэн бөгөөд хяналт шалгалтын явцад гэрээтэй холбоотой баримт шалгуулаагүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн болно. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ц.А нь Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, мөн татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ирүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь “Х И” ХХК нь огт үйл ажиллагаа явуулдаггүй ба энэ нь Баянзүрх дүүргийн Татварын газраас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогддог буюу “Х И” ХХК-ийн нэрээр гарч буй зардал нь тус компанийн татварын тайланд тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн гарсан зардал нь зөвхөн Ц.А-гийн угаалгын газрын үйл ажиллагаанаас хасагдаж буй байдлыг шүүх үнэлээгүй. Түүнчлэн Ц.А нь ус, цахилгаан, дулааны гэрээгээ дүү Ц.А-ы “Х И” ХХК-ийн нэрээр хийхдээ ямар гэрээ хийх ёстой байсан, шүүх ямар гэрээг шаардаж асуусан нь ойлгомжгүй.

Дээр дурдсанчлан шүүх гэрээ байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн баримтыг үгүйсгэж, баримт ирүүлээгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Дээрхээс гадна гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд нөхөн тавар ногдуулсныг буруутгах боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь ажилтантай гэрээ байгуулан ажиллах ямар ч боломжгүй байдаг тухай бодит нөхцөл байдлыг удаа дараа тайлбарласан. Гэтэл энэ байдлыг үл харгалзан шийдвэр гаргасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй, Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй гэх үндэслэлээр нөхөн татвар тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд анх Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарын иргэн Ц.А-гийн 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 34,333,297.00 төгрөгийн зөрчилд 3,433,329.70 төгрөгийн нөхөн татвар, 1,029,998.90 төгрөгийн торгууль, 956,160.00 төгрөгийн алданги нийт 5,419,488.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус актын тогтоох хэсгийн “Автомашин худалдан борлуулсан орлогоо тайлагнаагүй” гэх зөрчилд холбогдох 373,295, 690,074.50 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчилэн татгалзаж, актын тогтоох хэсийн “Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй”, “Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэх зөрчилд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд:

Маргаан бүхий актаар “Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй гэх зөрчилтэй холбогдуулан 2012, 2013 оны 56,500,000 төгрөгийн орлогоос 41,120,000 төгрөгийн зардлыг хасч үлдэх 14,612,550 төгрөгийн зөрчилд 1,537,960 төгрөгийн нөхөн татвар, 461,388 төгрөгийн торгууль, 260,465 төгрөгийн алдангийг ногдуулсан байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татварын орлогоо тайлагнаагүй гэх зөрчлийг гаргаагүй гэж маргаагүй харин татварын байцаагч нарын нөхөн татвар ногдуулахдаа жишиг үнийн аргыг хэрэглэсэнтэй холбогдуулан ”... угаалгын газрын орлого зарлагыг ямар ч баримт дээр үндэслээгүй ... угаалгын газрын нэг жилийн ашиглалтын зардлыг хэт багаар тооцоолсон байх ба харин бодит байдал дээр  буюу баримтаар байцаагч нарын тооцоолсноос 2 дахин их ашиглалтын зардал гардаг ... угаалгын газарт өвлийн улиралд үйлчлүүлэгчид эрс байхгүй болдог ... өдөрт 10 машин, жилийн 310 хоногт байнгын орлоготой байдаг хэмээн тооцоолсон нь үндэслэлгүй ... татварын актыг бодит үнийг үндэслэж гаргаагүй, хэт зөрүүтэй байдлаар орлого зарлагыг тодорхойлсон ...” гэж маргаснаас үзвэл Татварын улсын байцаагч нар  хувь хүний орлогын албан татвар ногдох орлого зарлагаа тайланд тусгаагүй, тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна” 8.1.2-т “үйл ажиллагааны орлого”, 18 дугаар зүйлийн 1-т “үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14 ...-т заасан зардлыг хасч, ...13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Татварын улсын байцаагч нараас  2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ц.А-тэй хийсэн 01 дугаар “Ярилцлагын тэмдэглэл” , 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А-гийн “... санхүүгийн баримт, өдөр тутмын журнал ... баримтаа дор дор нь устгачихдаг болохоор байхгүй” гэж тайлбарласан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас  үзвэл нэхэмжлэгч Ц.А- нь холбогдох  санхүүгийн баримтаа гаргаж ирүүлээгүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заасан үүргээ биелүүлээгүй  болох нь тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Ц.А нь үйл ажиллагааны тайлангаа зарим онд гаргаж өгөөгүй, зарим онд дутуу тайлагнасан, түүнчлэн татварын байцаагч нараас татварын хяналт шалгалт хийх үед холбогдох санхүүгийн баримт материалыг гаргаж өгөөгүй байх тул татварын улсын байцаагч нараас татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлж нөхөн татвар, алданги торгууль ногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь татварын байцаагч нарын татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлсныг эс зөвшөөрч маргасантай холбогдуулан анхан шатны шүүх “...хариуцагч татварын улсын байцаагчдийн зүгээс нэхэмжлэгч Ц.А-гийн авто угаалгын газрын үйл ажиллагаанд хамаарах татварын ногдлыг тодорхойлохдоо тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Натур авто угаалгын газар, 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа О авто угаалгын газрын үйл ажиллагааны үнэ тариф, өдөр, сард дунджаар угаадаг машины тоо, үйл ажиллагааны зардал, ажиллагсдын тоо, ажлын хөлс зэргийг жишиг болгон тогтоосон нь Татварын ерөнхий хуульд заасан татварын ногдлыг тодорхойлох шууд бус аргад нийцсэн ...” гэж дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нараас Ц.А-гийн авто угаалгын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн санхүүгийн баримтыг шаардахад ирүүлээгүй учраас татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох буюу жишиг үнийн аргыг ашиглан нэхэмжлэгчийн авто угаалгын газрын үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Болор” болон “О” авто угаалгын газруудын үнэ тариф, өдөр, сард дунджаар угаадаг автомашины тоо, үйл ажиллагааны зардал, ажиллагсдын тоо, ажлын хөлс зэрэг нь ойролцоо байх тул жишиг  болгон ашигласан байна.

Тухайлбал, байцаагч нараас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах “О” авто угаалгын газрын захирал Б.Д-тай ярилцлага  хийсэн байх бөгөөд тус ярилцлагын тэмдэглэлд “суудлын автомашиныг бүтэн угаалга 15,000, гадна угаалга 10,000, дотор угаалга 10,000, гэр бүлийн болон дунд машиныг 20,000 төгрөгөөр, ченж угаалга /супер/ 60,000-120,000 төгрөгөөр, өдөрт 10-15 машин угаадаг, 4-5 хүн ажилладаг, сард 3500.0-5000.0 орлого ордог, ус, цахилгаан, цалин, угаалгын бодис болон өвлийн улиралд халаалтын зардал их гардаг, сард дунджаар 2500.0-3500.0 мянган төгрөгийн зардал гардаг” гэж, мөн “Н” авто угаалын газрын эзэн Я.Н-тэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд  энгийн угаалгаар жижиг машиныг 10000, дунд гарын машиныг 12000, том /жийп, тундра гэх мэт/ машиныг 15000, ченж угаалгаар жижиг машиныг 25000-30000, дунд машиныг 40000-50000 төгрөг, том машиныг 60000-70000 төгрөгийн үнэ хөлсийг авч угаадаг гэж, мөн өдөрт 15-20 машинд энгийн угаалга хийдэг, угаалгын газарт байрны түрээс, ус, цахилгааны зардал, өвлийн цагт дулааны угаалгын бодис, хөөс, ажиллагсдын цалин, унааны зардал гардаг. Сард дунджаар 3,500000-4,000000 сая төгрөгийн орлого олдог ... гэх зэргээр тайлбарласан нь тэмдэглэгдсэн байна.

Хариуцагч нараас дээрх авто угаалгын газруудын өдөр болон жилд олдог орлого, зардал зэргийг харьцуулан жишиж Ц.А-гийн авто угаалгын газрын орлого зарлагыг дээрх угаалгын газруудын олдог орлогыг хамгийн багаар буюу 2012, 2013 онд нэг өдөрт 10 машинаар, жилд ажиллах өдрийн тоог 310,  жилд угаах машины тоог 3100, нийт орлогыг 31,000,000 төгрөгөөр тооцож, үүнээс зардлыг дээрх авто угаалгын газруудтай харьцуулахад харьцангуй өндрөөр буюу ажилчдын хөлсийг 25-30 хувиар тооцож 2012 онд 8,500,000, 2013 онд 9,300,000, бусад зардалд 2012 онд 12,500,000, 2013 онд 10,820,400 төгрөгөөр тус тус тооцож нийтдээ 2012 онд 10,000,000 төгрөгийн орлогод 1,000,000 төгрөгийн, 2013 онд 10,879,600 төгрөгийн орлогод 1,087,960 төгрөгийн татварыг тус тус ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй” ... ”эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно” , 48.1.2-д “жишиг үнийн арга” мөн хуулийн 48.5-д “татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг жишиг үнийн арга гэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Н” авто угаалгын газрын эзэн Я.Н-тэй хийсэн ярилцлага”-д хэдэн оны үйл ажиллагааны зардлыг асуусан нь тодорхойгүй байхад шүүх тус нотлох баримтыг үнэлсэн ... “О” авто угаалгын газрын захирал Б.Даваажаргалтай хийсэн ярилцлагад тус авто угаалга нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан гэсэн байхад Ц.А-гийн авто машин угаалгын газрын 2012 болон 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны орлого зарлагыг тус газрын орлого зарлагаар жишиг болгосон нь Татварын ерөнхий хуульд заасан жишиг үнийн аргыг хэрхэн хэрэглэсэн нь ойлгомжгүй ... хяналт шалгалтын явцад гэрээтэй холбоотой баримт шалгуулаагүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн ... Ц.А нь Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, мөн татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ирүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.          Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын татвар суутгаж төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын татвар суутгаж төсөвт төлөөгүй гэх зөрчилтэй холбогдуулан хариуцагч нараас 2012, 2013 онуудад 8,320,000 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж, 832,000 төгрөгийн нөхөн татвар, 249,600 төгрөгийн торгууль, 164,011 төгрөгийн алданги ногдуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, ... угаалгын газарт ажилладаг хүмүүс нь тогтвор суурьшилгүй гэрээ байгуулан ажиллах боломжгүй ... ажиллаж байгаа хүмүүс нь цалингаа тухайн өдрөө аваад явдаг ... жишээлбэл, ажилчин угаасан нэг машины 10000 төгрөгийн 30 хувь болох 3000 төгрөгөө орой нь аваад явдаг ... өнөөдөр ажиллаж байгаа хүн маргааш ажилдаа ирэхгүй байх тохиолдол их байдаг ...” гэх үндэслэлээр маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан “... нэхэмжлэгч Ц.А нь авто угаалгын газрын үйл ажиллагаа эрхэлж, ажилчиддаа тухайн өдрийн олсон орлогынхоо 25-30 хувийг хөлс болгон олгодог зэргээс үзвэл нэхэмжлэгчийн татвар төлөхтэй холбогдсон эрх зүйн харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж, хувь хүний орлогын албан татвар ногдуулсныг буруутгах боломжгүй ...” гэж зөв дүгнэжээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “... татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлд “хуулийн үйлчлэх хүрээ”, 3.1-д “орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчээс бусад хувь хүний орлогод албан татвар ногдуулах харилцааг энэ хуулиар зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2-д “.үйл ажиллагааны орлого”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна”, 11.1.6-д “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ярилцлага болон шүүхэд гаргасан тайлбартаа “... Автомашин угаалгын газарт ажиллаж буй хүмүүс нь байнга ажилладаггүй, гэрээ байгуулдаггүй бөгөөд машин угаасныхаа хөлсийг аваад ажлаа хаяад явчихдаг, тогтвор суурьшилтай ажилладаггүй байна ... Ажиллаж байгаа хүмүүс нь цалингаа тухайн өдрөө аваад явдаг. /Жишээлбэл, ажилчин угаасан нэг машины 10000 төгрөгийн 30 хувь болох 3000 төгрөгөө орой нь аваад явдаг./ Өөрөөр хэлбэл өнөөдөр ажиллаж байгаа хүн маргааш нь ажилдаа ирэхгүй тохиолдол их байдаг ... ажилчдад угаасан машины үнийн дүнгийн 25-35 хувиар хөлс олгодог. Цалинг олгохдоо татвар суутгаж авдаггүй ...” гэснээс үзвэл угаалгын газарт ажилладаг ажилчдад олгосон ажлын хөлснөөс татвар суутган тооцсон байхад буруу тооцоолсон гэх мэт агуулгаар маргаагүй, харин татвар суутган авах боломжгүй байдаг гэх агуулгаар маргасан байх тул нэхэмжлэгчийг татвар суутган авах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд нөхөн татвар ногдуулсныг буруутгах боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ... ажилтантай гэрээ байгуулан ажиллах ямар ч боломжгүй байдаг тухай бодит нөхцөл байдлыг удаа дараа тайлбарласан ... энэ байдлыг үл харгалзан шийдвэр гаргасан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ус, цахилгаан дулааныг өөр хуулийн этгээдийн нэрээр төлөгддөг гэх агуулгаар  маргасныг шүүх хүлээн аваагүй нь үндэслэлтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч нь татвар ногдох орлого, зардлаа зөв тодорхойлж холбогдох санхүүгийн тайланг гаргаж татварын албанд хүргүүлэх, мөн татварын хяналт шалгалтад хамрагдахдаа холбогдох санхүүгийн баримт материалыг гаргаж өгөх хуулиар хүлээсэн татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүйн дээр өөр этгээдийн нэрээр ус, цахилгаан, дулаан төлөгдсөн тохиолдолд тэр нь гэрээ бусад баримтаар нотлогдох учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх зардлыг төлснийг нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул шүүхийг буруутгах үндэсгүй. 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР                                                         ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ